Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/02546

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

         Дугаар 102/ШШ2024/02546

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж, 19-3-0 тоотод оршин байх, “Б” СӨХ

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 34 дүгээр хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 21 дүгээр байр, 27 тоотод оршин суух хаягтай, Тангад ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,332,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Даваасүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Схолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

“Б” СӨХ нь Баянгол дүүргийн 34 дүгээр хороо, 6 дугаар бичил хорооллын 19, 20, 21, 7/3 дугаар байрнуудын ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмших ашиглалтад хамгаалалтыг эрхлэн хариуцан ажилладаг. Тус СӨХ-ны зарим оршин суугчид СӨХ-нд төлбөрөө цаг тухайд нь төлдөггүй бөгөөд бид хугацаанд нь зохих төлбөрөө төлөхийг байнга шаардсаар ирсэн.

Иргэний хуулийн 147.1-д “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” мөн хуулийн 148.2.3-т “дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох” үүрэгтэй гэж заасан байдаг.

Гэтэл манай СӨХ-ны 21 дүгээр байрны 27 тоотын оршин суугч С нь энэхүү хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлөх ёстой 1,332,100 төгрөгийг төлөхгүй элдэв шалтаг хэлэн өдийг хүрсэн.

Бид түүний өмчлөлийн 21 дүгээр байрны 27 тоотод ногдох хог хаягдал, цахилгаан, ариутгал цэвэрлэгээний төлбөрт 7,000 төгрөг, харуул хамгаалалт, засвар үйлчилгээнд 7,020 төгрөг, лифт үйлчилгээний 10,000 төгрөг, баримтын 200 төгрөг, нийт сар бүр төлөх 24,220 төгрөгийг СӨХ-нд төлж байхаар тогтсон юм.

Иймд СӨХ-ны гишүүн, сууц өмчлөгч 21 дүгээр байрны 27 тоотод оршин суугч Саас тус СӨХ-ны төлөх ёстой, 2019 оны 6 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт нийт 1,332,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б” СӨХ нь хариуцагч Баянгол дүүргийн 34 дүгээр хороо, 21 дүгээр байрны 27 тоотод оршин суугч Саас 55 сарын СӨХ-ны төлбөр болох 1,332,100 төгрөгийг нэхэмжилсэн.  С нь Баянгол дүүргийн 34 дүгээр хороо, 21 дүгээр байрны 27 тоотод оршин суудаг хэдий ч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь биш бөгөөд хууль ёсны өмчлөгч нь түүний хүү Б.Энхтүвшин болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “Сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг” хэлнэ гэж заасан байдаг тул СӨХ-ны төлбөр болох 1,332,100 төгрөгийг тухайн орон сууцны өмчлөгчөөс буюу Эшаардах хэрэгтэй. С нь Б.Э ээж бөгөөд тухайн орон сууцны өмчлөгч биш хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэж байгаа. Иймд “Б” СӨХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Сууц өмчлөгчийн холбооны гэрчилгээний хуулбар /хх4/, “Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №1 тоот “Ажилд томилох тухай” тогтоолын хуулбар /хх5/, “Б” СӨХ-ны удирдах зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолын хуулбар /хх23/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх10/.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Баянгол дүүрэг, 34 дүгээр хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, 21 дүгээр байр, 27 тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

Нэхэмжлэгч “Б” СӨХ нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19, 20, 21 дүгээр байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан 51 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байна. Эдгээр хуулийн заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай сууц өмчлөгч нь заавал Сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой.

 

Хоёр.

 

1. 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч “Б” СӨХ нь хариуцагч Схолбогдуулж 2019 оны 6 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны төлбөрт 1,332,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ “...сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,332,100 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг нэхэмжилнэ” гэсэн. 

 

2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа “...хариуцагч нь орон сууцны өмчлөгч биш учраас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй, ...холбогдох төлбөрийг тухайн орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй” гэсэн агуулгаар тайлбарласан. 

3. Шүүхээс хариуцагчийн “...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг зөвхөн улсын бүртгэлд бүртгэгдсэн сууц өмчлөгчөөс шаардах эрхтэй” гэсэн агуулга бүхий татгалзал үндэслэлгүй гэж үзлээ. 

 

4. Учир нь “Б” СӨХ-ны харьяалдаг Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 21 дүгээр байрны 27 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Энхтүвшин бүртгэлтэй болох нь холбогдох улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Гэвч хариуцагч С нь Б.Эн төрсөн эх, мөн тус хаягт өөрөө оршин суудаг нөхцөл байдлыг харгалзан “Б” СӨХ-ны зүгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг оршин суугчаас шаардсан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т заасан зохицуулалттай харшлаагүй.

 

5. Өөрөөр хэлбэл, хариуцагч буюу оршин суугч С нь гэр бүлийнх нь гишүүний нэр дээр бүртгэлтэй орон сууцанд амьдардаг атлаа тус СӨХ-ны гаргаж буй нийтийн эзэмшлийн зүйлтэй холбоотой зардлыг /гэрэлтүүлэг бүхий орцоор дамжин өнгөрөх, цахилгаан шат ашиглах, эдгээр дундын өмчлөлийн эд хөрөнгийг цэвэрлүүлэх, гаргасан хог хаягдлаа ачуулах г.м/ төлөхгүй байх нь хуульд нийцэхгүй, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнд өөрийнх нь нэр бүртгэлгүй гэсэн үндэслэлээр СӨХ-ны төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй. 

 

6. Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, төлбөрийн задаргааны талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй, мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн оршин суугчдаас авах төлбөрийг шинэчлэн тогтоосон “Б” СӨХ-ны 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн удирдах зөвлөлийн тогтоолыг баримтаар үгүйсгээгүй, энэ талаар хүсэлт гаргаагүй учир хариуцагчаас 1,332,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” СӨХ-нд олгов. 

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Саас 36,264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” СӨХ-нд олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Саас 1,332,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” СӨХ-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Саас 36,264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” СӨХ-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ