Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/04621

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2023/04621

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Пепси үйлдвэрийн байранд оршин байх, “Ж” ХХК /РД:

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 61 дүгээр байр, 31 тоотод оршин суух хаягтай, Хөхийнхөн ургийн овогтой /

 

Нэхэмжлэлийн шаардлага: 15,691,176 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Биндэръяа

Хариуцагч М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч М холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч “Ж” ХХК дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Мнь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд “Ж” ХХК-д худалдааны төлөөлөгчийн албан тушаалд ажиллаж байсан. Гэвч тэрээр ажиллах хугацаандаа өөрийн хариуцсан борлуулалтын орлогоос 9,238,889 төгрөгийг хувьдаа авсан буюу хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан учир “Ж” ХХК-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалаар талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Дээрх нөхцөл байдал нь манай компанийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хийж, баталгаажуулсан тооцоо нийлсэн акт болон Ч.Мө 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас гарах тухай” өргөдлөөр тус тус тогтоогдсон.

Манай компани 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Ч.Мөнхтулгатай “Төлбөр барагдуулах тухай” ТБ/22/ дугаар гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Мнь 9,238,889 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулах үүргийг хүлээсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төлөлт хийгдээгүй. Төлбөр барагдуулах талаар удаа дараа холбогдсон боловч төлөлтөө хийгээгүй. Иймд борлуулалтын орлогоос хувьдаа авсан 9,238,889 төгрөг, төлбөр барагдуулах гэрээгээр тохирсны дагуу алданги 2,732,767 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ. Түүнчлэн хариуцагч нь “...дэлгүүр нь алга болсон гэх шалтгаанаар нийт 6 харилцагчид өгсөн 3,719,520 төгрөгийн үнэ бүхий барааны төлбөрийг буюу авлагын тооцоог нэхэмжлэгч компанитай хийгээгүй тул уг 3,719,520 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ. Ингээд 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” ТБ/22/ дугаар гэрээний үүрэгт 9,238,889 төгрөг, алданги 2,732,767 төгрөг, 6 харилцагчийн барагдуулаагүй авлага болох 3,719,520 төгрөг, нийт 15,691,176 төгрөгийг Ч.М гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Мшүүхэд гаргасан тайлбартаа: Би “Ж” ХХК-ийн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд “ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Миний бие 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” гэрээний дагуу 9,238,889 төгрөгийг болон алданги болох 2,732,767 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулна, энэ талаар маргаангүй. Гэхдээ алдангийг шүүхээс багасгах боломжтой бол багасгаж өгнө үү л гэж хүсч байна. 

Харин 6 харилцагчийн барагдуулаагүй авлага болох 3,719,520 төгрөгийг төлөх боломжгүй. Учир нь харилцагч нар /дэлгүүр/-тай гэрээ байгуулахад компанийн ня-бо нар хамт явдаг. Гэтэл намайг харилцагч нартай гэрээ байгуулахад компанийн ня-бо хамт яваагүй, хянах хүнгүй байснаас л ийм өр үүссэн. Гэхдээ би өөрөө энэ алга болсон 6 харилцагч нарыг олоод төлбөрийг нь барагдуулах боломжтой гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх3/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх4/, М холбогдох авлагын тооцоо /хх5-6/, 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах” гэрээ, хавсралт /хх7-8, хариуцагч Ч.Мөнхтулгын гараар бичсэн өргөдөл /хх9/, “Ж” ХХК-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/01/198 тоот “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалын хуулбар /хх18/, ажлын байрны тодорхойлолт /хх19-20/, Хөдөлмөрийн гэрээ /хх21-25/, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 23/179 тоот “Хөдөлмөрийн гэрээ” /хх26-28/, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ” /хх29-31/.

 

4. Хариуцагчаас хариу тайлбар болон бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

Хариуцагч Мнь “Ж” ХХК-ийн борлуулалтын албанд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд “Ж” ХХК-ийн захирлын 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалаар талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дууссан, энэ талаар зохигчид маргаангүй байна.

 

2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч М холбогдуулж 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ-ний үүрэгт 9,238,889 төгрөг, алданги 2,732,767 төгрөг, “...6 харилцагчид өгсөн 3,719,520 төгрөгийн үнэ бүхий барааны төлбөр”, нийт 15,691,176 төгрөгийг шаардан шүүхэд хандсан. 

 

Хоёр.

 

1. Хэрэгт 2023 оны 5 дугаар сарын 09ий өдөр “Ж” ХХК болон Мнарын хооронд байгуулагдсан №ТБ/22/ тоот “Төлбөр барагдуулах гэрээ” авагджээ. Уг гэрээгээр талууд дараах агуулгатай гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

а/ Төлбөр төлөгч Мнь 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар “Ж” ХХК-ийн борлуулалтын орлого 9,238,889 төгрөгийг хувийн дансандаа авсан, төлж барагдуулаагүй;

б/ 9,238,889 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 01ий өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд төлж барагдуулна;

в/ Төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө.

 

2. Шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 09ий өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ” хүчин төгөлдөр байна гэж үзэв. Тодруулбал, зохигчид хоорондын үүссэн төлбөр, тооцоо, уг төлбөрийг цаашид хэрхэн барагдуулах арга замаа гэрээгээр харилцан тохирсон явдал нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдтэй харшлаагүй байна

 

3. Түүнчлэн хариуцагч Ч.Мө зүгээс “Төлбөр барагдуулах гэрээ”-ний хүчин төгөлдөр байдал, мөн гэрээний үүрэгт 9,238,889 төгрөг байгаа болон алдангийн хэмжээ, тооцооллын талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгүүдэд заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 09ий өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үндсэн үүрэгт 9,238,889 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно. 

 

4. Нэхэмжлэгч болон хариуцагч нар “Төлбөр барагдуулах гэрээ”-гээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсчээ.  

 

Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 1,500,000 төгрөгөөр болгож тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

5. Мөн хариуцагч М2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч “Ж” ХХК-д гаргасан өргөдөлдөө “...6 харилцагчийн 3,719,520 төгрөгийн тооцоо нийлсэн акт болон холбогдох бичиг баримтыг харилцагч нартай холбоо тогтоож компанид хүлээлгэж өгнө” гэж бичжээ. Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Гурав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230,242 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ч.Мө 14,458,409 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,232,767 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 230,242 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                Н.ХАНГАЛ