Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/01469

 

2024 04 08 182/ШШ2024/01469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 4Б байр 33 тоот хаягт оршин суух, Баяжих овогт ******* ******* *******,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ҮЭ гудамж, 4Б байр 33 тоот хаягт оршин суух, Очирваань овогт *******ийн ******* /*******/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Бага тойруу 7/1, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:*******/-д холбогдох

 

Мөнгөн хадгаламжийн гэрээний хохиролд 70,016,445.17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир,

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Билгүүн, С.Буянхишиг

Гэрч С.Нарангэрэл, Ц.Хатантулга, С.Энхжаргал

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Саранцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Д.******* би охин Б.*******гийн хамт 2009 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-д ******* тоот хугацаатай хадгаламжийн данс нээлгэсэн. Бид ******* ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дээрх хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг шинэчлэн байгуулах үед дансны үлдэгдэл нь 40,008,553.99 төгрөг байсан. Энэ талаар хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 2.8-д дурдсан байдаг.

Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээний 4.2.4-д Банк хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн данс эзэмшигчийн зөвшөөрөл буюу даалгавраар зарлагын гүйлгээ хийх, мөнгөн хөрөнгийг захиран зарцуулахад банк хяналт тавих, хөндлөнгөөс оролцох, саад хийхгүй байх үүрэгтэй гэж заасан. Гэтэл банк гэрээнд заасан үүргээ зөрчиж, данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр олон удаагийн зарлагын гүйлгээ хийж биднийг хохироосон.

******* тоот дансны үлдэгдэл 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар хуримтлагдсан хүү орж нийт 49,379,005.98 төгрөг болсон байсан. Бид 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ******* тоот дансандаа нийт 45,142,000 төгрөгийн орлого хийсэн. Банкны хүүний орлого 7,151,450.75 төгрөг нэмж орсон. Энэ хугацаанд бид 3 удаа нийт 8,000,000 төгрөгийн зарлага гаргасан.

Тооцож үзвэл, 101,672,456.73 төгрөг /49,379,005.98 төгрөг +45,142,000 төгрөг +7,151,450.75 төгрөг/-өөс гаргасан зарлага 8,000,000 төгрөгийг хасвал 93,672,456.73 төгрөг үлдэх ёстой. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* тоот дансны үлдэгдэл 8,654,625.70 төгрөг болсон байсан.

Банк бидний хадгаламжийн данснаас маш их хэмжээний мөнгө суутгасныг тодруулахад хадгаламж барьцаалсан зээлийн төлбөрт суутгасан гэж тайлбарласан. Д.******* миний хадгаламж барьцаалсан зээлүүд миний 103700022559 тоот харилцах дансанд бүртгэлтэй байдаг.

103700022559 тоот дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 26,074,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 3,100,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2,500,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 25,820,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2,160,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 4,400,000 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 7,500,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 1,400,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг аваагүй бөгөөд зээлийг хадгаламжийн данснаас суутган төлүүлэх зөвшөөрөл өгөөгүй юм.

Банкны энэхүү хууль бус ажиллагааны талаар мэдсэн даруйдаа *******инд хандаж энэхүү хууль бус үйл ажиллагаагаа таслан зогсоож, биднийг хохиролгүй болгохыг шаардсан боловч тус банк 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/352 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгээр дээрх зээл авахдаа зээлийн гэрээ, зарлагын баримт, зээлийн мемориалын баримт, гүйлгээний хуулгад зурсан гарын үсэг нь банкны программд бүртгэгдсэн баталгаат гарын үсгийн хэв маягтай тохирч байна гээд хохирлыг барагдуулахаас татгалзсан.

Улмаар бид Монголбанкны хяналт шалгалтын газарт *******ны энэхүү хууль бус үйл ажиллагааг шалгуулахаар 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүсэлт гаргасан боловч тус газраас 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б-18/802 тоот өргөдлийн хариу өгсөн бөгөөд уг хариунд энэхүү асуудлаа холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн. Дээр дурдсан их хэмжээний зээлүүдийг аваагүй, дансаар гүйлгээ хийх зөвшөөрлийг хэн нэгэнд олгоогүй.

******* хадгаламжийн гэрээний 4.2.4-т заасан үүргээ зөрчиж хадгаламж эзэмшигч нарт учруулсан хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хадгаламжийн гэрээний 4.2.6-д банк өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчдэд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцан нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

Иймд ******* ХК-аас үндэслэлгүйгээр суутган авсан, мөнгөн хадгаламжийн гэрээний хохирол 70,016,445.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* ХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.*******, Б.******* болон ******* ХХК-ийн хооронд 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний 2 дахь хэсэгт данс хамтран эзэмшигчтэй бол энэхүү данснаас зарлагын гүйлгээ хийх, данс хаах, гэрээ цуцлах тохиолдолд шинээр байгуулах гэрээнд хамтран эзэмшигчийг төлөөлж гарын үсэг зурах, дансны хуулга тодорхойлолт авах, хадгаламж барьцаалсан зээл авах, хадгаламж барьцаалсан онлайн зээл авах эрхтэй гэж заасан. Д.******* нь банкинд өөрийн биеэр ирж хадгаламж барьцаалсан онлайн зээлийн гэрээ байгуулж уг зээлээ хугацаанд төлөөгүй учир гэрээнд талуудын тохиролцсоноор хадгаламжаас нь банк суутгаж авсан. Зээлдэгчийн данснаас зээлийн хүү тооцож, нэмэгдүүлсэн хүүг Д.******* нь тус банкны хадгаламжийн дансанд үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэж заасан. Энэ зохицуулалт нь Банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасанг зөрчөөгүй. Банк талуудын тохиролцсоны дагуу барьцаат зээлийн гэрээнд зааснаар зээлийг нь төлүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч нь онлайн зээлийг өөрөө аваагүй гэдэг ч энэ талаар баримт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар /1хх5-6/

4.2 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ /1хх-7-8, 249-250, 2хх1-3/

4.3 Депозит дансны хуулга, мемориалын баримт /1хх-9-28, 2хх4-6, 33-36/

4.4 Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл /1хх-29-33/

4.5 ******* ХК, Монголбанкнаас Д.*******д хүргүүлсэн албан бичиг /хх-36-40/

 

5. Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1 Д.*******гийн Хадгаламж барьцаалсан зээлийн дансны хуулгууд /1хх-108-124/

5.2 Хадгаламж барьцаалсан зээлийн гүйлгээний баримтууд /1хх-125-140/

5.3 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын тогтоол /1хх-141-143/

5.4 ******* ХК-ийн Дотоод хяналт шалгалтын газрын Илтгэх хуудас /1хх144-146/

5.5 Д.*******гийн Гялс банкны эрх нээлгэх тухай харилцагчийн анкет болон хүсэлтийн маягт/1хх-147-149/

 

6. Шүүхээс зохигчын хүсэлтээр шинжээч томилж, Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-87-102/, Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-234-247/, Мэдээлэл аюулгүй байдлын газрын шинжээчийн дүгнэлт /2хх-39-40/, шүүхийн журмаар Юнтител ХХК-иас шаардсан баримт /2хх-60-61/, ******* ХК-аас шаардсан баримт /2хх-62-77/ зэрэг баримт авагдсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэгч Д.*******, Б.******* нар нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний хохиролд 70,016,445.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Банк нь нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүй нийт 14 удаагийн гүйлгээ хийж данснаас 70,016,445.17 төгрөг суутгасан нь үндэслэлгүй. Хадгаламж барьцаалсан зээл аваагүй, гарын үсэг зураагүй байхад банк зээлийг хүүгийн хамт данснаас зөвшөөрөлгүй суутган авч төлүүлсэн.

Банкны албан тушаалтнууд албан үүргээ урвуулан ашиглаж буюу дотоод мэдээллээ ашиглан мөнгийг авсан гэж үзэхээр байна. Онлайн банкийг Д.******* ашиглаж мэдэхгүй, түүнчлэн ******* ХК-ийн төхөөрөмжөөс хандаж зээл гаргасан байгаа нь баримтаар нотлогдоно. гэж тайлбарлажээ.

 

3.  Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Талуудын хооронд хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч тал нь хадгаламж барьцаалсан зээл авсан. Д.******* өөрөө бэлэн зарлагын гүйлгээ хийж мөнгө авдаг байсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно гэж татгалзсан байна.

 

4.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан ******* дугаартай Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-ээр Д.*******, Б.******* нар нь жилийн 15.60 хувь, хугацаа цуцалсан тохиолдолд 3,6 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 370 хоногийн хугацаатай, 40,008,553.99 төгрөгийн мөнгөн дүнгээр хадгаламж нээж данс эзэмших, ******* ХХК нь мөнгөн хөрөнгийг хадгалах, дансны үлдэгдэлд гэрээнд заасны дагуу хүү хуримтлуулан тооцож олгох үүргийг тус тус хүлээжээ.

Улмаар талууд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дансны доод үлдэгдлийг 27,958,471.59 төгрөг гэж тооцон, жилийн 15.4 хувь, хугацаа цуцалсан тохиолдолд тооцох хүү 3,6 хувь, 180 хоногийн хугацаатай буюу 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл гэрээг сунгаж,

2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дансны доод үлдэгдлийг 9,666,480.78 төгрөг гэж тооцон, жилийн 15.4 хувь, хугацаа цуцалсан тохиолдолд тооцох хүү 3,6 хувь, 180 хоногийн хугацаатай буюу 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл гэрээг сунгаж харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээр нотлогдож байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт нийцсэн мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Дээрх Мөнгөн хадгаламжийн гэрээ-ээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүргийг хүлээсэн нь уг хуулийн агуулгатай нийцэж байна.

 

5.  Зохигч талууд гэрээ байгуулагдсан, түүний хугацааг сунгасан талаар маргаагүй боловч мөнгөн хөрөнгө зээлдэж авсан эсэх данс эзэмшигчийн зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгө суутгасан эсэх талаар маргажээ.

 

6.  Хэрэгт авагдсан ******* ХК-ийн харилцах дансны хуулга, Зээлийн дансны хуулга, Мемориалын баримт, Орлогын мэдүүлэг, Кассын орлогын баримт, Зарлагын мэдүүлэг зэрэг баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.*******гийн 103700022559 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 18:32:20 цагт Зээл олгов гэх гүйлгээний утгаар 26,074,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 18:32:46 цагт Зарлага ******* ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 26,074,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 16:16:01 цагт Хад барь зээл олгов ******* гэх гүйлгээний утгаар 3,100,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 16:17:16 цагт Хад барь зээл олгов ******* ЧЙ47070107 88671154 гэх гүйлгээний утгаар 3,100,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 16:04:58 цагт ХБ зээл олгов ******* ЧИ47070107 гэх гүйлгээний утгаар 1,500,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 16:12:31 цагт Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 1,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12:29:39 цагт Зээл олгов ******* ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 2,500,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 12:31:04 цагт Зарлага ******* ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 2,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17:11:36 цагт ХБ зээл олгов ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 3,000,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 17:12:49 цагт Зарлага ******* ЧЙ47070107 88171154 гэх гүйлгээний утгаар 3,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 14:08:17 цагт ХБ зээл олгов ******* У-88671154 гэх гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 14:23:49 цагт Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 11:48:52 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 25,820,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 11:55:10 цагт Зарлага ******* Доржготов ЧЙ47070107 гэх гүйлгээний утгаар 25,818,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 1,000,000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 998,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10:59:14 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 2,000,000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө 1,995,000, 200, 2000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 17:33:21 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 4,400,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 17:34:54 цагт Зарлага ******* гэх гүйлгээний утгаар 4,400,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 2,160,000, 58,000 төгрөгийн орлого орж, мөн өдөр Зарлага ******* ЧЙ47070107 У-88641157 гэх гүйлгээний утгаар 2,214,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 17:06:56 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 7,500,000 төгрөгийн орлого орж, мөн өдрийн 17:13:21 цагт Зарлага ******* ЧЙ47070107 У-88671154 гэх гүйлгээний утгаар 7,498,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10:56:55 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 1,400,000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө 1,398,000, 2000, 200 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн,

2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18:13:20 цагт Хадгаламж барьцаалсан зээл олгов гэх гүйлгээний утгаар 1,200,000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө 1,988,000, 2000, 200 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн үйл баримт тогтоогдож байна.

 

7.  Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ ...2016-03-01-ний өдрийн байдлаар хуримтлагдсан хүү орж нийт 49,379,005.98 төгрөг болсон байсан. Бид 2016-03-01-ний өдрөөс хойш 2019-02-01 хүртэл ******* тоот дансандаа нийт 45,142,000 төгрөгийн орлого хийсэн. Банкны хүүгийн орлого 7,151,450.75 төгрөг нэмж орсон байна. Энэ хугацаанд бид ердөө 3-хан удаа нийт 8,000,000 төгрөгийн зарлага гаргасан.... гэжээ.

Хэрэгт авагдсан ******* тоот дансны хуулгыг үзвэл 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр дансны үлдэгдэл 49,379,005.98 төгрөг байх боловч мөн өдрөө зээл хаав гэх гүйлгээний утгаар 21,420,534.39 төгрөгийн зарлага хийж, 27,958,471.59 төгрөгийн үлдэгдэлтэй, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Зээл бэлэн бусаар төлөв гэх гүйлгээний утгаар 1,060,975.34 төгрөг, 676,295.61 төгрөг, 2,086,772.60 төгрөг, 614,423.01 төгрөг, 27,500,351.45 төгрөгийн зарлага хийж, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр данс хаахад 9,666,480.78 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Нэхэмжлэгч нар нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 3 удаагийн гүйлгээгээр 8,000,000 төгрөгийн зарлага хийсэн гэж тайлбарлах боловч 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ-г 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр сунгахад дансны үлдэгдлийг 27,958,471.58 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр сунгахад дансны үлдэгдлийг 9,666,480.78 төгрөг гэж гэрээний талтай тохиролцсон байна.

 

8.  Нэхэмжлэгч Д.******* нь дээр дурдсан зээл хаасан 21,420,534.39 төгрөг, 27,500,351.45 төгрөгийн гүйлгээ болон 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 26,074,000 төгрөгийн гүйлгээний талаар эрүүгийн журмаар шалгуулж байжээ.

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 702 дугаар прокурорын тогтоолоос үзвэл Д.*******гийн эзэмшлийн *******ны ******* дугаартай хадгаламжийн данснаас 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 26,074,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 21,420,534 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 27,500,351 төгрөгийг С.Энхжаргал хувьдаа завшсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д зааснаар хэрэг бүртгэлтийн 210800291 дугаартай хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч С.Энхжаргал нь Д.*******гийн хадгаламжийн данснаас мөнгө завшсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Д.*******гаас С.Энхжаргалд зээлүүлсэн мөнгөний хүү болох 1,000,000 төгрөгийг төлөөгүй гэх асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан Гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаан шийдвэрлэсэн байна. /1хх-ийн 141-142/

 

9. ******* тоот иргэдийн хугацаатай хадгаламжийг барьцаалан 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд нийт 10 удаа 102,074,000 төгрөгийн зээлийг Сонгинохайрхан тооцооны төвөөр үйлчлүүлэн аваагүй гэж нэхэмжлэгч Д.******* нь ******* ХХК-д гомдол гаргасан байна.

Хариуцагч ******* ХК дээрх гомдлын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 14/352 албан бичгээр ....Шалгалтын явцад таны хүлээн зөвшөөрөхгүй байгаа 10 зээлийн гэрээг дахин тодруулж зээлийн гэрээ, зарлагын гүйлгээний баримт, зээл олгосон мемориалын баримтууд дахь гарын үсгийг тулгахад 6 удаагийн 28,000,000 төгрөгийн зээлийг та өөрийн биеэр банканд ирж хүлээн авснаа зөвшөөрсөн. Та ******* тоот хугацаатай хадгаламжийн гэрээг 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр жилийн 15.6 хувийн хүүтэй, 370 өдрөөр буюу 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хадгаламжийн хугацааг дуусгавар болгохоор гэрээг сунгуулсан байна. Тус гэрээний дагуу 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 49,379,005 төгрөгийн үлдэгдлээр хугацаа дуусаж хугацаагүй хадгаламж бүтээгдэхүүнд шилжсэн байна. Таны хүлээн зөвшөөрөхгүй байгаа 4 удаагийн 74,074,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийн гүйлгээг шалгахад 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр олгосон 25,000,000 төгрөгийн зээлийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 103700022559 тоот иргэдийн энгийн харилцах дансанд 25,074,000 төгрөгийн бэлэн орлогын гүйлгээ хийж зээл хаасан, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 26,074,000 төгрөгийн зээл олгосон гүйлгээ, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээл олгосон гүйлгээг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ******* тоот хугацаатай хадгаламжийн данснаас хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний 7.3-т барьцаа хөрөнгийг захиран зарцуулах зээлдэгч барьцаагаар баталгаажсан үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалсан Доржготов овогтой *******гийн банкан дахь ******* тоот мөнгөн хадгаламжийн данснаас үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэснийг үндэслэн 27,958,471 төгрөгийн үлдэгдлээр зээл хаасан. 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр олгосон 20,000,000 төгрөгийн зээлийг 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 22,315,000 төгрөгийн бэлэн орлогын гүйлгээ хийж 22,311,182 төгрөгөөр зээл хаасан байна гэх хариу хүргүүлсэн. /1хх-ийн 37-38 /

 

10. Улмаар нэхэмжлэгч Д.******* нь Монголбанкид өргөдөл гаргаж, үүний дагуу Монголбанк нь хариуцагч ******* ХК-аас холбогдох баримтуудыг гаргуулан авч, шалгалт хийн, нэхэмжлэгч Д.*******д хариу ирүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн Дотоод шалгалтын газрын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шалтгалт явуулсан талаар 20/11/067 дугаар Илтгэх хуудас, Монголбанкны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б-18/802 тоот албан бичгээс үзвэл нэхэмжлэгч Д.*******гийн өргөдлийн дагуу хяналт шалгалтыг хэрэгжүүлэн ..та 2016 оны 5 дугаар сарын 09-ний 25,820,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээлийг авахдаа Гялс банкинд бүртгүүлэн хүсэлт гаргасан байх бөгөөд Хадгаламж барьцаалсан онлайн зээлийн үйл ажиллагааг *******ны зээлийн үйл ажиллагааны журмын 28.5.1 дэх заалтад Хадгаламж барьцаалсан онлайн зээлийг харилцагч өөрийн цахим банкны эрхээр хандаж авах ба Хадгаламж барьцаалсан онлайн зээлийн гэрээ нь байгуулагдсанд тооцогдож, гэрээнд тусгагдах зээлдэгч болон зээлийн дансны мэдээлэл банканд цахим баримт /өгөгдөл/ хэлбэрээр хадгалагдах бөгөөд бичгээр хийсэн гэрээтэй адил хүчинтэй байна гэж зохицуулсан байна. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 25,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 26,074,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 9,000,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 25,820,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг өөрөө аваагүй гэх боловч таны харилцах, хадгаламж болон зээлийн дансны хуулгыг шалгахад тухайн өдөр таны гарын үсгээр баталгаажиж хийгдсэн баримтууд банкинд хадгалагдаж байгаа тул таныг банкнаас зээл аваагүйг нотлох боломжгүй байна гэх хариуг Д.*******д өгсөн байна.

 

11. Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хэрэгт авагдсан баримтад зурагдсан гарын үсгийн хэв, нэхэмжлэгч Д.*******гийн гарын үсгийн хэвтэй тохирч байгаа эсэх болон онлайн зээл авахад ашигласан төхөөрөмж, и-мэйл хаягийг тодруулах асуудлаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2161 дүгээр шинжээчийн дүгнэлтэд 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Зарлагын мэдүүлэг 2016 оны 4 дугаар сарын 27-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд дээр тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь Д.*******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэжээ. /1 хх-ийн 87-94/

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2584 дугаар шинжээчийн дүгнэлтэд 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зарлагын мэдүүлэг, Мемориалын баримт, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Зарлагын мэдүүлэг, Мемориалын баримт, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Зарлагын мэдүүлэг 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Мемориалын баримт, 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Зарлагын мэдүүлэг, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Кассын зарлагын баримт дээр тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь Д.*******гийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн байна.

 

12. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.17-т Данс хамтран эзэмшигчтэй бол эзэмшигч бүр нь энэхүү данснаас зарлагын гүйлгээ хийх, данс хаах, гэрээ цуцлах, бүтээгдэхүүн солих, бүтээгдэхүүн сольсон тохиолдолд шинээр байгуулах гэрээнд хамтран эзэмшигчийг төлөөлж гарын үсэг зурах, дансны хуулга, тодорхойлолт авах, интернэт банкны үйлчилгээ авах, хадгаламж барьцаалсан зээл авах, Хадгаламж барьцаалсан онлайн зээл авах эрхтэй гэж, гэрээний 2.23-т Данс эзэмшигч нь банкинд өөрийн биеэр ирж эсвэл банкны сайтын онлайн үйлчилгээг ашиглаж авсан Цахим үйлчилгээнд нэвтрэх нууц үг, нууц код, нэг удаагийн нууц үг нь дансан дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахад хэрэглэгдэх баталгаат гарын үсгийн маягттай адил бөгөөд түүгээр баталгаажуулан онлайнаар хийж байгаа аливаа гэрээ нь салбар дээр ирж хийж байгаатай адил хүчин төгөлдөр байна гэж харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч талаас 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 25,820,000 төгрөгийн онлайн зээл аваагүй, зарцуулаагүй, онлайн зээл авахаар хандсан төхөөрөмжийг мэдэхгүй, [email protected] гэсэн мэйл ашиглаж байгаагүй гэж тайлбарласан.

Шүүхээс дээрх асуудлыг тодруулахаар томилсон Мэдээллийн аюулгүй байдлын газрын шинжээч нь ...172.22.1.71 хаяг нь 2016 онд *******ны Сонгинохайрхан тооцооны төвийн гялс булан-ийн (А4-1F-72-3F-24-AB) Мас дугаар бүхий Dell брендийн компьютер байна, ...[email protected] цахим шуудангийн хаяг нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагийн байдлаар устсан байна. Уг цахим шуудангийн хаягийг өмнө нь ашиглаж байсан эсвэл хэзээ устсан талаарх мэдээллийг тогтоох боломжгүй байна. Тиймээс уг и-мэйл хаягийн хаана, хэзээ, ямар IP хаягтай төхөөрөмж ашиглаж нээсэн, энэхүү төхөөрөмж нь одоо ямар байгууллагад бүртгэлтэй, хаана ашигладаг, ямар төхөөрөмж болохыг тогтоох боломжгүй гэж дүгнэсэн.

Энэ талаар шинжээч нь шүүх хуралдааны явцад ...дурын хүн очиж сууж ашиглаж болдог компьютер байсан. Нийтийн гэж хэлж болно..., банкны ажилтан, үйлчлүүлэгч зэрэг хэн ч хандах эрхтэй гэж мэдүүлж байна.

 

Нэхэмжлэгч талаас Д.******* нь онлайн зээл авч мэдэхгүй, и-мэйл хаяггүй, банкны ажилтан хувийн мэдээлэл болох ургийн овог, утасны дугаар зэрэг эдгээр мэдээллүүд байхад гялс банкны эрх нээх боломжтой гэх боловч хэрэгт авагдсан баримтаар Д.*******г 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 25,820,000 төгрөгийн онлайн зээл аваагүй гэх үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

13. Нэхэмжлэгч Д.******* нь хадгаламж барьцаалсан 103700022559 тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаас харахад 14 зээлийг аваагүй байхад банк зээлийг хүүгийн хамт нийт 70,016,445.17 төгрөгийг ******* тоот хадгаламжийн данснаас суутган төлүүлж, зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн үндэслэлээр буцаан шаардсан.

хэрэгт авагдсан авагдсан баримт талуудын тайлбараас үзвэл хариуцагч ******* ХК-иас Д.*******, Б.******* нарын дансан дах мөнгөн хөрөнгийг өөрийнх нь зөвшөөрөлгүй суутган зээл төлүүлсэн, тэдгээрийн өмнөөс зээл авсан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч ******* ХК-д холбогдуулан гаргасан мөнгөн хадгаламжийн гэрээний хохиролд 70,016,445.17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

14. Нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 508,033 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас мөнгөн хадгаламжийн гэрээний хохиролд 70,016,445.17 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 508,033 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ