| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/03643/И |
| Дугаар | 102/ШШ2024/00064 |
| Огноо | 2023-12-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/00064
| 2023 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/00064 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион оргил, Хаан банк цамхаг 10 дугаар давхарт оршин байх, А /РД:
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 102-86 тоотод оршин байх, АА/
Нэхэмжлэлийн шаардлага: 247,706,619.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жүгдэрдорж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч “АА” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч А дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Нэхэмжлэгч А нь “Т” ХХК, ААнартай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БХА 21/35/22 дугаартай “Барилга угсралт, гадна тохижилтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан ажилласан. Дээрх гэрээний дагуу хариуцагч ААнь Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Ки эф си лэнд” /KFC Land/ гадна тохижилтийн ажлыг нийт 702,710,389.89 төгрөгийн төсөвт багтаан холбогдох ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан бөгөөд нэхэмжлэгч А нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа 427,667,236 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр дундын санхүүжилт 119,953,817.18 төгрөг, нийт 547,621,053.18 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн.
Гэвч хариуцагч ААөөрийн буруутай үйл ажиллагааны улмаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын шаардлагын дагуу 2023 оны 4 дүгээр сарын 05- ны өдөр 194,650,244.06 төгрөгийн үнэ газар шороо, мод шилжүүлгийн ажил үндсэн гэрээнээс хасагдсан болохыг талууд хүлээн зөвшөөрсөн. Уг ажил хасагдсанаар нийт ажлын 702,710,389.89 төгрөгийн төсөв нь 508,060,145.79 төгрөг болсон. Түүнчлэн, хариуцагч ААнь талуудын байгуулсан гэрээнд заасан ажлаас нийт 79,683,982 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд нийт 10,757,337.57 төгрөгийн алдангийг нэхэмжилсэн.
Дээрх зөрчлүүдээс үүдэн захиалагч тал болох А, “Т” ХХК-иуд нь хариуцагч “Анга пропертиз” ХХК-тай харилцан тохиролцон 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр БХА 21/30/23 тоот “Барилга угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Тус төлбөр барагдуулах гэрээний хүрээнд хариуцагч “Анга пропертиз” ХХК нь нийт 165,137,746.45 төгрөгийг 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч А-ийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн ч өнөөдрийг хүртэл төлбөр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Иймд төлбөр барагдуулах гэрээний дагуу 165,137,746.45 төгрөгийг, хугацаа хэтрүүлсэн торгууль 50 хувь болох 82,568,873 төгрөгийн хамт нийт 247,706,619.45 төгрөгийг хариуцагч “АА” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж өгөөгүй.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Таванбогд фүүдс” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дэмжсэн байр суурьтай байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, /хх4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх5/, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн БХА 21/30/23 дугаартай “Барилга угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, төлбөр барагдуулах гэрээ”-ний хуулбар /хх8-9/, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн БХА 21/35/22 дугаартай “Барилга угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар /хх10-19/.
5. Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Таванбогд фүүдс” ХХК нараас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан. Үүнд:
1. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №БХА 21135122 тоот “Барилга угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ”. Уг гэрээг захиалагч талаас “Т” ХХК, А, гүйцэтгэгч талаас “АА” ХХК-иуд байгуулсан ба дараах гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:
1/ Гүйцэтгэх ажил: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Ки эф си лэнд” /KFC land/ төслийн барилга угсралт, гадна тохижилтын ажлыг Иргэний хууль, Барилгын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Барилгын норм ба дүрэм, улсын стандартад нийцүүлэн хийж гүйцэтгэх;
2/ Гэрээний нийт үнэ: 702,710,389.85 /НӨАТ-тай/ төгрөг.
2. 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн №БХА 21/30/23 тоот “Барилга угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, төлбөр барагдуулах гэрээ”. Уг гэрээг нэг талаас “Т” ХХК, А, нөгөө талаас “АА” ХХК-иуд байгуулсан ба дараах агуулгатай гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:
1/ А нь захиалагч “Т” ХХК-ийн захиалгын дагуу
гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч “АА” ХХК-ийн данс руу нийт үндсэн
гэрээний үнийн дүн болох 702,710,389.89 төгрөгөөс ажлын төлбөрт 2022 оны 12
дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа 427,667,236 төгрөг, 2023 оны 3 дугаар
сарын 07-ны өдөр дундын санхүүжилт 119,953,817.18 төгрөг, нийт 547,621,053.18
төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн.
2/ Үндсэн гэрээт ажлын нийт дүн болох 702,710,389.89 төгрөг нь гүйцэтгэгч буюу
төлбөр төлөгч “АА” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын шаардлагын дагуу 2023 оны 4 дүгээр
сарын 05-ны өдөр 194,650,244.06 төгрөгийн үнэ газар шороо, мод шилжүүлгийн
ажил үндсэн гэрээнээс хасагдсан.
3/ Үндсэн гэрээний нийт үнийн дүн гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч “АА” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн 702,710,389.89 төгрөгөөс 508,060,145.79 төгрөг болсон.
4/ Үндсэн гэрээний төлбөр нь буурсантай холбоотойгоор гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч ААнь 547,621,053.18 төгрөгийн зөрүү буюу илүү авсан 39,560,907.39 төгрөгийг, газар шороо, мод шилжүүлгийн ажлын төсөв болох 203,497,983 төгрөгөөс илүү авсан 9,732,512 төгрөгийг, 5 хувийн барьцаа төлбөр болох 25,403,007.29 төгрөгийн хамт, нийт 74,697,426.88 төгрөгийг захиалагч буюу төлбөр авагч А-ийн дансанд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дотор буцаан шилжүүлнэ.
5/ Гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч ААнь нийт 508,060,145.79
төгрөгийн ажлаас 79,683,982 төгрөгт тооцогдох ажлыг хийж гүйцэтгээгүй тул 27
хоногийн 10,757,337.57 төгрөгийн алдангийн хамт, нийт 90,441,319.57 төгрөгийг захиалагч буюу төлбөр авагч А-ийн дансанд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дотор шилжүүлнэ.
6/ Гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч ААэнэхүү төлбөр барагдуулах гэрээнд заасан нийт 165,137,746.45 төгрөгийг захиалагч буюу төлбөр авагч А-ийн дансанд 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн дотор шилжүүлнэ.
7/ Хэрэв төлбөр төлөгч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй нөхцөлд 165,137,746.45 төгрөгийн 50 хувьтай тэнцэх торгууль төлнө.
Хоёр.
2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч А нь хариуцагч “АА” ХХК-д холбогдуулж төлбөр барагдуулах гэрээний үүрэгт нийт 247,706,619.45 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан.
Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...төлбөр барагдуулах гэрээний дагуу тохирсон хугацаанд мөнгийг төлөөгүй учир гэрээний үүрэгт 165,137,746.45 төгрөг, торгууль 82,568,873 төгрөг, нийт 247,706,619.45 төгрөгийг хариуцагчаас гаргуулна” гэж тайлбарласан.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа шүүхэд бичгийн тайлбар ирүүлээгүй.
Гурав.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэв. Үүнд:
1. Талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №БХА 21/30/23 тоот “Барилга угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, төлбөр барагдуулах гэрээ” хүчин төгөлдөр байна. Тодруулбал, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №БХА 21135122 тоот “Барилга угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу үүссэн тооцоо, үлдэгдэл төлбөр, уг төлбөрийг цаашид хэрхэн барагдуулах арга замаа уг гэрээгээр харилцан тохирсон явдал нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдэд нийцсэн.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагчаас 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №БХА 21/30/23 тоот “Барилга угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, төлбөр барагдуулах гэрээ”-ний үүрэгт 165,137,746.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
2. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан №БХА 21/30/23 тоот “Барилга угсралт, гадна тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, төлбөр барагдуулах гэрээ”-гээр торгууль төлөхөөр харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасантай харшлаагүй байна. Хариуцагч ААнь гэрээнд заасан хугацаанд тохирсон төлбөрийг буцааж төлөөгүй тул торгууль төлөх үүрэг үүсчээ.
Харин хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж торгуулийн хэмжээг 40,000,000 төгрөг болгон багасгаж тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.
Дөрөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,396,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,183,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч “АА” ХХК-иас 205,137,746 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,568,873.45 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,396,483 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,183,639 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ