Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/194

 

 

 

 

       2022           2           22                                   2022/ДШМ/194

 

Ж.Хд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Ө.Энхтайван, Г.Наранбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж хийсэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 41 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Ж.Хд холбогдох 2109001740700 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.Х нь 2021 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг 1а байрны 99 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр  Б.Ныг цохиж, эрүүл мэндэд нь “...духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ж.Хүрэл-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт Жавчивдоржийн Хүрэл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Боржигон овогт Жавчивдоржийн Хүрэл-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497.1, 505.1-д зааснаар шүүгдэгч Ж.Хэс 320.000 төгрөг даруй гаргуулан хохирогч  Б.Нд олгож, Шүүгдэгч Ж.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг Сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Булганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий эхнэр  Б.Ныг 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг 1а байрны 99 тоотод цохиж, эрүүл мэндэд нь “духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан" гэх үйлдэл нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэхэд шүүгдэгч Ж.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ж.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна.” гэж дүгнэсэн атлаа "Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ” гэж зөрүүтэй өөр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй, хууль зөрчсөн байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦ/782 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж. тус хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Ж.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Ж.Х намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн.

Шүүх гэм буруутай гэж дүгнэхдээ үндэслэл болгосон хохирогчийн мэдүүлгүүд нь бодит бус, эргэлзээтэй, хоорондоо агуулгын илт зөрүүтэй байсан. Тухайлбал:

            - Хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст: “..нөхөр Ж.Х 00-н өрөөнд араас орж ирээд “яагаад уйлаад байгаа юм” гэж надаас асуухад “сэтгэл санаа тавгүй байна, эгчтэйгээ утсаар ярьмаар байна” гэж хэлсэн. Нөхөр Ж.Х “ингээд байвал сална шүү” гэж хэлсэн. Тэгээд би “салаач” гэж хэлтэл нөхөр Ж.Х зүүн дух, чамархай орчимд гараараа цохиход би баруун талд байсан ванны ирмэгийг баруун талын дух хэсгээр мөргөсөн..”

            - Хавтас хэргийн 14 дүгээр хуудаст: “..Тэгээд 00-н өрөө ороод ганцаараа уйлсан. Нөхөр орж ирээд яагаад уйлсан юм бэ гэсэн. Тэгээд би сэтгэл санаа тавгүй эгчийгээ санаж байна гэж хэлсэн. Тэгэж хэлэхэд нэг мэдсэн гал тас хийгээд нөхөр намайг цохих үед би хажуу тийшээ унаад ванн мөргөөд толгой хавдсан.”

            - Хавтас хэргийн 16 дугаар хуудаст: “..00-ийн өрөөнд орж сандал дээр суугаад уйлаад сууж байтал, манай нөхөр орж ирээд юундаа уйлаад байгаа юм бэ гэхээр нь би эгчийгээ санаад байна гэтэл намайг алгадаад толгойгоороо хажуу тийшээ ванн мөргөсөн..”

Дээрх зөрүүтэй, хүн итгэмээргүй мэдүүлгүүдээс  Б.Н нь дух чамархай хэсэгтээ цохиулсан уу, эсхүл нүүрлүүгээ алгадуулсан уу, ээж Б.Наранцэцэгийнх нь мэдүүлснээр ханатай хавсарч зодуулсан уу, зогсож байхдаа цохиулаад унахдаа ванн мөргөсөн үү, эсхүл сууж байхдаа чамархай орчимдоо цохиулаад баруун талдаа байсан ванны ирмэгийг мөргөсөн үү, бас зүгээр л эгчийгээ санаад гэж хэлэхэд л Ж.Х цохьсон уу, эсхүл тэгээд салаач гэж хэлтэл Ж.Х цохьсон уу гэдэг нь тодорхойгүй, бодит бус, худал мэдүүлэг өгсөн нь харагдана.

Мөн  Б.Н нь шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ Ж.Х яаж цохьсоныг мэдээгүй, хараагүй гэж мэдүүлж, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгүүдээсээ зөрүүтэй мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэснийг баримтлан, хохирогчийн мэдүүлгийг шууд үнэн зөв гэж дүгнэх боломжгүй буюу эргэлзээтэй байсан тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байсан.

Түүнчлэн Шинжээчийн дүгнэлтэд зөвхөн  Б.Нын мөргөсөн гэх баруун дух хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт үүссэн гэж бичсэн ба тэрнээс  Б.Нын өөрийн хэлснээр цохиулсан тал болох зүүн талын хацар, дух чамархай хэсэгт ямар ч гэмтэл, ил ул мөр илрээгүй. Үнэхээр  Б.Нын мэдүүлсэн шиг би алгадсан, цохисон бол хөхрөлт, няцралт, улайлт, хавдсан шинж тэмдэг илэрнэ. Тэгэхээр өөрөө мөргөж зөвхөн мөргөсөн талд нь гэмтэл учирсан нь тодорхой юм.

Шинжээч тархи доргилт тогтоогдлоо гэсэн дүгнэлтээ зөвхөн  Б.Нын хэлсэн зовиурын талаарх мэдээллийг үндэслэн гаргасан бөгөөд томографын шинжилгээгээр тархи доргилт байхгүй гэсэн хариу гарсан байдаг.  Б.Нын эрүүл мэнд түр хугацаагаар сарнисан асуудал байдаггүй бөгөөд зөвхөн шинжээч түүний хэлснээр тархи доргилттой тул эрүүл мэнд нь түр хугацаагаар сарнисан хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэсэн байдаг.  Б.Н ямар ч эм тариа хэрэглээгүй, мөн ажлаасаа чөлөө авсан зүйл байдаггүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байсан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Ж.Х намайг цагаатгасан шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч  Ж.Хүрэл-Эрдэнийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

            Анхан шатны шүүхээс Ж.Хүрэл-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт зааснаар хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосныг бид эс зөвшөөрч байна. Учир нь:

            1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1001 тоот дугаартай дүгнэлтээр хохирогч  Б.Нын биед тогтоогдсон “духны баруун хэсэгт 4,5х3 см хөх ягаан өнгийн цус хуралттай, хавдсан, зөөлөн эдийн гэмтлээс өөр ил харагдах гэмтэл тогтоогдоогүй”, мөн тархины соронзон резонанст томографийн оношилгооны дүгнэлт хэсэгт “тархины хэвийн зураглал, духны арьсан доорх зөөлөн эдийн хаван” гэсэн нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт “шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдаагүй, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг гадаргуугийн 1 хувиас илүүгүй зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралын үед гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэсэн заалтаар дээрх ил зөөлөн эдийн 4,5х3 см цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй” байхад шинжээч М.Аригуунтөгсийн дүгнэлт нь үнэн зөв болох нь эргэлзээтэй, үндэслэлгүй гарсан байхад анхан шатны шүүх үнэлж шийдвэрлэсэн.

            2. Хохирогч  Б.Нын тархи доргисон гэх үндэслэл нь толгой, тархины компьютер томографын шинжилгээгээр бүтэц, үйл ажиллагааны ямар ч өөрчлөлт илрээгүй, бүх үзүүлэлт, бүтэц хэвийн, өөрчлөлтгүй гэсэн үндэслэлээр нотлогдсон байхад “тархи доргилт” үүссэн гэж хэтрүүлэн, таамаглаж дүгнэлт гаргажээ. Тухайлбал, наад зах нь шинжээч эмч нь хохирогчийг мэдрэлийн, эсхүл гэмтлийн эмчид үзүүлсэн /оношлуулсан/ нотолгоонд үндэслэн “тархи доргилт” учирсан эсэхийг тогтоох ёстой байсан. Гэтэл шинжлэх ухааны үндэслэлгүй таамаглалд тулгуурлаж гаргасан шинжээчийн дүгнэлтийг зөв үнэлээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээс дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах ажиллагааг хийлгэхээр буцаах нь хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

            3. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг нь Ж.Хүрэл-Эрдэнийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” үйлдэж, уг тогтоолыг даруй танилцуулж яллагдагчаар мэдүүлэг авахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Мөнхтулгад даалгасан байдаг. Гэтэл мөрдөгч Ж.Хд 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр буюу даруй 10 хоногийн дараа яллагдагчаар татах тогтоол танилцуулж мэдүүлэг авсан /хх 60-63/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулна”, мөн тус зүйлийн 4 дэх хэсэгт заасан “мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 6 цагийн дотор явуулна” гэснийг тус тус ноцтой зөрчсөн.

            4. Хохирогч  Б.Нын 3 удаа өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгахгүй зөвхөн нэг талыг барьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд насанд хүрээгүй гэрч Х.Гүнж, Х.Ханхүү нарын хууль ёсны төлөөлөгчтэй өгсөн мэдүүлгийг анхан шатны шүүх огт үнэлээгүй, гэрчээр Ж.Хүрэл-Эрдэнийг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр авсан мэдүүлэг /хх 19-22/, болон яллагдагчаар 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр авсан мэдүүлгүүд /хх 63-64/ яг адилханаар /асуулт, хариулт/ урдах мэдүүлгийг хуулбарлах байдлаар тавьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт тогтоогоогүй, зөвхөн хохирогчийн эргэлзээтэй мэдүүлэгт үндэслэж анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.   

            Шүүгдэгч Ж.Хүрэл-Эрдэнийн өмгөөлөгч Ө.Энхтайван тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан. Хохирогч хэргийн 11, 14, 16 дахь талуудад мэдүүлэг өгөхдөө Ж.Х алгадсанаас ванн мөргөсөн гэх агуулгыг илэрхийлдэг боловч тухайн мэдүүлгүүд нь зөрүүтэй. Тухайлбал, сууж байхад нь алгадсан, эсхүл хараагүй байхад чамархай хэсэг рүү цохисноос болж би мөргөсөн, эсхүл би зогсож байхад цохисон, улмаар ванн мөргөж унасан зэрэг зөрүүтэй мэдүүлдэг. Мөн оршил буюу тухайн үйл явдал болоход юу ярьсан, яагаад Ж.Х цохисон талаар зөрүүтэй мэдүүлдэг. Энэ талаар хохирогчоос өмгөөлөгч миний бие асуухад “би үүнийг ялгаа байхгүй гэж үзэж байна. Үг, үсгэн дээр битгий тоглолт хийгээд бай” гэсэн хариулт өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Улсын яллагчийн үндэслэл болгосон хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, шүүх хуралдаанд мэдүүлгийн зөрүүг арилгаагүй эргэлзээтэй байдлаар хэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан зарчмыг баримталбал шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй нөхцөл байдал байдаг. Ж.Хүрэл-Эрдэнийн зүгээс хохирогч гүтгэсэн, бодит бус мэдээлэл өгч, цохиогүй байхад цохисон мэтээр дүгнэсэн гэдэг. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хохирогч гэр бүлийн хэрэг буюу гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж шийдвэрлэх асуудал нь иргэний шүүхээр хэлэлцэгдэж байгаа талаар хэлж, “энэ шүүхийн шийдвэрээс хамаарч би хүүхдээ авах эсэх асуудал шийдвэрлэгдэнэ” гэсэн. Эндээс үзэхэд Ж.Х гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохыг шүүх тогтоовол хохирогч хүүхдийн асрамжийн асуудлыг өөртөө авах учир өөрийн талд шийдвэрлүүлэх гэсэн санаа зорилго байна гэж үзэж байна. Хохирогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал байхад мөрдөгч түүний согтуурлын зэргийг тогтоох ажиллагаа хийгээгүй. Түүнчлэн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж өмгөөлөгч Г.Наранбаатарын саналыг дэмжиж байна. КТГ шинжилгээгээр ямар нэг тархины доргилт гэх  зүйл байхгүй гэж тогтоогдсон байхад шүүх зөвхөн  Б.Нын зовиураа хэлсэн мэдүүлэгт үндэслэж буруутгасан.  Б.Н нь эрүүл мэндийн хувьд сарнисан гэж байгаа бол эмнэлэгт хэвтсэн, чөлөө авсан, эсхүл эмчилгээ хийлгэсэн талаарх баримтаа нэхэмжлэх ёстой байтал зөвхөн 320.000 төгрөгийн шинжилгээ хийлгэсэн баримтыг иргэний журмаар нэхэмжилсэн байдаг. Үүнээс шинжээчийн дүгнэлт учир дутагдалтай байсан нь харагдаж байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурор Н.Булганчимэгийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Ж.Хд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Ж.Хүрэл-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоолын 3 дахь талд “...хавтас хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзэхэд шүүгдэгч Ж.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон тогтоогдохгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй байна. ...” гэсэн дүгнэлт хийсэн атлаа, шийтгэх тогтоолын 4 дэх талд “...хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ. ...” гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгож байна.

Анхан шатны шүүх нь Ж.Хүрэл-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн ба ингэхдээ хэргийн зүйлчлэлийг ямар үндэслэлээр өөрчилж байгаа талаар огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 41 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ж.Х, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгч Ж.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/782 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Н.Булганчимэгийн бичсэн 2021 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 41 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Ж.Хд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл Ж.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                              Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ