Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/00195

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/00195

Улаанбаатар хот

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, 45б байрны 73 тоот хаягт оршин суух хаягтай, Мэргэн ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 15/1-1 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 15/1-1 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: 34,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа

Хариуцагч Т

Хариуцагч Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Т, Ч нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч Сдараах байдлаар тайлбарлав. Үүнд: Миний бие 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэн Тт 10,000 ам.доллар буюу 34,300,000 төгрөгийг ээж Чын дансанд шилжүүлж, сарын 2 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай зээлдүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлсэн мөнгөө төлөлгүй, утсаа авахгүй зугтаах болсон. Иймд зээлдүүлсэн 34,300,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд шаардлагаа 26,300,000 төгрөг болгон багасгаж байна.  Шүүхэд хандах үед буюу 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1 ам долларын ханш 3,430 орчим төгрөг байсан учир 10,000 ам доллар буюу 34,300,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирсэн баримтуудаас үзэхэд хариуцагч нь 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Иймд үлдэх 26,300,000 /34,300,000-8,000,000/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. Нэхэмжлэгч нь анх ам доллар шилжүүлсэн учир мөнгийг ам долларт тооцож нэхэмжилсэн гэжээ.

 

2. Хариуцагч Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С 2022 оны 6 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд нийт 31,000,000 төгрөгийг авсан нь үнэн болно. Хамтран ажиллах ажил болохоо больж бүтэлгүйтсэний улмаас дээрх мөнгөн дүнг өгч чадахгүй байдалд хүрсэн. Иймд авсан мөнгөн дүн ба 5753458208 тоот дансанд 3,000,000 төгрөг нэг удаа,  5753458208 тоот дансанд 5,000,000 төгрөгөөр нэг удаа нийт 8,000,000 төгрөгийг хасаж бодож шийдвэрлэж өгнө үү. Дансаар орж ирсэн мөнгөнөөсөө 8,000,000 төгрөг төлсөн гэж үзээд үлдэгдэл 23,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Ч буюу манай ээж дансаараа мөнгө авсан болохоос ямар хамааралгүй учраас би хариуцна гэжээ.

 

3. Хариуцагч Ч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хүргэн асан болох Сболон хүү Тын хамтран ажиллах болсон гэдгээр 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр миний 5058155509 дансаар 18,672,000 төгрөг, мөн 07-ны өдөр 12,012,320 төгрөгийг “Тт зээл олгов” гэж шилжүүлсэн болно. Ингээд нийт 30,684,320 төгрөг Ч би тухай бүрд данс руу шилжүүлсэн ба надад ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Иймд С гаргасан хариуцагч гэдгээс чөлөөлж өгнө үү. Мөн хүү Т нь 8,000,000 төгрөг буцааж шилжүүлж байсан гэдгээ ярьсан гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх3/, Хаан банкны депозит дансны хуулга /хх4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх11/

 

5. Хариуцагч нараас дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх32/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх52/ 

 

6. Хариуцагч нарын хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: “Хаан банк” ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 29/11689 тоот хариу албан бичиг, хавсралт /хх46-49/, “Хаан банк” ХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 29/5 тоот хариу албан бичиг, хавсралт /хх66-71/,

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

Нэхэмжлэгч Снь хариуцагч Т болон Ч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 34,300,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч өөрийн шаардлагаа 26,300,000 төгрөг болгон багасгасан ба шаардлагын үндэслэлээ “...Снь 2022 оны 6 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд 10,000 ам долларыг Тт зээлсэн. Зээлийг Тын ээж Чын дансаар нь дамжуулж өгсөн. Шүүхэд хандах үед буюу 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 1 ам долларын ханш 3,430 орчим төгрөг байсан учир 10,000 ам доллар буюу 34,300,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирсэн баримтуудаас үзэхэд хариуцагч нь 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн байна. Иймд үлдэх 26,300,000 /34,300,000-8,000,000/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулна” гэж тайлбарласан.

 

Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлаа “...зээлийг ам доллараар биш харин төгрөгөөр хүлээн авсан. Тодруулбал, 31,000,000 төгрөгийг хүлээн авсан, үүнээс 8,000,000 төгрөгийг буцаан төлсөн учир 23,000,000 төгрөгийг буцаан төлөх ёстой” гэж тайлбарлав.

 

Хоёр.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

Хэрэг нэхэмжлэгчээс өгсөн Хаан банк дахь дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь 10,000 ам доллар бус харин 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 6,000 ам доллар, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 3,860 ам долларыг, нийт 9,860 ам долларыг шилжүүлжээ. 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд хандах үеийн байдлаар буюу 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 1 ам долларын ханш 3,432.53 төгрөг байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас буцаан шаардахдаа үүрэг үүсэх үеийн ханшаар тооцсон нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасантай харшлахгүй

 

Иймд хариуцагч нараас 25,844.745.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.

 

Гурав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 287,174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Т болон Ч нараас 25,844.745.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С олгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 287,174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ