Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2023/03081/И |
Дугаар | 102/ШШ2024/02074 |
Огноо | 2024-04-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/02074
2024 оны 04 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/02074 | Улаанбаатар хот |
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 58 тоотод оршин суух хаягтай, Сартуул ургийн овогтой
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, 86 тоотод оршин суух хаягтай, Харчин ургийн овогтой
Нэхэмжлэлийн шаардлага: 23,904,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэнд-Аюуш
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбаяр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Б холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр миний эгч Мын нөхөр байсан Б нь “...5,000,000 төгрөгийн зээл авах гэтэл заавал хамтран зээлдэгч хэрэг болоод байна, надад тус болооч” гэсэн. Иймээс би эгчийн нөхөр Б 5,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа гэж ойлгоод түүнд тус болох гээд Хаан банк руу хамт явах гэсэн боловч “чи заавал банк явах хэрэггүй, надад нотариатаар итгэмжлэл хийлгээд өгөхөд болно” гэсэн.
Гэтэл Б нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр уг итгэмжлэлийг ашиглан Хаан банкнаас 19,973,800 төгрөгийн зээл авч ЗГ201843613266 тоот зээлийн гэрээ байгуулсан байсан.
Анх зээл авах үед Б нь миний эгчтэй гэр бүл байсан. Гэтэл зээл авснаас хойш эгчээс минь гэрлэлтээ цуцлуулсан. Б нь авсан зээлээсээ надад нэг төгрөг ч өгөөгүй ба зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн тул Хаан банк нь надад мэдэгдэлгүйгээр 2019 оны 1, 4 дүгээр саруудад 630,700 төгрөг, харин миний энхийг сахиулах ажиллагаанд оролцож үүрэг гүйцэтгэсэн цалин болох 23,273,800 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, нийт 23,904,500 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт суутгаж авсан.
Энэ талаар Хаан банканд гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хаан банкийг Гданснаас зээлийг төлүүлснийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн.
Б нь 5,000,000 төгрөг зээлж авна гэж хэлж итгэмжлэл авсан атлаа 19,973,800 төгрөгийн зээл авч, уг зээлээ төлөлгүй явсаар би өмнөөс нь зээл төлсөн. Ингэснээр надад 23,904,500 төгрөгийн хохирол учруулсан ба уг мөнгийг хариуцагчаас нэхэмжилнэ. Хариуцагч Б нь хамтран хүлээсэн үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Би нэхэмжлэлдээ тооцооллын алдаа хийж, 23,904,500 төгрөг байхыг 23,904,700 төгрөг гэж буруу бичсэн байна.
2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Хаан банк” ХХК болон Б, Г нарын байгуулсан №ЗГ201843613266 тоот зээлийн гэрээний дагуу өмнөх зээлийн үлдэгдэл 5,073,800 төгрөг дээр нэмж 14,900,000 төгрөгийн зээлийг, нийт 19,973,800 төгрөгийг хариуцагч авсан. Зээлийн үлдэгдэл 5,073,800 төгрөг нь Г, Б, М нарын Хаан банкнаас өмнө нь хамтдаа авч байсан зээлийн үлдэгдэл мөн эсэх талаар маргахгүй гэжээ.
2. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 23,904,700 төгрөг гаргуулахаар хариуцагч Б холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хаан банкнаас цалингийн зээл авах саналыг анх нэхэмжлэгч Гэгч болох М нь гаргасан ба өөрийн дүү Гтэй тохиролцож уг авсан зээлээр өөрийн найз нартаа банкнаас арай өндөр хүүтэйгээр зээлж, ашиг олох мөн өөрийнхөө шашны зан үйлд зориулан зарцуулах зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Г дээр итгэмжлэл аван хариуцагчаар 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн Хаан банкны ЗГ201843613266 тоот зээлийн гэрээ байгуулан тухайн зээлийг авсан юм. Тухайн зээлийн төлбөр орж ирсэн даруйд М нь Зулаа, Мөнхзул, Мөнхзулаас гэсэн утгатайгаар бусад хүмүүс рүү мөнгө шилжүүлсэн. Үүнд:
1/ Хаан банкны 5003321673 тоот дансанд 2,000,000 төгрөг;
2/ Хаан банкны 502665138 тоот дансанд 600,000 төгрөг;
3/ Хаан банкны 5800477624 тоот дансанд 500,000 төгрөг;
4/ Хаан банкны 5015162845 тоот дансанд 3,450,000 төгрөг;
5/ Хаан банкны 5015162845 тоот дансанд 7,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Уг мөнгийг М захиран зарцуулсан гэдэг нь хариуцагч Э.Баттулгын дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа. Тухайн үед хариуцагч нь Мтай нь гэр бүл байсан ба харин одоо хувийн таарамжгүй харилцааны улмаас одоогоор тусдаа амьдарч байна.
Хариуцагч нь Мтай уг зээлийн асуудлаар удаа дараа холбогдоход зээлүүлсэн мөнгөө хүүтэй нь эргүүлээд авчихсан, би дүүтэйгээ учраа олчихно” гэсэн хариу өгдөг байсан. Хариуцагч нь тухайн зээлээр авсан мөнгөө захиран зарцуулж ашигласан зүйл огт байхгүй ба дээр дурдсанчлан М нь тухайн мөнгийг авч хэрэглэсэн, хариуцагчид буцааж өгсөн зүйл ерөөсөө байхгүй тул өөрийнх дүү хамтран үүрэг гүйцэтгэгч Гданснаас зээлийн төлбөрийг суутгаж авсныг буруутгах үндэслэлгүй юм.
Энэ нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/02932 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/00181 дугаартай магадлалаар нэгэнт тогтоогдсон.
Мөн Голгосон итгэмжлэлийн дагуу зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээ байгуулсан ба тухайн үед хэдий хэмжээний мөнгө зээлээр авах гэж байсныг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан ба мэдээгүй юм шиг зүйл ярьж байгаа нь өөрөө шүүхийг санаатайгаар төөрөгдөлд оруулж буй үйлдэл юм.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242.1-д заасны дагуу зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчийнхээ үүргийг биелүүлсэн тул зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч байна уу, хамтран зээлдэгч байх эсэхээс үл хамаараад тухайн зээлд хариуцлага хүлээж зээлийн үүргийг гүйцэтгэхээр заасан байдаг ба анхнаасаа эгчтэйгээ хэлэлцэн тохиролцож эгчдээ авч өгсөн зээл тул нэхэмжлэгчийн хувьд өөрийн эгч Маас төлбөрөө нэхэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв үнэхээр зээлийн хариуцлага хүлээнэ гэж байгаа бол эгч М нь ч гэсэн уг зээлийн болон барьцааны гэрээний оролцогч. Ийм учраас зээлийн зарим хэсгийг нэхэмжлэгч нь эгч Маас шаардах ёстой гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэлийн хуулбар /хх4/, зээлийн гэрээний хуулбар /хх5-7/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх8-9/, итгэмжлэл /хх17,29/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/ма2023/00181 дугаар магадлалын хуулбар /хх33-37/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/шш2022/02932 дугаар шийдвэрийн хуулбар /хх38-42/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх59-72, 204/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх25/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх49-50, 83-84/, зээлийн гэрээний хуулбар /хх85-87/, барьцааны гэрээний хуулбар /хх88-91/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1804 дугаар магадлалын хуулбар /хх92-96/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183/шш2020/01593 дугаар шийдвэрийн хуулбар /хх97-99/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх100/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/тм2022/04988 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /хх101-108/.
5. Талуудын хүсэлтээр шүүхээс дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Т.Гантуяа, Ж.Даваа-Ундрам нарыг гэрчийн мэдүүлэг /хх128-129/, “Хаан банк” ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 29/3426 тоот хариу албан бичиг, хавсралт /хх130-178/, “Хаан банк” ХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 29/3746 тоот хариу албан бичиг, хавсралт /хх179-203/, үзлэгийн тэмдэглэл /хх211-219/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
1. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Хаан банк” ХХК нь Б, Г нартай №ЗГ201843613266 тоот зээлийн гэрээ /хэрэглээний зээл малчны зээл/ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5,073,800 төгрөг дээр нэмж 14,900,000 төгрөгийн зээлийг, нийт 19,973,800 төгрөгийн зээлийг зээлдэгч нарт олгожээ.
2. Г нь “Хаан банк” ХХК-д холбогдуулж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ201843613266 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээнээс Гэд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хууль бусаар суутгаж авсан 23,278,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байжээ.
3. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 183/шш2022/02932 дугаар шийдвэрийг гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгүүдэд зааснаар холбогдох хэргийг болон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
4. Дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 210/ма2023/00181 дүгээр магадлалаар “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул “Хаан банк” ХХК-д холбогдох зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хууль бусаар суутгаж авсан 23,278,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлтийг оруулжээ.
5. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон. Ингэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтүүдийг хийсэн байна. Үүнд:
1/ Гээс Б 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр олгосон “цалингийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр оруулах, гэрээ байгуулах, гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, холбогдох бичиг баримтад төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг олгож байна” гэсэн агуулгатай итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзнэ.
2/ Дээрх итгэмжлэлийн үндсэн дээр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Хаан банк” ХХК-иас 19,973,800 төгрөгийг олгохоор болсон, зээлдэгчээр Б, хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г нар гарын үсэг зурсан.
3/ “...цалингийн орлого барьцаалсан ...барьцааны гэрээ Хаан банк ХХК, Б нарын хооронд байгуулагдаж, барьцаалуулагчаар Б, Г, М нарыг төлөөлөн ...Б гарын үсэг зурсан”.
4/ Зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд хариуцагч байгууллагаас Гэзэмшлийн “Хаан банк” ХХК дахь 5094327066 тоот данснаас 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн төлбөр гэсэн утгатай 23,000,000 төгрөг, зээл хаав гэх утгатай 273,854 төгрөгийн зарлагын гүйлгээ хийсэн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлсэн.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.
Хоёр.
1. 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Г нь хариуцагч Б холбогдуулж 23,904,500 төгрөг гаргуулах шаардлагыг гаргаж шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...Б нь 5,000,000 төгрөг зээлж авна гэж хэлж надаас итгэмжлэл авсан атлаа 19,973,800 төгрөгийн зээлийг авсан. Хариуцагч нь авсан зээлээ өөрөө төлөөгүй яваад байсан учир Хаан банкнаас 2019 оны 1, 4 дүгээр саруудад 630,700 төгрөг, дараа нь 23,273,800 төгрөг, нийт 23,904,500 төгрөгийг суутгаж авсан. Иймд уг мөнгийг хариуцагчаас гаргуулна” гэсэн агуулгаар тайлбарласан.
2. Хариуцагч дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...би Гтөрсөн эгч Мтай гэр бүл байсан. Гээс Б 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлийн дагуу зээл авсан, гэхдээ уг зээлийг би нэхэмжлэгчийн төрсөн эгч М руу болон Мын заасан хүмүүс рүү нь шилжүүлсэн, ...би зээлийг өөрөө захиран зарцуулаагүй, эгч М нь захиран зарцуулсан” гэсэн агуулгаар тайлбарлав.
Гурав.
1. Дээр дурдсанчлан 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Хаан банк” ХХК болон Б, Г нарын байгуулсан №ЗГ201843613266 тоот зээлийн гэрээний дагуу өмнөх зээлийн үлдэгдэл 5,073,800 төгрөг дээр нэмж 14,900,000 төгрөгийн зээлийг, нийт 19,973,800 төгрөгийг банкнаас зээлдэгч нарт олгосон.
2. №ЗГ201843613266 тоот зээлийн гэрээний 2.1.1.1-д “зээлийн үлдэгдэл 5,073,800 төгрөг” гэж бичигдсэн. Энэ мөнгөн дүн нь Г, Б, М нарын Хаан банкнаас өмнө нь хамтдаа авч байсан зээлийн үлдэгдэл мөн эсэх талаар зохигчид маргаангүй байна.
3. Дээрх үйл баримтыг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Хаан банк” ХХК болон Б, Г нарын байгуулсан №ЗГ201843613266 тоот зээлийн гэрээнд М гарын үсэг зурсан нөхцөл байдал, олгогдсон зээлийн мөнгөн хөрөнгийн зарцуулалт, Гнэхэмжлэлтэй, “Хаан банк” ХХК-д холбогдох иргэний хэрэгт Мын өгсөн “...Хаан банктай Г, Б бид 3 ...2-3 гэрээ байгуулж байсан, ...6-8 сая төгрөг авч байсан, ...Г 1-2 гэрээн дээр нь очиж гарын үсэг зурж байсан” гэсэн утга бүхий гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан судлахад хариуцагч Б нь нэхэмжлэгч Гзээлийн төлбөрт төлсөн 23,904,500 төгрөгийг дангаар хариуцах учиргүй байна.
4. Харин 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ201843613266 тоот зээлийн гэрээний үүргийг гурван этгээд хариуцах ёстой, хариуцагч Б ногдох хэсэг нь 7,968,166 /23,904,500 : 3/ төгрөг ба уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэх нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсгүүдэд нийцнэ гэж шүүхээс үзэв.
Дөрөв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,441 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хариуцагч Бас 7,968,166 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Гэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15,936,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,473 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бас 142,441 гаргуулан нэхэмжлэгч Гэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ