| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2026/00038/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/36 |
| Огноо | 2026-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Д |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 2026/ШЦТ/36
2026 05 12 2026/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймгийн Б сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Д.Д
Шүүгдэгч Э.А нарыг оролцуулан Х аймгийн Б сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн Ат холбогдох эрүүгийн 264........... дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Х аймгийн Б суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Б Уулын баяжуулах үйлдвэрийн Баяжуулах фабрикт цахилгаан механикч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Х аймгийн Б сумын 1 дүгээр баг, 00 дүгээр байрны 06 тоотод оршин суух, урьд ял эдэлж байгаагүй, төрөөс авсан гавьяа шагналгүй, СЩ000 регистрийн дугаартай Бовогт Э-ийн А.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Х аймгийн Б сумын 1 дүгээр баг 00 дүгээр байрны 06 тоот дахь гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн дүү Э.Э-тай маргалдаж, улмаар өшиглөж унагаан нүүр лүү гараараа цохиж зодсоны улмаас Э.Э-гийн эрүүл мэндэд баруун хөмсөгний хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины хэсэг, цээжний баруун урд хэсэг, зүүн бугалга хэсэг, зүүн шилбэний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулж дээрх гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь:
Хохирогч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "…Би 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэрт хүн ирэх гээд салат хийгээд байж байтал манай ах А согтуу хүүхдүүд рүү дайраад манай хүүхдийг уйлуулаад байхаар нь яах гээд байгаа юм гэсэн чинь яадаг юм нэг нь ч гэсэн хүнээс айх хэрэгтэй гээд байсан юм. Тэгээд орой 19 цагийн үед эхнэртэйгээ хамт гараад 21 цаг өнгөрөөж гэрт орж ирээд том өрөөнд хүүхдүүдтэй хамт байж байсан юм. Тэгсэн чинь манай дүү О хүүхдээ бариад дандаа ингэж байдаг юм гэхээр би яасан юм гээд том өрөө рүү ороод очтол манай 2 хүүхдийг зайл писда минь гэхээр нь би унтаач дээ согтуу байж гэсэн чинь намайг чамайг ч гэсэн ална гээд намайг өшиглөхөөр нь би унасан чинь дээрээс нүүр нүдгүй цохиод тэгэхээр нь би ширээн дээр байсан стакан аваад толгой руу нь цохисон чинь О салгасан, салгасан чинь Ог бас нүүр нүдгүй цохиод үсдэж чирч унагаад гуталтай хөлөөрөө өшиглөөд тэгснээ эхнэрээ хүүхдүүдээ аваад явж бай би энэ хэдийг бүгдийг нь ална гээд дайраад байхаар нь манай охин цагдаа дуудсан. Манай 4 хүүхэд Огийн 3 хүүхэд, Аын 3 хүүхэд, эхнэр нь байсан бас манай ээж байсан. Би А гэх хүнтэй муудаж маргалдсан зүйл байхгүй. Намайг том өрөө рүү ороод хүүхдүүд рүү хашхираад байхаар нь унатал даа согтуу байж гэсэн чинь чамайг ч гэсэн ална гээд над руу дайраад намайг нүүр нүдгүй цохиод бас өшиглөсөн. Над руу лааны суурь бариад дайрахаар нь би жижиг шилэн стаканаар нэг удаа цохисон. ..." гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас)
Гэрч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2026 оны 02 дугаар сарын 19-ний орой 17 цагийн үед манай ах А гэрт агсам тавиад байсан юм. Тэгсэн чинь эхнэр нь авч гараад айлаар шинэлж байгаад 22 цагийн үед гэрт хүүхэдтэйгээ орж ирсэн. Манай том өрөөнд манай эгчийн 2 хүүхэд, манай 1 настай бага хүүтэй 3 хүүхэд байсан. Ээж, эгч, бид 3 жижиг өрөөнд хүнд өгөх бэлгээ янзлаад байж байсан. Тэгсэн чинь том өрөөнд манай бага хүү уйлсан тэгэхээр нь би очоод хүүхэд дандаа шөнө орой уйлуулж байх юм гэсэн чинь зайл гэхээр нь өөдөөс нь мэдрэл муутай юм шиг дандаа шөнө орой хүүхэд уйлуулж байх юм гээд гараад явсан юм. Тэгээд удалгүй эгчийн 2 хүүхэд рүү орилохоор нь эгч очоод хүүхэд рүү орилоод хүүхэд айлгачихлаа унтаач гэсэн чинь чамайг ч гэсэн алаад хаячихна шүү гээд эгчийг цохиод зодоод байхаар нь би очоод салгаад гарын бариад тэврээд авсан чинь намайг зодоод эхэлсэн. Тэгсэн чинь эгчийн нүднээс нь цус гарчихсан байсан юм. Тэгэхээр нь эгч жижиг стакан аяга бариад шидсэн үү цохисон уу мэдэхгүй байна. Тэгээд дахиад эгч рүү дайраад эгчийг цохиод байхаар нь би салгаад эгчээс холдуулаад байж байсан чинь эхнэр нь орж ирээд том өрөө рүү аваад орохоор нь би цагдаа дуудсан …А нь гэрт орж ирээд хүүхдүүд рүү хашхираад тэгэхээр нь хүүхэд айлгалаа гэсэн чинь л эгчийг цохиод зодоод эхэлсэн. Ер нь 17 цагаас хойш агсан тавиад хүн орж ирсэн байхад хашхираад хүүхдүүд рүү дайраад байсан юм… Ээгчийн нүүр толгой хэсэгт нь цохисон, газар унагачхаад дээрээс нь өшиглөөд байсан… А нь Ээгчийг цохиод зодоод байхаар нь би салгасан чинь намайг цохиж зодоод байж байхад толгой руу нь цохисон…
...Тухайн үед цагаан cap болоод том өрөөндөө ширээ засчихсан байсан тэрний хажууд А, Ээгч 2 муудалцаж зодолдсон.Энхмаа, А 2 том өрөө, коридор хэсэгт муудалцсан. Тухайн стакан аяга нь том өрөөний ширээн дээр байсан… А ах, Ээгч 2 том өрөөнд муудалцаад Ээгч том өрөөний хаалгаар коридор руу унасан юм. Тэгэхээр нь би гүйж очоод А ахыг тэвэрч аваад салгах гэтэл намайг зодоод унасан. Тэгээд эгч Эгазраас босож ирээд А ах бид хоёрыг салгах гэж байхад А ахын эхнэр нь орж ирээд том өрөө рүү авч орсон. Тэгэхээр тухайн стаканаар цохисон асуудал нь том өрөөнд болсон байх тухайн асуудлыг би хараагүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 45-46, 57-58 дугаар хуудас)
Иргэний нэхэмжлэгч С.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Э.Э- нь эрүүл мэндийн даатгалын сангаас 131,334 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна.” гэх мэдүүлэг. (хх-ийн 30-31 дүгээр хуудас)
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ХЭН-БОР0726/026 дугаартай
1.Э.Э-гийн биед баруун хөмсөгний хэсгийн язарсан шарх, баруун нүдний дээд зовхины хэсэг, цээжний баруун урд хэсэг, зүүн бугалга хэсэг, зүүн шилбэний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт (хх-ийн 82-83 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Э.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Э- нь “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн тул прокуророос шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Хохирогч Э.Э- нь энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 131,334 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. (хх-ийн 30-31, 33 дугаар хуудас)
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан.
Шүүгдэгч Э.А нь 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын санд 131,334 төгрөг төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. (хх-ийн 127 дугаар хуудас) Иймд шүүгдэгч Э.А нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид дээрх эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бовогт Э-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР