| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/03389/И |
| Дугаар | 102/ШШ2023/03983 |
| Огноо | 2023-11-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2023/03983
| 2023 оны 11 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2023/03983 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 503-701 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой
Хариуцагч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө 96, “Улаанбаатар гурил” ХХК-ийн байранд оршин байх, “
Нэхэмжлэлийн шаардлага: 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Н
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, Ч.Бат-Эрдэнэ
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч “М” ХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч Н дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Миний бие “М” ХК-д 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтийн хугацаагаар ТУЗ-ийн нарийн бичиг, хуулийн зөвлөхийн ажилд орсон. Анхны туршилтын хөдөлмөрийн гэрээ 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай байгуулагдсан. Дараа нь гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан. Сүүлд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болохоос 14 хоногийн өмнө буюу 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр миний бие туршилтын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг тавьсан. Тайлангийн хуралд гүйцэтгэх захирал, чиг үүргийн удирдлага, хүний нөөцийн менежер нар оролцсон.
Энэ үйл явдал болж байх хугацаанд Баянгол зочид буудал ХК-ийн зүгээс надад ажлын байрны санал тавьж байсан болохыг энд дурдмаар байна.
Тайлангийн хурал дээр би ажиллаж байсан хугацаанд гарсан хүндрэл бэрхшээлүүдээ хэлсэн, мөн тус компанид цаашид ажиллахгүй, жинхлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Учир нь би хувьцаат компанийн чиглэлээр мэргэших, ажиллах хүсэлтэй байсан бөгөөд компани маань өөрчлөн байгуулагдаж, хувьцаат компанийн үндсэн шинжээ алдсан. Компанийн анх тохирсон нөхцөлүүд өөрчлөгдөж байсан.
Ингэхэд хурал дээр хүний нөөцийн зүгээс “...групп дотроо шилжин ажиллах уу” гэсэн саналыг тавьсан. Би “...группт хамааралтай, хувьцаат компани дотроо болж шилжиж болно” гэсэн хариуг өгсөн. Гүйцэтгэх захирал надад “...Би чамайг Хаан банк руу оруулах талаар хүмүүсээс асууж өгье, тэр болтол өөрийн хийж эхэлсэн төслөө үргэлжлүүлээд явж байгаач” гэж санал тавьсан. Улмаар гүйцэтгэх захирал надад “...мэргэжлийн хууль зүйн зөвөлгөө өгөх гэрээ байгуулаад явъя, чи эхлүүлсэн ажлаа дуусга” гэсэн саналыг тавьсан, би ч уг саналыг хүлээн авсан. Ингээд захирал бид 2 ажил гүйцэтгэх гэрээний үндсэн нөхцөлүүдийг дараах байдлаар тохирсон. Үүнд:
1/ Цалин хөлс: Туршилтын хугацаагаар ажиллаж байхад олгож байсан хэмжээтэй адил байна.
2/ Ажил гүйцэтгэх, зөвлөхөөр ажиллах учир ажлын цаг бүртгэхгүй.
3/ Хаанаас ажиллах талаар байршил заахгүй. Хийх ажлуудын даалгаваруудыг аваад цахимаар ажиллах боломжтой.
4/ Хугацаа: 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр туршилтын хугацаа дуусахаар шууд гэрээгээ байгуулаад үргэлжлүүлээд явна.
Тодруулбал, анхны туршилтын хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллахгүй буюу жинхлэхгүй. Харин хуулийн зөвлөгөө өгөх байдлаар хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний харилцааг шинээр үүсгэхээр харилцан тохиролцсон болно.
Дээрх явдлаас хойш ажил үүргээ хэвийн гүйцэтгээд явж байтал туршилтын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохын яг өмнөх ажлын өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 14-ний баасан гарагт гүйцэтгэх захирал С.Сайнбилэгт, хүний нөөцийн менежер нар намайг дуудаж уулзсан. Гүйцэтгэх захирал С.Сайнбилэгт надад “...би өөрөө ажлаасаа халагдсан. Тэгэхээр чамтай хамтран ажиллана, ажил хийнэ, гэрээ байгуулна гэдэг худлаа болсон. Тийм учраас ажлаа өгөөрэй” гэж хэлсэн. Би түүнд болон хүний нөөцөд “...би ‘М’ ХК-тай хамтран ажиллах талаар гэрээ байгуулсан буюу ажлын талаар тохирсон болохоос хэн нэг хувь хүнтэй гэрээ байгуулаагүй. Тийм учраас бидний хийсэн хэлцэл дууссан гэж үзэхгүй. Тийм учраас би шүүхэд хандаж маргана. Намайг ажлаа өгөөд мөрөөрөө явах гэж байхад ажлаас гаргаагүй мөртлөө одоо ийм байдлаар асуудлыг шийдвэрлэж байгаад гомдолтой” гэж хэлсэн. Ингээд өглөө ажилдаа хэвийн гарч явсан би ажлаа өгөөд орой гэртээ хайрцагтай хуулиудаа тэврээд ирсэн.
Иргэний хуульд үүрэг үүсэх үндэслэлийг заахдаа 187 дугаар зүйлд: “үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ”, “гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсэж болно” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэжээ.
Иргэний хуулийн 187.1-т зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд Иргэний хуулийн 186.1-д тусгагдсан үүргийн харилцаа үүснэ. Энэхүү үүргийн харилцаа нь талуудын хэлэлцээр тасалдсан эсвэл гэрээ байгуулагдсанаар дуусгавар болно. Гэрээ байгуулагдсан цагаас эхлэн гэрээний үүргийн харилцаа үүсэх ба талуудын эрх ашиг тусгай ангиар зохицуулагдана. Харин гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд гэрээ хараахан байгуулагдаагүй тул анхдагч үүрэг үүсэхгүй. Зөвхөн бусдын эрхийг хүндэтгэх, хамгаалах ерөнхий болон онцгой үүрэг үүссэн байдаг. Энэ үүргээ зөрчсөн этгээд Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүргийн ерөнхий энгийн зохицуулалтаар хариуцлага хүлээх ба нөгөө талдаа учирсан хохирлыг арилгах үүрэг хүлээнэ. Эдгээр үүргийн зөрчлөөс үүссэн хохирол төлөх үүргийг үндэслэдэг culpa in contrahendo /c.i.c/ буюу хэлцэл хийх үед гаргасан гэм буруутай үйлдлийн хариуцлага гэсэн ойлголт эх газрын эрх зүйн тогтолцоонд бэхэжсэн байдаг. Энэ нь манай хуулийн 219 дүгээр зүйлд бусад эрхийн зөрчлийг арилгах журмаар илэрдэг.
Гэрээ нь 2 буюу түүнээс дээш этгээдийн хооронд хийгдэж байгаа хэлцэл тул түүний бэлтгэл үе шатанд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байх шаардлагатай. Хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээний санал буюу оффер /оffer/, түүний хариу болох аксепт /ассерt/ гэх бүрэлдэхүүнтэй. Нэг талаас “М” ХК санал гаргаж, нөгөө талаас ажилтан Н зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 40.1, 195.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэх, өөрчлөгдөх, шилжүүлэх, дуусгавар болгоход чиглэсэн хэлцлийг хийсэн байна. “М” ХК-ийн гүйцэтгэх захирлын гаргасан санал нь “тодорхой бус этгээдэд хандсан, зөвхөн зарын чанартай гэрээ байгуулах саналын дуудлага биш” бөгөөд санал тавьж буй Н гэх тодорхой этгээдэд хандсан, гэрээний гол нөхцөлүүдийг агуулсан туйлын тодорхой санал байх ба нөгөө талаас саналыг хүлээн авснаар хэлцэл хүчин төгөлдөр болсон. Гэрээний саналаас үүсэх үр дагавар гэрээ байгуулах бэлтгэл үе шат гэдэг нь гэрээний агуулгын талаар санал гаргах, зөвшилцөн хэлэлцэх, гэрээний төсөл боловсруулах зэргийг хэлэх бөгөөд бэлтгэл үе шатанд талууд цаашид гэрээ байгуулах боломжтой гэж харилцан итгэлцэж гэрээ байгуулахын тулд тодорхой цаг хугацаа, зардал зориулдаг тул нөгөө талын итгэлийг эвдэхгүй байх, төөрөгдүүлэхгүй байхад анхаарах ёстой. Иймээс “М” ХК-иас ажил гүйцэтгэх, түүнтэй адилтгах өөр төрлийн гэрээгээр хамтран ажиллая гэдэг санал тавьснаар Н миний итгэл үнэмшлийг хүндэтгэх, аливаа хохирол учруулахгүй байх үүрэг үүссэн. Саналыг буцаан татах боломжийн хувьд гэрээ байгуулах саналыг гаргасан тал нөгөө талдаа хүрэхээс өмнө буцаан татах боломжтой байдаг бөгөөд “М” ХК нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулах санал гаргаж, тухайн өдөртөө саналын хариуг хүлээн авснаар бидний хооронд хэлцэл хийгдсэн. Хэлцэл хүчинтэй болсноос хойш 10 хоногийн дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ байгуулахгүй тухай шийдвэрээ мэдэгдсэн нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл саналаа татах төлөвлөгөөгүй байсныг харуулж байна. Гэрээ байгуулах үе шатанд буюу гэрээ байгуулахаас өмнө харилцаа талуудын эрх ашиг хөндөх боломжтой гэх үзэл баримтлал бий ба гэрээ байгуулах явцад нөгөө талын эрх ашигт хохирол учруулах үйлдэл хийсний төлөө хариуцлага хүлээлгэсэн шүүхийн практикаас үүссэн байна. Ийнхүү итгэл төрүүлсний улмаас нөгөө талд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Энэ нь итгэл төрүүлсний улмаас нөгөө талд хохирол, алдагдал үүсгэсэн бол түүнийг арилгах нь гэрээний эрх зүйн харилцааны оролцогчдын тэгш байдлын болон итгэлцлийн хамгаалах зарчимд нийцнэ гэж үздэгт оршино. Энэхүү гэрээ байгуулах шатанд учирсан хохирлыг арилгах зарчмыг culpa in contrahendo гэсэн нэр томьёоны хүрээнд хүсэл зоригийг хамгаалах үзэл санаатай холбон тайлбарладаг. Тухайлбал гэрээ байгуулах шатанд үүссэн итгэлцлийн явцад анхаарал болгоомжтой байх, мэдээлэл өгөх зэрэг үүргээ зөрчсөн нь хохирол нөхөн төлөх үндэслэл болно гэж үздэг. Манай улсын хувьд гэрээ байгуулах шатанд учирсан хохирлыг үүргийн ерөнхий үндэслэлийн дагуу арилгах талаар Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт “гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд энэ хуулийн 186 дугаар зүйлд заасан үүрэг үүсэж болно” гэж заасан байдаг. Иргэний хуулийн 13 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх үүргээ хэрэгжүүлэх үндсэн шугам, зарчмыг татаж өгсөн байдаг. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, 13.3-т “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ” гэжээ. Тодруулбал “М” ХК нь хөдөлмөрийн зах зээлд оролцох болон түүнтэй төстэй төрлийн үйл ажиллагаа явуулахдаа эрх, үүргээ Иргэний хуулийн 13.1 дэх хэсэгт зааснаар үнэнч шударгаар хэрэгжүүлэх ёстой байсан. Ийнхүү хэрэгжүүлж чадаагүй бол Иргэний хуулийн 13.3 дахь хэсэгт зааснаар бусдад гэм хор учруулсан, зах зээлийн чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан бол хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээх ёстой байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байна. “М” ХК нь нэгэнт хийсэн хэлцлээ таслан зогсоож гэрээ болгон биелүүлэхээс татгалзаж байх тул гэрээний саналыг хүлээн авч зөвшөөрсөн миний итгэл үнэмшил, ажлын бодит боломжид учирсан хохирлыг арилгах нь хуулиар хүлээсэн үүрэг байна.
Ингээд миний бие хариуцагч “М” ХК-иас 7,200,000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан. Учир нь
1/ Хэрэв “М” ХК нь миний зүгээс жинхлэхгүйгээр, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох хүсэлтээ илэрхийлэхэд минь дуусгавар болгосон бол “Баянгол зочид буудал” ХК-иас тавьсан ажлын саналыг хүлээн авч, би дунджаар өмнөх цалин хөлс болох 1,800,000 төгрөгийн цалинг сар бүр авч тогтмол ажил орлоготой байх байсан. Миний хувьд компани маань өөрчлөн байгуулагдаж, хувьцаат компанийн үндсэн шинжээ гээсэн тул үргэлжлүүлэн ажиллах хүсэлгүй болсон. Иймээс туршилтын хугацаа дуусахыг хүлээлгүй тогтвортой найдвартай ажил хайж эхэлсэн. Хуучин ажил олгогч “Баянгол зочид буудал” ХК-иас ажилдаа эргэж орох тухай санал болгосон. Энэ саналыг бодож үзээд хариу хэлэхээр болсон. Гэтэл “М” ХК-иас ажил гүйцэтгэх эсхүл түүнтэй адилтгах өөр төрлийн гэрээгээр үргэлжлүүлэн ажиллаач гэдэг санал тавихад цаг бүртгэхгүй, ажлын даалгавраа аваад цаг тухайд нь гүйцэтгээд явуулах нөхцөлүүд нь таалагдаж, эхэлсэн ажлаа дуусгая хэмээн бодож зөвшөөрсөн. Ингээд “Баянгол зочид буудал ХК-ийн ажлын саналыг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл “Мон бииф” ХК нь саналыг нь хүлээн авсны дараа компанийн гүйцэтгэх удирдлага солигдсон гэдгээр шалтаглан өөрсдөө санал болгосон гэрээнээсээ татгалзсан нь гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд төрсөн итгэл үнэмшлийг минь үл хүндэтгэж, тухайн хугацаанд санал болгосон байсан ажлын саналыг хааж, тогтвортой цалин орлоготой байх боломжыг минь үгүй хийсэн үйлдэл болсон билээ. Гэвч тухайн үед бодит байдал дээр “М” ХК-ийг “Улаанбаатар гурил” ХХК-д нэгтгэх албан бус шийдвэрийг толгой компаниас гаргаж гүйцэтгэх захиралд хэрэгжүүлэх үүргийг өгсөн байсан. Удалгүй миний эхний туршилтын 3 сарын хугацаанд байрлан ажиллаж байсан Хан-Уул дүүрэг дэх оффисын байршил өөрчлөгдөж, манай компани 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах “Улаанбаатар гурил” ХХК-иин байранд нүүж ирсэн байдаг. Ингээд 2 компани албан ёсны баримт бичгийн хувьд нэгдээгүй байсан ч бодит амьдрал дээр энэ үеэс нэгдсэн юм. Тухайн үед би “компанийн хэлбэрийг өөрчлөх, өөрчилсний дараа бусад компанид нэгтгэх” төслийг гардан гүйцэтгэж байсан. Компанийг улсын бүртгэлд бүртгүүлж нэгтгэхэд нэлээдгүй хугацаа орох байсан тул түүнээс өмнө эхлээд компанийн байршлыг өөрчлөх, хамт олны бутаргах, шийдвэр гаргах шат дамжлага өөрчлөгдөх, компанийн үйл ажиллагаанд шинэ удирдлагууд оролцож эхлэх зэрэг нөхцөл байдлаар ажилчдыг шантрааж ажиллах хүсэлгүй болгон, “компанийн орон тоог цомхотгох, бөөнөөр халах” үеийн зохицуулалтыг хэрэглэхээс зайлсхийн, ажилчдыг өөрсдийнх нь хүсэлтээр гаргах 2 компанийн давхцаж буй орон тоонуудыг хуульд заасан тэтгэмжгүйгээр хасах арга хэмжээ авч байсан. Удалгүй толгой компаниас “М” ХК-ийн гүйцэтгэх захирлыг халах үйлдвэрийг гаргаж, “Улаанбаатар гурил” ХХК-ийн захирлыг оронд нь томилсон байгаа нь нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харагдаж байна. “М” ХК-ийн гүйцэтгэх захирал халагдаж шинээр “Улаанбаатар гурил” ХХК-ийн захирал нь давхар томилогдсон тул компанийн хэмжээнд орон тоо хэмнэх үүднээс хэлцлийг гэрээ болгон хараахан албажуулаагүй байгаа нөхцөл байдлыг ашиглан уг шийдвэрийг гаргасан юм. Энэхүү шийдвэрээ гаргахаас өмнө урьдчилан мэдэгдэж, саналыг минь сонсохоор ядаж уулзаагүй нь зах зээл дэх хөдөлмөрийн харилцаа хөгжсөн өнөөгийн нийгэмд маш ёс зүйгүй, мэргэжлийн бус, хүний эрхийг юман чинээ тоодоггүй болохыг нь харуулж байна. Ийнхүү албан үүргийг минь “Улаанбаатар гурил” ХХК-ийн хуульчид хавсруулсан ба бодит байдал дээр нэгэнт компаниуд нэгдчихсэн тул 2 хуулийн зөвлөхөд цалин хөлс, төлбөр мөнгө олгохоос зайлсхийж, зардлыг хэмнэхээр энэхүү шийдвэрийг гаргасан нь илт байна. “М” ХК-ийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг ба бусадтай гэрээ хэлцэл байгуулж, компанийг бүхий л харилцаанд төлөөлдөг. Гэтэл гүйцэтгэх захирал ажлаасаа халагдсан гэдэг шалтгаан нь урьд нь түүний бусадтай хийсэн хэлцлийг хүчингүйд тооцох үндэслэл биш бөгөөд иргэний эрх зүйн “Төлөөлөгчийн хийсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь төлөөлүүлэгчид бий болдог” үндсэн зарчмын дагуу гүйцэтгэх захирлын хийсэн хэлцлийн үр дагавар “М” ХК-д үүссэн байна. Тиймээс “М” ХК нь Н миний биетэй хийсэн хэлцлийн үр дагаврыг хариуцсан хэвээр байна. Гүйцэтгэх захирал ажлаа өгсөн эсэх энд ач холбогдолгүй юм.
2/ Дээр дурдсанчлан “М” ХК-ийн гүйцэтгэх захиралтай тайлангийн хурал дээр тохирсон ёсоор би “М” ХК-тай мэргэжлийн хууль зүйн зөвөлгөө өгөх гэрээ байгуулж, хамтран ажилласан бол уг гэрээ нь дор хаяж 4-5 сар үргэлжлэх байсан. Миний хийж байсан ажил буюу төсөл 4-5 сарын хугацаанд үргэлжлэх байсан. Ингэсэн тохиолдолд би 4 сарын хугацаанд 7,200,000 төгрөгийн орлого олох байсан. Уг мөнгийг гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс учирсан хохиролд нэхэмжилж байгаа. Баянгол зочид буудалд би 1,800,000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд энэхүү мөнгийг 4 сарын хугацаагаар тооцоход 7,200,000 төгрөг болж байгаа юм. Ийм учраас “М” ХК болон Н бидний дунд Иргэний хуулийн 187.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүссэн болохыг тогтоож, Иргэний хуулийн 219.1, 13.3 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах саналыг хүлээн авч, ажлын саналаас татгалзсантай холбоотой цаг хугацаа, эдийн засаг, алдагдсан боломжийн хохиролд сарын 1,800,000 төгрөгийн цалин хөлсийг “М” ХК-ийг өөрчлөх төсөл дуусах хүртэл 4 сарын хугацаанд тооцон, нийт 7,200,000 төгрөгийг “М” ХК-иас гаргуулж өгнө үү.
Миний бие тайлангийн хурлын бичлэгийг бусдад мэдэгдэлгүйгээр хийсэн, энэ талаар маргахгүй. Гэхдээ энэ үйлдлийг хуулиар хориглоогүй, ямар хууль зөрчсөн болохыг хариуцагч баримтаар няцаагаагүй. Би угаасаа энэ баримтыг гаргахдаа өөрөө сайтар судалсан гэжээ.
2. Хариуцагч “М” ХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ннтай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “ХГ2022-40/121” дугаар “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” болон дагалдах гэрээнүүд хийгдэж туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн. Цаашлаад 1 удаа туршилтын хугацааг сунгасан бөгөөд 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Гүйцэтгэх захирлын “40/Б-66” тоот “Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалаар 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлөгдсөн. Дээр дурдсан үйл явц нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудад нийцсэн хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа болно.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
1/ Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...хэрэв ‘М’ ХК нь миний зүгээс жинхлэхгүйгээр, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох хүсэлтээ илэрхийлэхэд минь дуусгавар болгосон бол ‘Баянгол зочид буудал’ ХК-иас тавьсан ажлын саналыг хүлээн авч, би дунджаар өмнөх цалин хөлс болох 1,800,000 төгрөгийн цалинг сар бүр авч тогтмол ажил орлоготой байх байсан” гэж дурдсан байсан бол шүүх хуралдаанд “...захирал Сайнбилэг хамтран ажиллах гэрээний санал тавьсныг би хүлээн авсан, ...гэрээний дагуу ажиллахад зайлшгүй олох байсан орлого” гэсэн агуулгаар давхар үндэслэлээ тайлбарлаж байна. Гэтэл хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид “Баянгол зочид буудал” ХК-иас ажлын санал тавьсан нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ тайлбарыг нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүй байна.
2/ “...захирал Сайнбилэг санал тавьсан” гэх тайлбараа нэхэмжлэгч нотлохоор хэрэгт сиди бичлэг өгсөн. Уг бичлэгт шүүхээс үзлэг хийж баталгаажуулсан. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно” гэж заасан. Нэхэмжлэгч уг бичлэгийг зөвшөөрөлгүйгээр хийсэн талаараа маргаагүй. Ийм учир уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч энэ талаарх тайлбараа нотлоогүй.
3/ Нэхэмжлэгч нь ирээдүйд заавал “Баянгол зочид буудал” ХК-д ажиллах байсан, мөн захирал Сайнбилэгтэй тохирсон ёсоор ажиллаа гэж үзэхэд уг гэрээ нь 4 сар үргэлжлэх байсан, гэрээний хөлсөө баталгаатай авах байсан, ажлаа үнэхээр сайн хийх байсан гэх мэт бүрхэг, тодорхойгүй зүйлс их байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 6/, “Таван богд М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 40/Б-258 тоот “туршилтын хугацаагаар ажилд авах тухай тушаалын хуулбар /хх 7/, “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 40/Б-66 тоот “Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын хуулбар /хх 8/, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ХГ2022/40/121 тоот “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” хх 9-12/, тойрох хуудасны хуулбар /хх 13/, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 26/19000 тоот албан бичгийн хуулбар /хх 14/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2023/09607 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж /хх 15-18/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол /хх 19-20/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШТ2023/00352 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл /хх 21/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШТ2023/00352 дугаар тогтоол /хх 22/, нэмэлт тайлбар /хх 31-34/, “Баянгол зочид буудал” ХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 088 тоот албан бичиг /хх 45/, фэйсбүүк мессенжер чатны зураг /хх 58/, хуулийн этгээдийн мэдээлэл /хх 59-61/, ажилгүйдлийн тэтгэмж олгох хуваарь /хх 73/, 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Цахим зээлийн гэрээ”-ний хуулбар /хх 74-77/, цахим зурвасын зураг /хх 78-79/
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 26/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 27, 36, 46/, хариу тайлбар /хх 37/,
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: үзлэгийн тэмдэглэл /хх 62-70/.
6. Хариуцагчийн хүсэлтээр дараах нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Нгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх 55-56/, Баянзүрх дүүргийн Нийгмийн хөдөлмөр, нийгмийн халамжийн хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авсан эсэх талаарх лавлагаа /хх 71/, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмж авсан эсэх талаарх лавлагаа /хх 87-95, 97-105/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Таван богд м” ХХК-ийн гүйцэтгэх захирал 40/Б-258 дугаар “Туршилтийн хугацаагаар ажилд авах тухай” тушаал гаргаж Нныг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаагаар Хүний нөөц, захиргааны албаны Хуулийн зөвлөхийн ажлын байранд ажиллуулахаар болсон ба талууд мөн өдрөө ХГ2022-40/121 тоот “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ” байгуулсан.
2. “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ”-г гэрээний талууд 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нэг удаа сунгасан, энэ талаар зохигчид маргаангүй байна.
3. 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “М” ХК-иас 40/Б-66 тоот “Туршилтын хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалыг гаргасан. Уг тушаалаар “...Хүний нөөц, захиргааны албаны Хуулийн зөвлөх ажилтай Ннтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусаж цаашид сунгагдахгүй болсон” үндэслэлээр гэрээг дуусгавар болгон түүнийг ажлаас чөлөөлжээ.
Хоёр.
1. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Н нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулж 7,200,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
2. Нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэлдээ “... хариуцагч нь жинхлэхгүйгээр хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох хүсэлтээ илэрхийлэхэд минь дуусгавар болгосон бол ‘Баянгол зочид буудал’ ХК-иас тавьсан ажлын саналыг хүлээн авч би дунджаар өмнөх цалин хөлс болох 1,800,000 төгрөгийн цалинг сар бүр авч тогтмол орлоготой байх байсан” гэж бичсэн бол шүүх хуралдаанд “...хэрэв би хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажилласан бол 4 сарын хугацаанд 7,200,000 төгрөгийн орлого олох байсан. Тодруулбал, 4 сарын хугацаанд гэрээний харилцаа үргэлжлэх байсан. Уг мөнгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байна” гэсэн агуулгаар тайлбарлав.
3. Дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа хариуцагч талаас “...нэхэмжлэгчид ‘Баянгол зочид буудал’ ХК-иас ажлын санал тавьсан болох нь, мөн Сайнбилэг захирал нэхэмжлэгчтэй хамтран ажиллах, гэрээ байгуулах санал тавьсан нь нотлогдоогүй, ...нэхэмжлэгч нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан, ...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах байсан, улмаар нэхэмжлэгч ирээдүйд гэрээний дагуу ажиллах, гэрээний хөлсөө баталгаатай авах байсан эсэх нь тодорхойгүй” гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч болон хариуцагч нар талуудын хооронд үүргийн харилцаа үүссэн эсэх, нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх талаар маргаантай байна.
Гурав.
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан “...‘М’ ХК болон Н бидний дунд Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.2 дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд үүрэг үүссэн болохыг тогтоолгох” гэх хэсэг нь хариуцагчаас 7,200,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэл байх тул тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй.
2. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаас гадна мөн хуулийн 187 дугаар зүйлийн 187.2-т заасан үндэслэлээр үүрэг үүсч болно. Гэрээ байгуулах бэлтгэл үе нь талууд байгуулах гэрээний нөхцөлийн талаар харилцан ярилцах, хэлэлцээр хийсэн цагаас эхлэнэ. Энэ тохиолдолд үүсэх үүргийн харилцааны үүрэг үүсэх үндэслэл нь тухайн гэрээ байгуулагдах боломжтой байснаар илэрнэ.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хамтран ажиллах, эсхүл хөлсөөр ажиллах гэрээний харилцаа баталгаатай байгуулагдах байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нь хариуцагч компанитай нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамтран ажиллах, хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллах, нэхэмжлэгч нь хариуцагч компанийн хүссэн үр дүнг бий болгон ажиллах байсан гэж шууд таамаглан дүгнэх боломжгүй.
4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд хэргийн оролцогч нь гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримтыг гаргуулан хэрэгт хавсаргах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдлэнэ.
5. Нэхэмжлэгчид “Баянгол зочид буудал” ХК-иас ажлын санал тавьсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдоогүй, энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй болно.
Дөрөв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч “М” ХК-иас 7,200,000 төгрөг гаргуулах тухай Нны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ