Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 138/ШШ2023/00728

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-32б тоотод оршин суух, ЖЬ82042497 регистрийн дугаартай, Хатгин овогт Төмөргарьдын Жамбалсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 12-31 тоотод оршин суух, ЖЬ77051060 регистрийн дугаартай, Хатагин овогт Төмөргарьдын Эрдэнэцэндэд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Жамбалсүрэн

Хариуцагч Т.Эрдэнэцэнд

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд

Гэрч У.Зоригтбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Т.Жамбалсүрэн нь хариуцагч Т.Эрдэнэцэндэд холбогдуулан Газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2013 онд Дорнод аймгийн Засаг даргын А/290 дугаартай захирамжийн дагуу Хэрлэн сумын 4-р багийн Зангиатын 13-32б тоот 399 м2 талбайтай газрыг хүү Жамбалсүрэнгийн Мөнх-Оргилын нэр дээр өмчлөх эрхтэй гаргуулсан. Тухайн үед коэрдинатыг тодорхойлуулж зохих журмын дагуу баримтаа бүрдүүлсэн ба уг газар дээр манайх 1997 оноос хойш амьдарч байгаа. Манай эгч Т.Эрдэнэцэнд 2012 онд нөхөртэй муудалцаж хөөгдөж 2 хүүхдээ дагуулж ирэхэд миний аав байсан учир эд нарыг хаашаа яв гэхэв дээ гээд хэдэн сарын дараа хашааныхаа баруун урд талд орон сав барьж өгье гэж ярилцаад блокоор байшингийн торх босгосон. Эгч нөхөртэйгээ Улаанбаатар хотод Цайзад хашаа байшинтай байгаад салаад ирсэн нь тэр юм. Ингээд 2-3 сарын дараа нөхөр Зоригтбаатар нь араас нь ирээд эвлэрээд байсан учир байшин саваа гүйцээж барьсан. Улаанбаатарын байшин сав нь одоо ч байгаа. Манай хашааны мухарт байшин барьсан болохоор урд талыг таслаад 2013 онд хашаа барьж манай хаалгыг хааж, бас хашааны баруун талд манай эгч Эрдэнэчимэгийн хашаагаар дамжин гардаг болоод байна. Хашаа барьж байх үед нь эсэргүүцсэн боловч хэрүүл хийсээр байгаад л барьсан. Тэгээд одоо урд талын 12-р эгнээнд газар авчихаад тэндээ байгаа. Би хашаа хороогоо янзалж, шинээр бүртгэлээ хийлгэсэн. Газрын маргааны талаар ГХХБГазарт хандахад шинээр кадастр хийлгээд ир гэсэн учир захирамж, өмнөх кадастрын зургаа гаргаж өгсөн. Очир эрдэнийн тал ХХК кадастрын зураглал хийдэг байгууллагаар 2022 оны 5 сарын 30-ны үед хэмжилт хийлгэхэд манай газраас өргөөшөө 6,40 м орчим, уртаашаа 18-20 м газар Эрдэнэцэндийнх эзэмшчихээд байна.

Иймд Т.Эрдэнэцэндын хууль бус эзэмшлээс уг газрыг чөлөөлүүлж, хашааг нь буулгуулах хүсэлтэй байна. Уг хашаанд эдний байшин нь байгаа, уг байшинг нь чөлөөлүүлж газраа авмаар байна. Учир нь би өөрийн хашаагаа барихаар буулгаж хаяад, зодоон цохион болж эрх чөлөөнд минь халдаад байгаа учир газраа чөлөөлүүлж авах хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагч Т.Эрдэнэцэнд, У.Зоригтбаатар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Жамбалсүрэн бид хоёр нэг эцэг, эхийн хүүхдүүд юм. Энэ оны 5-р сараас эхлэн ээж, аавынхаа амьдарч байсан газарт өөр өөрийн гэсэн байшин бариад амьдарч байгаа би дүүдээ хөөгдөн дарамтлуулж маш хэцүү байна. Бид хоёрын ээж, аав 1994 онд салаад дүү Жамбалсүрэн бид 2 аавтайгаа хамт үлдсэн. Хэн хэндээ хамгийн дотно сайн байх 2 хүүхдүүд юм. ...Би 2012 онд нөхөртэйгээ муудалцаад хэцүү байхад дүү Жамбалсүрэн минь намайг машинтайгаа очиж Улаанбаатараас авчирч байсан. Ингээд аав намайг 2 хүүхдийн хамт зуны амбаарт хэдэн сар амьдарч байхад миний 2 хүүхдүүд энэ хашаагаа хуваагаад амьдар эгч нь ядарч явна өөрийн гэсэн орон гэртэй болгох хэрэгтэй гэсний дагуу 2012 онд Хэрлэн сумын 4-р баг 13-р эгнээний 32 б тоот газарт манайх баруун урд өнцөгт 6х8 м-ийн хэмжээний өвөл зуны байшин бариад одоог хүртэл амьдарч байна. Аав маань 2017 онд нас барсан. Намайг өөрийн гэсэн орон гэртэй болохоор болохоор хашаан дотроо байшин барихад аав, дүү Жамбалсүрэн нар бүгд дэмжсэн, зөвшөөрсөн. Бид байшингаа барихаас гадна байшингийнхаа захаар л шууд хашаа барьсан. Ингэж тусгаарлаад манайх 207 мкв газарт амьдардаг. Манай хүү Ц.Ойдовжавынх Хэрлэн сумын 7-р баг Зангиатын 12-33б тоотод 399 мкв газар 2017 онд эзэмшлээр авсан юм. Гэтэл энэ газартай болсон цагаас хойш аав маань ч нас барсан тэгээд манайхыг хөөгөөд эхэлсэн. Энэ онд энэ асуудал улам дэвэрч манай хашааг нураах, манай нөхрийг зодох, өдөр тутам биднийг дарамтлах зэргээр хоорондын харилцаа хэцүү байна. ...Аргаа ядаад би дүү Эрдэнэбилэгтээ байшингаа худалдсан боловч Жамбалсүрэн мөн бидний хооронд будлиан гаргуулж дүүд худалдсан байшингийн худалдах худалдан авах гэрээг хүчингүй болгуулсан. Би газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулахаар 2013 оноос хөөцөлдөж бичиг баримтаа Хэрлэн сумын газрын даамал Болормаад өгсөн байсан. Тэр үед бидний хашаа байшин тус тусдаа кадастр зурагдсан байсан. Гэтэл дүү маань энэ кадастрын дагуу газар өмчлөх гэрчилгээ гаргуулаагүй байдлыг далимдуулан газрын мэдээллийн санд хүүгийнхээ нэрээр бүртгүүлсэн байна. Гэхдээ 399 мкв хэмжээгээрээ хүү Мөнх-Оргилын нэрээр газар өмчлөх гэрчилгээ авсан. Яг одоо маргаад байгаа 207 мкв газар нь хэн нэгэн этгээдийн нэр дээр өмчлөл, эзэмшил ашиглалтад бүртгүүлээгүй. Нэг ёсондоо улсын өмчийн газар байгаа. Харин би Жамбалсүрэн болон аавынхаа зөвшөөрлөөр уг газарт байшин барих зөвшөөрөл авсны дагуу байшингаа барьсан тул цаашид уг газрыг өөрийн нэр дээр өмчлөлөөр авах хүсэлтээ төрд илэрхийлсэн байгаа учраас Жамбалсүрэнгийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Нэхэмжлэгч Жамбалсүрэн нь тус шүүхэд өөрийн хүү Мөнх-Оргилыг төлөөлж Эрдэнэцэндэд холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Анх хариуцагчаар Эрдэнэцэнд, Зоригтбаатар гэсэн хоёр хүнийг тодорхойлсон байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн хүсэлтээр Зоригтбаатарыг хариуцагчаас хасуулсан байсан. Өнөөдөр Зоригтбаатарыг гэрчээр оролцуулж асуулаа. Маргаан бүхий газар дээр Эрдэнэцэнд, Зоригтбаатар нарын дундын өмч байна гэж үзэж байна. Тэгэхээр хариуцагч нь дан ганц Эрдэнэцэнд биш. Зоригтбаатар, Эрдэнэцэнд нар гэр бүл болоод 30 гаруй жил болж байна. Хариуцагчийг гүйцэд тодорхойлоогүй гэж үзэж байна. Зоригтбаатар гэдэг хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх шийдвэр гарах магадлал бий болж байна. Хэрвээ Зоригтбаатарыг хариуцагч биш гэж үзвэл эд хөрөнгөтэй нь холбогдуулаад гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлага байсан. Нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр энэ ажиллагааг хийдэг учир хариуцагч энэ асуудлыг хөндөх шаардлагагүй байсан гэж үзэж байна. Энэ хүмүүсийн аав нь 2012 онд энэхүү маргаан бүхий газрыг 3 хүүхдэдээ хуваан өмчлүүлж, эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ нь гэр бүлийн хүрээнд байж болох асуудал. Харин төрөөр шийдвэр гаргуулах асуудал нь хууль ёсны байх ёстой. 2012 онд газар дээр байшин барих зөвшөөрөл өгөөд, 2013 онд Засаг даргын захирамжаар Мөнх-Оргилын нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Ингэхдээ зөвшөөрөл өгөөд байшин бариулсан хүнийхээ эрхийг зөрчсөн. Иргэний хуулийн 150 дугаар зүйлд зааснаар бусдын газар дээр барилга байгууламж барих эрх нь 99 жилийн хугацаатай. Газраа чөлөөлүүлье гэж байгаа бол бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа бол яах вэ гэдгийг шийдэх байсан. Би сөрөг нэхэмжлэл гаргасан боловч улсын тэмдэгтийн хураамжтай холбогдуулаад шүүхээс хүлээж аваагүй байна лээ. Бодит амьдрал дээр Эрдэнэцэндийнх амьжиргааны доод түвшинд хамаардаг. Үүнийг нь багийн Засаг дарга тодорхойлолт гаргаж нотолсон. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх нөхцөл байдал байхад шүүх хүлээж аваагүй. Үүнд гомдол гаргах эрхгүй байсан. Энэ шийдвэртэй 07 сарын 07-нд танилцсан. Барилга байгууламжийн нөхөн олговрын асуудлыг яах вэ гэдгийг жич авч үзнэ. Шинжээчийн дүгнэлтээр Мөнх-Оргилын газар дээр Эрдэнэцэндийн байшин болон хашаа давхцаж байна гэж гарсан. Хэдийгээр Мөнх-Оргилын газар байсан боловч 2013 онд энэ 399м2 хэмжээгээр, Эрдэнэцэнд мөн одоо байгаа хэмжээгээрээ авахаар болсон байсан юм байна. Ингээд бичиг баримтаа өгөөд хөөцөлдөөд явж байтал Жамбалсүрэн 2022 онд кадастарын зургаа зуруулахдаа хэмжээ нь огт өөрчлөгдөөгүй боловч байршил нь өөрчлөгдөөд гараад ирчихсэн байна. Ингэснээр Эрдэнэцэндийн газартай давхцаад байна гэсэн маргаан гараад байгаа юм. Энэ зургийн талаар би “Очир эрдэнийн тал” ХХК-ийн мэргэжилтэн Долгормаагаас тодруулах байсан. Долгормаа газар дээр нь хэмжилт хийж шийдсэн учир таны энэ кадастарын зургийг зурах болсон эх сурвалж нь юу байсан юм бэ, та ямар баримт нотолгоонд үндэслэж зурсан юм бэ гэдгийг тодруулах гэж байсан. Хэмжээ өөрчлөгдөөгүй мөртлөө яагаад байршил нь өөрчлөгдсөн юм бэ. Хэний хүсэл зоригоор ингэж хийгдсэн юм бэ. Засаг даргын А/290 дугаар захирамжаар 399м2 газрын кадастар нь байгаагүй юм. Зөвхөн газар эзэмших эрхийг нь захирамжлаад өгчихсөн байдаг. Шинжээчийн дүгнэлтээр өнөөдөр яагаад энэ хүмүүсийн газар давхцаад байгаа вэ гэхээр энэ кадастарыг хийсэн “Очир эрдэнийн тал” ХХК-ийн мэргэжилтэн Долгормаа нь Геодези, зураг зүйн газрын мэдээллийн санд яг энэ зургаа оруулаад баталгаажуулчихсан юм. Энэ баталгаажуулчихсан зургаар нь шинжээч дүгнэлтээ гаргасан. Тиймээс бид шинжээчийг буруу дүгнэлт гаргасан гэж маргаагүй юм. “Очир эрдэнийн тал” ХХК нь дээрх газрын кадастарын зургийг зурахдаа ямар эх сурвалжид үндэслэж Эрдэнэцэндийн амьдарч байгаа хашаа байшинг оруулж зурсан юм бэ гэдгийг л тодруулах гэж байсан. Дахин дахин шүүх хуралдааныг хойшлуулаад яах вэ гэдэг үүднээс гэрчийг асуухаасаа татгалзсан. Гэхдээ маргааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар тухайн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн боломж байгаа. Хэрвээ шүүх хүлээж авбал миний хувьд дээрх асуудлыг тодруулъя гэсэн байр суурьтай байна. Жамбалсүрэнгийн Мөнх-Оргил гэдэг хүний нэр дээр 2013 оны 10 сарын 22-ны өдөр А/290 тоот захирамжаар газар эзэмших эрх бий болсон. Жамбалсүрэн “миний газар дээр энэ хүн байшин барьсан байна. Тухайн үед би зөвшөөрөөд бариулсан” гэж хэлж байна. Хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулж өгсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т бусдын газар дээр барилга байгууламж барих эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар зохицуулж өгсөн. Тиймээс Жамбалсүрэнгийн хувьд өөрийнх нь шаардах эрхийг хэзээ хөндсөн бэ гэдэг зүйлийг ярих ёстой. Түүний шаардах эрх нь 2013 оноос эхэлсэн. Анхны кадастарын зураг одоогийн зурагтай яг адилхан гэж хэлж байгаа бол энэ хүний шаардах эрх нь 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс үүссэн байна. Гэтэл энэ хүн 9 жилийн дараа буюу 2022 оны 07 сард өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааг зохицуулсан. Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна. Өөрөөр заасан хугацаа юу байсан гэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байхаар зааж өгсөн байна. Газар, түүнтэй салшгүй холбоотой байшин нь үл хөдлөх эд хөрөнгө мөн. Тиймээс Мөнх-Оргил өөрийн шаардах эрхийг мэдсэн цаг хугацаанаас хэтрүүлж нэхэмжлэл гаргасан учир шүүх хэдийгээр нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шийдвэрээ гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж миний хувьд дүгнэж байна. Танд шаардах эрх байгаа боловч энэ эрхээ хуульд заасны дагуу хэрэгжүүлэх ёстой гэдэг дээр шүүхийг эрх зүйн дүгнэлт гаргаасай гэж хүсэж байна. Тиймээс Мөнх-Оргилын төлөөнөөс шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа Жамбалсүрэнгийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Одоогийн байгаа нөхцөл байдалтайгаар өмнө нь амьдраад болж л байсан. Цаашид хэтрүүлээд авсан байгаа хэмжээгээрээ төрөөс шийдвэр гаргуулж авах боломж хэн хэнд нь байгаа гэдгийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хэлж байсан. Жамбалсүрэн сая “миний эрхийг 2013 оноос зөрчсөн гэдгийг мэдэж байсан. Ах дүү учир энэ талаар дуугараагүй” гэж хэлж байна. Хэдийгээр ах, дүү боловч бүгд л хуулийн доор амьдарч байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Жамбалсүрэн нь хариуцагч Т.Эрдэнэцэндэд холбогдуулан Ж.Мөнхоргилын өмчлөлийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13 гудамжны 32б тоот газрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Т.Эрдэнэцэнд нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэнд газар өмчлүүлэх тухай Засаг даргын захирамж зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хатгин овгийн Жамбалсүрэнгийн Мөнх-Оргил нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиат 13 гудамжны 32б тоот хаягт байршилтай, 2106016470 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 399 м2 газрын хууль ёсны өмчлөгч болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

5. Ж.Мөнх-Оргил 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, түүний эцэг нэхэмжлэгч Т.Жамбалсүрэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний болон нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “7-гоос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна” гэж заасан ба Ж.Мөнх-Оргил нь одоо 11 настай буюу иргэний эрх зүйн зарим чадамжтай иргэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3“Иргэний эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай, …хүнийг Иргэний хуульд заасан төлөөлөгч нь бүрэн төлөөлнө”, 33.1-д “Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ” гэж тус тус зааснаар Ж.Мөнх-Оргилын эцэг Т.Жамбалсүрэн нь түүнийг бүрэн төлөөлөх эрхтэй болно.

6. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг хашааны хамт албадан чөлөөлүүлэхийг хариуцагчаас шаардсан байх бөгөөд тэрээр дангаараа шаардах эрхтэй эсэх, түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгө нь хууль бус эзэмшил эсэх нь маргааны зүйл болжээ.

7. Нэхэмжлэгч нь газар өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхээр нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон байна. 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж өмчлөгчийн өөрийн эд юмсыг эзэмшилдээ байлгах эрхийг хамгаалсан шаардах эрхийг хуульчилжээ.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасан шаардах эрхийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохын тулд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшиж буй нь тус тус тогтоогдсон байх учиртай.

8. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заажээ. Хариуцагч Т.Эрдэнэцэндын эзэмшил нь зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн тохиолдолд хууль ёсны эзэмшигч гэж үзэх бөгөөд энэ нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба түүнчлэн өмчлөгчөөс олгосон эрхийн дагуу газрыг эзэмшиж байгаа эсэхийг баримтаар нотлоогүй.

Өөрийн хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах нь өмчлөгчийн туйлын эрх байдаг тул түүний хүсэл зоригоос гадуур эд хөрөнгийг нь эзэмшиж байгаа этгээдийн эзэмшил хууль бус байна.

Иймд нэхэмжлэгч нь шаардаж буй газрын өмчлөгч мөн болох нь, уг газар нь бусдын хууль бус эзэмшилд байгаа болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул тэрээр газрыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус хуульчилсан.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн төлөөлүүлэгчийн өмчлөлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч Т.Эрдэнэцэндийн эзэмшиж байгаа газрыг түүний эзэмшлээс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Жамбалсүрэнгийн төлөөлүүлэгч Т.Мөнх-Оргилын өмчлөлийн Дорнод аймаг Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 13-32б тоотод байрлах, 2106016470 нэгж талбарын дугаартай газрыг хариуцагч Д.Эрдэнэцэндийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Жамбалсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэцэндээс улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Жамбалсүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн хугацаанд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.  

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.ОТГОНСҮРЭН