Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2023/0747

 

2023 10 10 128/ШШ2023/0747

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Ц.Доржийн нэхэмжлэлтэй, Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ц.Дорж нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/190 дугаар тушаалаар ажлаасаа үндэслэлгүй халагдсан тухай тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо миний бие Чандмань Баянхонгор ХК-д ажиллаж байгаа тул Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Дорж нь Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогчийн ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасан.

Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж баримтад гарын үсэг байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Доржийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Ц.Доржийн Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогчийн ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх-ийг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ц.Дорж бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН