Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 1848

 

 

 

 

 

 

 

 

 

Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01776 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М ” ХХК, Ж.Д нарт холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 342 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Л.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь хариуцагч        “М ” ХХК болон Ж.Д нартай 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 18 342 500 төгрөгийн үнэ бүхий 12 650 литр дизель түлш нийлүүлсэн. Гэрээ байгуулагдсан өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон хариуцагч нь уг төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй тул талууд 2017, 2018 онуудад 13 342 500 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхөөр тооцоо нийлсэн ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийг төлөөгүй. Гэрээгээр тохиролцсон төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож алданги нэхэмжилж байна. Алдангийн тухайд 1 хоногийн 13 342 ба 500 хоногийн алданги нийт 6 671 250 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-иас 20 013 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш ХХК-д олгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Дашдэмбэрэлд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн     258 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “М ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 258 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д, Би “М” ХХК нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. Ганбат би Хан-Уул дүүргийн иргэний хзргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01776 дугаартай шийдвэрийг шүүхээс 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шууданд хийснийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гардан бүхэлд нь эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үүнд, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Түүнчлэн хариуцагч Ж.Д-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, мөн хариуцагч “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүсэлт ирүүлсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй тул хариуцагч нарыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно" гэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим болон зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх, 77 дугаар зүйлд зохигч болон хэргийн оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх журмыг хуульчилсан. Гэтэл хариуцагч Ж. Д, “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг хуульд заасан журмаар болон бусад байдлаар мэдэгдээгүй бөгөөд хэргийн материалд ч мэдэгдсэн талаар баримт байдаггүй. Хариуцагч “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт байдаггүй бөгөөд түүний 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт өөрийнх хүсэлт мөн эсэх нь эргэлзээтэй гарын үсэг нь хэрэгт авагдсан баримтуудад зурсан гарын үсэгнээс зөрөөтэй, Т.Б нь шүүх хурал болж шүүхийн шийдвэр гарсан талаар компанийн удирдлагуудад ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй байдаг. Хариуцагч Ж.Д “М ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд учир шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бол шүүх хуралдаанд биечлэн оролцож маргаан бүхий асуудлаар тайлбар, татгалзал, нотлох баримтаа гарган өгч мэтгэлцэх боломжтой байсан. Гэтэл шүүх хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдэж мэтгэлцэх зарчим зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж ажиллаагүйд гомдолтой байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01776 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчжээ.

 

            Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч “М ” ХХК болон Ж.Д нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэг 20 013 750 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлэх журмыг тогтоон, шаардлагатай тохиолдолд утас болон бусад хэлбэрээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байхаар зохицуулжээ.

Гэтэл шүүгчийн туслах 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэлдээ “...2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч Ж.Д-ийн 000000 дугаарын утсанд залгахад утас нь холбогдох боломжгүй, хаягаар нь мэдэгдэх хуудас хүргүүлсэн болно. Хариуцагч “М ” ХХк-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ын 000000 дугаарын утсанд залгахад “За ойлголоо” гэв” гэжээ. /хэргийн 28 дугаар тал/

Хариуцагч Ж.Д-д хурлын товыг хаягаар нь хүргүүлсэн мэдэгдэл хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх хуульд заасан журмын дагуу шүүх хурлын мэдэгдсэн гэж үзэхгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ.

 

            Түүнчлэн, анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамжаар уг хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлож, тухайн өдөр нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх боловч шүүх хуралдаан хойшилсон тэмдэглэл, шүүх хуралдаан хойшлуулах тухай шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байна. Улмаар шүүхээс 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9 цаг 40 минутад тус хэргийн шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэжээ. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлийг тамга дарж баталгаажуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасныг зөрчжээ. Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг 18 342 500 төгрөг гэж буруу бичсэн алдаа гаргажээ./хэргийн 30-34 дугаар тал/

Иймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримт болон хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01776 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

 

                                                С.ЭНХТӨР