| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2015/6111/И |
| Дугаар | 001/ХТ2016/00815 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2016/00815
Э.Сансарсайханы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01780 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 752 дугаар магадлалтай,
Э.Сансарсайханы нэхэмжлэлтэй
“Сонгинохангай” ХХК-д холбогдох
Агаар солилцуулах төхөөрөмжийг 145 дугаар байрны дэргэдээс холдуулах, хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 14 дугаар байрны 2 давхарт эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай байрны цонхны харалдаа зүүн талд байрладаг “Сонгинохангай” ХХК-ийн “Миний Хайпермаркет” дэлгүүр нь 2013 оны 05 дугаар сард манай байрны хананаас 2 метр зайд агаар солилцуулах төхөөрөмж байрлуулснаар өнөөг хүртэл бид 24 цагийн туршид маш чанга дуу чимээтэй орчинд эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирч амьдарсаар өдийг хүрсэн. Бид дуу чимээ их байгаа талаарх шаардлага тавьсан ч хүлээн аваагүй тул мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж дүгнэлт гаргуулахад уг төхөөрөмжөөс гарч буй дууны хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс их байна гэсэн дүгнэлт гарч, уг төхөөрөмжийг орон сууцны бүсээс гаргах, эсхүл дуу чимээ тусгаарлалт хийхийг дэлгүүрийн даргад даалгасан ч арга хэмжээ аваагүй. Би аргагүйн эрхэнд хавар нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хандахад хариуцагчийг торгох үед тус компанийн захирал ирж уулзаад, зардал мөнгө их шаардагдах тул 1 жилийн хугацаа өгөөч гэж гуйсны дагуу 207 тоот эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дуустал буюу 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хүлээсэн ч уг төхөөрөмжөө холдуулаагүйн улмаас 2013 оны 05 дугаар сард дутуу төрж, тархиндаа цус харваж, эмнэлгийн хяналтанд байдаг отгон охин С.Сэрчмаагийн өвчин улам даамжирч, тархины баруун ховдол нь томорсоор байна. Уг төхөөрөмжийн дуу чимээнээс болж цонхоо онгойлгоход хүртэл хэцүү байдаг бөгөөд охины маань тархины ховдол 1,7 байсан нь 2,4 см болтлоо өргөсч, удахгүй усжих аюул тулгараад байгаа нь төхөөрөмжийн дуу чимээнээс болж байгааг эмч нарын гаргасан дүгнэлт давхар нотолж байна. Миний охины тархины ховдлыг эмчлэх хагалгааг манай улсад хийх боломжгүй, эрсдэл ихтэй гэсэн тул эхнэр бид 2 бусад улсыг судалсан ч хамгийн хямд нь Тайланд улсын төлөөлөгчийн газарт хандаж, хүүхдийнхээ эрүүл мэндийн талаарх бүх бичиг баримтыг явуулж судлуулахад 24 782 - 27 414 ам.долларын төлбөр гарна гэсэн. Гэхдээ энэ төлбөрт хүүхдийн цөстэй холбоотой эмчилгээний зардал 9 450 ам.доллар орсон тул бид хариуцагчаас гаргуулах төлбөрөөс хасаж тооцсон. Охинтой холбоотой зардал нь 17 964 ам.доллар гарч байгаа ч Тайланд улс руу охин маань ганцаараа явахгүй нь ойлгомжтой, түүний зэрэгцээ эмчилгээ ямар хугацаанд явагдах нь тодорхойгүй тул би эсхүл эхнэрийн аль нэг нь хүүхдээ авч явах, тэнд байрлах зардлыг тодорхой хэлэх боломжгүй үүднээсээ эдгээрийг багцалж, нийт 50 000 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Иймд Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Номноо хотхотны 145 дугаар байрны дэргэдээс агаар солилцуулах төхөөрөмжийг холдуулж, гэм хорын хохиролд 50 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээг байгуулж, хөргүүрийн сэнсний дуу чимээг арилгах, энэ талаарх гомдлыг нэхэмжлэгч гаргахгүй, гэрээний дагуу 13 сарын хугацаанд сар бүр 600 000 төгрөг төлөхөөр тохирсон. Бид сэнсний дуу чимээг арилгах талаар арга хэмжээ авсан. 10 сэнс байрлуулснаас 8 сэнс ажиллаж байгаа. Сэнс нь дэлгүүрийн хөргөгчинд хадгалагдаж байгаа хүнсийг муутгахгүй хадгалахад чухал ач холбогдолтой. Сэнсийг зайлуулахад 200 000 000 төгрөг шаардлагатай гэсэн тул бид дуу чимээг багасгахаар мэргэжилтнүүдтэй холбогдсон ч дуу намдаах аргагүй, дуу чимээ багатай өөр сэнсээр солих шаардлагатай гэсэн. Бид энэхүү сэнсээ 2015 оны 11 дүгээр сарын 25-ны дотор ажиллаж байсан 8 сэнсээ холдуулсан. Ажиллахгүй байгаа 2 сэнсээ 2016 оны 02 дугаар сарын эхээр холдуулсан. Одоо байгууламж нь үлдсэн ч нэг ч сэнс тэр газраа байхгүй, тиймээс нэхэмжлэлийн 1 шаардлага хангагдсан. Бид эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж сэнсийг зайлуулсан. Нэхэмжлэгчийн охин төрөхдөө эрүүл мэнд муу байсан нь эмнэлгийн баримтаар тогтоогддог. Сэнснээс болж гэм хор учирсан гэдгийг зөвшөөрөхгүй, ямар баримтад үндэслэн 50 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01780 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан агаар солилцуулах төхөөрөмжийг Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Номноо хотхоны 145 дугаар байрны дэргэдээс холдуулахыг “Сонгинохангай” ХХК-д даалгаж, “Сонгинохангай” ХХК-аас гэм хорын хохиролд 41 409 175,8 төгрөг гаргуулж Э.Сансарсайханд олгож, Э.Сансарсайханы нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 590 824,2 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 364 996 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 752 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01780 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Сонгинохангай” ХХК-ийн төлсөн 435 196 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын хянавал хэсэгт “Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан шаардлагын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.” гэж үзээд шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд буцаах шийдвэр гаргасан. Уг нотлох баримт нь Тайландын Бумрунград олон улсын эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар “Ти Эм Би” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12/2 тоот албан бичиг юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч нь уг баримттай маргаж үгүйсгээгүй, учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч тал энэхүү баримтыг баримтаар үгүйсгээгүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.” гэж үнэлж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх дур мэдэн хариуцагчийн маргаагүй нотлох баримтыг шалгуулахаар буцаасан нь хэтэрхий нэг талыг барьсан ба шийдвэртэй бүрэн танилцаагүй гаргасан магадлал төдийгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг үндэслэл болгон шийдвэрийг хүчингүй болгосон нь хууль бус болсон. Давж заалдах шатны шүүх “Сонгинохангай” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж миний охины эрүүл мэнд хохирсон нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсоор байхад дахин хэлэлцүүлэхээр буцааж, хугацаа алдаж, эмчилгээ авах боломжийг багасгаж байгаад гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн нь өөрөө энэ хуулийг буюу 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасныг зөрчсөн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Анхан шатны шатны шүүх гэм хор учруулснаас үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Э.Сансарсайхан хариуцагч “Сонгинохангай” ХХК-аас насанд хүрээгүй хүүхдийн эрүүл мэндэд учирсан хохирол 50 000 000 төгрөг гаргуулах, агаар солилцуулах төхөөрөмжийг байрны дэргэдээс нүүлгэх 2 шаардлага гаргасныг хариуцагч татгалзаж, маргажээ.
“Сонгинохангай” ХХК нь хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгчийн оршин суудаг байрны гадна агаар солилцуулах төхөөрөмжийг байрлуулсан, уг төхөөрөмжийн дууны түвшин М 12.1.009:85 стандартад заасан шуугианы түвшингээс 1,3-1,8 дахин их, дуу чимээ нь оршин суугчдын амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлсөн болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28-03-205/914 тоот дүгнэлт, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон, их дуу чимээ нь нэхэмжлэгчийн бага насны охин С.Сэрчмаагийн тархины хажуу ховдол өргөсөж өвчин хүндрэхэд нөлөөлсөн болох нь Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1149 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон л тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.
Орон сууцны бүсэд дуу чимээ ихтэй төхөөрөмж суурилуулсан нь буруу болохоос гадна уг төхөөрөмжийн дуу чимээ орчны оршин суугчдад сөрөг нөлөө үзүүлж байгаа нь 2013 оны 10 дугаар сард мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тодорхой болсон байхад хариуцагч төхөөрөмжийг орон сууцны бүсээс гаргах, дуу чимээний тусгаарлалт хийгээгүйгээс гадны цочролд мэдрэг өвчтэй хүүхдийн өвчин сэдэрч, тархины усжих эмгэг хүндэрсэн нь баримтаар тогтоогджээ.
Хохирлыг арилгах ёстой этгээдийн гэм буруу тогтоогдсон тул нэхэмжлэгч хүүхдийнхээ эрүүл мэндийн хохирлыг шаардах эрхтэй бөгөөд хохирлын хэмжээг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоож гаргуулах боломжтой байна. Хариуцагч нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлөх учир түүний гэм бурууд хамаарахгүй эрүүл мэндийн зардлыг хариуцахгүй юм.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн Тайланд улсын Бумрунград эмнэлэгт хүүхдийг эмчлүүлэх зардлын баримтыг хариуцагч өөр баримтаар үгүйсгээгүй тул өвчний мэс заслын 12.334 ам.долларын тал хувь, эмнэлгийн ор хоногийн зардал 2 400 ам.долларын тал хувь, шинжилгээний зардлын тал хувь 1 857 ам.доллар нийт 9 224 ам.доллар буюу 18 756 542 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э.Сансарсайханы хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 752 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01780 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...41 409 175...” гэснийг “...18 756 542...” гэж, “...8 590 824...” гэснийг “...31 243 458 ...” гэж, 2 дахь заалтад “ ..364 996...” гэснийг “...251 732...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Э.Сансарсайханаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 364 996 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА