2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1406

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,

улсын яллагч Б.Одхүү,

хохирогч Б.Ц*****, түүний өмгөөлөгч Д.Ширэндэв,

шүүгдэгч Г.Б*****, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн “А-1, В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 260800000295 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш***** овогт Г*****ын Б*****, Монгол Улсын иргэн, *****төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч дүүгийн хамт *****оршин суух, регистрийн дугаар *****, урьд:

-Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 125 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б***** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчаас 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Ширэндэвээс хохирогчийн эрх хууль ёсны ашгийг хамгаалах байр суурьтайгаар оролцоно. Хавтаст хэргээс 7-13, 17-19, 58-60, 66-100, 107-109, 116-118, 122-124, 144, 146, 153 дахь талд авагдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяраас шүүгдэгчийн эрх хууль ёсны ашгийг хамгаалан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцоно. Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.      Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаас дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Б***** нь Дотоодын цэргийн *****харуулын ротын 1 дүгээр салааны захирагчийн орлогчоор хугацаат цэргийн алба хааж байхдаа 2026 оны 01 дүгээр сарын 23-ны орой 20 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Дотоодын цэргийн *****хашаанд тус ангид алба хааж байгаа өөрийн захирагдагч болох байлдагч Б.Ц*****г "Электрон тамхи татсан" гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, цээжин тус газарт нь баруун гараар 4-5 удаа цохих зэргээр зодсон, хүч хэрэглэсний улмаас байлдагч Б.Ц***** нь ухаан алдаж унахдаа газарт чулуун дээр нүүрний зүүн тал, эрүү хэсгээрээ унаж эрүүл мэндэд нь зүүн талын эрүү ясны их бие хэсэгт зөрөөгүй, зүүн талын эрүүний үений сэртэнгийн толгой хүзүүвчийн заагаар зөрөөтэй хугарал, мултрал, баруун талын толгой хүзүүвчийн хэсгээр дотогш холдож зөрсөн хугарал, зүүн доод 5-р/35/ шүдний булгарал, 15, 42 дугаар шүдний цөгцний хугарал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх тал),

-Хохирогч Б.Ц*****гийн  “...2026 оны 01 дүгээр сарын 23-ны оройн 20 цагт хоолноосоо гарч ангийн хашаанд байх гадна 00-д орсны дараагаар тамхины цэг дээр манай ротын цэргүүд байхад түрүүч Г.Б***** нь надыг "Томоотой бай, цэргээ" гэж хэлээд цээж рүү 3-4 удаа баруун гараараа хүчтэй цохиход маш их өвдөж толгой эргэсэн. Улмаар би ухаан алдсан. Тэрнээс цааш юу болсон талаар санахгүй байна. Ухаан орж сэрэхэд миний хажууд манай салааны цэргүүд гар хөлийг минь атгаж "Яаж байна, зүгээр үү" гэж асууж байсан. Тэр үед миний аман дотор цус амтагдаж, дээд арааны шүд үүрч, хугарсан нь мэдрэгдэж, эрүү өвчин зовуурьтай, юм ярихад хөндүүр хэцүү байсан. Улмаар хажууд байсан цэрэг болон түрүүч Г.Б***** намайг эмнэлэг дагуулж, эмч И.У*****д үзүүлсэн чинь эмч, хошууч С.А***** мөн намайг үзэж "Шүд болон эрүү гэмтсэн байна" гэж хэлээд, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт ирсэн...Тухайн газар камертай боловч хоолноос гарахаас өмнө тог тасарсан байсан...Г.Б*****аас өөр хэн нэгэн миний биед халдаж цохиогүй. Биед учирсан гэмтлийг Г.Б***** учруулсан...

... Эрүү урд, зүүн талдаа хугарсан, хадаатай байгаа. Баруун урд доод шүд, баруун дээд 2 араа унасан, зүүн талын дээд араа үүрсэн, зарим хэсэг нь эмтэрч унасан байгаа. Анх "Бриллант" эмнэлэгт хэвтэхэд эмнэлгийн төлбөр 1,0 сая төгрөгийн төлбөр өгсөн. Түүний дарааг 1,0 сая төгрөг шилжүүлсэн, Нийтдээ 2,0 сая төгрөгийн төлбөр одоогоор өгсөн байна. Эмчилгээ хийлгэж хоол, унд зүгээр иддэг болохыг хүсэж байна. Хохирол төлбөрөө барагдуулж авмаар байна. Мөн миний шүд хийлгэх төлбөр 3 шүдний төлбөр 11,400,000 м*****н төгрөгийн төлбөр гарч байгаа...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 10-13, 17-19 дэх тал),

- Гэрч Г.З*****ын "...2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцлагатай эргүүлээр үүрэг гүйцэтгэсэн. Орой 19 цаг 40 минутын үед цэргүүд хоолоо идчихээд байж байхад тог тасарсан. Цэргүүдийг гадаа гаргаж жагсаагаад цэргийн байрны хашаанд байх 00-д оруулсан. 10-15 минут цэргүүд тараад байж байсны дараа би "Анхаар" гэсэн команд өгсөн. Би цэргүүд рүү алхаад очсон чинь 1 цэрэг газар унасан байхаар нь тэнд байсан байлдагч нараар босгуулаад рот руу алхуулж, ...3 давхарт байх унтлагын байр луу оруулж ирэхэд Б.Ц***** байсан. Би ангийн жижүүр, ахмад Э.Ч*****, шуурхай удирдлагын жижүүр, ахмад Д.Г***** нарт “Цэрэг ухаан алдчихлаа" гэж хэлсэн. Тэгээд Б.Ц***** рүү гэрэл тусгаж харсан чинь амнаас цус гарсан, зүүн шанаа хэсэгт улайж зулгарсан шарх үүссэн байсан. Сувилагч И.У***** орж ирж үзээд Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэг рүү авч явахаар болсон...Орлогч Г.Б***** цохисон гэдгийг сүүлд сонссон...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Гэрч Б.Б*****ийн "... Тухайн өдөр хоолонд орохын өмнө цэргийн байранд Б.Ц*****, А.М*****, бид 3 электрон тамхи татаж байгаад салааны орлогч, түрүүч Г.Б*****ад баригдаад хураан авсан асуудал болсон...00-ын сандал дээр Б.Ц*****, А.М***** бид гурвыг юм ярьж байхад түрүүч Г.Б***** хүрч ирээд "Дахиж электрон тамхи татаж болохгүй" гэж хэлээд Б.Ц*****гийн цээж рүү гараар 2 удаа цохисон. Ингээд байж байтал салааны захирагч, дэслэгч Г.З***** "Анхаар, жагс" команд өгсөн. Жагсах газар руу 2 алхам орчим алхсан чинь миний баруун гар талд 2-3 алхмын зайд Б.Ц***** өөрөө урагшаа гэнэт уначихсан. А.М***** эргүүлээд дээш нь харуулахад Б.Ц***** сонин амьсгалаад, хөдлөхгүй байсан ба эрүүний доод хэсэг, зүүн хацар шалбараад цус гарсан байсан. Удалгүй Б.Ц***** өөрөө боссон. Б.Ц***** тухайн үе “Ёо, юу болчихов, ...эрүү аймаар өвдөөд байна" гэж хэлсэн. Бид нар шууд цэргийн байр луу орж сувилагчийг дуудсан. ... Сувилагч цэргийн байрны 3 давхарт гарч ирээд Б.Ц*****г гэрэл тусгаж хараад, ангийн шуурхай жижүүртэй хамт эмнэлэг рүү авч явсан. ... Б.Ц***** цохиулчхаад гүнзгий амьсгаа авч байснаа алхаад удааг уначихсан" гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 27-29 дэх тал ,

- Гэрч А.М*****гийн "...2026 оны 01 дүгээр сарын 23-ны оройн хоолонд ороод дуусаж байхад ангийн тог тасарсан...Тамхины цэг дээр Б.Ц***** электрон тамхи татаж байсныг түрүүч Г.Б***** хараад тамхи татлаа" гээд Г.Ц*****гийн цээж хэсэгт 3-4 удаа баруун гараа зангидаж байгаад цохисон бөгөөд тэр үед бусад салааны орлогч нар "Анхаар" команд өгсөн ба Б.Ц***** цохиулж дуусаад, 2-3 удаа алхаж байснаа гэнэт нүүрээрээ газар унахаар нь цэргүүд эргүүлээд харсан чинь Б.Ц*****гийн амнаас цус гарч байсан. Нүүрээрээ унасан газар нь том чулуу байсан. Би тэр үед өөр хоёр цэрэг хөл, гарнаас нь татаад сэгсэрсэн чинь Б.Ц***** сэргэсэн бөгөөд нүүрээ дараад суугаад байхаар нь гараас нь татаад харахад, амнаас нь цустай шүлс гарч байсан. ...Б.Ц***** гадаа тамхины цэг дээр "вэб” тамхи татаж байгаад Г.Б*****ад баригдсан "Электрон тамхи хориотой, татаж болохгүй” гэх шалтгаанаар уурлаад цээжинд нь баруун гараа зангидаж байгаад цохисон чинь Б.Ц*****, Б.Б*****, бид 3 эргээд жагсах гээд алхах үед Б.Ц***** шууд нүүрээрээ газар унаад хөдлөхгүй байхаар нь би болон цэргүүд Б.Ц*****г дээш нь харуулахад амнаас нь цус гарсан, алдсан байсан..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 31-34 дэх тал),

- Гэрч Э.Б*****ийн "...Салааны орлогч, түрүүч Г.Б***** нь байлдагч Б.Ц*****, А.М*****, Б.Б***** гурвын цээжин хэсэгт нь тус тус 1 удаа цохиж байсан. Цохих болсон шалтгаан нь тэр гурав электрон тамхи нууцаар сорж байгаад баригдсан. Удалгүй "Анхаар" команд өгөөд эргэж хараад бүгд алхаж байх үед Б.Ц***** миний ардхан талд унасан. Би Б.Ц***** дээр очоод, доош хараад ухаан алдсан байдалтай хэвтэж байхаар нь тэнд байсан байлдагч нартай дээш нь харуулахад унасан газар нь чулуу байсан. Тухайн чулуун унахдаа эрүү хэсгээрээ мөргөсөн гэж бодож байна. Б.Ц***** ухаан ороод босох үед амнаас нь цус гарсан байсан..." гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 42-43 дахь тал),

- Гэрч И.У*****агийн "...20 цаг 40 минутын үед эмнэлгийн өрөөнд нэг цэрэг орж ирээд "Цэрэг ухаан алдчихлаа..." гэж хэлэхээр нь би гүйгээд 3 давхарт гарсан. Тухайн үед тог тасарсан, харанхуй байсан. Байлдагч Б.Ц***** орон дээр тонгойгоод сууж байсан. Б.Ц*****гийн зүүн хацар эрүүний доод хэсэгт зулгарсан байсан. ...Б.Ц*****гээс юу болсон талаар асуухад "Гадна 00 ороод тамхи татах гэснээ болиод анхаар гэхээр нь эргээд харсан. Тэгээд юу ч санахгүй байна” гэж хэлсэн. С.А***** дарга ирээд ангийн захирагчид танилцуулаад, Б.Ц*****г төрийн тусгай албан хаагчийн эмнэлэг рүү авч явсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 45-46 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЕГ0726/1882 дугаартай “...Б.Ц*****гийн биед зүүн талын эрүү ясны их бие хэсэгт зөрөөгүй, зүүн талын эрүүний үений сэртэнгийн толгой хүзүүвчийн заагаар зөрөөтэй хугарал, мултрал, баруун талын толгой хүзүүвчийн хэсгээр дотогш холдож зөрсөн хугарал, мултрал, зүүн хацар, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо" гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 107-109 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх эмнэлгийн амбулаторийн тасгийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0726/418 дугаартай “...Б.Ц*****гийн биед зүүн талын эрүү ясны их бие хэсэгт зөрөөгүй, зүүн талын эрүүний үений сэртэнгийн толгой хүзүүвчийн заагаар зөрөөтэй хугарал, мултрал, баруун талын толгой хүзүүвчийн хэсгээр дотогш холдож зөрсөн хугарал, зүүн доод 5-р /35/ шүдний булгарал, 15, 42 дугаар шүдний цөгцний хугарал, зүүн хацар, эрүүнд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зүүн доод 5-р /35/ шүдний булгаралт ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна...” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 58-60 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0826/932 дугаартай "...Шинжлүүлэгч Б.Ц*****гийн сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүдийн үргэлжлэх цаг хугацаа, түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх болон цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, биеийн эдгэрэл эмчилгээ, цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэх, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 116-118 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.  

Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, өөр хоорондоо хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.

1.2.   Хууль зүйн дүгнэлт

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” бол гэмт хэрэгт тооцохоор заасан.

Тус гэмт хэрэг нь тусгай субъект болох цэргийн алба хаагч нарт хамаарах хуулийн хориглолт байх ба цэргийн алба хаагчид хууль, дүрмээр хүлээсэн цэргийн дүрэм, цэргийн албаны ашиг сонирхолд халдсан хууль бус үйлдэл байдаг. Объектив талын хувьд Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл байх ба субъектив талын хувьд гэм буруугийн санаатай хэлбэртэй, хууль бус үйлдлээ мэдэж, үйлдлийн хор уршгийг хүсэж үйлдсэн байдаг.

Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг, 3.1.2-т “цэргийн жинхэнэ алба” гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг, 3.1.5-т “цэргийн жинхэнэ алба хаагч” гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг ойлгохоор тодорхойлсон.

Зэвсэгт хүчний тухай хуулийн 4.1-т “Монгол Улсын зэвсэгт хүчин нь улсыг цэргийн хүч, хэрэгслээр батлан хамгаалах зорилго бүхий төрийн цэргийн байгууллага мөн”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн цэргийн жинхэнэ алба хаагч, зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллага, салбарт ажиллаж байгаа иргэнээс бүрдэнэ”,

Дотоодын цэргийн тухай хуулийн 3 дүгээр зүйлийн 31-т “Дотоодын цэргийн байгууллага нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн цэргийн байгууллага мөн”,

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “захирах, захирагдах” зарчмыг цэргийн албанд баримтлах ба 4 дүгээр зүйлийн 4.2-т “Цэргийн алба хаагч ангийн байрлал, эсхүл ангийн байрлалын гадна албан үүрэг, байлдааны жижүүрлэлт, харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэх, ажилдаа ирэх, буцахыг албан үүргээ гүйцэтгэж байгаад тооцно” гэж, 6 дугаар зүйлийн 6.1.3-т “Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн нийтлэг дүрмийг чанд сахин биелүүлэх”, 6.1.7-д “цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих” нийтлэг үүргийг хүлээхээр заасан.  

Цэргийн дотоод албаны дүрэмд зааснаар цэргийн алба хаагч нь албан тушаал, цолны эрэмбээр захирагч болон захирагдагч байх бөгөөд түрүүч нь байлдагчийн хувьд ахлах цолтон нь байна.

Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Г.Б***** Дотоодын цэргийн *****харуулын ротын 1 дүгээр салааны захирагчийн орлогч буюу захирагч, хохирогч Б.Ц***** нь тус салааны байлдагч буюу захирагдагч  байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно.

Мөн дүрэмд зааснаар цэргийн алба хаагч нь албан үүргээ гүйцэтгэх үедээ Цэргийн нийтлэг дүрмүүдээр тогтоосон хэм хэмжээг зөрчиж хоорондоо харилцахыг дүрмийн бус харилцаа гэж үзэх бөгөөд "Электрон тамхи татсан" гэх шалтгаанаар байлдагчдаа хүч хэрэглэн зодох нь цэргийн дүрмийн бус байдлаар харьцсан гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүх тогтоосон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Б***** нь цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж өөрийн захирагдагч болох хохирогч Б.Ц*****г зодож хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ЕГ0726/418 дугаар шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Ц*****гийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б***** нь хохирогч Б.Ц*****г "Электрон тамхи татсан" гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж, цээжин тус газарт нь баруун гараар 4-5 удаа цохисны улмаас хохирогч Б.Ц***** нь ухаан алдаж унахдаа газарт чулуун дээр нүүрний зүүн тал, эрүү хэсгээрээ унаж эрүүл мэндэд нь зүүн талын эрүү ясны их бие хэсэгт зөрөөгүй, зүүн талын эрүүний үений сэртэнгийн толгой хүзүүвчийн заагаар зөрөөтэй хугарал, мултрал, баруун талын толгой хүзүүвчийн хэсгээр дотогш холдож зөрсөн хугарал, зүүн доод 5-р/35/ шүдний булгарал, 15, 42 дугаар шүдний цөгцний хугарал, зүүн хацар, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Г.Б***** нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирогч Б.Ц*****гийн эрх чөлөөнд халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Г.Б*****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл, гэм буруугийн хувьд маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.3.    Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Ц***** нь гэмт хэргийн улмаас биедээ хүндэвтэр зэргийн гэмтэл авсан ба эмчилгээний зардалд 1,442,394 төгрөг, хиймэл шүд хийлгэх зардалд 12,250,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлоо тус тус нэхэмжилсэн.

Хохирогч Б.Ц***** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,392,000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.  

Шинэчлэн батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргаж болох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4, 28.3 дугаар зүйлд заасан гэмт хэргүүд тус тус хамаарч байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЕГ0826/932 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр хохирогч Б.Ц*****гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон.

Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоожээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч, шүүгдэгч нарын насны байдал, шүүгдэгч Г.Б*****ын төлбөрийн чадвар, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хохирогч Б.Ц*****гийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 6,336,000 төгрөгөөр тогтоов.

Хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас шатахууны болон зардлын баримтууд нь он сар өдрийн хувьд таарахгүй, мөн нэг өдөрт авсан 2-3 шатахууны баримт зэрэг байх тул шүүхээс 01 дүгээр сарын 29-ний өдрийн шатахууны 123,000 төгрөгөөс бусад шатахууны баримтыг хасаж үлдэх 1,358,700 төгрөгийн баримт нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралтай байх тул шүүгдэгч Г.Б*****аас гаргуулахаар шийдвэрлэв.

 Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан тул хохирогч Б.Ц***** нь 12,250,000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэх талаарх баримтаа гаргаж өгсөн байх тул дээрх мөнгөн дүнгээр гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б*****аас хохирогч Б.Ц*****д 4,100,000 төгрөгийг төлж барагдуулсан дээр талууд маргаагүй болно.

Иймд (6,336,000+12,250,000+1,358,700) буюу нийт 19,944,700 төгрөгөөс 4,100,000 төгрөгийг хасаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б*****аас 15,844,700 төгрөг гаргуулж хохирогч Б.Ц*****д, 3,392,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Б.Ц***** нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.   Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч Г.Б*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Б*****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900,000 төгрөгийн торгох ялын 15000 нэгжийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нийт эдлэх ялыг 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*****ад оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч: “...Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон учраас хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх саналтай байна. Шүүгдэгч хохирол төлөхөөр завсарлага авсан боловч хохирол төлөөгүй байна. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хоцорч ирсэн нь хийсэн хэрэгтээ хандаж байгаа хандлагыг нь харуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Хохирогчийн өмгөөлөгчийн байр суурийг ойлгож байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан боловч баримтаа авчирч ирээгүй байна. Хохирогчид учирсан хохирлын мөнгө хараахан бүрдээгүй байгаа учраас өгч чадаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт улсын яллагчийн гаргасан торгох ялын санал дээр тусгайлан гаргах саналгүй байна. 30 минутын хугацаа олговол ар гэрээс нь эрүүл мэндийн даатгалын санд төлбөр төлсөн баримт, дутуу ч гэсэн хохирогчид хохирол төлбөр барагдуулна...” гэв.

Хохирогч: “...Эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлан гаргах саналгүй...” гэв.

2.2.  Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 199 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 200 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хавтаст хэргийн 201 дэх тал), регистрийн дугаарын лавлагаа (1-р хавтаст хэргийн 202 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хавтаст хэргийн 203 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1-р хавтаст хэргийн 204 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 205 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах (1-р хавтаст хэргийн 206-209 дэх тал), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 211 дэх тал), суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт (1-р хавтаст хэргийн 212 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Г.Б*****ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /"Электрон тамхи татсан" гэх шалтгаанаар цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн биед хүндэвтэр зэргийг гэмтэл учирсан/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн/ зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*****ад 03 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*****ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 09 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*****ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Б*****ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

2.3.   Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б***** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш***** овогт Г*****ын Б*****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*****ад 03 (гурван) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*****ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг  09 (ес) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б*****ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б*****аас 15,844,700 (арван таван сая найман зуун дөчин дөрвөн м***** долоон зуу) төгрөг гаргуулж хохирогч Б.Ц*****д, 3,392,000 (гурван сая гурван зуун ерэн хоёр м*****) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай. 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б***** нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Ц***** нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Б*****ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б*****ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАР