Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/04270

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2023/04270

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71 дүгээр байр, 64 тоотод оршин байх, ХХХ/РД:

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 67 дугаар байр, 33 тоотод оршин суух хаягтай, Жалайр ургийн овогтой

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 209 тоотод оршин суух хаягтай, Жалайр ургийн овогтой Ч

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,890,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хүрэлбаатар

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ХХХнарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч ХХХдараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 ХХХ, ХХХ нар нь “ХХХ” хадгаламж зээлийн хоршооноос 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 35,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар зээлийн эргэн төлөлтийн график байгуулан зээлж авсан. Бид нар зээл ба барьцааны гэрээгээ нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээгээ бүртгүүлсэн. ХХХ, ХХХ нартай зээлийн асуудлыг манай хадгаламж зээлийн хоршоо Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхээр шийдвэрлүүлсэн бөгөөд тус шүүх 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 102/ШШ2023/00039 дугаартай шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрт ХХХ, ХХХ нараас зээлийн гэрээний үүрэгт 59,875,000 төгрөгийг гаргуулж, манай ХЗХ-д олгуулахаар, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, хаягт байршилтай 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцнаас хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн. Зээлдэгч нар одоог болтол нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй явдал нь манай ХЗХ-д маш их хохирол учруулж байна. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4-т “Үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарснаар үүрэг гүйцэтгэгч уг эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдана”, 175 дугаар зүйлийн 175.5-т “Үүрэг гүйцэтгэгч ипотекийн зүйл болох байшин, эсхүл түүний тодорхой хэсэгт өөрөө буюу гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байгаа бол ипотекийн зүйлийг албадан худалдах тухай шүүхийн шийдвэр гарсан үеэс хөлслөгч болж, үүрэг гүйцэтгүүлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй” гэж заасан байдаг. Иргэний хуулийн дээрх 2 заалтаас үзэхэд үүрэг гүйцэтгэгч болох ХХХ, ХХХ нар орон сууцныхаа үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдчихсан ба энэхүү орон сууцныхаа хөлслөгч болсон төдийгүй манай ХЗХ-д орон сууц хөлсөлсний хөлс төлөх нөхцөл байдал үүссэн байна. Unegui.mn website ба шуурхай зар сониноос судалгаа хийж үзэхэд барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг хөлслүүлэх хөлс сардаа 1,500,000 төгрөг болж байна. Бид анх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 дахь заалтуудыг үндэслэж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан хугацаа буюу 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд /9х1,500,000=13,500,000/ 13,500,000 төгрөгийн орон сууц хөлсөлсний хөлсийг үүрэг гүйцэтгэгч болох ХХХ, ХХХ нараас нэхэмжилж байсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67-33 тоот орон сууцны зах зээлийн одоогийн түрээсийн төлбөр нь 1,210,000 төгрөг болохыг хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар тогтоолгосон. Иймд 1 сарын түрээсийг 1,500,000 төгрөг биш 1,210,000 төгрөгөөр тооцож байгаа. Ийнхүү тооцоход 10,890,000 төгрөг болоод байна. Уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Хэрэв хариуцагч нар анх 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээд явж байсан бол бид уг мөнгөөр нь одоо ажилчдын цалингаа тавих, мөн уг зээлийг нь бусдад буцаан зээлдүүлэх замаар мөнгө олох бүрэн боломжтой, уг боломжийг хариуцагч нараас болоод алдаж байгааг шүүхээс анхаарч үзнэ үү. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн, дуусгавар болоогүй байгаа талаар маргахгүй гэжээ. 

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ХХХнараас зээлийн гэрээний үүрэгт 59,875,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 67 дугаар байр, 33 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар болсон. Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянаж үзээд хэвээр үлдээсэн ба улмаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дуусгавар болоогүй, нэхэмжлэгч уг барьцаа хөрөнгийн өмчлөгч нь болоогүй байгаа. Одоогоор барьцаа хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч нар хэвээр байгаа учраас Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 дахь заалтууд хамааралгүй. 2023 оны 10 дугаар сард байрыг шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжилсэн бөгөөд хариуцагч нар зээлийг төлөөд, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа шат дараалаад  явж байгаа. Тэгээд ч зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/ тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хавсралт /хх 5-6/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 7/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/00039 дугаартай шийдвэрийн хуулбар /хх 8-11/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2023/00419 дугаартай магадлалын хуулбар /хх 12-14/, зах зээлийн түрээсийн төлбөрийн үнэлгээний тайлан.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар, /хх 26/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 22/;

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэг.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/шш2023/00039 дүгээр шийдвэрээр ХХХнараас талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 59,875,000 төгрөг гаргуулахаар, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг,  хаягт байршилтай, 40м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар болжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянаж үзээд хэвээр үлдээсэн ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

 

Хоёр.

 

2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч ХХХнь хариуцагч ХХХнарт холбогдуулж 13,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан ба шүүх хуралдаанд өөрийн шаардлагын хэмжээг 10,890,000 төгрөг болгон багасгаж байна.  

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс “...хариуцагч нар анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэг ч төгрөгийн зээлийг буцаан төлөөгүй, нэхэмжлэгчийг хохироож байгаа. Шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болсон учир Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үр шимийг өөртөө үлдээх эрхээ алдсан. Мөн тэд шүүхийн шийдвэр гарсан үеэс эхлэн орон сууцныхаа хөлслөгч болсон, ингэснээр үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид орон сууц хөлсөлсний хөлсийг, тухайн үеийн ханшаар төлөх үүрэгтэй болсон. Иймд хариуцагч нараас анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс шүүхэд хандах хүртэл нийт 9 сарын хугацааны түрээсийн гэрээний төлбөр болох 10,890,000 төгрөгийг нэхэмжилж байна. 1 сарын түрээсийг хөндлөнгийн үнэлгээчний тогтоосон 1,210,000 төгрөгөөр тооцсон” гэжээ. 

 

Гурав.

 

Иргэний хуулийн 175-181 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааг холбогдох эрх бүхий байгууллага удирдлага болгон явуулахад баримтлах нарийвчилсан зохицуулалт байна. 

 

Тодруулбал, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 дахь заалтууд нь үл хөдлөх эд хөрөнгийн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид шууд шаардах эрх үүсгэж буй хамааралтай заалт биш. 

 

Нөгөөтэйгүүр, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 102/шш2023/00039 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй, үргэлжилж байгаа талаар зохигчид маргаангүй байна. 

 

Иймд хариуцагч ХХХнараас 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ХХХ” ХЗХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Дөрөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.4, 175.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч ХХХнараас 13,500,000 төгрөг гаргуулах тухай “ХХХ” ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ