| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2022/04922/И |
| Дугаар | 102/ШШ2023/04485 |
| Огноо | 2023-12-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 102/ШШ2023/04485
| 2023 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 102/ШШ2023/04485 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хариуцагч: Баянгол дүүрэг, 25 дугаар хороо, Түвшин өргөө хотхон, 304-34 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогтой
Нэхэмжлэлийн шаардлага: 30,371,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Марал-Эрдэнэ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч ХХХхолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: ХХХнь ХХХтэй 2018 оны 9 дүгээр сарын үед анх танилцсан. ХХХ нь “...мөнгө хэрэгтэй байна, машинаа зараад өгөөч” гэж гуйгаад хамгийн анх 1,500,000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сард зээлсэн. Уг мөнгөө буцааж өгөхгүй байсан учир зээлсэн мөнгөө нэхсэн. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр караоке бааранд дуудан уулзахдаа намайг өдөж, өмд рүү гараа хийж, янз бүрийн авир ааш гаргаад байхаар нь би гарч явсан. Үүний дараа 2018 оны 12 дугаар сард дуудахаар нь мөнгийг маань өгөх гэж байна гээд очтол зочид буудалд байсан бөгөөд “...би чамд сайн, чи эмэгтэй хүн ойлгохгүй байна” гээд хувцсаа тайлж нүцгэлэн өмд рүү гараа хийж орилж дайраад бэлгийн харьцаанд орсон. Энэ үеэс эхлэн надаас мөнгө нэхэж, хоол хүнс, хувцас, зэргээ бэлдүүлдэг болсон бөгөөд намайг дургүйцахад “Чи л амьдралгүй болох байх шүү, чиний талаар эхнэр хүүхдүүдэд чинь хэлнэ” хэмээн сүрдүүлсэн, “...эхнэрийн чинь очиж харлаа, тэр сэжгийн бүдүүн авгайгаас одоо сал” гэж шахаж, шаарддаг, “...том охины чинь ажлыг мэдсэн шүү” гэх болсон. Мөн бөөгөөр юм хийлгэнэ гэж дарамталдаг. Ингэж айлган сүрдүүлж, дарамт шахалт үзүүлэн 2018 оны 12 дугаар сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл надаас нийт 78,796,809 төгрөгийг авч хохироосон. Надад мөнгө байхгүй гэхээр “...байраа барьцаанд тавь, эхнэрээсээ сал” гэж байнга шаарддаг болсон. Би хань Ө.Энхтунгалагтай нэг ангид сурдаг байхаасаа үерхэж дасаж, 1984 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд нэг гэрт орж хамт амьдарч 4 хүүхдийн эцэг эх болсон. Энэ гэр бүлээ бусниулж, эхнэр хүүхдүүдээсээ салахгүй гэсэндээ ХХХийн нэхсэн болгоныг өгч, сүүлдээ тэвчиж чадахаа болиод гутарсандаа хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. Эцэстээ бүх үнэнээ эхнэртээ болон том охиндоо хэлж уучлалт гуйгаад Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл гаргасан. Ингэснээр 49,000,000 төгрөгийн хохиролдоо тооцож “Тоёота харриер” маркийн 99-38 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг /30,000,000 төгрөгийн үнэтэй/ авсан.
Үүнээс гадна ХХХийн шахалт, дарамтаар би түүний гутал, булган шуба, ноолууран пальто, цамц, үнэт эдлэл, хоол хүнсэнд нь зориулж нийт 30,371,809 төгрөг зарцуулсан. Уг мөнгийг одоо хүртэл өгөөгүй. Манай эхнэр, охин очиж уг мөнгийг нэхэхээр өөрийнхөө удган, бөө гэх 3 хүнийг дуудан “Гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ шүү, мөнгө буцааж өгөхгүй” гэж айлган дарамталсан. Мөн 9801-7071, 8801-7270, 8810-0548, 8911-0845 дугаарын утаснуудаас 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 26-ны өдрүүдэд яриулж, заналхийлсэн. ХХХийн дүү гэх бөө нь манай том охин руу залгаж “амаа барив, аав ээжийгээ авчир” гэж 2022 оны 9 дүгээр сарын дундуур 8801-7270 утсаар залгаж дарамтлан сэтгэл санааны хүчирхийлэлд өртүүлсэн. Ийм байдлаар ХХХ нь нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр мөнгө авсан, эд хөрөнгө авахуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учир түүнээс 30,371,809 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч ХХХийн дарамт, шахалтаас болж ХХХ удаа дараа амиа хорлох гэж оролдсон, энэ талаар эрүүгийн хэрэгт талуудын харилцсан чаат байдаг. Мөн ХХХ нь бөө, ламаар нэхэмжлэгчийг айлган сүрдүүлж дарамталсан нь эрүүгийн журмаар шалгуулж байхад тогтоогдсон, анх 79,000,000 төгрөгийн асуудлаар ХХХийг эрүүгийн журмаар шалгуулж байхад тэрээр “...79,000,000 төгрөгийг би ХХХт төлж, хохиролгүй болгоно” гэж мэдүүлж байсан. Гэвч эдгээр баримтуудыг иргэний хэрэгт өгөөгүй байгаа гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтын амьдралтай байгаагүй. Харин гэр бүлээс гадуурх харилцаатай байсан буюу 5-6 удаа дотно харилцаа үүсгэж уулзсан байдаг. Үүнийг нэхэмжлэгчийн гэр бүл мэдсэнээр нэхэмжлэгч нь хариуцагчийг цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1101 тоот тогтоолд ХХХыг ХХХ дарамтлан сүрдүүлэх замаар 49,290,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгасан. Нэхэмжлэгчийн гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгахад ХХХ бусдаас мөнгө авахаар хүч хэрэглэсэн, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн, баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэх үйлдэл тогтоогдоогүй. Харин ч эсрэгээрээ ХХХ нь сайн дураараа мөнгийг шилжүүлж байсныг тогтоосноор гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хаасан байдаг. Нэхэмжлэгч ХХХ ч өөрөө ямар нэг гомдол байхгүй, хэргийг хаалгах хүсэлтэй байна гэж хүсэлтээ бичиж өгсөн. Харин эрүүгийн журмаар шалгаад байсан учир аргагүйн эрхэнд ХХХ нь нэхэмжлэгчийн хохирол гэж тодорхойлсон 49,000,000 төгрөгт нь тооцоод тээврийн хэрэгслийг нэр дээр нь шилжүүлж өгсөн.
Хэргийн 91 дүгээр хуудаснаас нэхэмжлэгчийн “хүнс болон хувцасны нийт дүн 90,371,809 төгрөг” гэсэн тооцоолол эхэлж байгаа. Нэхэмжлэгчийн хэрэгт хавсарган өгсөн баримтууд буюу 2018-2022 оны 4 дүгээр сар хүртэл хугацааны баримтуудыг шалгасан. “И-Март” дэлгүүр болон “Номин” ХХК-иас ирсэн ХХХийн бонус карт уншуулсан баримтуудыг хооронд нь тулгаад үзэхээр 10 гаран гүйлгээ л таардаг. Тодруулбал, ХХХын карт уншуулсан, ХХХийн бонус карт уншуулсан давхцал 10 гаран л байдаг. Бусад нь ямар нэг байдлаар таардаггүй, хариуцагч нь нэхэмжлэгчээр 30,371,809 төгрөгийн эд бараа, хувцас, хүнсний бүтээгдэхүүн авахуулсан зүйл байхгүй, хэлээд байгаа бараа, хөрөнгийг хариуцагч огт хүлээж аваагүй, ямар ч баримтгүй. Түүнчлэн, “Номин” ХХК болон “И-Март” дэлгүүрээс ирсэн тодорхойлолтод “...бонус картыг эзэн нь байхгүй байсан ч ашиглах боломжтой” гэж бичсэн. Тийм учраас тухайн 10 гаран удаагийн гүйлгээгээр ХХХ гэдэг хүн тухайн Номин, И-Мартаас хоол хүнс авхуулсан гэдэг нь таардаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4/, дансны хуулга /хх5-77, 98-100, 135-193/, карт ашигласан баримт /хх82-90/, авсан бараа, бүтээгдэхүүний жагсаалт /хх92-97/, электрон бараа, тавилгын сүлжээ их дэлгүүрийн баримт /хх108/, гэрлэлтийн гэрчилгээ /хх110/,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх119/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 130/, итгэмжлэл /хх131/, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2 дэвтэр.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Хаан банкны лавлагаа /хх217/, “Номин тав трейд” ХХК-ийн лавлагаа /хх220/.
6. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Баянгол дүүргийн Прокурорын газраас лавлагаа, “Скай хайпермаркет” ХХК-ийн лавлагаа, “Номин тав трейд” ХХК-ийн лавлагаа.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХхолбогдуулж 30,371,809 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан.
2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...ХХХ нь ХХХыг айлган сүрдүүлж, дарамтад оруулах байдлаар түүнийг аргагүй байдалд оруулсан, улмаар нийт 79,796,809 төгрөгийг мөнгөн хэлбэрээр, мөн эд хөрөнгө, хоол хүнс авахуулах замаар хариуцагчаас авч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Уг асуудлыг эрүүгийн журмаар шалгуулахад ХХХ нь өөрийн учруулсан хохирлоос 49,000,000 төгрөгт тооцон автомашин өгсөн. Одоо үлдэх 30,371,809 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилнэ” гэжээ.
3. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус заасан.
4. Мөн бусдын өрийг сайн дураараа төлснөөр үүрэг бүхий этгээдэд ашигтай байдал үүсч, хөрөнгө нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн, харин төлбөр төлсөн этгээд нь энэ хэмжээгээр эд хөрөнгийн алдагдал хүлээж байгаа нөхцөл байдал үүссэн тохиолдолд өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэйг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан байна.
5. Хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 1101 тоот тогтоол авагджээ. Тогтоолын агуулгаас үзэхэд “ХХХыг ХХХ дарамтлан сүрдүүлэх замаар 49,290,000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан” гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгасан ба ХХХийн үйлдэлд хүч хэрэглэсэн, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн, баримт мэдээлэл тараахаар сүрдүүлж бусдын өмчлөх эрхэд халдсан гэх үйлдэл баримтаар хангалттай тогтоогдоогүй, ХХХ сайн дураар мөнгийг шилжүүлж байсан, гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.
6. Дээрх тогтоолыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад хариуцагч ХХХ нь үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд хариуцагч ХХХхолбогдох ХХХын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ХХХээс 30,371,809 төгрөг гаргуулах тухай ХХХын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 309,809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ