Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2024/00338

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 16 өдөр

     Дугаар 102/ШШ2024/00338

Улаанбаатар хот

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 2 дугаар давхрын үйлчилгээний 6 тоотод оршин суух хаягтай, Тайж нар ургийн овогтой

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байр, 2 дугаар давхар 5, 9 тоотод оршин суух хаягтай, Начингууд ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүрэг, 0хаягт байрлах, 7.4м2 хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан 14.73м2 болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайгаас 7.33м2 талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх, тухайн хөрөнгийн орох гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Цэрэндавга

Хариуцагч УУУ

Хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраа

Гэрч М.Энхтүвшин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг

/Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд АА хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хариуцагч УУУд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Баянгол дүүргийн 5 хороо, 10 хороолол, ЭТӨЧ, 119 дүгээр байрны барилгын 2 дугаар давхрын палан зургаар 9 тоот үйлчилгээний талбай нь 7.4 м2 хэмжээтэй байхаар төлөвлөгдөж, хаалга нь хойд зүгт харсан байхаар заагдаж, түүний дагуу улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ нь ч тэр хэмжээгээрээ гарсан. Гэвч хариуцагч УУУ нь тэрхүү талбайгаа өөрийн өмчлөлийн 5 тоот үйлчилгээний талбайтайгаа нэгтгэж, мөн дээр нь нэмж 7.33 м2 талбайг нийтийн эзэмшлээс авч, нийтээр нь хана хийн эзэмшилдээ авсан байна. Хариуцагчийн зүгээс ийнхүү дураараа аашилж, нийтээрээ ашиглах ёстой нийтийн эзэмшлийн талбайг өөрийн эзэмшилд авч ханаар тусгаарлан ашиглаж байгаа. Мөн хаалгаа зураг төслийн дагуу бус өөрт ашигтай хэсгээрээ гаргасан нь хуульд нийцэхгүйн зэрэгцээ хөрш залгаа 6 тоот үйлчилгээний талбайн өмчлөгч миний өмчлөх эрхээ саадгүй хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Тодруулбал ийнхүү нийтийн эзэмшлийн 7.33 м2 талбайг хариуцагчаас эзэмшилдээ авч, ханаар тусгаарласнаас болж нэхэмжлэгч миний бие өөрийн өмчлөлийн 6 тоот үйлчилгээний талбай руугаа орох хэсэг буюу үлдсэн нийтийн эзэмшлийн талбай нь давчуу, нарийнхан, урт, харанхуй коридор болгосон. Түүнчлэн хаалгаа зураг төслийн дагуу гаргалгүй зүүн зүгт харсан байдлаар гаргаснаас болж  хаалга хаагдан хүндрэл учирч байгаа зэрэг нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг бий болгосноор миний үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах, бусдад түрээслүүлье гэхээр үйлчилгээ явуулахад сул тал болно гэж үзэж, түрээслэхээс татгалзах, эсхүл үнийг нь бууруулах шаардлага гарч байна. Мөн орчны ая тухтай байдал алдагдах зэргээр эдийн засгийн хувьд ч тэр, өмчлөх эрхээ өөрөө хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулахад ч тэр саад болж, өмчлөх эрхийг маань хязгаарлаж байна гэж үзэж байна.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”,

101.4-т “Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалахгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд харшлахаар бол өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглах, арчлан хамгаалах, хадгалах үүргийг өөрт нь даалгах буюу бусдаар зохих хөлс, шан харамжтайгаар гүйцэтгүүлэх үүргийг шүүх өмчлөгчид хүлээлгэж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч миний хувьд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, өмчлөх эрхийг маань хязгаарлаж байгаа үйлдлийг таслан зогсоолгохоор ийнхүү нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байгаа ба шүүхээс нэхэмжлэгч миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжтой байна. Түүнчлэн Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч миний шүүхэд хандах эрхийг хуулиар баталгаажуулжээ.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйл байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-т “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж тус тус зааснаас үзэхэд 6 болон 5, 9 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн хоорондох болон палан зурагт заасан сул талбай нь нийтийн эзэмшлийн буюу дундын өмчлөлийн талбайд хамаарахаар байна. Гэтэл хариуцагчийн зүгээс дур мэдэн зөвхөн өөрийн эзэмшилд авч, ашиглаж байгаа нь хууль зөрчиж байх ба бусад орон сууц болон үйлчилгээний талбай өмчлөгч нарын тэр дундаа нэхэмжлэгч миний эрхийг хамгийн ихээр зөрчиж, хөрш залгаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж байна. Иймд хариуцагч УУУын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0хаягт байрлах, 7.4м2 хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан 14.73м2 болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайгаас 7.33м2 талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх, тухайн хөрөнгийн орох гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул эс зөвшөөрч байна.  УУУ миний бие Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын 119 дүгээр байрны 5 ба 9 тоот хаягт байрлах нийт 77.4 м2 талбайтай үйлчилгээний барилгыг хүнсний дэлгүүр ажиллуулах зорилгоор иргэн н.Саруулаас 2018 оны 5 дугаар сард худалдаж авсан, анх авсан хэмжээг өөрчлөөгүй, хэмжээ нь өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа болно. Дэлгүүрийн байрыг худалдаж авахад нэхэмжлэгчийн байрны талын ханыг дагаж борооны ус их хэмжээгээр гоожин, дэлгүүр дотор шууд асгарч ирдэг байсныг манайх өөрийн хөрөнгөөр засаж сайжруулсан бөгөөд тухайн үед энэ айлын ямар нэгэн эзэн, хамааралтай хүн байгаагүй учир засварын зардлыг бид өөрсдөөсөө гарган зассан. 2022 оны хавар бид дэлгүүрийнхээ өнгө үзэмж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор байрандаа засварын ажил хийж байх үеэр хөрш байрны эзэн гэх залуу ирж мөн адил байрныхаа засварын ажлыг зэрэгцүүлэн хийж эхэлсэн. Энэ үеэр засварын ажлаас гарсан хог хаягдал болон өөрсдийн тавилгаа хоёр айлын дундын эзэмшлийн коридортоо гаргаж байрлуулан, засварын ажлаа дуусгасан. Гэтэл хөрш байрны н.Билгүүн гэх залуу манай талаас гаргаж тавьсан лангуу, тавиур, хайрцаг зэргийг холдуулахыг шаардсан ба миний бие засвараа дуусгаад удахгүй гаргана, одоогоор чамд саад болоогүй бол ганц нэг хоногтоо байлгахыг хүсэн учирлаж байсан. Үүний дараагаар н.Билгүүн гэнэт биднийг дэлгүүрийн талбайгаа засвар хийж томруулсан байна, танай ханыг нураана гэх зэргээр заналхийлж, сүрдүүлэн маргаан гаргасан бөгөөд танайхыг буулгана, бид шүүхээр явж сурсан улс гэх зэргээр дарамталж дэлгүүрээр үйлчлүүлэгч олон нийтийн дунд элдэв хэрүүл маргаан үүсгэн зураг аваад яваад өгсөн. Тэгснээ хэд хоногийн дараа ирээд танай дэлгүүрийн урд нүүр рүү “энэ байшинг зарна, түрээсэлнэ” гэсэн анонс унжуулж дэлгэнэ, та нар дуугүй зөвшөөр гэх зэргээр тулган, дураар авирласан үйлдэл гаргах болсон. Энэ бүгдэд нь бид эсэргүүцэхдээ учирлан тайлбарладаг бөгөөд доод нэг давхрын гадна хаалгыг зардлыг нь хамтарч гарган шинэчилье, өнгө үзэмжийг нь сайжруулъя гэтэл би энэ байранд очихгүй, та нар өөрсдөө хий гэх зэргээр барилгын ашиглалттай холбоотой асуудлаар хамтран ажиллахаас зугтдаг, зайлсхийдэг. Нэхэмжлэгч нар хүмүүс байрандаа ирсэн үедээ бидэнтэй хэрүүл, стресс үүсгэх байдлаар ёс зүйгүй үйлдэл байнга гаргах болсон бөгөөд одоогийн байдлаар уг барилгад засварын ажил дууссан, дундын эзэмшлийн талбай чөлөөтэй, дэлгүүрийн хог хаягдал тогтсон хугацаандаа ачигдаж байгаа. Ингээд дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

1/ Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хорооллын 119 дүгээр байрны 5 ба 9 тоот хаягт байрлах нийт 77.4 м2 талбайтай үйлчилгээний барилгыг хүнсний дэлгүүр ажиллуулах зорилгоор иргэн н.Саруулаас 2018 оны 5 дугаар сард худалдаж авсан, анх авсан хэмжээг өөрчлөөгүй, хэмжээ нь өнөөдрийг хүртэл хэвээрээ байгаа болно. Харин ч шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бусад баримтуудыг үзэхээр УУУ нь өөрийн талбайгаас 5м2 талбайг алдсан, дутуу байгаа нь харагддаг.

2/ УУУ нь худалдан авсан талбайд засвар хийсэн нь үнэн. Гэхдээ анх худалдан авахад коридорын тааз дээрх даацын ялууны дагуу байсан шилэн хаалтыг нь сольж гипсэн хана л болгосон. Тэрнээс биш тэр таазан дээрх даацын ялуунаас илүү гаргасан, нийтийн эзэмшлийн талбай руу дахин шахаж хана нэмж барьсан зүйл огтоосоо байхгүй. Энэ нь шинжээчийн дүгнэлт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно.

3/ УУУ нь нийтийн эзэмшлийн талбай, тэр дундаа нэхэмжлэгчийн өмчлөлийн талбай руу ороогүй, тэнд үйл ажиллагаа явуулаагүй, орц гарцыг нь хаагаагүй. Анх худалдан авахад байсан хаалгыг л ашиглаж байгаа. Нэхэмжлэгч өөрийн 200м2 талбай бүхий талбайдаа харин ч чөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа.

4/ Нэхэмжлэгчид нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлүүлэх талаар шаардлага гаргах эрх байхгүй. Мөн хариуцагчийн зүгээс нийтийн эзэмшлийн талбай буюу коридорыг нарийсгасан, харанхуй болгосон зүйл огтоос байхгүй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “...өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан” талаар дурдсан. Гэтэл Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1-д “Дараахь зөрчил гаргасан сууц өмчлөгчийг бусад өмчлөгчид нь холбооны гишүүнээс гаргах, сууц өмчлөх эрхээ бусдад шилжүүлэхийг шаардах эрхтэй”, 149.2-т “Энэ хуулийн 149.1-т заасан шаардлагыг сууц өмчлөгч сайн дураар биелүүлэхгүй бол орон сууц өмчлөгчдийн холбоо өөрийн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан.

5/ Нэхэмжлэгч нь харин ч урд талаасаа ордог нэг хаалга, хойд тал руугаа буюу орц руугаа гардаг нэг хаалга буюу 2 орц, гарцтай. Дээрх байдлаар нэхэмжлэлд дурдсанчлан “...№6 тоотын өмчлөгч буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд, үйл ажиллагаагаа явуулахад нь ямар нэг байдлаар саад учруулаагүй, түүний эрх ашгийг хөндсөн зүйл огт байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улсын бүртгэлийн Ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн Улсын бүртгэлийн 0, 0дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 хороолол /16081/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 119 дүгээр байрны 2 дугаар давхрын 5 болон 9 тоот үйлчилгээний зориулалттай талбайн анхны өмчлөгчөөр иргэн Э. / бүртгэлтэй байсан бөгөөд 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн гаргасан мэдүүлэг олон хуульд заасан дараах нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. Бүртгүүлэх тухай мэдүүлэг, төлбөр төлсөн баримт, бүртгүүлэхийг хүссэн иргэн Э /-ын өргөдөл, “ИИИ” ХХК-ийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн төлбөр тооцоо дууссан болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Э.Хосбаярын нэр дээр гаргаж өгөх тухай албан бичиг, үйлчилгээний байр бариулах тухай гэрээ, тухайн үйлчилгээний талбайн палан зураг, барилга байгууламж ашиглалтад оруулах тухай улсын комиссын акт, үл хөдлөх эл хөрөнгийн албан ёсны хаяг, эд хөрөнгийн фото зураг болон хуульд заасан холбогдох нотлох баримтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон. Мөн талууд хуулийн дагуу эвлэрэн зохицох замыг сонгох нь зөв гэсэн байр суурьтай бөгөөд шүүхээс гаргасан холбогдох шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллага биелүүлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний биеийг оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Дээрх улсын бүртгэл нь тухайн үеийн хууль тогтоомж, журамд нийцсэн байх бөгөөд хууль зөрчсөн ямар нэг зүйл байхгүй байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх4/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх5/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, фото зураг /хх19-30/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх36/.  

 

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 604 дугаартай “Хэмжилт хийсэн тухай тайлан” /хх46-59/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184 дугаартай “Хэмжилт хийсэн тухай тайлан” /хх75-86/.

 

6. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй. 

 

7. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Үзлэг хийсэн тэмдэглэл, хавсралт /хх110-151/.

 

8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Улсын бүртгэлийн Ерөнхий газраас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/9939 тоот албан бичиг /хх181/, хариу тайлбар, хавсралт /хх188-238/. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч ИИИнь хариуцагч УУУд холбогдуулж Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 119 дүгээр байрны 2 давхрын нийтийн эзэмшлийн талбайг тогтоолгох, дүрэм журмын дагуу бусдын эрх ашгийг зөрчихгүйгээр ашиглахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.  

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэгч өөрийн шаардлагыг дараах байдлаар өөрчилсөн. Үүнд:

1/ Хариуцагч УУУын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0хаягт байрлах, 7.4м2 хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан 14.73м2 болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох,

цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах,

нийтийн эзэмшлийн талбайгаас 7.33м2 талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх,

тухайн хөрөнгийн орох гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах.

3. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...хариуцагч нь өөрийн өмчлөлийн талбайд засвар хийхдээ нийтийн эзэмшлийн талбайг нэгтгэсэн, ...дэлгүүрийн хаалгыг зураг төслийн дагуу бус өөрт ашигтай хэсгээрээ гаргасан нь хуульд нийцэхгүй, ...нийтийн эзэмшлийн 7.33 м2 талбайг хариуцагч хууль бусаар эзэмшилдээ авч, ханаар тусгаарласнаас болж нэхэмжлэгчийн өмчлөлийн 6 тоот үйлчилгээний талбай руу орох хэсэг буюу үлдсэн нийтийн эзэмшлийн талбай нь давчуу, нарийнхан, урт, харанхуй коридортой болсон, ...үүнээс болж нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн үнэ буурах, бусдад түрээслүүлэх боломжгүй, ...түрээсийн үнэлгээ буурсан, ...иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.4, 103 дугаар зүйлийн 103.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсгүүдэд зааснаар шаардах эрхтэй” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

4. Хариуцагч өөрийн татгалзлаа “...үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг анх худалдан авахад л хэмжээ, талбайн зохион байгуулалт ийм байсан. Дэлгүүрийн хана шилэн байхад бид яг тэр байсан хэмжээгээр нь гипсэн хана л болгосон. Засвар хийж байхад барилгын хог, тавилгаа коридорт түр тавьсан байснаас маргаан үүссэн. Одоо бол ямар нэг асуудал байхгүй” гэжээ. 

 

Хоёр.

 

1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119 дүгээр байрны 2 дугаар давхар, 5 тоот хаягт байршилтай, 70 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол /16081/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119 дүгээр байрны 2 дугаар давхар, 9 тоот хаягт байршилтай, 7.4 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн анхны өмчлөгчөөр 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Э.Хосбаярыг бүртгэжээ.

 

Тодруулбал, бүртгэлийн байгууллага нь хуульд заасан журмын дагуу буюу бүртгүүлэх тухай мэдүүлэг, төлбөр төлсөн баримт, бүртгүүлэхийг хүссэн Э.Хн өргөдөл, барилгыг ашиглалтад оруулсан “ИИИ” ХХК-ийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн төлбөр тооцоо дууссан болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг иргэн Э.Хнэр дээр гаргаж өгөх тухай албан бичиг, үйлчилгээний байр бариулах тухай гэрээ, тухайн үйлчилгээний талбайн палан зураг, барилга байгууламж ашиглалтад оруулах тухай улсын комиссын акт, үл хөдлөх эл хөрөнгийн албан ёсны хаяг, эд хөрөнгийн фото зургуудыг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгосон байна.

 

2. Харин 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч УУУ нь 5 болон 9 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан байна. 

 

3. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба энэ эрх хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4 дэх хэсгүүдэд заасан. Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой.  

 

Мөн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна”, 9.4-т “Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална”, 9.4.2-т “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх” гэж тус тус заасан. 

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 604 тоот дүгнэлтэд “...5 тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай талбайн хэмжээ 64.97м2 талбай болохыг тодорхойлж, энэхүү талбай нь барилгын зургийн дагуу байх бөгөөд дундын эзэмшлийн талбай руу ороогүй болохыг, 9 тоот үйлчилгээний талбайн хэмжээ 14.73м2 болохыг тодорхойлж, энэхүү талбай нь барилгын зургаас өөр бөгөөд дундын эзэмшлийн талбай руу давхардан орсон болохыг тодорхойлов” гэж,

2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184 тоот шинжээчийн дүгнэлтэд “...Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 2 дугаар давхар, 6 тоот хаягт байршилтай, 200 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай талбайн хэмжээ 192.77 м2, энэхүү талбай нь барилгын зургийн дагуу байх бөгөөд нийтийн эзэмшлийн талбай руу ороогүй”, “...Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 119 дүгээр байр, 2 дугаар давхрын 9 тоот хаягт байршилтай үйлчилгээний талбайн хэмжээ 14.73м2. Энэхүү талбай нь барилгын зургаас өөр бөгөөд нийтийн эзэмшлийн талбай руу зүүн хэсгээрээ /хавсралт 2. Зураг 2-т харуулав/ 7.33 м2 хэмжээгээр орсон болохыг тодорхойлов” гэжээ. 

 

5. Хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан судлахад 5 болон 9 тоот талбайн анх байсан хэмжээг хариуцагч УУУ дураар өөрчилсөн, нийтийн эзэмшлийн талбай руу хууль бусаар хэтрүүлэн хана шинээр барьсан нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

6. Мөн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр маргаан бүхий газар очиж үзлэг хийсэн. Үзлэгээр хариуцагч УУУ нь өөрийн өмчлөлийн талбайд засвар хийхдээ нийтийн эзэмшлийн талбайг анх худалдан авсан хэмжээнээс нь хэтрүүлж нэгтгэсэн буюу даацын ялуунаас хэтрүүлж хана шинээр босгосон, дэлгүүрийн орц гарцыг буюу хаалгыг анх худалдан авснаас өөрөөр гаргасан, үүнээс шалтгаалж нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн хөрөнгөө эзэмшиж, ашиглахад илт бэрхшээлтэй болсон, өмчлөх эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэхэд хариуцагч саад болж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй. 

 

7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь нийтийн эзэмшлийн талбайн талаар шаардлага гаргах эрхгүй этгээд байна.

 

8. Иймд хариуцагч УУУын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0хаягт байрлах, 7.4м2 хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан 14.73м2 болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайгаас 7.33м2 талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх, тухайн хөрөнгийн орох гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

Гурав.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч УУУын өмчлөлийн Баянгол дүүрэг, 0хаягт байрлах, 7.4м2 хэмжээтэй талбайг нийтийн эзэмшлийн талбай руу оруулан 14.73м2 болгон тэлсэн, хана барьж ашиглаж байгаа, орох гарах хаалгыг барилгын зургаас зөрүүтэй гаргасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, цаашид нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгах, нийтийн эзэмшлийн талбайгаас 7.33м2 талбайг хана барьж, өөрийн эзэмшилд авсныг чөлөөлүүлэх, тухайн хөрөнгийн орох гарах хаалгыг барилгын зургийн дагуу гаргуулахыг даалгах тухай ИИИийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                       Н.ХАНГАЛ