| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/03682/И |
| Дугаар | 102/ШШ2024/00441 |
| Огноо | 2024-01-23 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/00441
| 2024 оны 01 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/00441 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 19250178 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргээр төлбөр авагч “ХХХ” ХХК-д 596,687,800 төгрөгийг төлбөр төлөгч иргэн ИИИболон ИИИнараас гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ИИИоос бүрэн төлбөр гаргуулах ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, ИИИоос төлбөрийг бүрэн төлүүлэхгүй байхыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрмөрөн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 6 сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 19250178 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргээр төлбөр авагч “ХХХ” ХХК-д 596,687,800 төгрөгийг төлбөр төлөгч иргэн ИИИболон ИИИнараас гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа НШШГГ-т явагдаж байна. Уг ажиллагаагаар Монгол улсын Иргэний хууль, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэр, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 11 сарын 12-ны өдрийн хүсэлтийн хариу зэрэгт зааснаар төлбөр төлөгч 2 иргэнээс төлбөрийг 50:50 хувиар тооцон авахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах учиртай. Гэтэл НШШГГ-аас ажиллагаа явуулахдаа зөвхөн иргэн ИИИминий нэр дээрх бүх эд хөрөнгүүдийг битүүмжилж, дуудлага худалдаагаар худалдан борлуулж, тэтгэврийн орлогоос суутгал хийж, 596,687,800 төгрөгийг бүрэн хэмжээгээр гаргуулахаар ажиллаж байгаа нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, хууль бус үйлдэл байх тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх ажиллагаа явуулах үүрэгтэй. Гэтэл МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэр, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хүсэлтийн хариу зэрэгт зааснаар төлбөр төлөгч 2 иргэнээс төлбөрийг 50:50 хувиар тооцон гаргуулах талаар дурдсаар байхад нэг иргэнээс гаргуулахаар ажиллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. НШШГГ-т уг асуудлаар удаа дараа гомдол, хүсэлт гаргасан боловч 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/58 тоот тогтоолоор “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ИИИын өмчлөл, эзэмшилд эд хөрөнгөгүй, мөнгөн орлого тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т заасны дагуу ажиллагаа явагдаж, хууль зөрчөөгүй” гэх тайлбарыг ирүүлсэн. Уг хууль бус ажиллагааны талаар 2023 оны 4 дүгээр сард дахин гомдол гаргасан боловч 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 4/558 тоот мэдэгдэх хуудсаар өмнө шийдсэн тул дахин шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн. Хуульд зааснаар Улсын ерөнхий гүйцэтгэгчид гомдол гаргасанд 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 03/1645 тоот албан бичгээр “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ИИИын өмчлөл, эзэмшилд эд хөрөнгөгүй, мөнгөн орлого тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т заасны дагуу ажиллагаа явагдаж, хууль зөрчөөгүй” гэх тайлбарыг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр и-мэйлээр ирүүлсэн. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үйл ажиллагаа явуулах ёстой байтал, хуулиар эрх олгогдоогүй буюу Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг тайлбарлан, хэрэглэж, мөн төлбөр төлөгч ИИИын хөрөнгөөс хэрхэн төлбөр гаргах ажиллагаа явагдаж байгаа нь тодорхой бус, хөрөнгө эрэн сурвалжлах ажиллагаа хийгдээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн баримт авагдаагүй байхад хууль бус үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу шүүхээс иргэний хөрөнгөтэй эсэх, хөрөнгөө нуун дарагдуулсан эсэх зэргийг тогтоож, харин тухайн асуудлаар шүүхэд хандах эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад олгосон байхад хууль зөрчиж, дур мэдэн, хамтран төлбөр төлөгчийг хөрөнгөгүй гэх үндэслэлээр төлбөр төлөхөөс чөлөөлж, нөгөө төлбөр төлөгчөөс төлбөр гаргуулахаар ажиллаж байна.
Дээрх хууль бус ажиллагааны дагуу зөвхөн ИИИминий эд хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагаа хийгдэж, Иргэний болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Монгол улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчигдөж байна. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 19250178 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргээр, төлбөр авагч “ХХХ” ХХК-д 596,687,800 төгрөгийг төлбөр төлөгч иргэн ИИИболон ИИИнараас гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ИИИоос бүрэн төлбөр гаргуулах ажиллагааг хууль бус болохыг тогтоож, ИИИоос төлбөрийг бүрэн төлүүлэхгүй байхыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын 2018 оны 6 дугаар 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр ИИИ, ИИИнараас 596,687,800 төгрөгийг гаргуулж “ХХХ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250178 дугаар тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч нарын арилжааны банкин дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэх тухай тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлж, өмчлөл эзэмшилд бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг холбогдох төрийн байгууллагуудаас тодруулахад төлбөр төлөгч ИИИын өмчлөлд бүртгэлтэй эрхийн улсын 0 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Төмөр замын 6-1 тоот, 0 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 222 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгүүдийн дугаарыг хүчингүй болгож, хувийн хэрэг бүртгэлийг хаасан байх тул захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх боломжгүй тухай тус дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2019 оны 95 дугаар албан бичгээр ирүүлсэн. Иймд төлөгч ИИИын өмчлөлийн эрхийн улсын Ү-203 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчдын гудамж 222-16 тоот хаягт байрлах 60 м2 талбайтай 2 өрөө орон сууцаас төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч ИИИоос төлбөр гаргуулах ажиллагааг хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэснийг зөрчин мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13-т “Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна” гэж заасныг үндэслэн явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн гаргасан төлбөр гаргуулах ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрийн хуулбар /хх5-23/, Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “Шийдвэр тайлбарлуулах тухай” хүсэлтийн хариуны хуулбар /хх24/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх25/, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хх26/, Голомт банкны дансны хуулга /хх27-56/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мөнгөн гүйлгээний журналын хуулбар /хх57-58/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19250178/148-10 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын хуулбар /хх59/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19250178/148-11 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын хуулбар /хх60/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 19250178/148-12 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолын хуулбар /хх61/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 13/07 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолын хуулбар /хх62/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх63-64/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 4/58 тоот “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай” тогтоолын хуулбар /хх65/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 4/558 тоот хариу мэдэгдэх хуудасны хуулбар /хх66/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 03/1645 тоот “Голдолд хариу өгөх тухай” албан бичгийн хуулбар /хх67/, итгэмжлэл /хх85/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/1565 тоот хариу мэдэгдэх хуудас /хх140/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 13/34 тоот “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоол /хх141/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4-148/25750 тоот мэдэгдэл /хх142/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 181/шз2020/03544 дугаартай захирамжийн хуулбар /хх149/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03/3354 тоот “Голдолд хариу өгөх тухай” албан бичиг /хх150/.
4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 1-148/406 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх74/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1-148/583 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх146/.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: 19250178 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх92-123/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 176 дугаар шийдвэрээр ИИИ, ИИИнараас 588,633,000 төгрөгийг арбитрын зардалд 8,054,800 төгрөгийн хамт гаргуулан “ХХХ” ХХК-д олгохоор болжээ.
2. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1038 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19250178 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
3. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч ИИИнь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:
1/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 19250178 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргээр, төлбөр авагч “ХХХ” ХХК-д 596,687,800 төгрөгийг төлбөр төлөгч иргэн ИИИболон ИИИнараас гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ИИИоос бүрэн төлбөр гаргуулах ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох;
2/ ИИИоос төлбөрийг бүрэн төлүүлэхгүй байхыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах;
4. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.
5. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Арбитрын шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаар хийгдэж буй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12, 242.13 дахь хэсгүүдэд нийцсэн байна. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч ИИИын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 19250178 дугаартай гүйцэтгэлийн хувийн хэргээр төлбөр авагч “ХХХ” ХХК-д 596,687,800 төгрөгийг төлбөр төлөгч иргэн ИИИболон ИИИнараас гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ИИИоос бүрэн төлбөр гаргуулах ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, ИИИоос төлбөрийг бүрэн төлүүлэхгүй байхыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэгч ИИИын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ