Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01100

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/01100

Улаанбаатар хот

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 34 дүгээр хороо, 6 дугаар бичил хороолол, 56 дугаар байр, 19 тоотод оршин суух хаягтай, Бэйсийнхэн ургийн овогт Б

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 32 дугаар байр, 26 тоотод оршин суух хаягтай, Боржигин ургийн овогт С

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 132,056,500 төгрөг гаргуулах;

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 92,880,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч ЦЦ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цолмон

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуяа, Д.Эрдэнэчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунтуул, Б.Баднайсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнхзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ББхолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч ЦЦ дараах агуулгаар тайлбарласан. Үүнд: 2014 онд хариуцагч ББийг сайн үзмэрч гэхээр нь очиж танилцаж байсан. 2017 оны 01 дүгээр сард ББ над руу залгаж “...байр худалдаж авах гээд урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна, сарын 10 хувийн хүүтэй зээлмээр байна, эгч нь чамайг сахиусандаа насан туршдаа даатгаж явна, эгчдээ тус болооч” гэж хэлж байсан. Ийм учиртайгаар анх бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээд явж эхэлсэн. Ингээд бидний хооронд дараах зээлийн гэрээнүүд байгуулагдсан ба тооцооллын хувьд тайлбарлахад:

Нэг. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот зээлийн гэрээний хувьд: Дээрх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ба нэг сарын хүү нь 10 хувь болно. Уг гэрээний дагуу би нийт 38,400,000 төгрөгийн хүүг хариуцагчаас хүлээн авсан /12 сар х 3,200,000 төгрөг/. Уг гэрээний дагуу 32,000,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй.

Хоёр. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 67 тоот зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтийн ба хугацаа сунгалт/-ний хувьд: Уг гэрээгээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 32,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл дээр хариуцагч нь нэмж 21,350,000 төгрөгийг зээлж авсан.  Би энэ гэрээний дагуу хариуцагчаас 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 83,226,000 төгрөгийг зээлийн гэрээний хүүнд тооцож авсан /53,350,000х6.5 хувь/. Уг гэрээний зээлийн үлдэгдэл төлбөр буюу үндсэн зээл 53,350,000 төгрөг төлөгдөөгүй. 

Гурав. 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  №314 тоот зээлийн гэрээний хувьд: Уг гэрээний дүн нь 20,000,000 төгрөг ба сарын хүү нь 6 хувь. Уг гэрээний дагуу би хариуцагчаас үндсэн зээл болох 20,000,000 төгрөгийг аваагүй. Харин 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны хүүнд 14,400,000 төгрөг авах ёстойгоос 11,074,000 төгрөг авсан /20,000,000 төгрөг х 6 хувь/

Дөрөв. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 53,350,000 төгрөгийн үнэ бүхий №137 тоот зээлийн гэрээний хувьд: 

Зээлийн гэрээний хүүг бид сарын 5 хувиар тохирсон. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл тооцоход хариуцагчаас нийт 64,020,000 төгрөгийг зээлийн хүүнд авах ёстой /53,350,000 төгрөг х5 хувь=2,667,500 төгрөг нь нэг сарын хүү. 2,667,500 төгрөг х 24 сар=64,020,000 төгрөг/.

Тав. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээний сунгалт” /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/ №138 тоот гэрээний хувьд: Зээлийн гэрээний хүүг бид сарын 5 хувиар тохирсон. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тооцоход хариуцагчаас нийт 24,000,000 төгрөгийг зээлийн хүүнд авах ёстой /20,000,000 төгрөг х5 хувь=1,000,000 төгрөг нь нэг сарын хүү. 1,000,000 төгрөг х 24 сар=24,000,000 төгрөг/.

Зургаа. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №384 тоот 73,350,000 төгрөгийн зээлийн гэрээ: Зээлийн гэрээний хүүг бид сарын 5 хувиар тохирсон. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл тооцоход хариуцагчаас нийт 29,340,000 төгрөгийг зээлийн хүүнд авах ёстой /73,350,000 төгрөг х5 хувь=3,667,500 төгрөг нь нэг сарын хүү. 3,667,500 төгрөг х 8 сар=29,340,000 төгрөг/.

Долоо. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №111 тоот 53,350,000 төгрөгийн  “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний хувьд: Зээлийн гэрээний хүүг бид сарын 5 хувиар тохирсон. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс гэрээ цуцлагдах хүртэл 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тооцоход хариуцагчаас 8,002,500 төгрөгийг зээлийн хүүнд авах ёстой /53,350,000 төгрөг х5 хувь=2,667,500 төгрөг нь нэг сарын хүү. 2,667,500 төгрөг х 3 сар=8,002,500 төгрөг/.

Нэхэмжлэгч нь хариуцагч ББээс нийт буцаан төлөгдөөгүй үндсэн зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл 73,350,000 төгрөг, зээлийн хүүнд 29,442,000 төгрөг, алданги 26,514,500 төгрөг, бичгээр байгуулаагүй зээлсэн төлбөрийн үлдэгдэл 2,750,000 төгрөг, нийт  132,056,500 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 132,057,000 төгрөг гэж буруу бичсэн бөгөөд одоо нэхэмжилж байгаа мөнгөн дүн нь 132,056,500 төгрөг болно. Уг мөнгийг хариуцагчаас зээлийн гэрээнүүдийн үүрэгт гаргуулж өгнө үү. 

Үндсэн зээлийн тооцоолол:

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 32,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 67 тоот зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтийн ба хугацаа сунгалт/-ний үндсэн зээл 21,350,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  №314 тоот зээлийн гэрээний үндсэн зээл болох 20,000,000 төгрөг, нийт хариуцагчийн төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 73,350,000 төгрөг байна. 

Зээлийн хүүгийн тооцоолол:

1/ 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 53,350,000 төгрөгийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээний сунгалт” /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/ №138 тоот гэрээ,   2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №384 тоот 73,350,000 төгрөгийн зээлийн гэрээнүүдийн дагуу би нийт 117,360,000 төгрөгийн зээлийн хүүнд авах ёстой. Би 2020-2022 оны 4 дүгээр сарын хооронд 17,330,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сарын хооронд 75,700,000 төгрөгийг хариуцагчаас авсан. Ингэхээр үлдэгдэл нь 24,330,000 төгрөгийн зээлийн хүүг төлөх ёстой. Гэхдээ би зээлийн хүүнд гэрээний дагуу хариуцагчаас зөвхөн 21,440,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.  

2/  2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №111 тоот 53,350,000 төгрөгийн  “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс гэрээ цуцлагдах хүртэл 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааны хүү  8,002,500 төгрөг нэхэмжилнэ. Нийт нэхэмжилсэн хүү 29,442,000 төгрөг болж байгаа.

Алдангийн тооцоолол:

1/ 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №384 тоот 73,350,000 төгрөгийн зээлийн гэрээгээр алдангийг 0.3 хувиар тооцсон ба нэг өдрийн алданги нь 220,000 төгрөг /73,350,000 төгрөг х 0.3 хувь/. 220,000 төгрөгийг 63.2 хоногоор тооцоход 13,910,000 төгрөг болсон. Уг 13,910,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн 2023 оны 01-3 дугаар сард төлсөн 1,800,000 төгрөгийг хасахад 12,110,000 төгрөг болж байгаа.

2/ 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №111 тоот 53,350,000 төгрөгийн  “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-гээр нэг өдрийн алдангийг 0.3 хувиар тооцсон ба нэг өдрийн алдангийн хэмжээ 160,050 төгрөг /53,350,000х0.3 хувь/. Уг мөнгийг алданги тооцсон 90 хоногоор үржүүлэхэд 14,404,500 төгрөг. Ингээд 2 алдангийг нэмэхэд нийт 26,514,500 төгрөг болж байгаа.   

Бичгээр гэрээ байгуулахгүй шилжүүлсэн мөнгөний тооцоолол:

Нэхэмжлэгч нь хариуцагч ББийн данс руу нийт 9 удаагийн гүйлгээгээр 95,150,000 төгрөгийг шилжүүлсэн. Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 32,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21,350,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18,850,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг. Би хариуцагчид зарим мөнгийг зээлийн гэрээгээр, зарим мөнгийг зүгээр туслалцаа үзүүлэх журмаар ямар нэг гэрээ байгуулахгүй, хүү, алданги тооцохгүй шилжүүлж байсан. Ингээд нийт 95,150,000 төгрөгийг хариуцагч руу шилжүүлснээс 19,050,000 төгрөгийг ямар нэг хүү тооцолгүй буцааж авсан. Үлдэх 76,100,000 төгрөг /95,150,000 төгрөг-19,050,000 төгрөг/ -өөс 73,350,000 төгрөгт ногдох хэсэг дээр нь дээр дурдсан зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Харин үлдэх 2,750,000 төгрөг дээр нь гэрээ байгуулаагүй, зүгээр зээлсэн мөнгөний үлдэгдэл байна. Уг 2,750,000 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Хариуцагч ББ нь нэхэмжлэгчид зээлийн гэрээ үргэлжлэх хугацаанд нийт 205,080,000 төгрөгийг буцаан төлсөн талаар маргахгүй гэжээ. 

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ЦЦ нь ашиг олох зорилгоор маш өндөр хувийн хүүтэй зээлийг ББолгож, үүнийгээ байнгын ажил болгож, хууль бусаар зээлийн үйл ажиллагаа эрхлэн орлого олсон. Тэрээр зээлдэгчийн гачигдсан байдлыг далимдуулан түүнд илт хохиролтойгоор, бодит тооцоололгүй, маш өндөр хувийн хүүтэй зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалт, нэмэлт өөрчлөлт зэрэг гэрээнд гарын үсэг зуруулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч ББ нь нэхэмжлэгч ЦЦтэй нийтдээ 7 гэрээг бичгээр байгуулсан. Хариуцагчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот зээлийн гэрээний дагуу 32,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 67 тоот зээлийн гэрээний дагуу 21,350,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №314 тоот зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг тус тус бодитоор хүлээн авсан талаараа маргахгүй. Гэхдээ хариуцагч ББ нь бодитоор авсан буюу эхний 3 гэрээний үүргүүдээ бүрэн төлж дуусгасан.

Тодруулбал, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 32,000,000 төгрөг, 12 сарын хүү 38,400,000 төгрөг, нийт 70,400,000 төгрөгийг буцаан төлсөн. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний дагуу 21,350,000 төгрөгийг шинээр нэмж авсан ба уг мөнгийг буцаан төлсөн. Уг гэрээний хугацааг хуульд заасны дагуу сунгаагүй, мөн шинээр хүү, алданги тохироогүй. Ийм учраас уг гэрээний дагуу төлөх үүрэг нь 21,350,000 төгрөг, уг мөнгө төлөгдсөн. 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  №314 тоот, 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1 жилээр гэрээг байгуулсан. Гэрээний дагуу мөнгө нь тухайн өдрөө орж ирээгүй. Гэхдээ хариуцагч энэ талаар маргахгүй, харин хүлээсэн үүргээ бүрэн төлсөн. 

Үлдэх буюу 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 53,350,000 төгрөгийн үнэ бүхий гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20,000,000 төгрөгийн “Зээлийн гэрээний сунгалт” /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/ №138 тоот гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №384 тоот 73,350,000 төгрөгийн зээлийн гэрээ,  2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №111 тоот 53,350,000 төгрөгийн  “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдийн дагуу хариуцагч ямар ч зээлийн мөнгийг хүлээж аваагүй. Учир нь нэхэмжлэгч нь сүүлийн гэрээнүүдийг ББийг дарамтанд оруулах, нэр төрд нь халдана гэж заналхийлэх байдлаар хүчээр байгуулсан, гэрээний хугацаа сунгалтуудыг дандаа нөхөж хийсэн ба энэ нь хуульд нийцэхгүй. Тодруулбал, ЦЦ нь зээлдэгч ББийг үзмэрч, олон нийтэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг ажил байдлыг мэдэх тул “ажил дээр чинь очно, олон нийтийн хэрэгслээр нэр хүндэд чинь халдана” гэх мэтээр сэтгэл зүйн дарамт үзүүлэх, айлгах сүрдүүлэх байдлаар, зөвхөн өөрийн хийж тооцоолсон дүнтэй маш өндөр буюу 5-10 хувийн хүүтэй зээл болон хугацаа сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэх гэрээ байгуулахыг ББтулгасан.

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 77 удаагийн гүйлгээгээр 205,080,000 төгрөгийг ББ нь нэхэмжлэгчид төлсөн. Харин нэхэмжлэгч ЦЦ нь хариуцагч руу нийтдээ 95,150,000  төгрөгийг шилжүүлсэн байдаг. 

Манай зүгээс нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг болон 800,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18,850,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг буюу зээлдүүлэгч ЦЦгээс хэсэгчлэн шилжүүлж авсан нийт 41,800,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй хүлээн авсан учир зээлийн хүү төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Эдгээр зээлийн төлбөрт 41,800,000 төгрөгийг буцаан төлсөн. Ийнхүү нэхэмжлэгч ЦЦгээс авсан 73,800,000 төгрөгийн зээлийн төлбөрт 112,200,000 төгрөг төлсөн учир талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, ББийн зээлийн гэрээний үүрэг 112,200,000 төгрөгийн хэмжээгээр дуусгавар болсон байтал, ЦЦ нь 205,080,000 төгрөг шилжүүлэн авсан тул зөрүү 92,880,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үндэслэлтэй байна. ББ нь энэхүү илүү төлсөн 92,880,000 төгрөгийг ЦЦгээс гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байгаа болно. Иймд зээлийн төлбөр дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ББ миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр иргэн ЦЦтэй зээлийн гэрээг бичгээр байгуулан 32,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай авсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг болон 800,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18,850,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг буюу 41,800,000 төгрөгийг ЦЦгээс дансаар хүлээн авсан. Ингэснээр зээлдэгч ББ би зээлдүүлэгч ЦЦгээс нийлбэр дүнгээр нийт 73,800,000 төгрөг хүлээн авсан бол зээлдүүлэгч ЦЦ нь 2017-2023 оны 4 дүгээр сарын хооронд надаас 205,080,000 төгрөг шилжүүлэн авсан. Харин бодит байдал дээрх 73,800,000 төгрөгийн зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл, хүүгийн хамт нийт 112,200,000 төгрөг төлснөөр миний хувьд зээлдүүлэгч ЦЦгийн өмнө хүлээх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл зээлдүүлэгч ЦЦ нь зээлийн төлбөрт 92,880,000 төгрөгийг надаар илүү төлүүлсэн бөгөөд мөн ийнхүү илүү төлсөн байхад ч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй хэмээн үндсэн зээл, зээлийн хүү нэмж төл гэж байгаа нь үндэслэлгүй. ЦЦгээс авсан 73,800,000 төгрөгийн зээлийн төлбөрт 112,200,000 төгрөг төлсөн тооцооллыг дараах байдлаар гаргаж байна. Үүнд: зээлдэгч ББ нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1 жилийн хугацаатай 10 хувийн хүүтэй авсан 32,000,000 төгрөгийн зээлийг түүний хүү болох 38,400,000 төгрөгийн хамт нийт 70,400,000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөн тул уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг болон 800,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18,850,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг буюу зээлдүүлэгч ЦЦгээс хэсэгчлэн шилжүүлж авсан нийт 41,800,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, зээлийн хүү төлөх үндэслэлгүй. Эдгээр зээлийн төлбөрт 41,800,000 төгрөгийг буцаан төлсөн. Ийнхүү нийт 112,200,000 төгрөг төлснөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний төлбөр төлөх үүрэг дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл, ББийн зээлийн гэрээний үүрэг 112,200,000 төгрөгийн хэмжээгээр дуусгавар болсон байтал, ЦЦ нь 205,080,000 төгрөг шилжүүлэн авсан тул зөрүү 92,880,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна. Гэтэл ЦЦ нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт/хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/, 2022 оны 4 дүгээр сарын сарын 04-ний өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар “үндсэн зээлийн үлдэгдэл 53,350,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 35,350,000 төгрөг буюу нийт төлбөр 88,700,000 төгрөг төлнө гэж тооцож, энэ дүнгээр үлдэгдэл зээлийн төлбөр болон нэмж зээлийн хүү төлөхийг нэхэмжлэгч ББээс шаардаж байгаа нь хууль бус бөгөөд зээлдэгчийг илтэд хохироож байна. ББ нь ЦЦтэй зөвхөн 2017 оны 01 дүгээр сарын сарын 11-ний өдөр 32,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлийн гэрээг бичгээр байгуулж 32,000,000 төгрөгийг хүлээн авсан. Харин бусад бичгээр байгуулсан гэх гэрээнүүдийн дагуу тухайн хугацаанд мөнгө бодитоор хүлээн аваагүй, зээлдүүлэгчийн хийсвэр тооцооллын дагуу бичигдсэн гэрээнүүд болно. ББ би нэгэн Төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг бөгөөд олон нийтэд чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг ажил байдлыг маань хариуцагч ЦЦ мэдэх тул “ажил дээр чинь очно, олон нийтийн хэрэгслээр нэр хүндэд чинь халдана”, Солонгосын визэнд орох гэж байгаа болохоор авлагатай мэтээр баримт хэрэгтэй гэх мэтээр надад сэтгэл зүйн дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэх байдлаар, зөвхөн өөрийн хийж тооцоолсон дүнтэй, маш өндөр буюу 5-10 хувийн хүүтэй зээл болон хугацаа сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэх гэрээнд гарын үсэг зуруулсныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хариуцагч ЦЦ нь ашиг олох зорилгоор маш өндөр хувийн хүүтэй зээлийг бусдад олгож, үүнийгээ байнгын ажил болгож, хууль бусаар зээлийн үйл ажиллагаа эрхлэн орлого олж байх бөгөөд миний гачигдсан байдлыг далимдуулан зээлдэгчид илт хохиролтойгоор бодит тооцоололгүй, маш өндөр хувийн хүүтэй зээлийн гэрээ, зээлийн гэрээний сунгалт, нэмэлт өөрчлөлт зэрэг гэрээнд гарын үсэг зуруулсан. Түүнчлэн дэлхий дахинд тархсан Ковид 19 цар тахлын хүнд хэцүү цагт Монгол улс даяар хөл хорио тогтоон үйл ажиллагаа зогсоосон үед, төрөөс гамшгийн эсрэг хууль батлан зээл, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг бүхий л аж ахуйн нэгж, байгууллага иргэнд үзүүлэх талаар зохих арга хэмжээ авч байх үед ч зээлдүүлэгч ЦЦ нь зээлийн төлбөрөө нэхэж, өндөр хувийн хүү төлөхийг надаас шаардаж ирсэн. Миний бие зээлийн төлбөрт илүү төлсөн 92,880,000 төгрөгийг ЦЦд төлөхийн тулд банк, ББСБ болон иргэдээс зээл авсан бөгөөд үүний улмаас зээл, зээлийн хүү, алдангийн дарамтад орж, сэтгэл санаа, эд хөрөнгийн хувьд хохирол хүлээгээд байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу миний бие нь ЦЦгээс 73,800,000 төгрөг авсан тул энэ хэмжээгээр мөнгийг буцаан төлсөн. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “нэг удаагийн шинжтэй,эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж заасны дагуу зээлийн хүүнд 34,800,000 төлсөн бөгөөд үүнээс илуү хэмжээгээр хүү төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч би үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн. Иймд зээлийн гэрээний үүргээс илүү төлөлт болох 92,880,000 төгрөгийг ЦЦгээс гаргуулж ББолгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ББ гэгч этгээдэд хүний сайхан сэтгэлээр хандаж, түүний үгэнд итгэж удаа дараа зээл олгосон.  “Эгч нь ажлын байраа өөрийн өмчлөлд авах гэсэн юм” гэж хэлэхэд нь өөрөө байрны зээлтэй хүнд хэцүү нөхцөлд амьдарч байсан ч гэсэн анх 32,000,000 төгрөг зээлсэн. Үүний дараа ББ 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “...эгч нь Олимп хотхонд байр авсан, түүний мөнгийг яаралтай өгөх хэрэгтэй байна” хэмээн намайг гуйж өмнөх 32,000,000 төгрөгийн зээлээ огт төлөөгүй, зөвхөн хүүг нь төлж байсан мөртлөө нэмж 21,350,000 төгрөгийг зээлж авсан. Ийнхүү нийт 2 удаагийн зээлийн гэрээгээр 53,350,000 төгрөгийг надаас зээлж аваад, хоёр зээлийн үндсэн зээлийг төлөөгүй мөртлөө 3 дахь удаагаа дахин зээлийн гэрээ байгуулж, 2019 оны 3 дугаар сарын 25 болон 26-ны өдрүүдэд нийт 21,850,000 төгрөгийг надаас зээлж авсан. Ийнхүү 3 дахь удаагаа дахин зээлийн гэрээг надтай байгуулахдаа “...хөрш айл маань өөрсдийн орон сууцаа маш хямд зарах гэж байна, ...чи эгчдээ тус болооч” хэмээн бас л уйлан дуугарч байгаад авсан. Үүнээс гадна ББ нь надтай албан ёсоор зээлийн гэрээ байгуулахгүйгээр 15,000,000 төгрөгийг зээлж авч байсан бөгөөд энэхүү мөнгийг маань бүхэл бүтэн 4 сарын турш өөртөө ашиглаж, иргэн надад ямар нэгэн хүү төлөхгүйгээр  2019 3 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд буцаан өгч байсан. Мөн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр надаас 800,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 3,000,000 төгрөгийг тус тус зээлэн авч байсан. Би хариуцагчтай хууль нийцсэн гэрээ байгуулсан, өөрөө ашиглаад явах боломжтой мөнгөө харин ч хариуцагчид зээлээд явсан, харин эсрэгээрээ авах ёстой мөнгөө хариуцагчаас аваагүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч ямар нэг байдлаар илүү мөнгө төлөөгүй гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас, хх5/, зээлийн гэрээний сунгалтын хуулбар /1 хавтас, хх7/, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар /1 хавтас, хх8, 10/, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /1 хавтас, хх9/, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /1 хавтас, хх11-12/, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар /1 хавтас, хх13-14/, зээлийн гэрээний сунгалтын хуулбар /1 хавтас, хх15/, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /1 хавтас, хх16/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /1 хавтас, хх17-21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хавтас, хх22/, хүүхдийн төрсний гэрчилгээ /1 хавтас, хх23-24/, Хас банкны дансны хуулга /1 хавтас, хх25/, Хаан банкны депозит дансны хуулга /1 хавтас, хх144-151/, зээлийн эргэн төлөлтийн тооцоо /1 хавтас, хх152-156/, 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 1060018795 дугаартай зээлийн гэрээний хуулбар /1 хавтас, хх194-196/, 1060018795 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт /1 хавтас, хх197/, Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /1 хавтас, хх198-200/, Хас банкны дансны хуулга /1 хавтас, хх201-202/, өмгөөлөгч Б.Цолмонгийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /1 хавтас, хх227-229/, Гүн-шим мэргэжлийн сургалтын төвийн үнэмлэх /1 хавтас, хх249/, нэхэмжлэгчийн тооцооны хүснэгт /2 хавтас, хх1-2/. 

 

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1 хавтас, хх30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтас, хх31/, Хаан банкны депозит дансны хуулга /1 хавтас, хх36-106/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хавтас, хх107/, хариуцагчийн тооцооны хүснэгт /1 хавтас, хх234/, итгэмжлэл /1 хавтас, хх240/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/шз2023/09370 тоот захирамжийн хуулбар /1 хавтас, хх250/, хариуцагчийн тооцооны хүснэгт /2 хавтас, хх3-15/.

 

7. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/10984 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх 58/.  

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан байна. Үүнд:

 

1. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлдүүлэгч ЦЦ болон зээлдэгч ББ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд: 

1/ Зээлийн хэмжээ: 32,000,000 төгрөг;

2/ Зээлийн хугацаа: 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр;

3/ Зээлийн хүү 10 хувь /1 хавтас, хх8, 10/.

 

2. 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ЦЦ болон ББ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтийн ба хугацаа сунгалт/. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирчээ. Үүнд: 

1/ Зээл өгөгч ЦЦ болон зээл авагч ББ нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 32,000,000 төгрөгийн зээлийн гэрээн дээр нэмж 21,350,000 төгрөгийг зээлдүүлнэ.

2/ Зээлийн гэрээний хүү 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 6.5 хувь байна.

3/ Зээл өгөгч ЦЦ, зээл авагч ББ нарын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл сунгана /1 хавтас, хх9/.

 

3. 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлдүүлэгч ЦЦ болон зээлдэгч ББ нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд: 

1/ Зээлийн хэмжээ: 20,000,000 төгрөг;

2/ Зээлийн хугацаа: 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр;

3/ Зээлийн хүү: 6 хувь;

4/ Зээлдэгч нь зээл болон зээлийн хүүг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги хоног тутамд тооцож төлнө/хх16/.

 

4. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлдүүлэгч ЦЦ болон зээлдэгч ББ нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээний сунгалт” /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд: 

1/ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 28 тоот гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 67 тоот гэрээгээр нэмэлт санхүүжилт хийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан.

2/ Энэ гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгаж байна.

3/ 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн сунгалтын гэрээ ёсоор зээлийн үлдэгдэл 53,350,000 төгрөг бөгөөд үндсэн зээлээс төлөгдөөгүй, харин зээлийн хүүг сарын 6.5 хувиар тооцон бүрэн төлсөн.

4/ Энэхүү сунгалтын гэрээг байгуулсан өдрөөс эхлэн зээлийн хүүг сарын 5 хувиар тооцно /1 хавтас, хх7/.

 

5. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлдүүлэгч ЦЦ болон зээлдэгч ББ нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээний сунгалт” /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд: 

1/ 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 314 тоот гэрээний хугацааг 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгаж байна. Гэрээ ёсоор зээлийн хэмжээ 20,000,000 төгрөг хэвээр бөгөөд үндсэн зээлээс төлөгдөөгүй, харин зээлийн хүүг сарын 5 хувиар тооцохоор 2 тал тохиролцов /1 хавтас, хх15/.

 

6. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ЦЦ болон ББ нарын хооронд байгуулагдсан “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд: 

1/ Зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт тухай, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 67 тоот, гэрээгээр 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот гэрээнд зээлийн гэрээний хүүг сарын 6.5 хувь болгож, нэмэлт санхүүжилт 21,350,000 төгрөг нэмж, хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 2 жилээр сунгасан. Нийт зээлийн хэмжээ 53,350,000 төгрөг болж өөрчлөгдсөн.

2/ 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 137 тоот нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгаж, зээлийн хүүг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдоөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 6.5 хувиар тооцон бүрэн төлсөн. Сунгалтын гэрээ байгуулсан өдрөөс эхлэн зээлийн хүүг 5 хувь болгон өөрчилсөн.

3/ 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 138 тоот гэрээгээр 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 314 тоот зээлийн гэрээг мөн өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар сунгаж, хүүгийн хэмжээг 5 хувь болгон өөрчилсөн. 20,000,000 төгрөгийн үндсэн зээл хэвээр байгаа тул 1, 2 дугаар үндсэн зээлийн гэрээний нийт төлөх дүн 73,350,000 төгрөг болсон. Төлөгдөөгүй хүүгийн хэмжээ нь анх гэрээ байгуулсан өдрөөс эхлэн уг гэрээг байгуулсан өдөр хүртэл 67,800,000 төгрөг болсон. Нийт төлбөр 141,150,000 төгрөг.

4/ Хүндэтгэн үзэх хувийн шалтгаан болон коронагийн үеийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа хойшлогдсон. Энэхүү гэрээгээр үндсэн зээл болон зээлийн хүүнд өөрчлөлт ороогүй, алданги хэвээр. Сар бүр 18,000,000 төгрөгийн төлөлт хийхээр тохиролцож, гэрээг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгаж байна. Хугацаандаа төлж дууссан тохиолдолд энэ өдрөөс хойш гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд хүү тооцохгүй, харин алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар тооцохоор өөрчлөлт оруулж байна /1 хавтас, хх13/.

7. 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЦЦ болон ББ нарын хооронд байгуулагдсан “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд: 

1/ 2017 оны гэрээнд 1 жил, 2018 оны нэмэлт гэрээнд 2 жил, 2020 оны нэмэлт гэрээнд 2 жил, 2022 оны нэмэлт гэрээнд 8 сарын хугацаатайгаар сунгасан.

2/ Зээлийн гэрээнд 32,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны нэмэлт гэрээнд 21,350,000 төгрөг. Гэрээг дүгнэхэд үндсэн зээл 53,350,000 төгрөг, төлөгдөөгүй хүү 35,350,000 төгрөг. Нийт төлбөр 88,700,000 төгрөг болно гэжээ.   

 

Хоёр.

 

1. 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч ЦЦ дараах шаардлагыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

 

1/ Хариуцагч ББээс нийт буцаан төлөгдөөгүй үндсэн зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл 73,350,000 төгрөг, зээлийн хүүнд 29,442,000 төгрөг, алданги 26,514,500 төгрөг, бичгээр байгуулаагүй зээлсэн төлбөрийн үлдэгдэл 2,750,000 төгрөг, нийт 132,056,500 төгрөгийг гаргуулах. 

 

2. Хариуцагч “...зээлийн гэрээний дагуу хүлээн авсан мөнгийг тохирсон хүүгийн хамт буцаан бүрэн төлсөн”, “...зээлийн гэрээнүүдийн хугацааг зохих журмын дагуу сунгаагүй учир их хэмжээний хүү нэхэмжлэх боломжгүй”, “...зээлийн хүүг хэт өндөр тавьсан, ...зээлийн төлбөрийг илүү төлсөн” гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн, улмаар дараах агуулга бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Үүнд:

 

1/ Зээлийн гэрээний үүргээс илүү төлөлт болох 92,880,000 төгрөгийг ЦЦгээс гаргуулах. 

 

Гурав.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлүүдээр үндсэн болоод сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэл:

 

1. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтийн ба хугацаа сунгалт/, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээний сунгалт” /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Зээлийн гэрээний сунгалт” /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдийг байгуулсан талаар маргаагүй.

 

Мөн нэхэмжлэгч ЦЦ нь хариуцагч ББийн данс руу 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 32,000,000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 21,350,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 18,850,000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 1,050,000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөг буюу нийт 9 удаагийн гүйлгээгээр 95,150,000 төгрөгийг шилжүүлсэн болон хариуцагч ББийн зүгээс нийт 205,080,000 төгрөгийг нэхэмжлэгч ЦЦ рүү буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаангүй байна.

 

Харин зохигчид дээрх гэрээнүүдийн дагуу мөнгө бодитоор шилжсэн, гэрээнүүдийн хугацаа сунгагдсан, гэрээний үүрэг биелэгдсэн эсэх талаар маргасан.   

 

2. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг, мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгүүдээр зохицуулжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэжээ. 

 

3.Шүүхээс дараах байдлаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон, мөн гэрээний хугацааг хуульд нийцүүлэн сунгаагүй байна гэж үзэв. Үүнд:

 

1/ 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот, 32,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд: Дээрх гэрээний хугацаа, зээлийн хэмжээ, зээлийг хүлээн авсан талаараа хариуцагч тал маргаагүй ба гэрээний дагуу хариуцагч ББийн хүлээсэн үүрэг нийт /үндсэн зээл 32,000,000 төгрөг, 12 сарын хүү 38,400,000 төгрөг/ 70,400,000 төгрөг байна.

 

Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болохыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан бөгөөд нэхэмжлэгчийн ББэй байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр бүрэн төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан ББийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

2/ 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтийн ба хугацаа сунгалт/-ний хувьд: Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7-д “хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасан. Зээлийн гэрээний харилцаанд гэрээний оролцогчид харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээгээр тогтоосон хугацааг өөрчлөх буюу сунгах боломжтой, энэ нь гэрээний нөхцөлийг өөрчлөх тухай ойлголт юм.

 

2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дууссан ба 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр талуудын байгуулсан №67 тоот зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтийн ба хугацаа сунгалт/-ний заалт, байгуулсан хугацаанаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй. 

 

Түүнчлэн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр талуудын байгуулсан №67 тоот зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтийн ба хугацаа сунгалт/-ний дагуу ЦЦ нь 21,350,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн ба гэрээний агуулгаас үзэхэд талууд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүү тохирсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Уг байдлыг энэхүү гэрээний дагуу ББийн хүлээсэн үүрэг 21,350,000 төгрөг гэж, мөн зээлдэгч ББийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дууссан гэж үзэхээр байна.

  

3/ 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн  №314 тоот, 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хувьд: Дээрх гэрээний хугацаа, зээлийн хэмжээ, зээлийг хүлээн авсан эсэх талаар хариуцагч тал маргаагүй ба гэрээний дагуу хариуцагч ББийн хүлээсэн үүрэг нийт /үндсэн зээл 20,000,000 төгрөг, 12 сарын хүү 14,400,000 төгрөг/ 34,400,000 төгрөг байна.

 

Хариуцагч ББ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан түүний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

4/ Харин 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээний сунгалт” /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Зээлийн гэрээний сунгалт” /хугацаа сунгалт болон зээлийн хүүгийн хэмжээг өөрчлөх тухай/, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-нүүдийн заалт, агуулгыг хэрэгт авагдсан дансны хуулга, бусад бичгийн баримтуудтай харьцуулан судлахад эдгээр гэрээнүүдийн дагуу мөнгө бодитоор шилжээгүй, шинээр бие даасан гэрээ байгуулсан гэхээс илүүтэй талууд өмнө байгуулагдсан гэрээнүүдийг дүгнэсэн, Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт заасан журмын дагуу гэрээний сунгалтыг хийгээгүй учир хүү шаардах эрхээ алдсан гэж үзэхээр байна.

 

Мөн нэхэмжлэгч гэрээний хариуцлага болох алдангийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №384 тоот 73,350,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №111 тоот 53,350,000 төгрөгийн “Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний дагуу шаардсан ба эдгээр гэрээнүүдийн дагуу зээл бодитоор шилжээгүй учир алданги шаардах эрхгүй. 

Дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот, 32,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ /гэрээний нэмэлт санхүүжилтийн ба хугацаа сунгалт/, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн №314 тоот зээлийн гэрээний дагуу хариуцагч ББийн нийт хүлээсэн үүрэг 111,750,000 төгрөг байх бөгөөд хариуцагч ББийн зүгээс нийт 205,080,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн.

 

Иймд хариуцагч ББээс  үндсэн зээлийн үлдэгдэл 73,350,000 төгрөг, зээлийн хүү 29,442,000 төгрөг, алданги 26,514,500 төгрөг, бичгээр байгуулаагүй зээлсэн төлбөрийн үлдэгдэл 2,750,000 төгрөг, нийт 132,056,500 төгрөг гаргуулах тухай ЦЦгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. 

 

Сөрөг нэхэмжлэл:

 

1. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт “Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж зохицуулсан байдаг.

 

2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ үргэлжлэх хугацаанд хариуцагч ББ сайн дурын үндсэн дээр зээлийн төлбөр болон зээлийн хүүг хүлээн зөвшөөрч төлсөн учир илүү төлсөн мөнгийг буцаан шаардах эрхгүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзэв. 

  

Дөрөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 976,185 төгрөг, хариуцагчаас төлсөн 622,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ББээс 132,056,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ЦЦгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч ЦЦгээс 92,880,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ББийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 976,185 төгрөг, хариуцагчаас төлсөн 622,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ