| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Хангал |
| Хэргийн индекс | 102/2023/04301/И |
| Дугаар | 102/ШШ2024/01388 |
| Огноо | 2024-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/01388
| 2024 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/01388 | Улаанбаатар хот |
|
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 11 дүгээр байр, 46 тоотод оршин суух хаягтай, Цоохор мууд ургийн овогтой Ма
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюуш өргөн чөлөө гудамж, 1 дүгээр байр, 26 тоотод оршин суух хаягтай, Олхунуд ургийн овогтой
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 11-46 тоотод оршин байх, “
Нэхэмжлэлийн шаардлага: “ММ” НҮТББ-ийн нэр болон бэлгэ тэмдгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтбаяр
Хариуцагч ЭЭ
Хариуцагч “ММ” холбооны төлөөлөгч Ж.Ганболд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч ЭЭ, “ММ” холбоо НҮТББ нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
“ММ” НҮТББ-ийг төлөөлж НН миний бие ЭЭтай 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр “ММ” НҮТББ нь хөл бөмбөгийн багийг бэлдэж ЭЭад хүлээлгэн өгч, ЭЭ нь гэрээний үнэ болон 50,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон. Мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “ММ” НҮТББ-т харьяалагдах нэр болон бэлэг тэмдгийг 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс 1 жилийн хугацаанд буюу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн хүртэл ашиглахаар харилцан тохиролцсон.
Ингээд гэрээнд заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс хойш “ММ" НҮТББ-ийн нэр болон бэлэг тэмдгийг буцаан шилжүүлж өгөхийг удаа дараа амаар тавьсан боловч хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй, ямар нэгэн үйлдэл хийхгүй байсаар байна.
Иймд 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу тус “ММ” НҮТББ-ийн нэр болон бэлэг тэмдгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ЭЭ шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч НН гэдэг хүнийг танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй. ННын ах М.Булганбаатар бид хоёр анх тохиролцон уг клубийг зарж худалдах, худалдан авах гэрээ хийсэн, гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Ер нь бол төрийн бус байгууллагын нэр, тэмдгийг худалдан борлуулж болохгүй. Тэгээд ч уг төрийн бус байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу шилжигдсэн. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагч “ММ” холбоо НҮТББ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хийсэн “Худалдах, худалдан авах гэрээ”-ний зорилго нь удирдах зөвлөлийн эрх шилжүүлэх, түүнийг 50,000,000 төгрөгөөр үнэлж талууд харилцан тохиролцож тус гэрээг байгуулан гэрээний эрх үүргээ биелүүлэн удирдах зөвлөлийн эрх шилжүүлэгдсэн. “ММ” гэдэг НҮТББ-ийн нэр тухайн гэрээний үнэлгээнд орсон нэр томьёо, салшгүй үнэт зүйл гэж үзэж байна. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “гэрээ 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр байна” гэсэн. Тэгэхээр гэрээний хугацаа гэрээ хийсэн өдрөө дуусгавар болсон гэж үзэж байна. Мөн тус гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т тус ТББ-т харьяалагдах нэр болон бэлэг тэмдгийг 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс нэг жилийн хугацаанд ашиглана. Манай ТББ байгууллага нь гэрээнд заасан үүргээ биелүүлж нэг жилийн хугацаанд ашигласан. Гэрээнд нэг жил ашигласны дараа буцаан шилжүүлэх, гуравдагч этгээдэд шилжүүлэх тухай дурдаагүй. Бид нарын хувьд гэрээний заалтыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх4/, худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх5-7/, “ММ” холбоо НҮТББ-ын дүрмийн хуулбар /хх8-11/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /12-13/.
5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 9/845 тоот албан бичиг, хавсралт /хх36-78/.
6. Хариуцагч нараас бичгийн нотлох баримт өгөөгүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. “ММ” НҮТББ-ыг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр НН, М.Мягмаржав нар үүсгэн байгуулсан ба удирдах зөвлөлөөс ННыг тэргүүнээр сонгожээ.
2. 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “ММ” НҮТББ-ын удирдах зөвлөлөөс 01 тоот тогтоол гарсан. Уг тогтоолоор тус төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлөх, төрийн бус байгууллагыг гэрээгээр шилжүүлэн өгөхөөр, уг асуудлыг НН хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн байна.
3. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “ММ” НҮТББ-ын удирдах зөвлөлөөс 02 тоот тогтоол гарсан. Уг тогтоолоор “ММ” НҮТББ-ын удирдах зөвлөлийн даргаар Ким дон кюн /Kim dong keun/, гүйцэтгэх захирлаар Ж.Ганболд нарыг тус тус томилжээ.
4. 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр худалдагч талыг төлөөлж “ММ” НҮТББ болон худалдан авагч талыг төлөөлж ЭЭ нар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:
1/ Худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй “б” НҮТББ хөлбөмбөгийн багийг бэлдэж худалдан авагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх;
2/ Гэрээний нийт үнийн дүн 50,000,000 төгрөг;
3/ Талууд гэрээнд гарын үсэг зурсны дараа 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 10,000,000 төгрөгийг урьдчилж төлсөн. 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 80 хувь болох 40,000,000 төгрөгийг төлж дуусгана;
4/ Тус ТББ-д харъяалагдах нэр болон бэлгэ тэмдэгийг 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс нэг жилийн хугацаатай ашиглана /гэрээний 8.2 дахь заалт/.
Хоёр.
1. 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч НН нь хариуцагч ЭЭ болон “ММ” холбоо НҮТББ-д холбогдуулж “ММ” НҮТББ-ийн нэр болон бэлгэ тэмдгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд гаргасан.
2. Тэрээр дээрх шаардлагын үндэслэлээ “...2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 8.2-т “...Тус ТББ-д харъяалагдах нэр болон бэлгэ тэмдэгийг 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс нэг жилийн хугацаатай ашиглана” гэж заасан ба 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс ашиглах хугацаа дууссан. Иймд гэрээгээр тохирсны дагуу тус төрийн бус байгууллагын нэр болон бэлгэ тэмдгийг буцаан авна” гэж тайлбарласан.
3. Төрийн бус байгууллага гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага гэж соёл, урлаг, боловсрол, хүмүүжил, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, байгаль орчин, орчин ахуйн хөгжил, хүний эрх, хүн амын тодорхой бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, энэрлийн зэрэг чиглэлээр нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг тус тус хэлэх бөгөөд аливаа төрийн бус байгууллага өөрийн оноосон нэр, хаягтай байхыг Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан.
5. Дээрхээс үзэхэд “ММ” холбоо НҮТББ-ын нэр болон бэлгэ тэмдэг нь тухайн төрийн бус байгууллагын салшгүй хэсэг бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний 8.2 дахь заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.
6. Гэхдээ Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасны дагуу 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний нэг заалт нь хүчин төгөлдөр бус байх нь тухайн гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй.
7. Тодруулбал, нэхэмжлэгч НН нь 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн худалдах-худалдан авах уг гэрээний 8.2 дахь заалтын дагуу шаардлага гаргах эрхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гурав.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ЭЭ болон “ММ” холбоо НҮТББ-д холбогдох “ММ” НҮТББ-ийн нэр болон бэлгэ тэмдгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай ННын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ