Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/01523

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 25 өдөр

     Дугаар 102/ШШ2024/01523

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд, өөрийн байранд байрлах,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд “ММ” ХХК-ийн байранд байрлаж үйл ажиллагаа явуулдаг, “

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, ривер гарден 304 дүгээр байр, 701 тоотод оршин суух хаягтай, Сүнтий ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: 86,751,040 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа

Хариуцагч ГГ өмгөөлөгч Д.Хаш-Эрдэнэ 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч ГГт холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. “ММ” ХХК нь “ММ” ХХК-д холбогдуулж Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд байрлах “ММ” ХХК-ийн өмчлөлийн 432м2 талбай бүхий ноолуурын үйлдвэрийн барилга, 72м2 талбай бүхий гаражийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид ГГийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. 

“ММ” ХХК нь Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд байрлах нийт 1.818 м2 талбай бүхий автомашины засварын газар, ноолуурын үйлдвэрийн барилга, гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж, 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 0034868 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй анхны хууль ёсны өмчлөгч билээ. Мөн Баянгол дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.014 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээтэй, хамгийн сүүлийн сунгалтыг 2017 оны 10 дугаар сарын 27-нд хийгдсэн 000323172 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, жил бүр газрын төлбөрийг төлж ирсэн.

Гэтэл ГГ нь “ММ” ХХК-д холбогдуулан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд байрлах 432 м2 талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м2 талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, 1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасныг шүүхээс хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил үргэлжилсэн. Шүүхээс ГГийг 432 м2 талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м2 талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, үл хөдлөх эд хөрөнгийн ойр орчмын 1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч ГГт бүрдүүлэн өгөхийг “ММ” ХХК-д даалгасан ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Ийм учраас бид хариуцагч “ММ” ХХК болон тус компанид холбогдох  “...Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, ‘ККК’ ХХК-ийн зүүн талд байрлах ‘ММ’ ХХК-ийн өмчлөлийн 432м2 талбай бүхий ноолуурын үйлдвэрийн барилга, 72м2 талбай бүхий гаражийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. 

Харин хариуцагч ГГт холбогдуулж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:   1/ Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд байрлах, нийт 1.818 м2 талбай бүхий автомашины засварын газар, ноолуурын үйлдвэрийн барилга, гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгө үнэлгээний “Цэлмүүн сервис” ХХК нь 2001 онд үнэлсэн. Тодруулбал, 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/142 тоот үнэлгээний тайлангаар 392,248,440 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс ноолуурын үйлдвэрийн 432 м2 талбайтай барилгыг 86,670,864 төгрөг, 72 м2 талбай бүхий гаражийг 16,846,992 төгрөг гэж үнэлсэн. Хэдийгээр хариуцагч ГГийг ноолуурын үйлдвэрийн 432 м2 талбайтай барилга, 72 м2 талбай бүхий гаражийн өмчлөгчөөр тогтоосон хэдий ч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ГГ нь бүрэн төлөөгүй. Иймд ноолуурын үйлдвэрийн барилгын үнэ 86,670,864 төгрөг, гараж 16,846,992 төгрөг, нийт 103,517,856 төгрөгөөс түүний хадам аав н.Чогсомжавын өгсөн гэх 20,000,000 төгрөг, ханы обойн үнэ 6,490,209 төгрөгийг тус тус хасахад 77,027,647 төгрөг болж байгаа. Уг 77,027,647 төгрөгийг хариуцагч ГГаас гаргуулна.    

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10- ны өдрийн 210/ма2022/01104 дүгээр магадлалын 10-т: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн байх ба хариуцагчид 20,000,000 төгрөг өгсөн нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэлийн 20,000 ам доллароор үнэлэгдэх ханын цаас ажлын хөлсөнд өгснөөс гадна Япон улсын хөрөнгө оруулагчдыг “ММ” ХХК-тай холбож өгсөн, газрын асуудлыг шийдэж өгсөн гэдэг утгаар нэхэмжлэгч ГГт ноолуурын үйлдвэрийн барилгыг барьж өгөхөөр тохиролцсон гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул талуудыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар “ММ” ХХК өөрийн хөрөнгө, материал, хүн хүч, машин механизмыг ашиглан тухайн барилгыг барьсан ба 20,000 ам доллароор үнэлэгдэх ханын цаас нь Монгол төгрөгөөр 6,490,209 төгрөгийн үнэлгээтэй болохыг гаалийн газрын албан мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн. Мөн магадлалд “ажлын хөлс төлөгдсөн” гэж үзсэн болохоос барилгын үнэ төлөгдсөн эсэх талаар үнэлэлт дүгнэлт гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь тухайн барилгын үнийг гаргуулахаар нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн өгсөн 20,000,000 төгрөг, ханын цаасны үнэ 6,490,209 төгрөг, нийт 26,490,209 төгрөгийг хасаад 77,027,046 төгрөгийг нэхэмжилсэн болно.

Хөрөнгө үнэлгээний “Цэлмүүн сервис” ХХК-ийн 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/142 тоот үнэлгээгээр ноолуурын үйлдвэрийн 432 м2 талбайтай барилга 86,670,864 төгрөг, 72 м2 бүхий гараж 16,846,992 төгрөг, нийт 103,517,856 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ГГ, түүний хамаарал бүхий “ММ” ХХК үнэ төлбөргүйгээр эзэмшиж ашиглаж байгаа тул 77,027,647 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

2/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид шаардлагаа дараах байдлаар ихэсгэсэн. Үүнд:

Дээр дурдсанчлан шүүхээс ГГийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд орших 432 м2 талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м2 талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч ГГт бүрдүүлэн өгөхийг хариуцагч “ММ” ХХК-д даалган шийдвэрлэсэн.

ГГийг нэгэнт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр “ММ” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тогтоосон тул манай компани өөрийн эзэмшлийн нийт 4.014 м2 талбай бүхий газрын төлбөрөөс иргэн ГГ эзэмшлийн 1.056 м2 талбайтай газарт ногдох төлбөрийг түүнээс нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын 1999 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар захирамжаар “Ган энд С Трейд” ХХК-д Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ККК” ХХК-ийн зүүн талд байрлах 3.000 м2 газрыг хоёр жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар “Ган энд С Трейд” ХХК-д олгосон 3.000 м2 газрыг 4.014 м2 болгон ихэсгэж “ММ” ХХК-д шилжүүлсэн. Манай компани дээрх захирамжийн дагуу 2011 оноос хойш Нийслэлийн газрын албатай холбогдох гэрээ хэлцлийг байгуулж, жил бүр тооцоо нийлж, зохих төлбөрийг төлсөөр ирсэн. Тодруулбал манай компани Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 4.014 м2 талбай бүхий газрын төлбөрт нийт 36,959,944 төгрөгийг төлсөн ба иргэн ГГ нь тус газрын 1.056 м2 буюу 26.3 хувийг эзэмшиж, ашиглаж ирсний хувьд өөрт ногдох хэсгийг буюу 9,723,393 төгрөгийг хариуцан төлөх учиртай байсан боловч нэг ч төгрөгийг төлж байгаагүй болно. Иймд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт тус тус зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх замаар хөрөнгөжсөн 9,723,393 төгрөгийг хариуцагч ГГаас гаргуулахаар ихэсгэж буй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ГГ шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна.

2.1. Маргаан бүхий эд хөрөнгө буюу Баянгол дүүрэг, 5 дугаар хороонд байрлах барилгын өмчлөлийн тухай хэргийг 3 шатны шүүхээс эцэслэн шийдвэрлэж иргэн ГГ өмч болохыг тогтоосон. Тодруулбал, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд орших 432 м2 талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м2 талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч ГГт бүрдүүлэн өгөхийг хариуцагч “ММ” ХХК-д даалган шийдвэрлэсэн ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, 120 дугаар зүйлийн 120.4-т “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэн тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн хуулийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох ч үндэслэлтэй.

2.2. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн тухай: “ММ” ХХК нь нэхэмжлэлдээ “үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлөөгүй тул ...төгрөгийг хасаад 77,027,647 төгрөг гаргуулах” талаар дурдсан. Талууд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг “...20,000,000 төгрөг, 20,000 ам долларын үнийн дүн бүхий обой” хэмээн харилцан тохиролцсоны дагуу ГГ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хөлс төлөх үүргээ биелүүлж “ММ” ХХК-д төлбөрийг бүрэн шилжүүлсэн нь төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэг зэргээр нотлогддог. Энэхүү үйл баримтыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1104 дугаар магадлалын 10 дугаар заалтад “...талуудыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний хэмжээг тохиролцсон тодорхойлсон, хөлс төлөгдсөн гэж үзэв” гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т заасны дагуу “Ажил гүйцэтгэх гэрээний төлбөр”-ийн тухай шүүх дахин нотлохгүй бөгөөд талууд маргах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2.3. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тухай: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан байдаг. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг. Талууд ажил гүйцэтгэх гэрээг 2000 онд байгуулсан, гэрээний үр дүн бий болж барилга угсралтын ажил дууссан. ГГ төлбөрийг төлж, ажлын үр дүнг хүлээн авснаас хойш даруй 20 жилийн хугацаа өнгөрсөн байна.

2.4. Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.   Нэхэмжлэгч 2011 оноос хойш Нийслэлийн газрын албатай холбогдох гэрээ хэлцлийг байгуулж, жил бүр тооцоо нийлж, зохих төлбөрийг төлсөөр ирсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00965 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалуудаар ГГийг 1.056 м2 газрын эзэмшигчээр тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч ГГт бүрдүүлэн өгөхийг “ММ” ХХК-д даалган шийдвэрлэснээр ГГ 1.056 м2 газарт ногдох төлбөр 9,723,393 төгрөгийг түүнээс нэхэмжлэх эрх Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496.2-т зааснаар үүссэн гэж тодорхойлжээ. 

1/  “ММ” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар 4.014 м2 газрыг шилжүүлэн авч, 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулсан байдаг. Энэ цаг хугацаанаас хойш одоог хүртэл тухайн газрыг “ММ” ХХК албан ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа болно. Хэдийгээр шүүхээс хариуцагч ГГийг 1.056 м2 газрын эзэмшигчээр тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн өгөхийг “ММ” ХХК-д даалган шийдвэрлэсэн ч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд “ММ” ХХК гомдол гаргаснаар одоог хүртэл бид хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу газраа эзэмшиж, ашиглаж чадахгүй хэвээр байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж ...байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ...газрын төлбөр төлөгч байна” гэж заасан байдаг. Дээрх хуулийн заалтуудаар газар эзэмших эрх олгогдсоноор газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноор газар эзэмших болон газрын төлбөр төлөх харилцаа үүсэхээр хуульчилсан байна. Одоогийн байдлаар иргэн ГГ нэр дээр Нийслэлийн Засаг даргаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй, Нийслэлийн газрын алба нь Газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй, Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй байгаа болно. Өөрөөр хэлбэл Иргэний хууль болон Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хуулиудад заасан газар эзэмших нөхцөл бололцоо бүрдээгүй, газрын төлбөрийн харилцаа үүсээгүй байгаа болно. Харин хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргах замаар иргэн ГГ газар эзэмших эрхэд удаа дараа саад учруулж байгааг дурдах нь зүйтэй.

2/ Нэхэмжлэгч нь ихэсгэсэн шаардлагадаа Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 469.2-д зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх замаар хөрөнгөжсөн гэжээ. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно”, 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэжээ. Дээрх хуулийн заалтыг хэрэглэхийн тулд “өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн, ...өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан” байхыг шаардаж байна.

Гэтэл “ММ” ХХК нь Нийслэлийн газрын албатай хийсэн 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-ний дагуу өөрийн эзэмшлийн газрын төлбөрийг төлсөн нь өөр этгээдийн өр төлбөр болон хөрөнгөд сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлбөр төлж, зардал гаргасан гэх дээрх шаардлагад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл “ММ” ХХК нь Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 011/ШХТ2022/0929 дугаар тогтоол гаргах хүртэл өөрсдийн эзэмшлийн газар гэж үзэж, ГГ болон “ММ” ХХК-д газар эзэмших, ашиглах боломж олгоогүй өдийг хүрсэн байдаг. Хэрэв нэхэмжлэгч нь иргэн ГГийг 1.056 м2 газрыг 2011 оноос  хойш эзэмшиж, ашиглаж байсан гэж шаардлагынхаа үндэслэлийг тодорхойлж байгаа бол үүнийгээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, нотлогдохгүй байна.

3/ Нэхэмжлэгчийн шаардаж буй 9,723,393 төгрөг нь хэдийгээс хэдийг хүртэл төлсөн төлбөр болох нь тодорхойгүй, тооцооллын алдаатай. Мөн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад хавсарган өгсөн 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн №020170538 дугаар Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад “2016 оны алданги 4,415,400 төгрөг” буюу “ММ” ХХК нь өөрөө газрын төлбөр төлөх гэрээнд заасан хугацааг зөрчсөнтэй холбоотой 4,415,400 төгрөгийн алдангийн холбогдох хэсгийг ГГт хариуцуулахаар нэхэмжилж байгаа зэргээс харахад энэ нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн үндсэн болон ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /хх4/, компанийн дүрэм /хх5-7/, “Цэлмүүн сервис” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ /хх9-16/, “ММ” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх17/, газар эзэмших гэрчилгээ /хх 18, 19/, хөрөнгө бүртгүүлэх тухай хүсэлт /хх20, 21/, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудас /хх123/, итгэмжлэл /хх 129/, Газар зохион байгуулалтын албаны лавлагаа, гэрээ, фото зураг, баримтууд /хх207-226/

 

4. Хариуцагч “ММ” ХХК дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /хх23/, дүрэм /хх24-25/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 102/шш2019/01575 шийдвэр /хх36-38, 46-48/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх49/, гэрлэлтийн лавлагаа /хх50/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/шш2022/00965 дугаар шийдвэр /хх71-76/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 210/ма2022/01104 дүгээр магадлал /хх77-80/, улсын дээд шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 001/шт2022/00929 тогтоол /хх81/,

 

5. Хариуцагч ГГ дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх101/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч “ММ” ХХК нь хариуцагч “ММ” ХХК-д холбогдуулж Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд байрлах “ММ” ХХК-ийн өмчлөлийн 432м2 талбай бүхий ноолуурын үйлдвэрийн барилга, 72м2 талбай бүхий гаражийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж шүүхэд хандсан.

 

2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “ММ” ХХК болон “...432м2 талбай бүхий ноолуурын үйлдвэрийн барилга, 72м2 талбай бүхий гаражийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлээс татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

3. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтээр ГГийг хамтран хариуцагчаар татан оролцуулсан ба нэхэмжлэгч нь ГГт холбогдуулж гэрээний үүрэгт 77.027,647 төгрөг, газрын төлбөр 9,723,393 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг гаргасан. 

 

Хоёр. 77.027,647 төгрөгийн шаардлага:

 

1. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ККК’ ХХК-ийн зүүн талд байрлах, нийт 1.818 м2 талбай бүхий автомашины засварын газар, ноолуурын үйлдвэрийн барилга, гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийг хөрөнгө үнэлгээний ‘Цэлмүүн сервис’ ХХК нь 2001 онд үнэлсэн. Тодруулбал,  2001 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/142 тоот үнэлгээний тайлангаар 392,248,440 төгрөгөөр үнэлсэн. Үүнээс ноолуурын үйлдвэрийн 432 м2 талбайтай барилгыг 86,670,864 төгрөг, 72 м2 талбай бүхий гаражийг 16,846,992 төгрөг гэсэн. Хэдийгээр хариуцагч ГГийг ноолуурын үйлдвэрийн 432 м2 талбайтай барилга, 72 м2 талбай бүхий гаражийн өмчлөгчөөр тогтоосон хэдий ч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ГГ нь бүрэн төлөөгүй. Иймд ноолуурын үйлдвэрийн барилгын үнэ 86,670,864 төгрөг, гараж 16,846,992 төгрөг, нийт 103,517,856 төгрөгөөс түүний хадам аав н.Чогсомжавын өгсөн гэх 20,000,000 төгрөг, ханы обойн үнэ 6,490,209 төгрөгийг тус тус хасахад 77,027,647 төгрөг болж байгаа. Уг 77,027,647 төгрөгийг хариуцагч ГГаас гаргуулна” гэсэн агуулгаар  тайлбарласан.   

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Нэхэмжлэлийн дээрх шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн хийсэн ажлын үлдэх төлбөрийг хариуцагчаас нэхэмжилжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

4. Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/шш2022/009645 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 210/ма2022/01104 магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/шхт2022/00929 дүгээр тогтоолууд авагдсан байна. 

 

4.1. Тодруулбал, ГГ нь “ММ” ХХК-д холбогдуулж Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд орших 432 м2 талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м2 талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах, 1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийг гарган шүүхэд хандсан.

 

4.2. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсгүүдэд заасны дагуу ГГийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, “ККК” ХХК-ийн зүүн талд орших 432 м2 талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м2 талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагч “ММ” ХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас “...1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тогтоолгох” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

 

4.3. Харин давж заалдах шатны шүүхээс “…Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдэд заасны дагуу ГГийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ‘ККК’ ХХК-ийн зүүн талд орших 432 м2 талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м2 талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг нэхэмжлэгч ГГт бүрдүүлэн өгөхийг ‘ММ’ ХХК-д даалгаж” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийжээ. Үүнд:

 

1/ “...2000 онд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн”, “...2001 онд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байсан, уг ноолуурын үйлдвэрийн байрыг энэ онд Цэлмүүн сервис ХХК 69,336,691 төгрөгөөр үнэлсэн ба ...гэрчүүдийн мэдүүлгээр ГГ барилгыг хүлээн авч засварын болон бусад дутуу ажлыг хийж гүйцэтгэсэн”.

 

2/ Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн, ...хариуцагчид 20,000,000 төгрөг өгсөн нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн 20,000 ам доллараар үнэлэгдэх ханын цаас ажлын хөлсөнд өгснөөс гадна Япон улсын хөрөнгө оруулагчдыг “ММ” ХХК-тай холбож өгсөн, газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн гэдэг утгаараа нэхэмжлэгч ГГт ноолуурын үйлдвэрийн барилгыг барьж өгөхөөр тохиролцсон гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул талуудыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсний хэмжээг тохиролцон тодорхойлсон, ажлын хөлс төлөгдсөн гэж үзэв.

 

4.4. Улмаар давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

 

4.5. Дээр дурдсанчлан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/шш2022/009645 дугаар шийдвэртэй, ГГ нэхэмжлэлтэй, хариуцагч “ММ” ХХК-д холбогдох иргэний хэрэгт энэ хэргийн маргааны зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгө /ноолуурын үйлдвэрийн барилга болон гаражийн/-ийн төлөгдөөгүй үлдсэн гэх 77,027,647 төгрөгийн асуудал хянан хэлэлцэгдсэн,  уг үйл баримтыг энэхүү хэргийн хувьд “нэгэнт тогтоогдсон” гэж үзнэ.  

 

5. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ”, 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж тус тус заажээ.

 

5.1. Иргэн хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэх ба маргаантай нөхцөл байдлыг урт хугацаа өнгөрсний дараа шаардлагатай хэмжээнд үнэн бодитоор тогтоох хүндрэлтэй байдаг тул хөөн хэлэлцэх хугацааг хуулиар дээрх байдлаар зохицуулжээ. Энэ нь нөгөө талаасаа өөрийн эрхийг хамгаалах арга хэмжээг цаг тухайд нь авч байхыг холбогдох этгээдэд нь анхааруулж байгаа явдал юм.

 

5.2. Хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эсхүл зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн үеэс эхлэн тоолохыг дээр дурдсан. Хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөгдөөгүй гэх төлбөрийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ба хөөн хэлэлцэх хугацааг зогссон, тасалдсан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байна.  

 

6. Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ГГаас 77,027,647 төгрөгийг гаргуулах тухай “ММ” ХХК-ийн нэхэмжлэлийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгоно.

 

Гурав. 9,723,393 төгрөгийн шаардлага:

 

1. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...шүүхээс ГГийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, ‘ККК’ ХХК-ийн зүүн талд орших 432 м2 талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м2 талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч ГГт бүрдүүлэн өгөхийг ‘ММ’ ХХК-д даалган шийдвэрлэсэн. Нэгэнт ГГ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр ‘ММ’ ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 1.056 м2 талбайтай газрын эзэмшигчээр тогтоогдсон тул манай компани өөрийн эзэмшлийн нийт 4.014 м2 талбай бүхий газрын төлбөрөөс иргэн ГГ эзэмшлийн 1.056 м2 талбайтай газарт ногдох төлбөрийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэх эрхтэй, ...иймд бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх замаар хөрөнгөжсөн 9,723,393 төгрөгийг гаргуулна” гэсэн агуулгаар тайлбарласан. 

 

2. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно”, 496.2-т “Хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан ба нэхэмжлэгч “ММ” ХХК нь хариуцагч ГГийг бусдын зардлаар, өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэх үндэслэлээ нотлох үүднээс хэрэгт Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас авсан маргаан бүхий газрын лавлагаа, хувийн хэргийг хавсарган өгсөн /хх207-227/.

 

4. Дээрх баримтуудыг хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/шш2022/009645 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 210/ма2022/01104 магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/шхт2022/00929 дүгээр тогтоолуудад бичигдсэн мэдээлэл, мөн шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч ГГ эзэмшилд маргаан бүхий газар бодитоор шилжээгүй, улсын бүртгэл хийгдээгүй байгаа үйл баримттай харьцуулан судлахад хариуцагч ГГ маргаан бүхий газрыг бодитоор эзэмшиж ашиглаж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Эсрэгээрээ нэхэмжлэгч “ММ” ХХК нь тухайн газрыг 2011 оноос холбогдох этгээдийн зөвшөөрлийн дагуу эзэмшиж, зохих төлбөрийг төлж байсан үйл баримт тогтоогдож байна.

 

5. Иймд хариуцагч ГГаас 9,723,393 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. 

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ММ” ХХК нь хариуцагч “ММ” ХХК болон “...432м2 талбай бүхий ноолуурын үйлдвэрийн барилга, 72м2 талбай бүхий гаражийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч ГГаас 86,751,040 төгрөг гаргуулах тухай “ММ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 854,014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ