Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01614

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2024/01614

Улаанбаатар хот

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 19/1, 6 дугаар давхар, 603 тоотод оршин байх “ТТТ” ХХК /РД

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 34 дүгээр хороо, 5Б байр, 22 тоотод оршин суух хаягтай, Боржигон ургийн овогт /РД

 

Нэхэмжлэлийн шаардлага: 17,651,870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

/Хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч МММхолбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч дараах агуулгаар тайлбарласан. Үүнд:

Хариуцагч МММ нь Б.Цэрэнбаатараас “Тоёота аурис” маркийн автомашиныг зээлээр худалдан авахаар худалдах-худалдан авах үнийг 15,700,000 төгрөг байхаар харилцан тохиролцож манай ББСБ-аас зээл хүссэн. Нийт үнийн дүнгийн 30 хувийг төлсөн байх шаардлагыг тавьсны дагуу худалдагчид 30 хувийн төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөр болох 11,000,000 төгрөгийг манай ББСБ-аас зээлж төлбөрийг шилжүүлсэн.

Хариуцагч МММ“ТТТ” ББСБ ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр №01/32 тоот зээлийн гэрээгээр 11,000,000 төгрөгийн зээлийг сарын 2.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон “Тоёота аурис” маркийн гэрчилгээний дугаартай хар саарал өнгөтэй автомашиныг барьцаалан фидуцийн гэрээ байгуулсан.

Зээлдэгч МММ нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүйгээс 1182 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд гэрээний хугацаанд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч төлбөр тооцоогоо хийлгүй зугтаж явсаар өдийг хүртэл явсан.

Зээлдэгч гэрээний хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн тул 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр фидуцийн гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу барьцаа хөрөнгийг “Барс” худалдааны төвийн гаднаас хураан авсан. Тухайн үед зээлдэгч хүсэлт өгч учирлан гуйсаар машинаа аваад явсан боловч дахин зугтаж алга болсон. Үүнээс хойш хайсаар байж 2023 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө бичил хорооллын зам дээрээс тээврийн хэрэгслийг хураан авсан.

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр тус шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 182/Ш32023/08398 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан. Иймд шүүхээр эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгон ажиллаж байна.

Иймд зээлийн гэрээний 4.4, 4.9, 5.1.10, фидуцийн гэрээний 2.5, 3.2. дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөр 7,161,685.01 төгрөг, хүүний төлбөр 6,821,065.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,052,708.56 төгрөгийг тус тус гаргуулна. Мөн хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй учир автомашиныг хураан авсан. Автомашин хураахтай холбоотой автомашин ачилтын зардал 50,000 төгрөг, автомашины түлхүүрийн батарей 5,000 төгрөг, автомашины түлхүүр хувилуулсан 180,000 төгрөг, автомашины грашийн төлбөр 1,075,000 төгрөг, татвар 283,711 /2019 -2023 он/ төгрөг, оношилгоо 60,000 /2021-2023 он/ төгрөг, торгууль 876,500 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ 16,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 17,651,870 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа болно гэжээ.

 

2. Хариуцагчаас бичгээр хариу тайлбар өгөөгүй.  

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх3/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 28ё2-3/4556 тоот албан бичиг /хх4/, зээлийн хорооны хурлын шийдвэрийн хуулбар /хх5/, зээл хүсэгчийн өргөдлийн хуулбар /хх6/, иргэний зээлийн мэдүүлгийн хуулбар /хх7/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх8/, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар /хх9/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх10/, гараар бичсэн хүсэлтийн хуулбар /хх11/, зээлийн гэрээний хуулбар /хх12-13/, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар /хх14-15/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 182/шз2023/08398 тоот захирамжийн хуулбар /хх16-17/, итгэмжлэл /хх22/.

 

4. Хариуцагчаас бичгийн нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан байна. Үүнд:

 

1. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МММ болон “ТТТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан №01/32 тоот “Зээлийн гэрээ”. Уг гэрээгээр зээлдүүлэгч “ТТТ” ХХК нь 11,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч МММ уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, тохирсон хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн. 

 

2. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн МММ болон “ТТТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан №01/32 тоот “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/. Уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлэх үеийн байдлаар 17,563,000 төгрөгийн үнэлгээтэй УБО улсын дугаартай, “Тоёота аурис” /Toyota auris/ маркийн автомашиныг “ТТТ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, зээлийн үүрэг бүрэн биелэгдсэн тохиолдолд автомашиныг буцаан шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

 

3.  Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тус тус заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн гэж дүгнэлээ.   

 

Хоёр.

 

1. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “ТТТ” ХХК нь хариуцагч МММхолбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

 

1/ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №01/32 тоот “Зээлийн гэрээ”-ний үүрэгт  үндсэн зээлийн төлбөр 7,161,685.01 төгрөг, зээлийн хүү 6,821,065.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү төлбөр 1,052,708.56 төгрөг буюу 15,035,459.2 төгрөг;

2/ Автомашин хураахтай холбоотой гарсан зардал буюу автомашин ачилтын зардал 50,000 төгрөг, автомашины түлхүүрийн батарей 5,000 төгрөг, автомашины түлхүүр хувилуулсан 180,000 төгрөг, автомашины гараашийн төлбөр 1,075,000 төгрөг, татварт төлсөн 283,711 төгрөг, оношилгоо 60,000 төгрөг, торгууль 876,500 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ 16,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг буюу 2,616,411 төгрөг, нийт 17,651,870 төгрөгийг гаргуулах.

 

2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болох 15,035,459.02 төгрөгийг, ...фидуцийн гэрээний дагуу автомашиныг хураан авсан бөгөөл хураан авсантай холбоотой гарсан зардалд 2,616,411 төгрөг гарсан, уг зардлыг хамт нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч “ТТТ” ХХК нь зээлийн гэрээний үүрэг, мөн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжилсэн гэж үзэхээр байна.  

 

4. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа шүүхэд бичгийн тайлбар ирүүлээгүй.

 

Гурав. Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Зээлийн гэрээний үүрэгт нийт 15,035,459.02 төгрөг гаргуулах шаардлага:

 

1.1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1.-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг фидуцийн гэрээ гэх бөгөөд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

1.2. Хариуцагч МММ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч тал 0 УБО улсын дугаартай, “Тоёота аурис” /Toyota auris/ маркийн автомашиныг 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хураан авсан ба ийнхүү хураан авахдаа хариуцагчид мэдэгдсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

 

1.3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээ нь үүрэг хүлээгчийн мөнгө төлөх үүргийг хангах зорилгоор байгуулагдсан, зээлийн гэрээний салшгүй хэсэг ба мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4.-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ.

 

1.4. Мөнгө төлөх үүргээ хариуцагч хугацаандаа биелүүлээгүй гэсэн шалтгаанаар автомашины эзэмшлийг нэхэмжлэгч “ТТТ” ХХК нь бодитоор шилжүүлэн авснаар зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

 

1.5. Иймд хариуцагч МММгаас зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах тухай “ТТТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

2. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2,616,411 төгрөг гаргуулах шаардлага

 

2.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

 

2.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа хуульд заасан шаардлагад нийцүүлсэн хэлбэрээр шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан. Харин энэхүү үүргийнхээ хүрээнд хэргийн оролцогч нь гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримтыг гаргуулан хэрэгт хавсаргах зэрэг өргөн хэмжээний эрхийг эдлэнэ.

 

2.3. Нэхэмжлэгчийн зүгээс “...автомашин хурааж авахтай холбогдуулан гарсан зардал” гэх автомашин ачилтын зардал 50,000 төгрөг, автомашины түлхүүрийн батарей 5,000 төгрөг, автомашины түлхүүр хувилуулсан 180,000 төгрөг, автомашины гараашийн төлбөр 1,075,000 төгрөг, татварт төлсөн 283,711 төгрөг, оношилгоо 60,000 төгрөг, торгууль 876,500 төгрөг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ 16,000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгтэй холбоотой баримтуудыг хэрэгт гаргаж өгөөгүй, энэ талаар шүүхэд ямар нэг хүсэлт гаргаагүй. 

 

2.4. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байх тул энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. 

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч МММгаас 17,651,870 төгрөг гаргуулах тухай “ТТТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ