2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2026/ШЦТ/713

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Шаравнямбуу,

Улсын яллагч: Э.Оргилбат,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Лхагвадорж, А.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510041371911 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2019 оноос 2021 онд “***” ХХК-д нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байхдаа тус компаниар дамжуулан өөрийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ***од бүртгэлтэй “***” ХХК-д 7 ширхэг төлбөрийн баримтаар 861.414.545 төгрөгийн хуурамч бичилт хийж “Нэмэгдсэн өртгийн албан татварыг баримт”-ыг хуурамчаар үйлдэн, шивэлт хийж “мөнгөн тэмдэгт” үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж хэлэх зүйлгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Учруулсан хохирлоо нөхөн төлнө” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Хан-Уул дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй "***" ХХК-д хяналт шалгалтын *** дугаартай томилолт үүссэн бөгөөд тус компанийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалтыг татварын улсын байцаагч ***, *** нар хийж гүйцэтгэсэн. Хяналт шалгалтын явцад "***" ХХК нь "***" ХХК руу 7 ширхэг падаанаар 861.414.545 төгрөгийн борлуулалт шивж, "***" ХХК- ийн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 86.141.454 төгрөгeep бууруулсан байх тул улсын төсөвт 86.141.454 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулан авах шаардлагатай байна..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 24/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...*** эгчийг 2015 оноос хойш мэддэг болсон. Тэр үед *** эгч "***" их сургуулийн нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд би тэр үед тус сургуулийн барилга угсралтын ажлыг хийж байсан. Түүнээс хойш санхүүгийн тал дээр зөвлөгөө, тусламж авч үе үе холбогддог байсан. Ингээд 2018 оноос манай "***" ХХК-ийн санхүүгийн тайланг гэрээгээр гаргаж өгдөг байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сар хүртэл тайланг гаргаж өгсөн. Учир нь манайх санхүүгийн тайлан гаргадаг зөвлөх үйлчилгээний компани, хуулийн фирмтэй хамтран ажиллах гэрээ байгуулаад хамтарч ажиллаж эхэлсэн. Тэгсэн манай нягтлан бодогч компанийн санхүүгийн баримт цэгцэлж байхдаа "***" ХХК-руу өндөр дүнтэй НӨАТ шивсэн байна, холбогдох баримтыг нь шалгахаар харилцсан баримт, санхүүгийн баримт байхгүй байна гэхээр нь би шалгаж үзсэн боловч мэдээлэл олдоогүй. Тэгээд нарийн тодруулж асуухад "***" ХХК руу 1 тэрбум орчим үнийн дүнтэй баримт шивсэн байсан. Компанийн захирлыг шалгуулахад *** эгчийн нэр дээр бүртгэлтэй компани байсан. Бидний зүгээс холбогдох баримтыг шалгаж үзээд хуулийн фирмтэйгээ хамт уулзаж байгаад *** гэх хүнийг дуудаж уулзахаар болсон. Ингээд өглөө дуудахаар цаг товлосон байсан боловч цагтаа ирэлгүй бүр орой 20 цаг өнгөрч байхад манай ажил дээр ирсэн. Ингээд манай нягтлан ***, хуульч Тунгалагтуяа нарыг байлцуулаад бид дөрөв уулзсан. *** эхлээд тогтоогдсон байдлын талаар танилцуулаад, болсон явдлын талаар *** эгчээс асуухад "Би тендерт орох гээд ингээд "***" компани руу баримт шивчихсэн юмаа, тэр үедээ буцаана гэж байгаад мартчихжээ, тэгээд ч одоо буцаах боломжгүй, мөн мөнгийг нь төлөх гэхээр мөнгөгүй болсон, эгч нь явдаг газарт нь явъя" гэж хэлсэн. Тэгээд бид нар хэсэг ярилцаж байгаад дээрх НӨАТ шивсэн асуудлыг цэгцлүүлэхээр болсон. Ингээд компанийн нягтлан ***той хамт *** эгчийг Хан-Уул дүүргийн  татварын хэлтэс рүү явуулсан. Тэнд очиж улсын байцаагч нартай уулзуулж болсон асуудлын талаар яриулаад манай компаниас "***" ХХК руу шивсэн баримтыг буцаагаад манай компани руу шивүүлэхээр тохироод ***д холбогдуулж цагдаагийн байгууллага руу шалгуулахаар явуулсан гэж байсан. Гэхдээ тэр үед *** эгч надтай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, би *** эгчээр дамжуулан өөр компанитай гэрээ байгуулаагүй, ерөнхийдөө огт тийм наймаа болоогүй..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 28/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Тухайн компанитай хамтарч ажиллаж байгаагүй. Тэгэхээр мэдээж санхүүгийн баримтууд байхгүй. Энэ талаар албан бичгийг хавсаргуулахаар гаргаж өгнө...” гэсэн мэдүүлэг / хх 1-н 33/,

Гэрч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Татварын ерөнхий газрын Эрсдэлийн Удирдлагын газраас ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн *** томилолтоор *** дугаартай "***" ХХК-ийн 2019 оны 1 дүгээр сарын 01-ээс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн. Тус шалгалтыг явуулахдаа захирал ***тай у***р холбогдож санхүүгийн анхан шатны баримтуудыг гарган ирүүлэх талаар хэлсэн боловч огт авчирч өгөөгүй учраас бодит ажил гүйлгээ хийж борлуулалтын орлого олсон эсэхийг тодорхойлох боломжгүй 7 ширхэг НӨАТ падаан байсан. Энэ "***" ХХК-д 7 ширхэг падаанаар 861.414.545 үнийн дүнтэй борлуулалтын хий бичилт бүхий падаан үйлдэж бусдад татвар төлөгчдийн төсөвт төлөх НӨАТ-ыг 86.141.454 төгрөгөөр бууруулах боломж олгосон байж болзошгүй байсан..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 41-42/,

Гэрч О.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би мэдэхгүй байна. Тэгэхдээ 2024 онд манай компани "***" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын их хэмжээний өртэй байхаар нь өмнөх дата мэдээллийг архиваас нь харахад "***" ХХК руу их хэмжээний НӨАТ-ын борлуулалт хийгдсэн байсан. Тэгээд би тухайн асуудлыг ***д мэдэгдсэн бөгөөд бусад зүйлсийг бол хэлж мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх 1-н 45-46/,

Гэрч ***аас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тухайн "***" ХХК нь 2019.01.01-2022.12.31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 17 ширхэг 1.305.124.480 төгрөгийн борлуулалтын падаан, 317 ширхэг 136.556.957.76 төгрөгийн дүн бүхий худалдан авалтын мэдээ бүртгэгдсэнийг хяналт шалгалтад ашигласан. Тус хяналт шалгалтын хугацаанд захирал ***тай холбогдоход санхүүгийн анхан шатны баримт огт ирүүлээгүй, тухайн хугацаанд энэ компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан *** гэдэг хүн ирж уулзаад өөрийнхөө хамаарал бүхий "***" ХХК руу хий бичилт хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн учраас "***" ХХК нь хий бичилт авсан талаар танилцуулга бичиж хүргүүлсэн. Харин бусад компаниудад борлуулалт хийсэн талаар баримтуудыг шаардахад захирал *** болон нягтлан *** нь баримт ирүүлээгүй бөгөөд шалгаж үзсэн зүйл байхгүй, баримт гаргаж өгөөгүй учраас нотлогдоогүй гэж үзээд танилцуулгад дурдаагүй юм...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 49/,

Яллагдагч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би прокурорын тогтоолыг уншиж танилцлаа. Тухайн санал хүсэлт байхгүй, би тухайн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, учирсан хохирлыг тодорхой хугацаанд төлж барагдуулна. Миний хувьд "***" ХХК-г 2008 онд үүсгэн байгуулсан бөгөөд манай компаны 100 хувь миний эзэмшилд байдаг. Манай компани нь 2008-2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд гадаад, дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан. Миний хувьд энэ хугацаанд буюу 2018-2022 онд "***" ХХК-ийн санхүүгийн тайланг гаргаж өгдөг байсан бөгөөд яг албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй, амаар тохиролцож санхүүгийн тайланг гаргаж өгдөг байсан бөгөөд тайланг гаргасан гэж тодорхой хэмжээний мөнгийг миний данс руу шилжүүлдэг байсан..." гэсэн мэдүүлэг /хх 2-н 52-53/,

 

2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр "***" ХХК-д эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус, иж бүрэн хяналт шалгалт хийсэн талаар танилцуулга / хх 1-н 9-10/, "***" ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн АБ10/30-01 дугаартай албан бичиг /хх 1-н 54-67/, "***" ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн АБ10/30-01 дугаартай албан бичгийн хавсралтад ирүүлсэн баримтад 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 79-82/, Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 08/3069 дугаартай албан бичгийн хавсралтад ирүүлсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 84-86/, "***" ХХК, "***" ХХК-ын худалдан авалт борлуулалтын мэдээлэлд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 235, 237-244/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2019 оноос 2021 онд “***” ХХК-д нягтлан бодогч албан тушаалд ажиллаж байхдаа тус компаниар дамжуулан өөрийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, ***од бүртгэлтэй “***” ХХК-д 7 ширхэг төлбөрийн баримтаар 861414545 төгрөгийн хуурамч бичилт хийж “Нэмэгдсэн өртгийн албан татварыг баримт”-ыг хуурамчаар үйлдэн, шивэлт хийж ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, гэрч ***, ***, О.***, *** нарын мэдүүлэг,  "***" ХХК-д эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус, иж бүрэн хяналт шалгалт хийсэн талаар танилцуулга, "***" ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн АБ10/30-01 дугаартай албан бичиг, "***" ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн АБ10/30-01 дугаартай албан бичгийн хавсралтад ирүүлсэн баримтад 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 08/3069 дугаартай албан бичгийн хавсралтад ирүүлсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, "***" ХХК, "***" ХХК-ын худалдан авалт борлуулалтын мэдээлэлд 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь *** ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн *** ХХК-нд 7 ширхэг төлбөрийн баримтаар 861.414.545 төгрөгийн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, мөн 2019-2021 онд өөрийн үйл ажиллагаа явуулдаг *** ХХК-д 7 ширхэг төлбөрийн баримтаар 861.414.545 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийж, худал мэдүүлсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

    1. Хохирол, хор уршиг

  Шүүгдэгч нь хохирол барагдуулаагүй ба төлөх ёстой байсан татвараас 268.756 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 85.872.698 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэн 11.000 нэгж буюу 11.000.000 торгох ялыг, 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь тус зүйл заалтуудад заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн эрүүгийн хариуцлагын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч *** үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно.” 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.”, гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6.600 нэгж буюу 6.600.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх зорилготой ба тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой тул торгох ялыг хуульд заасан хугацаанд буюу 90 хоногийн хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгав.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6.600 нэгж буюу 6.600.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
  2. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эс 85.872.698 төгрөг гаргуулж Улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР