Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Хангал |
Хэргийн индекс | 102/2023/05438/И |
Дугаар | 102/ШШ2024/01649 |
Огноо | 2024-04-01 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2024/01649
|
|
|
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 27 дугаар хороо, 2 дугаар хороолол, 9 дүгээр байр, 11 тоотод оршин суух хаягтай, Боржигин ургийн овогтой
Хариуцагч: Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, 51/3 дугаар байр, 16 тоотод оршин суух хаягтай, Булга ургийн овогтой
Нэхэмжлэлийн шаардлага: бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах;
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: бэлэглэлийн гэрээ бус арилжааны гэрээ байгуулагдсаныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч ББ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч ТТ холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
ББ би ТТтэй Баянгол дүүрэг, 5 дугаар хороо 51/3 байранд хөршүүд болон амьдарч байсан. Бид нэгнээ нэлээн сайн мэдэх ба бид танилууд болохоос ямар нэг хамаатан садан бол биш.
ТТ нь 2022 оны дундаас “...миний дүү чи ганцаараа ийм том байранд амьдраад яах вэ, ах нь олон ам бүлтэй, би чиний байрыг худалдаж аваад зөрүү мөнгийг хангалттай өгье” гэж удаа дараа гуйх болсон.
Миний байр Баянгол дүүрэг, 5 дугаар хороо 51/3 байрны 16 тоотын 42 м2 байр байсан юм. Харин ТТгийнх Баянгол дүүрэг, 5 дугаар хороо 51/3 байрны 15 тоотын 30 м2 байр байсан.
Ингээд миний байрыг ТТ 1м2 талбайг нь 1,700,000 төгрөгөөр тооцож 71,400,000 төгрөгөөр худалдан авах болсон. Үүнээс 17,000,000 төгрөгийг гэрээ хийсний дараа бэлнээр, 54,400,000 төгрөгт нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо 51/3 байрны 15 тоотын 30 м2 байрыг оролцуулж төлбөрөө төлөхөөр тохиролцсон.
Би тохиролцооны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулах санал тавихад ТТ ах “...бэлэглэлийн гэрээ хийе, татвар бага төлнө, ах нь найдвартай, үлдэгдэл мөнгийг чинь удаахгүй өгнө, дээр нь ах нь засварт 8,000,000 төгрөг өгнө” гэж хэлсэн.
Ингээд би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2587 тоот бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо 51/3 байрны 16 тоотын 42 м2 байрыг ТТ шилжүүлсэн. Харин ТТ надад өөрийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо 51/3 байрны 15 тоотын 30 м2 байрыг мөн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр надад шилжүүлсэн.
Бид анхнаасаа уг байруудыг худалдах, худалдан авах гэрээгээр харилцан шилжүүлэхээр тохиролцсон байсан боловч ТТ татвар бага төлнө гээд бэлэглэлийн гэрээ хийлгэсэн юм.
ТТ нь байр худалдан авсны үлдэгдэл төлбөр 17,000,000 төгрөгийг миний ээж Лхамсүрэнгийн Батжаргалын дансаар нийт төгрөг шилжүүлсэн боловч байр засварын төлбөр 8,000,000 төгрөгийг огт өгөөгүй. Уг мөнгийг нэхэхэд “...гэрээ дууссан миний дүү, чаддаг юм бол шүүх цагдаагаараа яваад олоод аваарай” гэж удаа дараа доромжилсон.
Би ТТ маш их гомдолтой байгаа бөгөөд би өөрийн байрыг бэлэглэлийн гэрээгээр биш худалдах, худалдан авах гэрээгээр борлуулах байсан бөгөөд худалдах, худалдан авах гэрээ хийсэн тохиолдолд байр засварын мөнгийг гэрээний төлбөрт оруулж тооцох байсан.
Иймд ББ ТТ нарын хооронд байгуулсан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51/3 байр 16 тоот 42 м2 талбайтай, 2 өрөө байрыг бэлэглэсэн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн 2587 тоот гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноор уг 16 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө миний өмчлөлд буцаан шилжиж ирнэ гэж үзэж шүүхэд хандсан гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь би бэлэглэгчийг гомдоосон зүйл байхгүй, тохиролцооны дагуу бүх зүйлээ шилжүүлэн өгч 17,000,000 төгрөгийг нэмж төлсөн байдаг.
Миний бие ББын байрыг авахад огт засвар байхгүй ус нэвчиж гоождог, жижиг цонхтой засвар хийх шаардлагатай маш муу байр байсан. Миний бие байр солилцсоны дараа бүрэн хэмжээний засвар хийсэн, өөрөөсөө 10,000,000 төгрөгийг гарган байрны засварт зарцуулсан.
Миний бие анхнаасаа ББтай засвар хийхэд нь зориулж 8,000,000 төгрөг өгнө гэж огт яриагүй. Нэхэмжлэгч нь миний засвар хийсэн байрыг авах шуналдаа хөтлөгдөн намайг гүтгэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие хөрш айлын түрээслэгч байраа түрээслэхээ больж байгааг мэдэж хуучны танил н.Дашдаваагаас байр солилцох талаар асуухад өөрийн дүү ББт байрыг өгч байгаа гэсэн. Тиймээс би ББтай 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр арилжааны гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 51/3 байрны 15 тоот 30 м2 байраа, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо,51/3 байрны 16 тоот байраар солилцож м2 зөрүүнд 17,000,000 төгрөгийг ББт өгөхөөр тохиролцсон.
Тохиролцооны дагуу 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ББын ээж н.Батжаргал эгчийн данс руу 12,000,000 төгрөгийг төлсөн, тэгээд байраа солилцсон. Мөн н.Батжаргал эгчийн данс руу 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 2,500,000 төгрөгийг тус тус төлсөн.
Тухайн үед байрны гэрчилгээ ах н.Дашдаваа барьцаанд тавьсан учир шилжүүлж чадахгүй байсан ба барьцааны хугацаа дуусаж 2022 оны 10 дугаар сард дүү ББтаа шилжүүлсний дараа 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүүтэй нь Улсын бүртгэлийн газарт уулзаж байраа солилцож гэрээ хийх гэхэд ББ нь “...2 талд татварын мөнгө төлөх юм байна, бэлэглэлийн гэрээ байгуулцгаая” гэж хэлсний дагуу бид харилцан бэлэглэлийн гэрээ байгуулсан.
Би солилцсон байрандаа 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр орсон ба байрны дээврээс ус нэвчиж засвар хийхгүй бол болохоо байсан дээврийн янзалж цонхыг томруулан бүрэн засвар 2021 оны 5 дугаар сард засварын ажлыг хийлгэсэн.
2023 оны зун ББ над руу залгаж “...байрандаа засвар хийх гэсэн юм, 8,000,000 төгрөг өгчих” гэхэд би “...анхнаасаа тийм тохиролцоо байгаагүй, ...өөрөө зардлаа гаргаж засвар хий, би засвар хийсэн байр өгсөн, харин чамаас авсан байранд зөндөө засвар хийсэн” гэсэн хариу өгсөн. Гэтэл намайг шүүхэд худлаа гүтгэж өгсөн байна. Талуудын хооронд анх 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр арилжааны гэрээ явагдсан ба би гэрээгээр тохиролцсон байр мөнгийг бүрэн шилжүүлсэн болно.
Иймд талуудын хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хороо 51/3 байрны 15 тоот 30м2, орон сууц, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 51/3 байрны 16 тоот 42м2 орон сууцыг солилцоход бэлэглэлийн гэрээ бус арилжааны гэрээ байгуулагдсаныг шүүхээс тогтоож, ТТг Баянгол дүүрэг, 51/3 байрны 16 тоот 42 м2 байрны шударга өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо байгаа амьдарч байгаа байрных нь зургийг харахад миний бүтэн засвар хийсэн болон хананаас дээшээ метр гаран өрлөг хийсэн уртаараа 8, 9 метр урттай өрлөг байгаа гэжээ.
5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: төрөл садангийн лавлагаа /хх4/, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хх5/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх6/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх7/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх8/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх9-14/, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх15-16/, барилгад засвар хийх гэрээ /хх110-111/.
6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хаан банкны депозит дансны хуулга /хх35/, Голомт банкны мемориалын баримт /хх36-38/, фото зураг /хх39-43, 52-54/, итгэмжлэл /хх51/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх75-104/.
7. Шүүхийн санаачилгаар дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/1151 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, хавсралт /хх66-74/.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч ББ хариуцагч ТТ холбогдуулж 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2587 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг гаргасан.
2. Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 0 дугаар байрны 16 тоот хаягт байршилтай, 42м2 талбайтай байрыг хариуцагчийн хүсэлтээр түүний өмчлөлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 0 дугаар байрны 15 тоот хаягт байршилтай, 30м2 талбайтай байраар солихоор, зөрүүнд нь засварын мөнгө авахаар тохирсон. Би тохиролцооны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулах санал тавихад хариуцагч нь татвар бага төлөх зорилгоор бэлэглэлийн гэрээг байгуулсан. Ингээд талууд байраа солилцсон. Гэвч хариуцагч нь амалсан ёсоор засварын 8,000,000 төгрөг өгөөгүй. Ийм учраас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2587 тоот бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулж, өөрийн байрыг буцаан авна” гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч ТТ дээрх шаардлагыг эс зөвшөөрсөн татгалзлаа “...талуудын хооронд бэлэглэлийн бус харин арилжааны гэрээ байгуулагдсан, байрны талбайн зөрүү мөнгийг өгснөөр би өмчлөгч болсон, ...нэхэмжлэгчил засварын мөнгө 8,000,000 төгрөг өгнө гэж анхнаасаа тохироогүй” гэж тайлбарласан ба улмаар шүүхэд дараах сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:
1/ Талуудын хооронд бэлэглэлийн гэрээ бус арилжааны гэрээ байгуулагдсаныг тогтоолгох;
2/ Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүс /16010/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 дугаар байрны 16 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох.
Хоёр. Үндсэн нэхэмжлэл:
1. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаанаас үзэхэд эрхийн улсын Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 дугаар байр, 15 тоот хаягт байрлах, 30 м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2586 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний дагуу бэлэглэгч ТТгээс бэлэг хүлээн авагч тал ББын өмчлөлд шилжин ирсэн ба 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.
2. Харин эрхийн улсын дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2587 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний дагуу ББ нь ТТ бэлэглэжээ.
3. Ингэснээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ТТгийн өмчлөлд бэлэглэлийн гэрээний дагуу шилжин бүртгэгдсэн байна.
4. Хэрэгт авагдсан баримтуудыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан судлахад нэхэмжлэгч ББ болон хариуцагч ТТ нарын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Талууд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэх үүднээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2587 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний дагуу шилжүүлсэн гэж үзэх тул уг бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.
Гурав. Сөрөг нэхэмжлэл:
1. Дээр дурдсанчлан 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2587 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-ний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нэгэнтээ болсон, улсын бүртгэлд бүртгэлтэй байх учир хариуцагчийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
2. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, мөн татгалзлын үндэслэл байх тул сөрөг нэхэмжлэлээс “...талуудын хооронд бэлэглэлийн гэрээ бус арилжааны гэрээ байгуулагдсаныг тогтоолгох” хэсгийг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүхээс үзэв.
Дөрөв.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 408,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ТТ холбогдох 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2587 дугаарт бүртгэлтэй “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай ББын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан ББт холбогдох эрхийн улсын Үдугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 дугаар байр, 16 тоот хаягт байрлах, 42 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай ТТгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 408,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ