Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/01697

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

      Дугаар 102/ШШ2024/01697

Улаанбаатар хот

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 46Б байр, 4 тоотод оршин суух хаягтай, Боржигин Эрдэнэ ургийн овогтой

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд оршин байх, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Урангоо

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дүгээр магадлалаар ГГ надаас 55,432,950 төгрөг гаргуулж Т.Энхтүвшинд олгохоор шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” дугаар 102/Ш32023/13096 захирамж, 01396 тоот гүйцэтгэх хуудас гарч одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ГГ миний эзэмшлийн нэгж талбарын 0дугаартай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 2 айлын газар, дуусаагүй барилгын хамт битүүмжилж хураасан бөгөөд цаашид дуудлага худалдаанд оруулж төлбөрийг гаргуулахаар болсон. Ингэхдээ өөрийн хөрөнгийг үнэлж үнийн саналыг ирүүл гэсний дагуу 1,500,000,000 төгрөгөөр худалдах үнийн саналыг бичгээр гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 12/471 тоот тогтоол гаргаж Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах дүүргийн нэгж талбарын 0дугаартай 2 газар дутуу баригдсан барилгын үнэлгээг “Дельтамон” ХХК-иар хийлгүүлэн 1,146,000,000 төгрөгөөр тогтоосон.

Интернэт дэх зарын цахим хуудас болон фэйсбүүк сүлжээнд худалдахаар зар нийтлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах амины орон сууцны барилгын үнэ дунджаар 5,000,000 төгрөг байхад, миний өмчлөлийн орон сууцны 1 м.кв талбайн үнийг 1,551,550 төгрөгөөр тогтоосон нь мөн газрын үнэлгээ хийлгүйгээр зөвхөн дутуу баригдсан барилгад үнэлгээ хийсэн нь миний үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг илт бууруулж, эд хөрөнгө өмчлөх эрхийг минь ноцтой зөрчиж байна.

Иймд төлбөр төлөгч, үл хөдлөх хөрөнгө болон газрын эзэмшигч ГГ би дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэг хэсэгт зааснаар үнэлгээг хүчин төгөлдөр бусад тооцуулж дахин үнэлгээ хийлгүүлэхээр гомдол гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 784 дүгээр магадлалаар ГГоос 55,432,950 төгрөгийг гаргуулж Т.Энхтүвшинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч /-ын эзэмшлийн нэгж талбарын 0дугаартай Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах 2 айлын газар, дуусаагүй барилгын хамт битүүмжилж, хураан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул үнэлгээ тогтооход 1,146,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг үндэслэн эд хөрөнгийн үнэлгээг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр талуудад зохих хугацаанд мэдэгдсэн бөгөөд үнэлгээтэй холбоотой тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:  итгэмжлэл /хх4/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4-181/2366 тоот “Үнэлгээний мэдэгдэл” албан бичиг /хх5/.  

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01/75 тоот “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг /хх19/, 23370900 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх30-80/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэг.

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 210/ма2023/00784 тоот магадлалаар ГГоос 55,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 432,950 төгрөгийн хамт гаргуулан Т.Энхтүвшинд олгохоор шийдвэрлэжээ.

2. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн захирамж гарч 01396 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 23370900 тоот тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

3. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч ГГ нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах;

2/ Дахин үнэлгээ хийлгэх.

 

4. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа” гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно. 

 

Хоёр.

 

Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч ГГын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох нэгж талбарын 0дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 23370900/6 тоот тогтоолоор битүүмжилжээ.

 

2. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23370900/08 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэжээ.

 

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төлбөр төлөгч ГГоос нэгж талбарын 0дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон баригдаж дуусаагүй барилгын хувьд 1,500,000,000 төгрөгийн үнийн саналыг өгсөн бол төлбөр авагч Т.Энхтүвшин дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид буюу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар нэгж талбарын 0дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Ар гүнтэд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон баригдаж дуусаагүй барилгын үнэлгээн дээр харилцан тохирч чадаагүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12/471 тоот тогтоолоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсгүүдэд нийцжээ.

 

6. Шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 1,146,000,000 төгрөгөөр үнэлсэн ба энэхүү хөрөнгийн үнэлгээ болон тайланг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4-181/2366 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч ГГт мэдэгдсэн байна.

 

7. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. “Дельтамон” ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

 

8. Дээрх байдлаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 210/ма2023/00784 тоот магадлалын дагуу хийгдсэн иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй буюу төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан, шинжээч томилсон, хөрөнгийн үнэлгээ болон тайланг холбогдох этгээдүүдэд мэдэгдсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэгч ГГын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэгч ГГын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                     Н.ХАНГАЛ