Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/02085

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 22 өдөр

   Дугаар 102/ШШ2024/02085

Улаанбаатар хот

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

1. Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65/1 байрны 47 тоотод оршин суух хаягтай, Баян уул ургийн овогтой Л

 

2. Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж 7/1 байр, 15 тоотод оршин байх, “

 

3. Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Оранж плаза төв, 4 давхар, 401 оршин байх, “

 

4. Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хөлийн гол-1, Хонхор тосгон, 7 тоотод оршин байх, “

 

5. Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Энканто таун 305 дугаар байрны 116 тоотод оршин суух хаягтай, Иөншөөбү ургийн овогтой Х

 

6. Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 37 дугаар байр, 19 тоотод оршин суух хаягтай, Батууд ургийн овогтой Ц

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээнээс татгалзах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч ОО

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар, Г.Тамир

Хариуцагч ММ

Хариуцагч ММын өмгөөлөгч Б.Батжаргал

Хариуцагч “ӨӨ” ХХК-ийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр

Хариуцагч “ЭЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэтуяа

Хариуцагч “ЭЭ” ХХК-ийн өмгөөлөгч О.Мөнгөнчимэг 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: З.Төмөрбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цацрал, Л.Нармандах, Т.Идэрзаан, Н.Амарбаясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Тэнгис, Л.Батбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Насанжаргал, Ж.Тунгалаг, У.Жавхлантөгсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Уранбилэг, Д.Тэргэл, “Их уул залаат” ХХК-ийн төлөөлөгч Ш.Ганбат, Ц.Очирсүх, Ц.Эрдэнэбилэг, Х.Цэндсүрэн, Л.Шинэхүү, Т.Пүрэвсүрэн, Н.Түмэнжаргал, “Си жи экюпмент” ХХК-ийн төлөөлөгч С.Баатарсүрэн, Б.Сүхболд, А.Батмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батжаргал, Л.Мөнхбаатар, Г.Золбоо, Б.Энхцэцэг, Б.Одгэрэл, Т.Цэрэнбат, Б.Тэгшбуян, Д.Батрагчаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дарьсүрэн, Г.Лхагвадорж, Х.Хүрэлбат, М.Төрмандах, Ч.Сувданжаргал, О.Наранцэцэг, Б.Болормаа, А.Ануужингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхболд, М.Цогоо, Г.Гандолгор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар

/Хариуцагч АА, “АА” ХХК-ийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: Нэхэмжлэгч ОО нь анх “ӨӨ” ХХК, Б.Алтанзаяа, ММ нарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Алтанзаяагаас татгалзсан ба хэрэгт хамтран хариуцагчаар “ЭЭ” ХХК, “АА” ХХК, АА нарыг татан оролцуулсан. Ингээд хариуцагч нарт холбогдуулж дараах шаардлагуудыг гаргаж байна. Үүнд:

1/ Хариуцагч “ЭЭ” ХХК, ММ нарт холбогдуулж: ЭЭ” ХХК, ОО нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”, түүний дагалдах гэрээнүүд болох 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Батлан даалтын гэрээ” 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Хэлцэл”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцааны гэрээ”, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нээс тус тус татгалзах;

2/ Хариуцагч ММт холбогдуулж: ОО, ММ нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 520,000,000 төгрөг, алданги 260,000,000 төгрөг, нийт 780,000,000 төгрөгийг ММаас гаргуулах;

3/ Хариуцагч “АА” ХХК, АА, ММ нарт холбогдуулж: “АА” ХХК, АА, ММ, ОО нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-нээс тус тус татгалзах;

4/ Хариуцагч “ӨӨ” ХХК-д холбогдуулж: ООын “ӨӨ” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн СR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ССС” хотхоны /СR-03/ 3 дугаар блокийн 2-12 давхар хүртэлх 3.586,6 м2 талбайтай, 73 ширхэг айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ОО болохыг тогтоолгоно. 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ОО нь “ӨӨ” ХХК-тай 2021 оны  8 дугаар сарын 25-ны өдөр СR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ байгуулж, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж “ӨӨ” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон.

Ингээд ОО миний бие нь “ЭЭ” ХХК, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ММтай “Хамтран ажиллах гэрээ”, “Батлан даалтын гэрээ”-г 2021 оны  8 дугаар сарын 25-ны өдөр тус тус байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй гүйцэтгэгч талын “ССС” хотхоны 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох 73 айлын орон сууцыг гүйцэтгэгч талын борлуулалтын сувгаар гүйцэтгэгч талын нэр дээр захиалгын гэрээ хийлгүүлэн зуучлуулан борлуулах, гүйцэтгэгч тал нь борлуулалтын гэрээнд заасны дагуу төлөхтэй холбоотой төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхтэй холбоотойгоор энэхүү гэрээг байгуулсан ба “Батлан даалтын гэрээ”-гээр гэрээнээс учирсан аливаа эрсдэлийг 100 хувь “ЭЭ” ХХК, 100 хувийн хувьцаа эзэмшигч ММ нь өөрийн хөрөнгөөр хариуцахаар тус тус заасан.

 

Гэрээний нийт үнийн дүн буюу бүхэлдээ 7,5 тэрбум төгрөг байна, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,0 тэрбум төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор 1,0 тэрбум төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,5 тэрбум төгрөг тус тус төлөх, үлдсэн 4,0 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч талын хэрэгжүүлж байгаа төсөл болох “АА” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигчээр орох хөрөнгө оруулалтыг гэрээний төлбөрт шууд шилжүүлэхээр тохирсон. Гэрээтэй холбоотойгоор ММтай ОО нь өөрийн үүсгэн байгуулсан, 100 хувийн хувьцааг эзэмшдэг “Гоулд констракшн” ХХК-ийг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус байгуулан компани, түүний эзэмшлийн зочид буудлыг 4,0 тэрбум/ төгрөгт, мөн  ОО ММ нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу 2021 онд үйлдвэрлэсэн “Мерседес бенз жи-500” маркийн автомашиныг 520,000,000 төгрөгт тус тус тооцож өгсөн.

Гэвч гэрээний хэрэгжилт хангалтгүй буюу заалтууд биелэгдэхгүй байсан тул “ЭЭ” ХХК-иас тавьсан саналын дагуу “Хамтран ажиллах гэрээ”-нд 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ байгуулан гэрээний нөхцөл болон төлбөрийн төлөх нөхцөлд өөрчлөлт оруулсан. Гэрээгээр үлдэгдэл төлбөрийг харилцан тохиролцож, гэрээний “төлбөрийн нөхцөл” гэсэн хэсгийн 1.4-т заасан гүйцэтгэгч тал зуучлан борлуулсан орон сууцны үнийг захиалагч талд бэлэн мөнгөөр төлөх хуваарийг тохиролцсон. 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлөх, гэрээний 2-т   талуудын хооронд өмнө байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.4.4-т заасан алдангийн хэмжээг 0.2 хувь байсныг 0.5 хувь гэж өөрчлөн, мөн гэрээний “төлбөрийн нөхцөл” гэсэн хэсгийн 1.2 хэсэг заалтыг бүхэлд нь хасах гэж өөрчлөн гэрээний 3 дахь заалтаар ОО болон “ЭЭ” ХХК, ММ нарын хооронд өмнө байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 520,000,000 төгрөгийг “ЭЭ” ХХК нь хариуцан 2021 оны 7 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон. 

“ЭЭ” ХХК болон ММ нарт 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд гэрээний нөхцөлүүд биелэгдэхгүй байгаа тул төлбөрөө төлөх, эсхүл гэрээг цуцлах талаар албан мэдэгдэл явуулж, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн ММ нараас “хариу хүргүүлэх тухай” албан бичиг ирүүлсэн болно.

ММаас ирүүлсэн албан бичгийг ОО нь хүлээн аваад 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр иргэн ММ, ОО нар нь харилцан тохиролцож “Хэлцэл” байгуулсан. Уг хэлцлээр 1 дүгээрт, “ЭЭ” ХХК нь ООтай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 2,0 тэрбум төгрөгийг Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Гранд маршал таун хотхон, tw2, tw8 дугаартай тус бүр нь 228 м2 талбай бүхий твин хаус 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан, зээл болгон шилжүүлж, “Зээлийн болон барьцаа”-ны гэрээ байгуулан, “Зээлийн гэрээ”-г 1 /нэг/ сарын 2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай буюу 2022 оны 12 дугаар 31-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон. Барьцааны гэрээ байгуулагдсан боловч барьцааны гэрээ хуулийн дагуу албажаагүй буюу ҮХЭХ-ийн газарт бүртгэгдээгүй.

Хоёрдугаарт, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ОО, “АА” ХХК, түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч АА, ММ нартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан ба энэхүү гэрээгээр ОО нь “Хонхор барилгын материалын худалдаа үйлдвэрлэл, үйлдвэрлэл технологийн парк” ХХК-ийн 5 хувийн хувьцааг “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж авсан ба худалдаа, үйлчилгээний 1,033.24 м2 талбай тус тус эзэмших, 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор “Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл тернологийн парк” ХХК, түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч АА, ММ нар нь Монголын хөрөнгийн зах зээлд шинээр IРО буюу хувьцаа гаргаагүй тохиолдолд үүсгэн байгуулагч ММ нь ООын “АА” ХХК-д оруулсан хөрөнгө болох 4,0 тэрбум төгрөгийн 5  хувийн хувьцааг 1 /нэг/ жилийн 18 хувийн хүүтэйгээр тооцон эргүүлэн худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон.

Гуравдугаарт, хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл хугацаа буюу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах алданги болох 500,000,000 төгрөг, “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 27-ноос 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хуримтлагдсан алдангийн төлбөр 198,000,000 төгрөг, нийт 698,000,000 төгрөгийн төлбөрт “ЭЭ” ХХК-ийн барьж, хэрэгжүүлж буй “Хайрын хот” төслийн барилгаас /twin house/ захилгын гэрээ хийх.

Дөрөвдүгээрт, ОО, ММ нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 520,000,000 төгрөг, “Хамтран ажиллах гэрээ”-ний төлбөрийн зөрүү 180,000,000, нийт 700,000,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 10-ны дотор барагдуулах. 

Тавдугаарт, энэхүү гэрээний дээрх 4 зүйл бүхий заалтын хэрэгжилтийг баталгаажуулж 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ОО, “ЭЭ” ХХК болон үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн ММ нартай байгуулсан “Батлан даалтын гэрээ” хүчин төгөлдөр байгаа ба ямар нэгэн байдлаар аль нэг гэрээ хэрэгжээгүй тохиолдолд үүсэх өр, төлбөрийн асуудлыг ММ нь өөрөө бүрэн хариуцан төлж барагдуулахаар тохиролцсон.

Дээрх гэрээнүүд нь огт хэрэгжээгүй ба 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ОО, “ЭЭ” ХХК, ММ нарын хооронд “Төлбөр барагдуулах гэрээ” хийгдсэн боловч бас л огт хэрэгжээгүй болно.

“ЭЭ” ХХК, ММ, “АА” ХХК, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч АА, ММ нарт ОО миний бие нь удаа дараа гэрээ хийж хангалттай хугацаа олгосон боловч гэрээнүүдийг биелүүлээгүй, ярилцсан тохиролцсон зүйлээсээ буцсан, гэрээ огт хэрэгжээгүй, биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч гэрээ цаашид биелэгдэхгүй нь тодорхой болсон ба өнөөдрийг хүртэл ОО миний бие хохирч байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгүүдэд заасны дагуу дээр дурдсан гэрээнүүдээс тус тус татгалзаж, ООын “ӨӨ” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан СR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ССС” хотхоны 3 дугаар блокийн 2-12 давхрын хүртэлх 3,586.6 м2 талбайтай 73 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ОО болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Мөн хариуцагч ММаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 520,000,000 төгрөг, алданги 260,000,000 төгрөг, нийт 780,000,000 төгрөгийг гаргуулна. 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнүүдээс татгалзсанаар анхны буюу ООын “ӨӨ” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан СR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний нэг тал нь буцаж болно, улмаар уг гэрээний дагуу миний бие уг гэрээний дагуу шаардах эрхтэй болно гэж үзэж байна.

Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ССС” хотхон, 3 дугаар блокийн 2-12 давхар хүртэлх 3,586.6 м2 талбай бүхий 73 ширхэг айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгосон нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдэд буюу орон сууцыг худалдан авсан хүмүүст яг анх захиалгын гэрээ байгуулсан хэлбэрээр, яг захиалсан давхар, хэмжээгээр нь орон сууцнуудыг нь борлуулах болно гэдгээ албан ёсоор хэлмээр байна. Гэхдээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн бусдад төлсөн мөнгийг нь хариуцахгүй.  

780,000,000 төгрөгийг ММаас гаргуулах тухай шаардлагын хувьд хариуцагч ММ нь худалдах-худалдан авах гэрээний дагуу “Жи класс 500” маркын тээврийн хэрэгслийн мөнгийг төлөөгүй байгаа учир уг автомашины төлбөрийг гэрээгээр тохирсон алдангийн хамт нэхэмжилж байгаа гэжээ. 

 

2. Хариуцагч ММ шүүхэд гаргасан тайлбартаа: Анх ОО нь “Гоулд констракшн” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, тус компанийн өмчлөлийн болон өөрийн хувийн өмчлөлд байсан “Гоулд центр” барилга, түүнд хамаарах газрыг бүхэлд нь шилжүүлсэн тул гэрээгээр тохирсон үнэ болох 3,8 тэрбум төгрөгийг ММаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, эс зөвшөөрч өөрийн татгалзлаа бүрэн нотолж зохих тайлбарыг холбогдох баримтын хамт тус шүүхэд хүргүүлсэн.

Гэвч нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан дээрх тайлбар, татгалзал, холбогдох нотлох баримттай танилцаад өөрийн гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн өөрчилж  ММ болон түүний хамаарал бүхий хуулийн этгээдүүдтэй урьд өмнө байгуулсан тодорхой гэрээ хэлцлүүдээс татгалзах, мөн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 520,000,000 төгрөг, алданги 260,000,000 төгрөг, нийт 780,000,000 төгрөгийг гаргуулахаар болсон. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд:

Хуулиар тусгайлан тогтоосон хэлбэр, шаардлагыг хангахаас бусад нөхцөлд талууд гэрээ хэлцлийг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Энэ хүрээнд ОО, ММ нарын хооронд нэхэмжлэлд дурдагдсан гэрээнүүд байгуулагдсан. Талуудын гэрээнээс татгалзах асуудлыг шүүхээр шийдвэрлэдэггүй, харин цуцалсан татгалзсан нь үндэслэлтэй эсэх тал дээр шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэдэг.  Гэтэл нэхэмжлэгч шүүхээр шийдвэрлэх боломжгүй үндэслэл, шаардлага гаргасан. 

Хэрэв нэхэмжлэгч нь “ӨӨ” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан СR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ССС” хотхоны 3 дугаар блокийн 2-12 давхарын хүртэлх 3,586.6 м2 талбайтай 73 айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа бол энэ шаардлага хангагдах боломжгүй. Учир нь уг гэрээний дагуу нэхэмжлэгч хувьцаа болон зохих төлбөрөө авсан. Уг гэрээний дараа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр шат дараалсан гэрээнүүд байгуулагдсан, тэдгээр гэрээнүүд хэрэгжээд явж байгаа, зарим нь хэрэгжээд дууссан.

Тодруулбал, нэхэмжлэгч нь өөр хуулийн этгээдтэй орон сууц захиалгын гэрээ байгуулан, тухайн захиалсан орон сууцаа гуравдагч этгээдээр худалдан борлуулахаар тохиролцож, ийнхүү борлуулсан төлбөрийг хүлээн авч, зарим хэсгийг өөрийн бусад этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлийн дагуу төлбөр хураамжид өгч, захиран зарцуулж, мөн төлбөрийн зарим хэсгийг автомашин худалдах гэрээний төлбөрийн үүрэгтэй нийлүүлэн зээлийн гэрээ болгон өөрчилж, зээлийн харилцаа хэлбэрээр үргэлжлүүлэн, тухайн гэрээний дагуу нилээдгүй хугацаанд зээлийн хүү, төлбөр шаардан авч гэрээг үргэлжлүүлж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргахдаа дээрх гэрээнүүдийн зарим хэсгээс үндэслэлгүй татгалзаж, зарим хэсгийг буюу дуусгавар болсон автомашин худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардах гэх мэтээр үндэслэл логикгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хамгийн анх 2021 онд Б.Алтанзаяа гэж хүний тавьсан саналын дагуу “Сити резидент” төсөлд хөрөнгө оруулсан ба төслийг одоо “ӨӨ” ХХК хэрэгжүүлж байгаа. “ӨӨ” ХХК 50 хувийг эзэмшиж, 2,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд, энэ төслийг хамтарч хэрэгжүүлэхээр тохиролцсон. Тухайн үед 2,0 тэрбум төгрөг бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэхэд хүрэлцэхгүй байсан учир томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх, байрыг урьдчилан захиалгаар зарахаар ООт санал тавьснаар тухайн үед СR001 дугаартай гэрээ байгуулагдаж байсан. Уг гэрээний дагуу 5,380,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар ОО 73 айлын орон сууцыг худалдаж авсан. Энэ бол “ӨӨ” ХХК болон ОО нарын хооронд байгуулагдаж байгаа гэрээ бөгөөд ОО өөрөө “ӨӨ” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр орж ирсэн. Өөрөөр хэлбэл компанийн 50 хувийг ММ, “ЭЭ” ХХК, 50 хувийг Б.Алтанзаяа гэдэг хүн эзэмшиж байсан. Ингээд “ӨӨ” ХХК-ийн 50 хувийн хувьцааны 30 хувийг ОО барьцаа хэлбэрээр шилжүүлж авсан. Анхнаасаа энэ гэрээний харилцаа эхлэхэд бид хоёр хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн дотоод үйл ажиллагаатай танилцах, хувьцаа эзэмшигчдийн хуралд тайлан, балансуудыг унших зэргээр бүх ажлуудад оролцож явсан, нэхэмжлэгч тухайн үед болсон бүхий л асуудлыг маш сайн ойлгож байсан. 2021 оны СR001 тоот гэрээг байгуулмагц ООт 5,0 тэрбум төгрөг бэлнээр өгсөн асуудал байхгүй. Харин 1,0 тэрбум төгрөгийг бэлнээр өгсөн,  300 орчим сая төгрөгийг арматурын компани руу Б.Алтанзаяа захирлын зөвшөөрлөөр шилжүүлсэн байдаг. Тухайн үед Баянгол дүүрэгт байрлалтай “Голд центр” нэртэй барилгыг 3,8 тэрбум төгрөгөөр үнэлж, энэ гэрээний төлбөрт өгсөн. Хожим тэр барилгыг Б.Алтанзаяа буюу “ӨӨ” ХХК-ийн одоогийн 100 хувь эзэмшигч өөрийн нэрд шилжүүлж аваад, зарж борлуулаад, төсөлд оруулсан гэж мэдэгддэг.

Энэ хэрэгт 2 ширхэг “Мерседес бенз жи класс” автомашин яригддаг. 2019 онд үйлдвэрлэгдсэн  “Мерседес бенз жи класс” загварын автомашиныг ОО СR001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний төлбөрт өгсөн. Харин сүүлийн буюу 2021 оны худалдах-худалдан авах гэрээний зүйл болох “Мерседес бенз жи класс” загварын автомашины төлбөрийг талууд өөр гэрээний үүрэгт төлбөрт тооцсон, холбогдох гэрээ нь хэрэгт авагдсан байгаа.

Дээрх үйл явдлаас хойш бидний гол гэрээ буюу хамтран ажиллах гэрээг талууд байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр CR001 гэрээний зүйл болох 73 айлын орон сууцыг зуучлан борлуулах гэрээг байгуулсан. CR001 тоот гэрээний дагуу ОО мөнгөө гаргаад авч болох байсан. Би ООт “АА”  гэсэн төсөл хэрэгжүүлж байгаа, энэ төсөлд хөрөнгө оруулах санал тавьсан. Нэхэмжлэгч хариуд нь “...ах нь одоо шинээр нэмж мөнгө гаргаж чадахгүй, харин танай захиалсан байрыг зараад, наад руу орох сонирхолтой байна” гэсэн хариугаа илэрхийлсэн учир бид хамтран ажиллах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу 73 иргэдэд “ЭЭ” ХХК нь гэрээний дагуу зуучлан борлуулсан. CR001 гэрээний дагуу нэхэмжлэгч нийт 7,5 тэрбум төгрөг гаргаж авах ёстой байсан. Ингээд мөнгөний нийт дүнгээр аваад үзэхэд 3,5 тэрбум төгрөгийг ОО мөнгөөр авахаар, харин 4,0 тэрбум төгрөгт нь “АА” төслийн 5 хувийг эзэмшихээр болсон. Ингэснээр нэхэмжлэгч “АА” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигчээр гэрээ хийж орсон. Үлдэх 3,5 тэрбум төгрөгөөс 1,550,000,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан. Харин 4,0 тэрбум төгрөгийг ООын нэрийн өмнөөс “АА” ХХК-ийн төсөвт бэлэн мөнгөөр болон, тодорхой бараа материал, ажил үйлчилгээгээр тооцож шилжүүлсэн байгаа. Энэ талаарх бүртгэлийн байгууллагаас ирсэн баримтууд болон холбогдох бусад баримтууд хэрэгт авагдсан. Ингээд ОО нь “АА” ХХК-ийн хөрөнгө оруулагчаар бүртгэгдээд, гэрээ байгуулсан, одоо ОО нь тус компанийн 5 хувийн хувьцаа эзэмшигч. “АА” ХХК нь нийт 7 хувьцаа эзэмшигчтэй. Тус компани хувьцааны 89 хувийг ММ, АА гэсэн 2 хүний нийлсэн компани, харин 11 хувийг иргэн ОО болон бусад нэр бүхий 5 хүн эзэмшдэг.

Анх байгуулсан гэрээнээс үргэлжлээд ОО дахин гэрээ байгуулж одоо бас “Хонхор импекс” ХХК-ийн 29.2 хувийн хувьцаа эзэмшигч болсон. “АА” төслийн баталгаа болгож төсөл хэрэгжүүлэх 16,014м2 объект байдгаас тодорхой хэсэг болох 1,033 м2 объектыг ООт захиалах гэрээгээр шилжүүлсэн байгаа. Ийм байдлаар бид нэхэмжлэгчид гэрээний дагуу 1,550,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, харин 4,0 тэрбум төгрөгт нь “АА” ХХК-ийн хувьцаа өгсөн, одоо төсөл нь хэрэгжинэ. Ингээд CR001 гэрээний дагуу нэхэмжлэгчийн авах ёстой 7,5 тэрбум төгрөгөөс 5,550,000,000 төгрөг төлөгдсөн байна. Борлуулалтын үйл ажиллагаа бол бодсон хэмжээнд явж чадаагүй, баригдаж байсан барилга болохоор ООт байр зарагдаагүй, орлого орж ирээгүй учраас төлөх боломжгүй болсон. Улмаар ООтай уулзаад удаа дараагийн олон хэлцлүүдийг хийсэн нь үнэн.

Бид нэхэмжлэгчид эвлэрэн хэлэлцэх санал удаа дараа тавьсан. Гэхдээ зохих хэмжээний буюу яг гэрээний дагуу үлдсэн төлбөрийн хэмжээнд график гаргаад төлөх санал тавьсан. Гэтэл нэхэмжлэгч нь анх байгуулсан гэрээний дагуу мөнгө, хувьцаа зэргийг авчхаад ахиад нэмж 73 айлын орон сууцны өмчлөгч болох, өөр гэрээний үүрэгт тооцсон  автомашины төлбөрийг нэхэх зэргээр дандаа бүх юмаа давхардуулаад нэхэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь энэ олон гэрээнүүдээс татгалзсан гэж байгаа. Гэтэл  хэрэгжээд дууссан гэрээнээс татгалзаж болох уу гэдэг асуудал гарч ирнэ. Ингээд нэгэнт биелэгдсэн гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.

Мөн “АА” ХХК, АА нартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнүүдээс татгалзаж байна гэж  надад хамааралгүй асуудал бас ярьж байгаа. “Мега фоод” ХХК-иас ОО өөрөө шаардлага тавьсаар байгаад  үйлчилгээний талбайг баталгаа болгон гэрээгээр авсан 1,033 м2 талбайг хуулийн дагуу захиалгын гэрээгээр эзэмшиж байгаа. Дээрээс нь  “АА” ХХК-ийн 5 хувь, “Хонхор импекс” ХХК-ийн 29 хувийг тус тус эзэмшиж байгаа хэрнэ яагаад энэ хүмүүсийн байрыг дахин нэхэж байгааг ойлгохгүй байна. 

“АА” ХХК-ийн дотоод асуудлаар хувьцаа эзэмшигчид өөрсдөө хуралдаж, энэ хүн хувьцаагаа зарах бол эхлээд хувьцаа эзэмшигчид санал болгох ёстой боловч өнөөдрийн байдлаар нэг ч алхам хийгдээгүй. Мөн удаа дараа хийгдсэн гэрээнүүдэд заасан байгаа аль аль тал гэрээнээс татгалзах боломжгүй, энэ өөрөө компани дотоод асуудал тул энэ гэрээнээс татгалзах боломжгүй гэж үзэж байна.

“ӨӨ” ХХК өнөөдөр энэ 73 айлын орон сууцыг бариад ашиглалтад оруулсан бол бид бүгдээрээ энд байх шаардлагагүй, энэ шүүх хурал болохгүй байсан. Бид “ӨӨ” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж байгаад өнгөрсөн 2023 оны 01 дүгээр сард шүүх хурлаар бид нар эвлэрэн хэлэлцэж, манайх энэ төслөөс гарсан. Одоо “ӨӨ” ХХК-д миний ямар ч хувь эзэмшил байхгүй анх хөрөнгө оруулалтаар уригдаж ирээд, хөөгдөж гарсан, өөрсдөө эргээд зөвхөн 38 байрны захиалагчаар үлдсэн байгаа.

 Эцэст нь хэлэхэд надад хамаатай төлбөрийн асуудалд санаа зовохгүй байна. Харин энд хүрэлцэн ирсэн иргэд болон бусад захиалгын гэрээгээр байр эзэмшсэн 250 гаруй иргэдийн асуудал, энэ хэрэгт хамааралтай эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа 73 иргэний асуудлыг шийдэж хамгаалж өгөөч. Өөрөөр хэлбэл энд ирсэн иргэдийн эрх ашиг сонирхлыг  хамгаалж  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч “ЭЭ” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. ОО нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “ӨӨ” ХХК-тай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулан, “ӨӨ” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “ССС” хотхоноос 3,586.6 м2 талбай бүхий орон сууцнуудыг захиалсан. Ингээд “ЭЭ” ХХК, ОО нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” -гээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “ССС” хотхоны №3 блокийн орон сууцны 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох орон сууцнаас 73 ширхэг орон сууцыг манай компанийн борлуулалтын сувгаар, манай компанийн нэр дээр захиалгын гэрээ хийлгүүлэн зуучлуулан борлуулах, борлуулалтын төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхөөр тохиролцсон.

Мөн гэрээний нийт дүнг 7,5 тэрбум төгрөг байхаар тохирч, гүйцэтгэгч тал нь зуучлан борлуулсан орон сууцны үнээс 3,5 тэрбум төгрөгийг хуваарийн дагуу бэлнээр төлөхөөр, 4,0 тэрбум төгрөгт манай талын бусадтай хамтран хэрэгжүүлж байгаа төсөл болох “АА” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигчээр орох, хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт шууд шилжүүлэхээр тус тус тохиролцсон.

Энэхүү гэрээнд заасны дагуу манай компани 73 орон сууцыг бусдад зуучлан худалдан борлуулж, гэрээний төлбөрт нийт 1,550,000,000 төгрөгийг бэлнээр, 4,0 тэрбум төгрөгт манай талын хэрэгжүүлж байгаа төсөл болох “АА” ХХК-ийн 5 хув ийн хувьцаа эзэмшигчээр оруулж, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, гэрээнийхээ үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл ОО нь “АА” ХХК-д 4,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшигч ААаас 5 хувийн хувьцаа, “Хонхор импекс” ХХК-ийн 29.2 хувийн хувьцааг тус тус шилжүүлэн авсан ба манай компани нь ООын өөрийнх нь хүсэлтээр орон сууц захиалгын гэрээний орлогоос “АА” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ААад 4,0 тэрбум төгрөгийг 2,7 төгрөгийг бэлнээр, 1,3 тэрбум төгрөгийг бараа бараа материал болон ажил гүйцэтгэлээр тус тус төлж барагдуулсан.

Энэ нь нэхэмжлэгч ООын 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “ЭЭ” ХХК-д хүргүүлсэн “Мэдээлэл авах тухай” албан бичиг, хөрөнгө оруулалтын гэрээ, “Хамтран ажиллах гэрээ”-ний дагалдах гэрээнүүд зэргээр нотлогдоно.

Манай компани нь “Хамтран ажиллах гэрээ”-нд заасны дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “ССС” хотхоны №3 блокийн орон сууцны 73 орон сууцыг бусдад зуучлан борлуулж, орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Иймд эдгээр 73 орон сууцны захиалагч нарын эрх ашиг хөндөгдөж байгааг анхаарах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч “АА” ХХК-иас шүүхэд тайлбар гаргаж өгөөгүй. 

 

5. Хариуцагч АА шүүхэд тайлбар гаргаагүй. 

 

6. Хариуцагч “ӨӨ” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч ООтай СR-001 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ССС” хотхоны СR-03 дугаар блокийн 2-12 давхрын 3,586.6 м2 талбайтай 73 ширхэг орон сууцуудыг ашиглалтад оруулж хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож төлбөр тооцоог 100% төлөн барагдуулснаар гэрээг байгуулсан болно. Иймд уг 73 ширхэг орон сууцны хууль ёсны анхны захиалагч нь иргэн ОО мөн болно. “ССС” хотхоны барилгыг 2022 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан хэдий ч эдийн засгийн болон хамтран ажиллаж байсан ММтай шүүхэд маргаан үүсэж, эдийн засгийн хүндрэлтэй асуудал үүсэж, улмаар компанийн дотоод зохион байгуулалттай холбоотой үйл ажиллагааны доголдлын улмаас хотхоны барилгын бүтээн байгуулалтын үйл явц удаашралтай байгаа болохоор орон сууц захиалгын гэрээний дагуу 3,586.6 м2 талбайтай орон сууцыг барьж дуусгаагүй байгаа болно. Нэхэмжлэгчийн хүсэж байгаа өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг биелүүлэхэд татгалзах зүйлгүй бөгөөд улсын бүртгэлийн Ү дугаар аваагүй байгаа тул нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна. “ССС” хотхоны барилга баригдаж буй бөгөөд барилга ашиглалтад орох үед нэхэмжлэгчийн шаардаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг хүлээлгэн өгөхөөс татгалзах зүйлгүй гэжээ.  

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:  Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “ӨӨ” ХХК /гүйцэтгэгч/ болон ОО /захиалагч/ нарын хооронд байгуулагдсан CR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ” /1 хавтас, хх9-10/, “ӨӨ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх11/, “Гоулд констракшн” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх 12/, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Компаний хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” /1 хавтас, хх 13/, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” /1 хавтас, хх 14/, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №1352 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” /1 хавтас, хх 15/, эрхийн улсын Ү-2205027048 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ 65/1 дүгээр байрны 1 тоот хаягт байршилтай, 92м2 талбайтай, 3 өрөө орон сууцны гэрчилгээ /1 хавтас, хх 16/,  2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №1353 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” /1 хавтас, хх 17/, эрхийн улсын Ү-2205027049 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ 65/1 дүгээр байрны 2 тоот хаягт байршилтай, 49.3 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ /1 хавтас, хх 18/, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №1354 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” /1 хавтас, хх 19/, эрхийн улсын Ү-2205027051 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ 65/1 дүгээр байрны 4 тоот хаягт байршилтай, 42.8 м2 талбайтай, 1 өрөө орон сууцны гэрчилгээ /1 хавтас, хх 20/, 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №1355 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” /1 хавтас, хх 21/, эрхийн улсын Ү-2205027052 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, ЭТӨЧ 65/1 дүгээр байрны 5 тоот хаягт байршилтай, 47.2 м2 талбайтай, 2 өрөө орон сууцны гэрчилгээ /1 хавтас, хх 22/, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “ӨӨ” ХХК-ийн №1 тоот албан бичиг /1 хавтас, хх 23/, 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “ӨӨ” ХХК-ийн №2 тоот албан бичиг /1 хавтас, хх 24/, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 647,920,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /1 хавтас, хх25/,  2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 306,830,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /1 хавтас, хх26/, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №01 тоот “ӨӨ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тооллогын комиссын тогтоол /1 хавтас, хх 27/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /1 хавтас, хх28-30/, “ЭЭ” ХХК болон ООын нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”, хавсралт /1 хавтас, хх 88-91/, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ /1 хавтас, хх92/, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Батлан даалтын гэрээ” /1 хавтас, хх 93/, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “хэлцэл” /1 хавтас, хх 94-95/, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “ЭЭ” ХХК, ММ, ОО нарын хооронд байгуулсан “Зээлийн болон барьцааны гэрээ” /1 хавтас, хх 96-98/, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцааны гэрээ” /1 хавтас, хх 99/, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №LC-TW-31 тоот “Орон сууц захиалгын гэрээ” /1 хавтас,хх 100-102/, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №1 тоот “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”, дагалдах баримтууд /1 хавтас, хх103-107/, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Цэц билэг” ХНН-ийн мэдэгдэл /1 хавтас, хх108-109/, ММын “хариу хүргүүлэх тухай” бичиг /1 хавтас, хх110/, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 22/05 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ” /1 хавтас, хх 111-112/, “АА” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх 113/, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” /1 хавтас, хх 114/, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ” /1 хавтас, хх 115/, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ” /1 хавтас, хх 116-117/, ООын дансны хуулга /1 хавтас, хх 118-125/,  2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Төлбөр барагдуула гэрээ” /1 хавтас, хх 126-128/, “Мобиком” ХХК-ийн ярианы хуулга /3 хавтас, хх225-230/, ООт “Хайрын хот” ХХК-иас явуулсан 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 35 тоот албан бичиг /3 хавтас, хх 231-232/.

 

9. Хариуцагч “ӨӨ” ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1 хавтас, хх129/, хариу тайлбар /1 хавтас, хх249/, “ЭЭ” ХХК-иас “ӨӨ” ХХК руу явуулсан 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 72 тоот албан бичиг /2 хавтас, хх 131-132/, “ӨӨ” ХХК-иас “ЭЭ” ХХК  руу явуулсан 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 126 тоот албан бичиг /2 хавтас, хх 133-135/, 

 

10. Хариуцагч “АА ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хавтас, хх48/, итгэмжлэл /2 хавтас, хх49/, хариу тайлбар /1 хавтас, хх249/.

 

11. Хариуцагч “ЭЭ” ХХК-иас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /2 хавтас, хх57, 59/, хариу тайлбар /2 хавтас, хх 60-61/, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ” /3 хавтас, хх242-244/, “ӨӨ” ХХК-ийн дүрэм /3 хавтас, хх245-248/, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №01/26-09 тоот “Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг цуцалж, зарим эрх, үүргийг шилжүүлж, төлбөр тооцоо барагдуулах хэлцэл”, хавсралтууд /4 хавтас, хх1-10/, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/шш2023/00595 тоот “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” /4 хавтас, хх 11-33/, “ЭЭ” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 37 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичиг /4 хавтас,хх34/, ООын “АА ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт, задаргаа /4 хавтас, хх 35-36/, “ЭЭ” ХХК, ММ нараас ООт шилжүүлсэн мөнгөний тооцоо, орлогын мэдүүлэг, шилжүүлгийн баримтууд /4 хавтас, хх 37-54/, фото зураг /4 хавтас, хх 55/.

 

12. Хариуцагч ММаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /1 хавтас, хх 36/, хариу тайлбар /1 хавтас, хх 41-43, 243-245/, хүсэлт /1 хавтас, хх 44-45/, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “ӨӨ” ХХК /гүйцэтгэгч/ болон ОО /захиалагч/ нарын хооронд байгуулагдсан CR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ” /1 хавтас, хх46-50/, “ЭЭ” ХХК болон ООын нарын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”, хавсралт /1 хавтас, хх 51-55/, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “ӨӨ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хавсралт /1 хавтас, хх 57-58/, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “ӨӨ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /1 хавтас, хх59-60/, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн ООын “ЭЭ” ХХК-д явуулсан “Мэдээлэл авах тухай” бичиг /1 хавтас, хх 74/, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “ЭЭ” ХХК-иас ООт явуулсан “Мэдээлэл хүргүүлэх тухай” бичиг, хавсралт /1 хавтас, хх 75-77/, “ӨӨ” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл /1 хавтас, хх78-79/, орлогын мэдүүлэг /1 хавтас, хх246-248/.

 

13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэлүүд, “Орон сууц захиалгын гэрээнүүд, гэрээний хавсралтууд, мөнгө төлсөн баримтууд, дансны хуулганууд.

 

14. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ОО, Б.Алтанзаяа нарын хооронд хийгдсэн “ӨӨ” ХХК-ийн 30 хувийн хувьцааг шилжүүлсэн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”, АА ХХК болон “ӨӨ” ХХК-ийн дүрэм; “АА ХХК, АА, ММ, ОО нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ” /2 хавтас, хх 11-37/. 

 

15. Хариуцагч ММын хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Эрхийн улсын Ү-2205023358 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 65/1 хаягт байрлах, “Гоулд констракшн” ХХК-ийн өмчлөлийн, зочид буудал, орон сууц, үйлчилгээний зориулалттай 1080 м2 талбайтай, 5 давхар барилгад байрлах 806.6 м2 талбайтай хэсэг үл хөдлөх хөрөнгө; Эрхийн улсын Ү-2205017814 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 65/1 хаягт байрлах, “Гоулд констракшн” ХХК-ийн өмчлөлийн 450 м2 талбайтай, үйлчилгээний зориулалттай 3 давхар өргөтгөлийн барилга; Эрхийн улсын Ү-2205027048 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 65/1 байрны 1 тоот хаягт байрлах, иргэн ООын өмчлөлийн 92 м2 талбайтай орон сууц; Эрхийн улсын Ү-2205027049 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 65/1 байрны 2 тоот хаягт байрлах, иргэн ООын өмчлөлийн 49.3 м2 талбайтай орон сууц; Эрхийн улсын Ү-2205027050 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 65/1 байрны 3 тоот хаягт байрлах, иргэн ООын өмчлөлийн 42.1 м2 талбайтай орон сууц; Эрхийн улсын Ү-2205027051 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 65/1 байрны 4 тоот хаягт байрлах, иргэн ООын өмчлөлийн 42.8 м2 талбайтай орон сууц; Эрхийн улсын Ү-2205027052 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 65/1 байрны 5 тоот хаягт байрлах, иргэн ООын өмчлөлийн 47.2 м2 талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн түүхчилсэн лавлагаа /1 хавтас, хх 161-223/.

 

16. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс үзлэг хийсэн /4 хавтас, хх89-106/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан. Үүнд:

 

1. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “ӨӨ” ХХК /гүйцэтгэгч/, түүнийг төлөөлж Б.Алтанзаяа болон ОО /захиалагч/ нарын хооронд байгуулагдсан CR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”. Уг гэрээгээр захиалагч нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт гүйцэтгэгч талын барьж буй “ССС” хотхоноос захиалагч 3,586.6м2 талбайг нийт 5,380,000,000 төгрөгөөр худалдан авахаар болжээ. Ингэхдээ төлбөрийг 1,0 тэрбум төгрөгийг бэлнээр, 70-02 УАН улсын дугаартай, “Жи класс 500” маркийн автомашиныг 580,000,000 төгрөгт тооцож өгөхөөр, мөн “Гоулд констракшн” ХХК-ийн 100 хувьцаа, мөн компанийн өмчлөл, эзэмшил, ООын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 3,8 тэрбум төгрөгт тооцон гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохирчээ.   

 

2. “ЭЭ” ХХК /гүйцэтгэгч/ болон ОО /захиалагч/ нарын байгуулсан “Хамтран ажиллах” гэрээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

2.1. Захиалагч тал нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа гүйцэтгэгч талын “ССС” хотхоны 2022 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох 73 айлын орон сууцыг гүйцэтгэгч талын борлуулалтын сувгаар, гүйцэтгэгч талын нэр дээр захиалгын гэрээ хийлгүүлэн зуучлуулан борлуулах. 

2.2. Гэрээний нийт үнийн дүн буюу бүхлээрээ “ССС” хотхоны №3 блок, 73 айлын орон сууцны үнэ нь 7,5 тэрбум төгрөг байна. Үүнээс 3,5 тэрбум төгрөгийг мөнгөөр төлнө.

2.3. Үлдэх 4,0 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч талын хэрэгжүүлж байгаа төсөл болох “АА” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигчээр орох хөрөнгө оруулалтын гэрээний төлбөрт шилжүүлнэ. 

 

3. 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “ЭЭ” ХХК /гүйцэтгэгч/ болон ОО /захиалагч/ нар “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээг байгуулсан. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

3.1. Талуудын хооронд өмнө байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дүн болох 3,5 тэрбум төгрөгөөс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах өдрийн байдлаар 1,050,000,000  төгрөгийг төлсөн. Үлдэх төлбөрийн дүнг 2,480,000,000 төгрөгөөр тохиролцож, хуваарийн дагуу төлнө.

3.2. ОО болон “ЭЭ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ММ нарын хооронд өмнө байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 520,000,000 төгрөгийг “ЭЭ” ХХК хариуцан 2021 оны  7 дугаар сарын 10-ны дотор төлөхөөр нэмэлт өөрчлөлт оруулав.   

 

4. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ОО /үүрэг гүйцэтгүүлэгч/ болон “ЭЭ” ХХК-иуд /Батлан даагч/-ын хооронд байгуулагдсан “Батлан даалтын гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

4.1. Батлан даагч “ЭЭ” ХХК нь “ӨӨ” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчийн хувьд үүрэг гүйцэтгүүлэгч ОО үүрэг гүйцэтгэгч “ӨӨ” ХХК-иудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу үүрэг гүйцэтгэгч тал нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг гэрээгээр тохиролцсон хэмжээгээр төлбөрийн батлан даалт гаргав.

4.2. Батлан даалтын дээд хэмжээ 9,5 тэрбум төгрөг байна. Батлан даагч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хүрээнд “ЭЭ” ХХК-ийн хөрөнгө, “Гранд маршал лакшири виллас” төслийн хөрөнгөөр бүрэн хариуцахын дээр “ӨӨ” ХХК-ийн 30 хувь хувьцааг барьцаа хэлбэрээр түр хугацаанд шилжүүлнэ.

 

5. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ОО болон ММ нарын хооронд байгуулагдсан “Хэлцэл”. Уг хэлцлээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон. Үүнд:

5.1. “ЭЭ” ХХК нь ООтай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ”-ний дагуу төлөх үндсэн төлбөр 2,0 тэрбум төгрөгийг Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, “Гранд маршал таун” хотхон, tw2, tw8 дугаартай, тус бүр нь 228м2 талбай бүхий твин хаус /2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө/ барьцаалан, зээл болгон шилжүүлж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Зээлийн гэрээг 1 сарын 20 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө.

5.2. ОО нь “АА” ХХК-ийн 5 хувийн хувьцаа, 1,033.24 м2 худалдаа, үйлчилгээний талбай тус тус эзэмших ба 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор “АА” ХХК, түүнийг төлөөлж үүсгэн байгуулагч АА, ММ нар нь Монголын зах зээлд шинээр IPO буюу хувьцаа гаргаагүй тохиолдолд үүсгэн байгуулагч ММ нь “АА” ХХК-д оруулсан хөрөнгө болох 4,0 тэрбум төгрөгийн  5 хувийн хувьцааг 1 жилийн 24 хувийн хүүтэйгээр тооцон эргүүлэн худалдан авна.

5.3. Хамтран ажиллах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл хугацаа буюу 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах алданги болох 500,000,000 төгрөг, “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ний дагуу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хуримтлагдсан алдангийн төлбөр 198,000,000 төгрөг, нийт 698,000,000 төгрөгийн төлбөрт “ЭЭ” ХХК-ийн барьж, хэрэгжүүлж буй “Хайрын хот” төслийн барилгаас /twin house/ захилгын гэрээ хийнэ.

5.4. ОО болон ММ нарын хооронд байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 520,000,000 төгрөг, “Хамтран ажиллах гэрээ”-ний төлбөрийн зөрүү 180,000,000, нийт 700,000,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 10-ны дотор барагдуулна. 

 

6. “ЭЭ” ХХК /зээлдэгч/ болон ОО /зээлдүүлэгч/ нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон. Үүнд:

6.1. “ЭЭ” ХХК болон ММ нар нь иргэн ООтай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр 2,0 тэрбум төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул талууд харилцан тохиролцож цаашид төлбөрийн нөхцөл, зориулалтыг зээл болгон шилжүүлж энэхүү гэрээг байгуулсан.  

6.2. Зээлдэгч нь зээлдүүлэгчид 2,0 тэрбум төгрөгийн зээл олгосон ба зээлийн хүү нь нэг сард 2 хувь буюу 40,000,000 төгрөг, хугацаа 5 сар буюу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байна.

 

7. “ЭЭ” ХХК /барьцаалуулагч/ болон ОО /барьцаалагч/ нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Барьцааны гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон. Үүнд:

7.1. Барьцаалуулагч нь 2022 оны 7 дугаар сарын 05 -ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 2,0 тэрбум төлбөрийн баталгаа болгож 3,625,200,000 төгрөгийн үнэ бүхий, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Гранд маршал таун хотхон, tw2, tw8 дугаартай, тус бүр нь 228 м2 талбай бүхий твин хаус, 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. 

 

8. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр “Хайрын хот” ХХК /гүйцэтгэгч/ болон ОО /захиалагч/ нарын хооронд байгуулагдсан №LC-TW-31 тоот “Орон сууц захиалгын гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон. Үүнд:

8.1. 142.97м2 талбайтай, “Нордик твин хаус орон сууц”-ыг 783,475,600 төгрөгөөр захиалах, захиалагч нь гэрээний төлбөр болох 783,475,600 төгрөгийг гүйцэтгэгч “Хайрын хот” ХХК болон “ЭЭ” ХХК-ийн хоорондын тооцоогоор, “ЭЭ” ХХК ОО нарын хооронд байгуулсан гэрээний алдангитай дүйцүүлэн барагдуулсан.

 

9. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ОО /худалдагч/ болон ММ /худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан №1 тоот “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр талууд 2021 онд үйлдвэрлэгдсэн, 0 км заалттай, “Мерседес бенз Жи 500” /Mercedes benz G500/маркын тээврийн хэрэгслийг 520,000,000 төгрөгөөр худалдах, төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө.

 

10. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “АА” ХХК /Парк/ болон ОО /хөрөнгө оруулагч/ нарын хооронд байгуулагдсан  №22/05 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах зүйлсийг тохирсон. Үүнд:

10.1. Парк нь 28 худалдааны компани, 12 үйлдвэрийн компани нийт 40 компани байгуулж хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байснаас худалдааны 28 компанийг 1 компани болгон нэгтгэж “Хонхор импекс” ХХК-ийг байгуулж хөрөнгө оруулагч нарт хувьцаа эзэмшүүлнэ.

10.2. Паркийн үүсгэн байгуулагч нь 0улсын бүртгэлийн дугаартай, барилгын сууриараа 2,808 м2 талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгч. Уг үл хөдлөх хөрөнгийн 3,522.44 м2 талбайг “Хонхор импекс” ХХК өмчлөх бөгөөд энэхүү талбайг компанийн хувьцаа эзэмшигч нарт хөрөнгө оруулалтын хэмжээгээр эзэмшүүлнэ. 

10.3. Хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг баталгаажуулж барилгын материалын худалдаа үйлчилгээний 1,033.24 м2 талбайн 1 м2 талбайг 3,871,300  төгрөгөөр тооцон “Худалдаа үйлчилгээний талбай захиалгын гэрээ”-гээр эзэмшүүлнэ.

10.4.  Хөрөнгө оруулагч нь худалдаа үйлчилгээний талбайгаар “Хонхор импекс” ХХК-д хөрөнгө оруулалт хийж, компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 29.2 хувь /цаашид “Эзэмшлийн хувь” гэх/-ийн хувьцаа эзэмшигч болно.  

 

11. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Хонхор барилгын материал худалдаа, үйлдвэрлэл технологийн парк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч АА /эрх шилжүүлэгч тал/ болон ОО /эрх хүлээн авагч тал/ нарын хооронд байгуулагдсан “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”. Уг гэрээгээр АА нь өөрийн эзэмшлийн 50 хувийн эрхээсээ 5 хувийн эрх, үүргээ эрх хүлээн авагч ОО шилжүүлнэ.

 

12. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Хонхор барилгын материал худалдаа, үйлдвэрлэл технологийн парк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч АА /худалдагч/ болон ОО /худалдан авагч тал/ нарын хооронд байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах зүйлсийг харилцан тохирсон. Үүнд:

12.1. “АА” ХХК-ийн өөрийн хөрөнгө нь 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай бөгөөд нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг хувьцаанд хуваагдана. АА нь нэг бүр нь 1000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг хувьцааг эзэмшдэг бөгөөд 1000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг ООт худалдана.

 

13. 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Мегавүүд” ХХК /гүйцэтгэгч/ болон ОО /захиалагч/ нарын хооронд байгуулагдсан №22/05 тоот “Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон. Үүнд:

13.1. Гүйцэтгэгч нь Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамал гудамж 3/5 хаягт баригдаж байгаа 0улсын бүртгэлийн дугаартай, барилгын сууриараа 2.808 м2 талбайтай, 3 давхар, 4,829.44 м2, 50 хувийн гүйцэтгэлтэй “Барилгын материалын худалдаа, үйлчилгээний төв” үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч бөгөөд захиалагч нь 516.62 м2 талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбайг захиалж, төлбөрийг тохиролцсон хугацаанд төлнө. 

13.2. Гүйцэтгэгч нь нэгж талбайн үндсэн үнэ нь 9,000,000 төгрөгийн үнэлгээтэй талбайг 3,871,300 төгрөг болгон хямдруулж нийт 1033.24м2 талбайг 4,000,000,000 төгрөгт тооцно.

 

14. ОО болон ММ нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан “Төлбөр барагдуулах гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг тохирсон. Үүнд:

14.1. “ЭЭ” ХХК нь ООтай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ, “ӨӨ” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан СR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ОО болон ММтай байгуулсан “Батлан даалтын гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Хэлцэл”, зээлийн болон барьцааны гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл тернологийн парк” ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ, “Худалдаа, үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ” зэргийг үндэслэн дараах нөхцөлөөр энэхүү төлбөр барагдуулах гэрээг байгуулав.

14.2. Хамтран ажиллах гэрээний 1.1-д “энэхүү гэрээний нийт үнийн дүн буюу бүхэлдээ 7,5 тэрбум төгрөг байна. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 1,0 тэрбум төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний дотор 1,0 тэрбум төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны дотор 1,5 тэрбум төгрөг тус тус төлнө, үлдсэн 4,0 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч талын хэрэгжүүлж байгаа төсөл болох “АА” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигчээр орох хөрөнгө оруулалтыг гэрээний төлбөрт шууд шилжүүлнэ” гэж заасан. Гэрээтэй холбоотойгоор ММтай ОО нь өөрийн үүсгэн байгуулсан, 100 хувийн хувьцааг эзэмшдэг “Гоулд констракшн” ХХК-ийг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус байгуулан компанийн эзэмшил болон өөрийн хувийн өмчлөлд байдаг барилга, орон сууцнууд, түүнд хамаарах газрыг бүхэлд нь 3,8 тэрбум төгрөгт, мөн 1,0 тэрбум төгрөг бэлнээр, 2019 онд үйлдвэрлэгдсэн “Мерседес бенз жи 500” маркийн автомашиныг 580,000,000 төгрөгт тооцож, ОО ММ нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 2021 онд үйлдвэрлэсэн “Мерседес бенз жи 500” маркийн автомашиныг 520,000,000 төгрөгт тооцож тус тус өгсөн.

14.3. Дээрх хугацаанд ММ нь “Хамтран ажиллах гэрээ”-ний дүн болох 3,5 тэрбум төгрөгөөс нийт 900,000,000 төгрөг төлсөн. “ЭЭ” ХХК нь “Хамтран ажиллах гэрээ, “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, “Зээлийн гэрээ”-ний дагуу хүү, алдангид  нийт 450,000,000 төгрөг тус тус төлсөн.

14.4. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.4.4-т заасны дагуу алданги 500,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээний 2-т заасны дагуу алданги 198,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ болон 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хоорондох зөрүү төлбөр үлдэгдэл 180,000,000 төгрөг, нийт 878,000,000 төгрөг байгаа. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”-г албажуулж, орон сууцыг 2023 оны 4 улиралд багтаан хүлээлгэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг ООын нэр дээр гаргаж өгнө.

14.5. “ЭЭ” ХХК, ММ, ОО нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2,0 тэрбум төгрөг, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 5 сарын хүү 200,000,000 төгрөг, нийт 2,2 тэрбум төгрөг өгөхөөр гэрээнд заасан. 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 160,000,000 төгрөгийн хүүг өгсөн ба одоо 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 80,000,000 төгрөг төлөгдөөгүй. Үлдэгдэл хүүг төлж үндсэн зээлийн гэрээг сунгах асуудлыг харилцан тохиролцох, мөн 2,0 тэрбум төгрөгийн үндсэн зээлийг 1 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй сунгагдсанд тооцох, мөн бусад төлбөр дор “жич” гэсэн хэсэгт дурдсан 806,000,000 төгрөгийн төлбөрт багтсан.

14.6. ОО иргэн ММ нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний
төлбөр болох 520,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөх. Төлбөр нь дор дурдсан 806,000,000 төгрөгийн тооцоонд багтсан.

14.7. Хонхор барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл технологийн
парк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч АА, ОО нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хийгдсэн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-нээс тус тус татгалзаж байгаа тул 4,0 тэрбум төгрөгийг хэрхэн буцаан төлөх талаар ярилцаж тохиролцох, төлбөр төлөхгүй бол үл маргах журмаар төлбөрийг “ЭЭ” ХХК болон ММ нараас гаргуулахаар харилцан тохиролцсон.

14.8. Гэрээний төлбөр, хүүнд 626,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэрээ болон 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ний хоорондох төлбөрийн зөрүү төлбөр болох 180,000,000 төгрөг, нийт 806,000,000 төгрөг болж байгаа ба үүнээс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны дотор 306,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 20-ны дотор 250,000,000 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 20-ны дотор 250,000,000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцов гэжээ.

 

Хоёр.

 

1. Нэхэмжлэгч ОО нь хариуцагч “ЭЭ” ХХК, ММ нарт холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд: ЭЭ” ХХК, ОО нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”, түүний дагалдах гэрээнүүд болох 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Хэлцэл”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Зээлийн болон барьцааны гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцааны гэрээ”, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нээс тус тус татгалзах;

2. Нэхэмжлэгч ОО нь хариуцагч ММт холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд: ОО, ММ нарын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөр болох 520,000,000 төгрөг, алданги 260,000,000 төгрөг, нийт 780,000,000 төгрөгийг ММаас гаргуулах;

3. Нэхэмжлэгч ОО нь хариуцагч “АА” ХХК, АА, ММ нарт холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд: “АА” ХХК, АА, ММ, ОО нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-нээс тус тус татгалзах;

4. Нэхэмжлэгч ОО нь хариуцагч “ӨӨ” ХХК-д холбогдуулж дараах шаардлагыг гаргасан. Үүнд: ООын “ӨӨ” ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн СЯ-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ССС” хотхоны /СК-03/ 3 дугаар блокийн 2-12 давхар хүртэлх 3.586,6 м2 талбайтай 73 ширхэг айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ОО болохыг тогтоолгох. 

 

5. Нэхэмжлэгч “…гэрээнүүдээс татгалзах, …өмчлөгчөөр тогтоолгох” тухай шаардлагын үндэслэлээ “…хариуцагч нар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, …гэрээнүүд цаашид хэрэгжихгүй болсон нь тодорхой болсон учир …сүүлд байгуулсан гэрээнүүдээс татгалзаж байна. Нэхэмжлэлд дурдсан гэрээнээс татгалзсанаар анхны буюу ‘ӨӨ’ ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан СR-001 тоот ‘Орон сууц захиалгын гэрээ’-ний дагуу миний бие шаардах эрхтэй болно. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ‘ССС’ хотхоны /СК-03/ 3 дугаар блокийн 2-12 давхар хүртэлх 3,586.6 м2 талбай бүхий 73 ширхэг айлын орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох боломжтой болно” гэсэн агуулгаар,

“…780,000,000 төгрөгийг ММаас гаргуулах” тухай шаардлагын үндэслэлээ “…хариуцагч ММ нь худалдах-худалдан авах гэрээний дагуу ‘Жи класс 500’ маркийн тээврийн хэрэгслийн мөнгийг төлөөгүй байгаа учир уг автомашины төлбөрийг гэрээгээр тохирсон алдангийн хамт нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тус тус тайлбарласан. 

Гурав.

 

1. Хууль болон гэрээний үндсэн дээр өмчлөх эрх үүснэ. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нь “…гэрээний үндсэн дээр өмчлөгчөөр тогтоолгох” байна. Нэхэмжлэгчийн тодорхойлсон “…гэрээнээс татгалзах” гэх шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин “…73 айлын орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай шаардлагынх нь үндэслэл учир тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй гэж шүүхээс үзлээ. 

 

2. 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “ӨӨ” ХХК болон ОО нарын хооронд байгуулагдсан CR-001 тоот гэрээг талууд “Орон сууц захиалгын гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний заалт, агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна. 

 

3. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ОО болон ММ  нарын хооронд байгуулагдсан №1 тоот “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. 

 

4. Дээрх 2 гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй. Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр нөхцөлд гэрээний талууд тухайн гэрээний үүргийг шаардах, гэрээг нэг талын санаачилгаар дуусгавар болгох, гэрээний үүргээ нэг тал нь биелүүлээгүйгээс учирсан хохирол зэргийг нэхэмжлэх эрхийг эдэлнэ. Гэхдээ аливаа гэрээ хүчин төгөлдөр байхаас гадна шаардах эрх нь хэвээр үргэлжилж буй нөхцөлд гэрээний үүрэг хэрэгжих боломжтой. 

 

5. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д “Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно”, 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн”, 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан”, “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж тус тус заасан.

 

6. Нэхэмжлэгч ООын “ЭЭ” ХХК-д хандсан 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Мэдээлэл авах тухай” албан бичиг хэрэгт авагдсан. Уг албан бичигт “...миний бие ‘ӨӨ’ ХХК-ийн хэрэгжүүлж буй ‘ССС’ орон сууцны хотхоны төслөөс CR-3 тоот блокийн 73 орон сууцыг ‘ЭЭ’ ХХК-иар зуучлуулан борлуулж байгаа билээ. Улмаар захиалгын гэрээний орлогоос 4,0 тэрбум төгрөгийг иргэн ММ болон АА нарын хамтран хэрэгжүүлж буй ‘АА’ төсөлд хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулсан. Иймд тухайн хөрөнгө оруулалтын задаргааг гаргаж өгнө үү” гэж тусгагдсан.

 

7. Мөн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “ЭЭ” ХХК нь нэхэмжлэгч ОО руу “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгийг явуулсан. Уг албан бичигт “...таны хөрөнгө оруулалтыг бид хавсралт №1-д заасан ёсоор шууд шилжүүлэг болон компанийн хоорондын тооцоогоор төлсөн. Хэрэв компани хоорондын тооцоогоор хийгдсэн 2021.12.20-ны өдрийн 900,000,000 төгрөг, 2022.01.28-ны өдрийн 950,000,000 төгрөгийн гүйлгээг цэвэршүүлэн тооцсон нөхцөлд ММаас ААад ‘Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ’-ний дагуу төлсөн 1,856,554,865 төгрөгийн тооцоо /хавсралт№2/-г таны хөрөнгө оруулалтын дүнд шилжүүлэн тооцох боломжтойг мэдэгдье” гэжээ.

 

8. Дээр дурдсан бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй хэдий ч нэхэмжлэгч ОО болон хариуцагч “ЭЭ” ХХК-ийн зүгээс дээрх утга агуулга бүхий албан бичгүүдийг үйлдсэн болон харилцан явуулсан талаар маргаангүй. 

 

9. Дээрх баримтуудыг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “ӨӨ” ХХК болон ОО нарын хооронд байгуулагдсан CR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу “Гоулд констракшн” ХХК-ийн 100 хувьцаа, мөн компанийн өмчлөл, эзэмшлийн, ООын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг 3,8 тэрбум төгрөгт тооцон заасан этгээдэд шилжүүлсэн, ММ болон “ЭЭ” ХХК-иас ОО руу “гэрээний төлбөр” гэсэн утгаар мөнгөн хөрөнгө шилжүүлсэн, ОО гэрээгээр тохирсон ёсоор буюу гэрээнд тухайлан заасан хуулийн этгээдийн хувьцааг хүлээн авсан, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн үйл баримтуудын өрнөлийг хэрэгт авагдсан гэрээнүүдийн агуулга, заалтуудтай харьцуулан судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна. Үүнд:

1/ 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “ӨӨ” ХХК болон ОО нарын хооронд байгуулагдсан CR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу шаардах эрхийг нэхэмжлэгч ОО сольсон, мөн гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан байна. Тодруулбал, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “ӨӨ” ХХК болон ОО нарын хооронд байгуулагдсан CR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний харилцаа дууссан учир уг гэрээний дагуу нэхэмжлэгч аливаа хөрөнгийн өмчлөгч болох боломжгүй.

2/ 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ОО /худалдагч/ болон ММ /худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан №1 тоот “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийг талууд өөр гэрээний үүрэгт тооцсон учир уг гэрээгээр талуудын хүлээх үүрэг дууссан. Ийм учир уг гэрээний төлбөрийг гэрээний хариуцлага болох алдангийн хамт гаргуулах тухай шаардлага үндэслэлгүй.

 

10. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

 

Дөрөв.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,286,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч ЭЭ” ХХК, ММ нарт холбогдох ЭЭ” ХХК, ОО нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”, түүний дагалдах гэрээнүүд болох 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Батлан даалтын гэрээ”, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Хэлцэл”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Зээлийн болон барьцааны гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Орон сууц захиалгын гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн “Барьцааны гэрээ”, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нээс тус тус татгалзах, 

хариуцагч ММт холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрт нийт 780,000,000 төгрөгийг гаргуулах,

хариуцагч “АА” ХХК, АА, ММ нарт холбогдох “АА” ХХК болон АА, ММ, ОО нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-нээс тус тус татгалзах, 

хариуцагч “ӨӨ” ХХК-д холбогдох 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн СR-001 тоот “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “ССС” хотхоны /СR-03/ 3 дугаар блокийн 2-12 давхар хүртэлх 3.586,6 м2 талбайтай 73 ширхэг айлын орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох тухай ООын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,286,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                        Н.ХАНГАЛ