Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 125

 

  2017         09         13                                                    125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Хохирогч Э.Орхон

Шүүгдэгч Мөнх-Амгалан нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баттөрийн Мөнх-Амгаланд холбогдох эрүүгийн 1721000510015 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Баттөрийн Мөнх-Амгалан, Хэнтий аймагт 1993 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-СФ93102518/, бүрэн дунд боловсролтой, ШУИС-н МТС-н авто ашиглалтын инженерын 5 дугаар курст сурдаг, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Тээвэрчдийн 6-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Амгалан нь 2017 оны 07 сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ган-Хэрлэн” зочид буудлын 27 дугаар байрны коридорт Э.Орхонг зодож, улмаар бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Мөнх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2017 оны 07 сарын 13-ны өдрийн 10 цагийн орчимд...миний утсыг ломбарданд 40000 төгрөгөөр барьцаанд тавиад 2 том пиво, идэж уух юм авсан. Тэгээд Хэрлэн гол руу явсан. Гол дээр очиход Сайнцэцэг Око гэдэг эгчийг дуудаж ирүүлсэн бөгөөд тэр эгч 2 том пивотой ирсэн. Тэр пивоо ууж дуусахад Туяа гэдэг эгч пиво авчирсныг уугаад 21 цагийн орчимд Нансалмаагийн гэр рүү явсан...Тэгээд гэр рүү нь орох гэхэд үүдэнд нь танихгүй залуу цоож руу нь түлхүүр хийгээд зогсож байсан. Нансалмаагаас “энэ залууг таних юм уу” гэхэд, “танихгүй, хаалга андуурсан юм байлгүй” гэж хэлсэн. Би тэр залуугийн араас цамцнаас нь татаад түлхсэн чинь тагт руу яваад өгсөн. Нансалмаагийн гэрт ороод байж байсан чинь тэр залуу надад хандан хэлж байгаа бололтой “гөлөг минь чи гараад ир” гэж хэлээд байсан...тэр залуу коридорт хашгирч хаалга балбаад байсан учраас би хаалга нээгээд “чи ямар ядаргаатай юм бэ, эрэгтэй байж хүүхэн шиг шалчиганаад байх юм” гэж хэлсэн чинь “чи тэгвэл гарч ирээд намайг зодчих, та нар зайлчих” гэж хэлсэн...Нансалмаагийн гэрт байж байхад тэр залуу дахин хаалга балбаад байсан чинь Нансалмаа “чи гараад зодчихооч” гээд байхаар нь гарсан...тагтан дээр сууж байснаа намайг дуудахаар нь тэр залуу руу очиход “чи намайг зодчих” гэж хэлэхээр нь нүүр рүү нь 2 удаа гараараа цохиж, цамцны ар талаас нь татсан... гэжээ. /хх 17-18/

 

Хохирогч Э.Орхон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2017 оны 07 сарын 13-ны өдрийн 19 цагийн орчимд найз Ганбаярын хамт “Лемонс” караокед хоёр пиво уугаад Хэрлэн буудлын 27 дугаар байрны 4 давхарт Сүхнямын гэрийн хаалгыг тогшихдоо андуураад Нансалмаагийн гэрийн хаалгыг цохиж байсан чинь танихгүй хэдэн залуучууд над руу хандан “Манай найзыг байхгүйд эзгүйчилж хаалгыг нь тогшлоо” гэж хэлээд надтай маргасан. Тэгээд тэр залуучууд Нансалмаагийн гэр рүү орсон бөгөөд би тагтан дээр тамхи татаад зогсож байсан чинь нэг залуу нь гарч ирээд шууд миний толгой руу гар болон хөлөөрөө өшиглөж зодсон. Би тэр залуутай огт маргалдаагүй бөгөөд тэр залуу намайг зодохоо болиод Нансалмаагийн гэр рүү орсон. Тэгэхээр нь би доошоо буугаад машиндаа утсаа цэнэглээд цагдаа дуудсан. Зугтаачихаж магадгүй гэж бодоод эргэж ороод “цагдаа дуудсан шүү” гэж хэлсэн. Уг нь намайг олуулаа зодсон. Мөрдөн  шалгах ажиллагаанд сураггүй болцгоосон. Тэгээд бид цагдаагийн газар ирсэн. Гомдолтой байна. Тохирох ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.  

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 395 тоот дүгнэлтэд: “1.Э.Орхоны биед хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад нүүрний зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун зүүн бугалганд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.  4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 33/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Хохирогч Э.Орхон /хх 15/, Гэрч С.Нансалмаа /хх 20-21/, П.Дэлгэрдалай /хх 22-24/, Ш.Сайнцэцэг /хх 25-27/, Л.Жаргалсайхан /хх 28-29/, Д.Пүрэвдорж /хх 30-31/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Мөнх-Амгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 16-19 40-41/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3-4/, Хохирлын баримт /задгай 3 хуудас/, Зөвлөгөөн авах бичиг  /хх 34/, Яаралтай тусламжийн хуудас /хх 35/, Эд хөрөнгө битүүмжлэх Прокурорын тогтоол, тэмдэглэл /хх 5-10/, Эд зүйлийн үнэлгээ /хх 13/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 45/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 46/ зэрэг болон хуулийн дагуу  цуглуулж,  бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Амгалан нь 2017 оны 07 сарын 13-ны өдөр 21 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ган-Хэрлэн” зочид буудлын 27 дугаар байрны коридорт Э.Орхонг зодож, улмаар бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Э.Орхоны мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би тагтан дээр тамхи татаад зогсож байсан чинь нэг залуу нь гарч ирээд шууд миний толгой руу гар болон хөлөөрөө өшиглөж зодсон...” гэх /хх 15/, гэрч С.Нансалмаа, П.Дэлгэрдалай, Ш.Сайнцэцэг, Л.Жаргалсайхан, Д.Пүрэвдорж нарын  мэдүүлгүүд, хохирогчийн биед “...хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт...” бүхий гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн 395 тоот дүгнэлт /хх 33/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 35/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Мөнх-Амгалангийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

           

Иймд шүүгдэгч Б.Мөнх-Амгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогчийн бие махбодид учирсан “хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн муруйлт, нүүрний зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун зүүн бугалганд зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар гараараа цохисон шүүгдэгч Б.Мөнх-Амгалангийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

Хохирогч Э.Орхон нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролтой холбогдуулж “...Би эм тарианд 323550 төгрөг зарцуулсан, цаашид хамраа эмчлүүлнэ. Үүнийг зардлыг нэхэмжилнэ...” гэжээ.

Гэвч хохирогч нь 323550 төгрөгийн эмийн баримтыг сүүлд нөхөж авсан гэх ба уг баримт нь засвартай, өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл хамрын эмчилгээнд зарцуулсан хохирлын нотлох баримтыг ирүүлээгүй байна.

Иймээс нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэхээр нээллтэй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хэрэгт шүүгдэгч Б.Мөнх-Амгаланд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгчийн хувийн байдал /хх 28-31, 46/-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ тогтоолоор шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүний эзэмшлээс эд хөрнгө битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн СФ93102518 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Баттөрийн Мөнх-Амгаланг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баттөрийн Мөнх-Амгаланг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Амгаланд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Мөнх-Амгаланд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 1721000510015 тоот хэрэгт шүүгдэгч Б.Мөнх-Амгалан нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шүүгдэгч Б.Мөнх-Амгалангийн эзэмшлээс 300000 төгрөгийн үнэлгээтэй “Зил” маркийн нэг хаалгатай хөргөгч, 100000 төгрөгийн үнэлгээтэй “Akira” маркийн 32 инчийн зурагт, 60000 төгрөгийн “Panasonik” маркийн тоос сорогч битүүмжилсэн Прокурорын 2017 оны 8 сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Мөнх-Амгалангийн СФ93102518 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

         10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

  

 

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ