Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 126

 

 2017         09          14                                                    126                                                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч П.Батгэрэл нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Пүрэвсүрэнгийн Батгэрэлд холбогдох эрүүгийн 1721000590013 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Бүргэд овогт Пүрэвсүрэнгийн Батгэрэл, Дорнод аймгийн Сэргэлэн суманд 1996 оны 05 сарын 24-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЗ96052414/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Цагаан чулуут” гэх газар оршин суух, Дорнод аймаг дахь Сум дундын 10 дугаар шүүхийн 6 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл.

Шүүгдэгч П.Батгэрэл нь согтуугаар 2017 оны 07 сарын 10-ны орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайн урд хохирогч А.Гэрэлт-Одтой маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

                

Шүүгдэгч П.Батгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтадөгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.

 

Шүүгдэгч П.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 07 сарын 10-ны өдрийн 17 цагийн орчимд Бат-Очир ахын албаны морийг унаад Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайн урд талаар явж байхад Бат-Очир ах, эхнэр Гэрэлт-Одын хамт надтай таараад Бат-Очир ах надад “Чи согтуу битгий морь унаад бай” гэж хэлсэн. Би ахын утасны сим картыг эхнэр Гэрэлт-Одын утсанд хийгээд яриад явж байсан чинь Гэрэлт-Од эгч “миний утсыг аваад ир” гэхээр нь өгсөн чинь “Давраад согтуу морь унаад байх юм” гэж хэлээд миний толгой руу цүнхээрээ цохихоор нь би уурандаа нүүрэн тус газарт нь нэлээд олон удаа цохисон... ” гэжээ. /хх 33/

 

Хохирогч А.Гэрэлт-Од мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 07 сарын 10-ны өдөр..наадам үзээд явж байхдаа манай нөхрийн дүү Батгэрэлтэй таараад Очирбат ах нь “Чи архи уучихаад битгий морь унаад яваад бай, албаны морийг алга болгоно шүү” гэж хэлсэн. Харин би Батгэрэлд хандан “Эгч нь утсаа авъя” гэхэд Батгэрэл бөөнөөрөө нийлээд утсаа харамлалаа гэж хэлээд миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон...” гэжээ. /хх 9/           

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 21-ний өдрийн 424 тоот дүгнэлтэд: “1.А.Гэрэлт-Одын биед дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, шанаа, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 2.Дээрхи гэмтлүүд нь бүрдэл байдлаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 25/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч П.Бат-Очир /хх 12-13, 20/, У.Очирбат /хх 14-15/, Д.Өлзиймаа /хх 16-17/, шинжээч Ж.Жаргалан /хх 47/ болон шүүгдэгч П.Батгэрэлийн гэрч, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх 19, 33/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх 37/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч П.Батгэрэл нь согтуугаар 2017 оны 07 сарын 10-ны орой 17 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайн урд хохирогч А.Гэрэлт-Одыг “утас нэхсэн” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд “дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, шанаа, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогч А.Гэрэлт-Одын “...Эгч нь утсаа авъя гэхэд Батгэрэл бөөнөөрөө нийлээд утсаа харамлалаа гэж хэлээд миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх 9/, гэрч П.Бат-Очирын “...Май энэ утсаа ав гээд тэр 2 маргалдаад байсан. Тэгээд Батгэрэл Гэрэлт-Одын нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж байсан...” гэх /хх 13/ мэдүүлгүүдээр, мөн зодуулсан тухайн цаг хугацаанд Цагдаагийн байгууллагад хохирогч хандсан талаарх Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, мөн олон тооны цус хуралт нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл болох талаар дүгнэсэн шинжээч эмчийн 424 тоот дүгнэлт /хх 25/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч П.Батгэрэлийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

 

Иймд шүүгдэгч П.Батгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “дух, баруун нүдний дээд зовхи, баруун хацар, шанаа, зүүн нүдний доод зовхи, хамрын нурууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар гараараа цохисон шүүгдэгч П.Батгэрэлийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

 Хэрэгт шүүгдэгч П.Батгэрэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдал /хх 37, 40/-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч П.Батгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЗ96052414 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бүргэд овогт Пүрэвсүрэнгийн Батгэрэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Пүрэвсүрэнгийн Батгэрэлийг 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Батгэрэлд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Батгэрэлд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 1721000590013 дугаартай хэрэгт шүүгдэгч П.Батгэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЗ96052414 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ