Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/07

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 25-ны өдөр                                2022/ДШМ/07                    Хэрлэн сум

Ю.А-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0007/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Ж.БатН.Б- /цахимаар/,

Шүүгдэгч Ю.А- /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Н.Б-, шүүгдэгч Ю.А- нарын гаргасан давж заалдах гомдлоор Ю.А-т холбогдох эрүүгийн 2139002440267 дугаартай 1 хавтас 157 хуудас бүхий хэргийг 2022 оны 01 дүгээ сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1992 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Ноёны 709 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Т овогт Ю-н Ю.А

2021 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө машин механизм болох “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутгаас Н.Б-ын эзэмшлийн улаан халзан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж Н.Б-т 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.БатН.Б-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ю.А-ыг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 02 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлж, уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А-аас 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Б-т олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хохирогч Н.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Ю.А- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ю.А- нь нэг сараас зургаан насны таван хүүхэдтэй тул ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Ю.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний бие өөрийн хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг, зөрчил үйлдэхгүй байж чадна. Хохирогч Н.Б-т 1.200.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би эхнэр, бага насны таван хүүхдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн суманд амьдардаг. Хүүхдүүд маань бага учир эхнэр маань ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Ар гэрийн минь нөхцөл байдлыг харгалзан үзэж надад эхнэр, хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх боломж олгож өгнө үү гэж хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж ялыг багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд хохирогч Н.Б-т 1.200.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Ю.А- нь өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа, хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан, 0-6 насны буюу бага насны таван хүүхэдтэй, эхнэр нь хүүхдүүдээ хараад ажил хөдөлмөр хийх боломж байдаггүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Ю.А-т 1 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Ю.А- нь 2021 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө машин механизм болох “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Н.Б-ын улаан халзан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан  тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ю.А-т холбогдох эрүүгийн хэргийг хохирогч Н.Б-, шүүгдэгч Ю.А- нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Ю.А- нь 2021 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө “Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 1 дүгээр багийн нутгаас Н.Б-ын улаан халзан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:   

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 02/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/,

Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг 30 минутын үед үхэр дээрээ очиход хөхүүл улаан халзан үнээг маань нядлаад гэдэс гүзээг нь гаргаж орхиод, толгой, шийр, арьсыг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх 14/,

Иргэний нэхэмжлэгч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 18 -ны өдөр манай нутгийн дүү Ю.А- утсаар залгаад “машинаа өгөөч, хөдөө хоолны маханд яваад ирье” гэж гуйхаар нь өгөөд явуулсан. ...Би хулгай хийхийг нь мэдсэн бол машинаа өгөхгүй байсан, тээврийн хэрэгслийн үнийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч Г.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Ю.А- 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед “банкны зээл нэхэгдээд байна, хүнтэй уулзана” гээд гэрээсээ гарсан. Тэгээд шөнийн 01 цагийн үед ганцаараа Ж.Б ахын “Приус-11” маркийн машинтай ирсэн...” гэх мэдүүлэг /хх 20/,

Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд зүс таних нэг хүн жижиг суудлын машинтай ирээд 1 тооны үхрийн мах зарсан. Үхрийн мах 179 кг болж байсан. Би 1 килограммыг нь 8000 төгрөгөөр бодож авсан. Нийт дүн нь 1.424.500 төгрөг болсныг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх 33/,

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ДШ-302 дугаартай: “...9 настай сартай халзан бүдүүн үнээний зах зээлийн үнэлгээг 1.200.000 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт /хх 41-43/,

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ДШ-317 дугаартай: “...Toyota prius-11 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 3.000.000 төгрөг байх боломжтой” гэх дүгнэлт /хх 51-53/,

Яллагдагч Ю.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Жаргалтхаан сумын нутагт бэлчээр дээрээс 1 тооны улаан халзан зүсмийн үхрийг хулгайлсан нь үнэн. Би эхнэрийнхээ зээлийг төлөх зорилгоор үхэр хулгайлсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх 61-62/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн заалт  нь  шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш ба харин  шүүхээс оногдуулж буй  эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсноороо  шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ю.А-ыг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 02 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Ю.А-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байх тул “шүүгдэгч, хохирогч нарын гаргасан талаар гаргасан ял хөнгөрүүлэх” агуулгатай давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

 

Шийтгэх тогтоолоор хохирогч Н.Б-т төлөх 1.200.000 төгрөгийн хохирлыг Ю.А- нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн баримтыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх  хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/250 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.А-, хохирогч Н.Б- нарын гаргасан ял хөнгөрүүлэх” агуулгатай давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.А-ын цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Шүүгдэгч Ю.А- нь хохирогч Н.Б-т 1.200.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.ДЭНСМАА

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА