Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

           Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

           Улсын яллагчаар: Хяналтын прокурор Ц.Цэрэндулам,

           Шүүгдэгч Ч.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

           Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Жд холбогдох эрүүгийн 2619000160035 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Х овогт Ч.Ж,

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Ж нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр жирэмсэн амаржсаны тэтгэмж авах зорилгоор сайн дурын даатгал 6 сар тасралтгүй төлсөн мэт харагдуулахаар өөрийн эзэмшлийн гар утасны зохих функцийг ашиглан ... банкны 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шилжүүлгийн мэдэгдлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болгон өөрчилж, хуурамчаар үйлдэж, улмаар тухайн баримтыг үндэслэн .... жирэмсний болон амаржсаны тэтгэмж үндэслэлгүйгээр тогтоолгон авахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            -Шүүгдэгч Ч.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм бураагаа ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг,

           -Хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ... ажилладаг бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь Ч.Ж гэх эмэгтэй ирж уулзаад “Би одоо жирэмсэн, сайн дурын даатгалаа өндөр дүнгээр төлмөөр байна, тэгвэл өндөр тэтгэмж тогтох уу” гэж асуусан бөгөөд би "Өндөр төлбөл өндөр тэтгэмж тогтоно" гэдгийг нь тайлбарлаж өгөөд явуулсан юм байгаад 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан ба Тухайн хүн нь Дорноговь аймгийн ... сумын дулааны станцад ажиллаж мөн ажилгүйдлийн даатгалаас сар бүр тэтгэмж олгосон байсан. Тэгээд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр сайн дураар даатгал төлсөн иргэдийн материалыг хянаж байсан чинь Ч.Ж гэх хүн нь сайн дурын даатгалаа 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 748.440 /долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгөөр төлсөн байсан. Энэ нь Нийгмийн даатгалын Ерөнхий хуульд зааснаар "Жирэмсэн амаржсаны тэтгэмж авах эрх нь нийт 12 сар нийгмийн даатгал төлсөн, түүний сүүлийн 6 сар нь тасралтгүй байна" гэж заасныг зөрчиж байсан тул би иргэн Ч.Жын утсаар холбогдож яриад нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн чинь "Би сайн дурын даатгалаа 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хийсэн" гэж тайлбарласан. Тэгээд 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажил Дээр Ч.Ж нь ирээд гүйлгээ хийсэн баримтаа надад үзүүлэхэд манай байгууллагын ... банкны ... дугаарын данс руу өөрийн ... банкны ... дугаарын данснаас 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цаг 20 минутад 748,440 /долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг шилжүүлсэн баримт харуулсан. Тэгэхээр нь би "Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байх шаардлагатай, та 10 дугаар сард сайн дурын даатгал төлөөгүй, таны гүйлгээ 11 сарын 01-ний өдөр хийгдсэн байна" гэдгийг нь тайлбарлаж хэлсэн. Тэгээд манай байгууллагын дарга, Ч.Э-тэй уулзаад "Би 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гүйлгээ хийсэн баримтаа авч ирвэл болох уу" гэж хэлээд гараад явсан. Тэгээд тухайн өдөр 14 цагийн үед ирэхдээ надад ... банкны 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 32 минут 41 секундэд гүйлгээ хийгдсэн баримт авч ирж өгсөн. Тухайн гүйлгээг шалгуулахаар ... банк руу албан бичгээр хандахад иргэн Ч.Жын сайн дурын даатгал төлсөн баримт нь хуурамч, гүйлгээ нь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 01 цаг минутад хийгдсэн болохыг манай байгууллагад албан бичгээр ирүүлсэн. Иргэн Ч.Жын үйлдэл нь хуурамч бичиг баримт үйлдэж, нийгмийн халамж үйлчилгээг хууль бусаар авахыг завдсан үйлдэл байсан тул манай байгууллагаас цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Иргэн Ч.Ж нь сүүлийн 7 жил нийгмийн даатгал төлсөн, сүүлийн 5 сар ... сумын ... даатгалыг нь төлсөн, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажлаасаа өөрөө сайн дураар чөлөөлөгдсөн байсан. Зөвхөн 2025 оны 10 дугаар сард Өөрөө сайн дураараа нийгмийн даатгалаа төлсөн бол "Жирэмсний болон амаржсаны тэтгэмж" авах боломжтой байсан юм. Гэвч сайн дураар нийгмийн даатгалаа 10 дугаар сардаа багтааж төлөөгүй, 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн байгаа нь тасралтгүй 6 сар төлсөн байх хуулийг заалтыг зөрчөөд байгаа юм..... Хэрэв иргэн Ч.Ж нь сүүлийн сарын сайн дурын даатгалаа цаг тухайд нь төлсөн бол ойролцоогоор 8.000.000 төгрөгийн халамж үйлчилгээ авах байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р ху/,

            Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Би ... банканд ... дугаарын теллерийн Тэмдэг эзэмшдэг. Тухайн өдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 16 цаг 30 минут өнгөрөөгөөд би ажил дээрээ байж байсан чинь нэг эмэгтэй харилцагч ирээд "Энд теллер гарын үсгээ тэмдэг дарж өгөх юм байна" гэж хэлээд манай банкны интернэт банкны гүйлгээний хуулгыг бариад ирсэн юм. Тэгэхээр нь би харилцагчийн болон шилжүүлсэн байгууллагын дансыг нь тулгаж хараад зөв ямар нэгэн алдаагүй байхаар нь би өөрийн гарын үсгээ зураад, теллерийн тэмдгээ дарчихсан юм. Би тухайн хүнийг танихгүй, надтай ямар нэгэн харилцаа хамааралтай хүн биш. Тухайн харилцагч надаас үйлчилгээ авахаар ирэхдээ өөрийнхөө дансны гүйлгээний хуулгыг бариад хүрээд ирсэн юм. Би ямар нэгэн байдлаар гаргаж өгөөгүй. ... Үйлчлүүлэгч өөрөө дансныхаа хуулгыг гаргаад ирвэл би хянаж, ахлах теллерт танилцуулж, гарын үсэг тэмдэг дарах ёстой. Эсвэл би өөрөө хэвлэж өгөөд гарын үсгээ зурж баталгаажуулах үүрэгтэй..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р ху/,

Сэжигтэн Ч.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би ... сумын ... 2024 оноос 2025 он хүртэл Үл хамаарах системийн машинистын ажил эрхэлж байгаад 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн юм. Одоо миний бие 8 сартай жирэмсэн бөгөөд сүүлийн 12 сар нийгмийн даатгал төлсөн. 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн учраас 10 дугаар сар болон 11 дүгээр сард 2 удаа хамгийн өндрөөр нийгмийн даатгал төлсөн тохиолдолд "Жирэмсний болон амаржсаны тэтгэмж" авах эрх нээгдэх байсан юм. Тийм учраас би 2025 оны 10 дугаар сарын сайн дурын төлөлтөө 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цаг 20 минутад нийгмийн даатгалын сангийн Хаан банкны ... дугаарын данс руу 748440 /долоон зуун дөчин найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг өөрийн ... банкны ... дугаарын данснаас шилжүүлсэн юм. Миний шилжүүлсэн мөнгө Нийгмийн даатгалын данс руу 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06 цаг 06 минутад орсон байсан. Үүнээс хойш 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр миний утас руу аймгийн нийгмийн даатгалын сайн дурын байцаагч О залгаад: "Таны 10 дугаар сард төлөх сайн дурын даатгалын хураамж чинь 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр орсон байна. Та 10 дугаар сардаа багтааж төлөх ёстой шд ээ" гэж хэлэхээр нь би маргааш нь буюу 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын газар дээр очиж Э даргатай нь уулзахаар очсон чинь Э дарга нь байхгүй байсан болохоор сайн дурын даатгалын байцаагч О-тэй очиж уулзахад "Таны 10 дугаар сард төлөх нийгмийн даатгал чинь 11 дүгээр сард орсон байгаа учраас таны жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй байна, та төлсөн мөнгөө эргүүлэн авах боломжтой" гэх тайлбарыг надад гаргаж өгсөн юм. Тэгээд Нийгмийн даатгалын газрын дарга Ч.Э-тэй уулзахад "Чи банкны тамга тэмдэгтэй баримтаа авч ирээд өргөдлөө өгчих, сардаа багтсан байвал эрх үүсэх боломжтой, багтаагүй байвал боломжгүй" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Дорноговь аймгийн ... банкны захиралтай очиж уулзсан чинь "Яалт ч үгүй байна сангаар 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 цаг 20 минутад гүйлгээ хийгдсэн харагдаж байна. Ийм учраас тодорхойлолт хийж өгөх боломжгүй" гэх тайлбарыг гаргасан. Тэгээд би банкнаас гараад аймгийн эмнэлэг орж шинжилгээний бичиг авахаар хүлээж байхдаа өөрийн гар утаснаас ... банкны апплекейшнээс гүйлгээний хуулгаа татаж авч, скрийншот /зургаар хуулах/ хийж аваад буцаж ... банк ороод ахлах теллерээс нь апплекейшнээс скрийншот /зургаар хуулах/ хийж авсан зургаа үзүүлсэн чинь "Манай байгууллага мэйлээр хүлээж авахгүй, та хэвлүүлээд аваад ир" гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн баримтаа хэвлээд ... банканд очиж гарын үсэг зуруулсан. Тэгээд банкнаас гараад машинд сууж байхдаа өөрийн ... банкны апплекейшнээс 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23 цаг 32 минутад хийгдсэн байсан гүйлгээг скрийншот /зургаар хуулах/ хийж аваад Капитрон банк ороод хүнгүй байсан эрэгтэй теллер дээр очиж "Он сар өдөргүй байна 2 зургаа "Кропп"-лож нийлүүлээд "Цахим" төвд очиж хэвлүүлж авсан. Тэгээд буцаж гээд байна" гэж хэлээд хэвлэж авсан баримтаа өгсөн. Тухайн теллер миний данс руу орж шалгаж байгаад гарын үсгээ зураад тамга дараад надад өгчихсөн. Тэгээд тухайн баримтаа аваад хүсэлтээ бичээд аймгийн Нийгмийн даатгалын газарт аваачиж өгсөн юм. Үүний дараа буюу 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр над руу нийгмийн даатгалын газраас над руу А гэдэг байцаагч залгаад "Хууль бус үйл ажиллагаа хийсэн тул цагдаагийн байгууллагад хандсан" гэх тайлбарыг хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р ху/,

-... банкны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 516 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 39-44-р ху/,

-Капитрон банкны шилжүүлгийн мэдэгдэл бүхий хуурамч баримт бичгийн хуулбар /хх-ийн 47-р ху/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Ч.Ж нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр жирэмсэн амаржсаны тэтгэмж авах зорилгоор сайн дурын даатгал 6 сар тасралтгүй төлсөн мэт харагдуулахаар өөрийн эзэмшлийн гар утасны зохих функцийг ашиглан ... банкны 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шилжүүлгийн мэдэгдлийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр болгон өөрчилж, хуурамчаар үйлдэж, улмаар тухайн баримтыг үндэслэн Дорноговь аймгийн ... жирэмсний болон амаржсаны тэтгэмж үндэслэлгүйгээр тогтоолгон авахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ч.Жын “...Гэм буруугаа ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг, Хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9-р ху/, гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р ху/, сэжигтэн Ч.Жын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг /хх-ийн 16-17-р ху/, ... банкны 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 516 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хх-ийн 39-44-р ху/, ... банкны шилжүүлгийн мэдэгдэл бүхий хуурамч баримт бичгийн хуулбар /хх-ийн 47-р ху/ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

          Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         Шүүгдэгч Ч.Жд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жд 1 жилийн хугацаагаар Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн хуулийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

          Хохирол төлбөрийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэх зүйл, учирсан хохирол байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р ху/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

           

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Х овогт Ч.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““хуурамч бичиг баримт ашиглан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Жд 1 /нэг/ жилийн хугацаагаар Дорноговь аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.

           3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           4.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНЦЭЦЭГ