Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 127

 

2017         09          14                                                     127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Иөншөөбүү овогт *******д холбогдох эрүүгийн 201711000236 дугаартай хэргийг 2017 оны 08 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Иөншөөбү овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1975 оны 05 сарын 22-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Хэрлэн”-ийн ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 90 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл.

Шүүгдэгч ******* согтуугаар 2017 оны 06 сарын 11-ний өдөр 04 цагийн орчимд Дорнод аймгийн оршин суух иргэн *******ийн байшингийн онгорхой цонхоор нэвтэрч “Самсунг Жи-7”, “Самсунг Дуос” маркийн гар утас, хар өнгийн эрэгтэй хүний нүдний шил зэргийг хулгайлж хохирогч ******* 655000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байгаад өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад “Шүр” зах орж зүс таних хүмүүстэй тааралдаад хамт нилээд их хэмжээгээр архи уусан. Тэгээд нэг мэдэхэд би эрүүлжүүлэх байранд хоносон байсан. Эрүүлжүүлэх байрнаас хураалгасан эд зүйлээ авахад дотор нь хар өнгийн нүдний шил, “Samsung” маркын гар утас зэрэг эд зүйлүүд байсан гэв.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би Хэрлэн сумын 6 дугаар баг 23-17 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт оршин суудаг юм. 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 23 цаг өнгөрч байхад би голын өрөөндөө хүү маань том өрөөндөө, охин Уянга гал тогооны өрөөнд унтсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байхад гал тогооны өрөөнд чимээ гараад дуугарахаар нь би босоод гал тогооны өрөө рүү ороход манай хөргөгчийг нэг залуу онгойлгочихсон зогсож байхаар нь би бархирч барих гэтэл тэр залуу цонхоор гараад зугтаагаад явсан. Тэгэхэд манай хүү босч ирэхээр нь “гэрт хүн байна” гэж хэлэхэд, хүү Хүслэн араас нь гараад явсан. Мөн би гадагш гараад тэр хүнийг хайж байхад манай хүү утсаар залгаад “ээжээ 24 дүгээр байрны урд талд нөгөө хүнийг чинь цагдаа нар барьсан” гэж хэлэхээр нь очиход манай гал тогооны өрөөнд зогсож байсан залууг цагдаа нар барьсан байсан...Алдагдсан зүйлээ буцааж авсан  болохоор нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх 26-27/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч ******* /хх 28/, /хх 29/, /хх 30/, /хх 31/, /хх 32/, ******* /хх 33/, ******* /хх 34/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд  яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 17-18, 69-70/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, Эд зүйлийн үнэлгээ /хх 11/, *******аас Хураан авах тогтоол, тэмдэглэл, /хх 12-13, 17-18/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15, 19-20/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 21/, Албадан саатуулсан хүний бүртгэл /хх 58/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 22-24/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 48/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 44/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч ******* согтуугаар 2017 оны 06 сарын 11-ний өдөр 04 цагийн орчимд Дорнод аймгийн оршин суух иргэн *******ийн байшингийн онгорхой цонхоор нэвтэрч “Самсунг Жи-7”, “Самсунг Дуос” маркийн гар утас, хар өнгийн эрэгтэй хүний нүдний шил зэргийг хулгайлж хохирогч ******* 655000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, үйл баримтыг нүдээр хохирогч *******ийн “...шөнө 03 цаг өнгөрч байхад гал тогооны өрөөнд чимээ гараад дуугарахаар нь би босоод гал тогооны өрөө рүү ороход манай хөргөгчийг нэг залуу онгойлгочихсон зогсож байхаар нь би бархирч барих гэтэл тэр залуу цонхоор гараад зугтаагаад явсан...” гэх /хх 26-27/, насанд хүрээгүй гэрч *******гийн “...03 цаг өнгөрч байхад гэнэт ээж бахираад ... “хулгайч цонхоор гараад зугтаачихлаа, саарал цамц өмссөн эрэгтэй хүн байгаа” гэхээр нь би гэрээсээ гараад...зогсоол дээр ирэхэд ээжийн хэлсэн хүнтэй адилхан хүн зогсож байхаар нь очоод “би тантай уулзах хэрэгтэй байна” гэхэд, тэр хүн “чамтай ярих юм байхгүй” гэж хэлээд хойшоо явахад нь...би цагдаа нарт зааж өгсөн. Тэр ахын карманаас манай аавын “Samsung” маркийн гар утас, хар өнгийн нүдний шил гарч ирсэн...” гэх /хх 28/, насанд хүрээгүй гэрч Б.Уянгын “...2017 оны 06 сарын 11-ний орой шөнө 03 цаг өнгөрч байхад гэнэт ээж бахираад “хулгайч” гэхээр нь цочоод сэрэхэд ээж “хулгай орж ирсэн байна, намайг хараад цонхоор гараад явчихлаа, чи зүгээр үү” гэж хэлсэн...Эд зүйлээ бүртгэж үзэхэд, “Samsung” маркийн гар утас, хар өнгийн нүдний шил зэрэг зүйлүүд байхгүй байсан...“ гэх /хх 28/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/, Эд зүйлийн үнэлгээ /хх 11/, *******аас Хураан авах тогтоол, тэмдэглэл, /хх 12-13, 17-18/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15, 19-20/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 21/, Албадан саатуулсан хүний бүртгэл /хх 58/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

        

Энэ гэмт хэрэг нь 2017 оны 06 сарын 11-ний шөнө 03 цагийн үед үйлдэгдсэн боловч гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тохирох зүйл ангиар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн одоогийн үйлдэл нь өмнөх шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдэл тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх боломжтой ч энэ хуулиар гэмт хэргийн бүрэлдэхүүний “давтан” шинжийг болон мөн хуулийн ерөнхий ангийн 57, 58 дугаар зүйлийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дордуулж байна. Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна.

            Иймээс оногдуулах эрүүгийн хариуцлагын хувьд 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтай гэж үзлээ.

                                                                                                                 

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамаарал бүхий байна гэж үнэлэв.

 

Хэрэгт шүүгдэгч *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүний хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, түүний эзэмшлээс АА9979285 дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгох, бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЭ76052211 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Иөншөөбүү овогт Дашцэрэнгийн Түмэнжаргалыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -д зааснаар шүүгдэгч Дашцэрэнгийн Түмэнжаргалыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дашцэрэнгийн Түмэнжаргалд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д шүүгдэгч *******ын эзэмшлээс АА9979285 дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн мөрдөгчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын ЖЭ76052211 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

                  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 09 сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

  

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ