Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/209

 

 

 

 

 

 

 

 2022            2          23                                              2022/ДШМ/209

 

 

     С.Б, Н.О нарт холбогдох

      эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны  2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн С.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн 1939006610176 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ц овгийн С-гийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, .................. ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .............. дүүргийн .. дугаар хороо, .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ...................../;

2. Х.. овгийн Н-ын О, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ..................... мэргэжилтэй, хувиараа ....................... ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .......... дүүргийн .. дугаар хороо, .................... гудамжны .. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ..................../;  

С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дахь тэмдэгт газар “Mercedes Benz Atego” маркийн 92-01 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас “зайлшгүй зогсолт” хийн зогсож байсан Н.О-ын жолоодон явсан “Toyota Prius 11” маркийн 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс Т.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд, Г.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан,

Н.О нь 2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Дорнод-Сүхбаатар-Хэнтий-Улаанбаатар чиглэлийн АО502 дугаар магистрал замын 22/326 км дахь тэмдэгт газар “Toyota Prius 11” маркийн 50-71 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дугуй хагарсан гэх шалтгаанаар зайлшгүй зогсолт хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс ... суурин газрын гаднах замд 30 м-ээс ... багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Т.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд, Г.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: С.Б, Н.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Тээврийн прокурорын газраас Н.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар С.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих үндсэн болон нэмэгдэл ялуудыг өршөөн хэлтрүүлж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар өөрт учирсан хохирлын 30 хувийг нотлох баримтаа бүрдүүлэн Н.О-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, хохирогч Н.Н, Г.М нар нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар С.Б-гээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, С.Б, Н.О нарын жолооны үнэмлэх шүүхэд ирээгүйг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, С.Б, Н.О нар цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Н.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан давж заалдах гомдолдоо:  “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

2019 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримтууд болох хэргийн анхан болон нөхөн үзлэгүүдийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүдээс үзэхэд:

Н.О нь жолоодож явсан тээврийн хэрэгслийн дугуй хагарсан үед зорчих хэрэгслийг бүрэн чөлөөлөөгүйгээс гадна, ослын зогсолтын тэмдэгийг суурин газрын гадна 30 метрээс багагүй зайд байрлуулна гэснийг зөрчиж зогссоноос зам тээврийн осол гарах үндсэн нөхцлийг бүрдүүлснээс гадна Н.О эсрэг урсгалыг сөрж тээврийн хэрэгслийнхээ гэрлийг асаан зогсож замын хөдөлгөөнд оролцогч нарт зам, орчны байдалд бодит байдлаас өөр ойлголт өгөхөөр аюултай байдал үүсгэн байрласан нь тодорхой байдаг.   

Энэ байдлыг үнэн зөв эсэхийг тусгай мэдлэг бүхий техник, шинжлэх ухааны эрдэмтэн, профессоруудын техникийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүх хуралдаанд биечлэн оролцож гаргасан дүгнэлтээ бодит байдалд тулгуурлаж шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлаж өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэж байна.

Энэ байдлын талаар шийтгэх тогтоолд шүүгч Л.Оюун тодорхой дурьдсан байдаг. Жишээ нь: Н.Отгонбатарын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн тул ... гэж дүгнэсэн байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хэрэг нь хэрэгсэхгүй болсон Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 9.5-д заасныг ноцтой зөрчсөн, Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасныг зөрчиж “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн нь ослын үндсэн нөхцлийг бүрдүүлсэн байхад шүүх гэм буруутайд тооцоогүйд гомдолтой байна.

С.Б-гийн хурдыг тогтоогоогүй байж, хурд сонгож яваагүй гэж буруутгасан, аюул саад байгааг мэдэх боломжгүй байхад, зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байдаг.

Дээрх байдлаас үзэхэд, шүүх жинхэнэ гэм буруутай этгээдүүдэд ял завших шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн шүүгч шийдвэрээ гаргахдаа хуульд захирагдан ямарч эргэлзээ гаргаагүй хэт нэг талыг барьж тухайн хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадахгүй гэж үзэж татгалзаж байсан хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэний дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрлэсэн нь шударга биш шийдвэр гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлоо бичгийн хэлбэрээр гаргаж өгсөн учраас гол хууль зүйн үндэслэлээ тайлбарлая. Зам тээврийн осол гарсан. Ингээд зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтооход хамгийн чухал ач холбогдолтой нотлох баримт болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, анх хийсэн үзлэгийн тэмдэглэл байгаа. Эдгээр нотлох баримтуудыг хангалтгүй гэж үзсэний учраас дахин хэргийн газрын нөхөн үзлэгийг хийсэн. Эдгээрээс харахад О нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон. Хэнтий аймгаас хөдлөхдөө л дугуй нь хагарсан. Замдаа хагарсан дугуйтайгаа явсаар байгаад зогссон байдаг. Зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох боломжтой эвдрэл гэмтэл учирсан буюу дугуй нь л хагарсан. Гэтэл ийм үйлдэл хийгээгүй, зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслээ байрлуулаад дугуй солих үйлдэл хийсэн. Ингэхдээ ослын зогсолтын тэмдгийг байрлуулаагүй. Үүнээс гадна иргэний нэхэмжлэгч Отгонбаяр гэдэг хүн сөрөг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замд эсрэг урсгалд ороод өөдөөс нь харж зогсоод, гэрлээ тусгаад дугуй нөхөж байгаа хүмүүст туслах маягаар гэрэл асаасан. Гэтэл С.Б-г явж байхад зам дээр ямар нэгэн ослын зогсолтын тэмдэг, гэрэл байгаагүй. Гэнэт тээврийн хэрэгсэл гарч ирсэн. Үүнийг С.Б мэдүүлэхээс гадна, С.Б-гийн тээврийн хэрэгсэл дотор сууж явсан Н.О гэрчилдэг. Гэнэт гарч ирсэн тул зогсоох арга хэмжээ авах боломж байхгүй. Замын хажуу руу зайлуулах арга хэмжээ авсан. Аюулгүй байдлыг хангана гэдэг бол зам тээврийн осол гаргахгүй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, зам тээврийн осол гарсан тохиолдолд хохирлыг багасгахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулна гэсэн заалт байдаг. Үүнийг С.Б хийсэн гэж үзэж байгаа. Өөдөөс нь гэрэл тусгаад зогсож байгаа иргэний нэхэмжлэгч О нь эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ замд эсрэг урсгалд орохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн. С.Б-гийн явж байсан урсгалд өөдөөс гэрлээ асаагаад зогсож байгаа нь зам орчны байдалд саад учруулсан. Н.О-ын хувьд зорчих хэсгийг чөлөөлөөгүй. Мөн ослын зогсолтын тэмдгийг тавиагүй. Энэ хэрэг дээр техникийн тусгай мэдлэг бүхий дөрвөн шинжээчийн дүгнэлт гарсан. 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 39 тоот дүгнэлт гарсан. Уг дүгнэлтэд С.Б-г хурд сонгож яваагүй, зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэсэн. Н.О-ыг ослын зогсолтын тэмдгийг тавиагүй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. С.Б-гийн хурдыг тогтоогоогүй байж хурд сонгож яваагүй гэдгийг яаж тогтоосон бэ. Дараа нь зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн. Зогсоох арга хэмжээ гэдэг нь жолооч аюулыг хараад самбайчлаад тормозны механизм ажиллаад, дугуй эргэхээ болиод цаашаагаа тормозны мөр замд дээр гарсанаар бүрэн зогссон зам гэж үздэг. Ингэж зогсох боломж байхгүй байсан. Зам дээр аюултай байдал бий болоод зогссон учраас энэ хоёр заалтыг С.Б зөрчөөгүй гэж үзэх үндэслэл байгаа. Дараа нь шинжээч Мөнхдалай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд Н.О-ыг ослын зогсолтын тэмдгийг тавиагүй, С.Б-г тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн. Энэ хэрэг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдээд прокурорт буцаагдаад Дотоод хэргийн Их суруулийн шинжээч, механик инженер техникийн шинжээч нар дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд С.Б-г ямар нэгэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэтэл энэ шинжээчийн дүгнэлтийг анхан шатны шүүх хурлаар шинжлэн судлаагүй. Шинжээч нар шүүх хуралдаанд оролцоод гаргасан дүгнэлтээ тайлбарласан. Гэтэл С.Б-г буруутгаад, жинхэнэ Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн Н.О, Н.О нарын хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хэрэг нь хэрэгсэхгүй болсон Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1, 9.5-д заасныг ноцтой зөрчсөн, Н.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасныг зөрчиж “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн нь ослын үндсэн нөхцлийг бүрдүүлсэн байхад шүүх гэм буруутайд тооцоогүйд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч С.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэйгээ санал нэг байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Х.Даваахүүг шүүгдэгч Н.О-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон, мөн Н.О-ыг яллагдагчаар татаагүйд гомдол гаргаж байна гэж ойлголоо. Шүүгдэгч Н.О-ын тухайд анхан шатны шүүхээс зөв дүгнэлт хийсэн. Ослын тэмдгийг зохих зайнд нь тавиагүй байгаатай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авсан нь үндэслэлтэй тохирсон гэж дүгнэсэн. Ослын тэмдэг тавиагүй гэж өмгөөлөгч Х.Даваахүүгээс хэлж байна. Ослын тэмдэг тавьсан болох нь Н.О-ын мэдүүлэг, хохирогч Мандахбаярын мэдүүлгээр тогтоогддог. Өмгөөлөгч Х.Даваахүүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдолдоо дурдсан байсан. Хурал дээр давж заалдах гомдлоо тайлбарлахдаа Н.О-тай холбоотой гомдол гаргаад байгаа нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “...Яллах дүгнэлт үйлдсэн прокуророос Н.О, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын дүгнэлт, шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэж Н.О-т холбогдох хэргийг зөрчлийн шинжтэй үйлдэл гэж шийдвэрлэж, С.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй гэж шийдвэрлэсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Давж заалдах гомдолтой холбоотойгоор хэлэхэд, өмгөөлөгчийн зүгээс хурдыг тогтоох шаардлагатай гэж үзсэн. Энэ хэргийн хувьд хурдыг тогтоох боломжгүй талаар мөрдөгчийн магадлагаанд тодорхой тусгагдсан байдаг. Гурвалжин тэмдгийг зохих ёсоор байрлуулаагүй гэдэг нь анх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон нөхөн үзлэгийн тэмдэглэл, хохирогч Мандахбаяр болон Н.О, Н.О нарын мэдүүлгээр тогтоогдож байдаг. С.Б-гийн хувьд учрах аюул саадыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан нь нөхөн үзлэгээр тогтоогдсон. Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ Дотоод хэргийн Их сургуулийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй. Харин анх хэргийн газрын үзлэгт очсон Хэнтий аймгийн шинжээч Туяагын дүгнэлтийг үндэслэж яллах дүгнэлтээ үйлдсэн. Уг дүгнэлтэд Н.О-ын үйлдлийг зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж Зөрчлийн тухай хуульд зааснаар арга хэмжээ авсан. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Тээврийн прокурорын газраас С.Б, Н.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс Н.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Ингэхдээ, “шүүгдэгч Н.О-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон эхний үндэслэлдээ “Замын хөдөлгөөний дүрмийн 9.5-д заасан Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслээс суурин газрын гаднах замд 30 м-ээс багагүй зайд байрлуулна гэсэн заалтыг зөрчсөн болох нь тогтоогдлоо” гэсэн бол дараагийн үндэслэлдээ “авто машины дугуй хагарсаны улмаас замын хөдөлгөөнд оролцоогүй, дугуйгаа нөхөж зогссон, ослын зогсолтын тэмдгийг суурин газрын гаднах замд 30 м-ээс багагүй зайд байрлуулах заалтыг зөрчсөн үйлдэл нь хохирогч Т.А, Н.Н нарын эрүүл мэндэд хүнд, Г.М-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Н.О болон түүний өөрийнх нь авто машинд эд хөрөнгийн хохирол учруулаагүй ба уг үйлдэлд цагдаагийн албан хаагч 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1-д зааснаар 20.000 төгрөгөөр торгож, захиргааны шийтгэл оногдуулжээ. Энэ нь Н.О-ын гаргасан зөрчлийн шинж чанарт нь тохирсон байна гэсэн нь шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол учраагүй” буюу өөрөөр хэлбэл, үйлдэл нотлогдсон боловч гэмт хэрэгт тооцохгүй хэмээн өмнөхөө үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой ... байх” хуулийн шаардлагыг зөрчжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад “...шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах талаар хуульчилсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх гэрч, хохирогч нарын мэдүүлгийг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй байх бөгөөд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ” гэж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө” гэж тус тус заажээ.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул шүүгдэгч С.Б-гийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч С.Б, Н.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/801 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Б, Н.О нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч С.Б, Н.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

         ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                                     ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ