Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 20

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

                                                Ц.Эийн нэхэмжлэлтэй

                                        иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00172 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Оргил баг, 14-28 тоотод оршин суух, Хойд овогт Цэвэгмэдийн Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд холбогдох, Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоолгох, шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э миний бие ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Миний бие 2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд нян судлалын лаборантаар ажиллаж байгаад 2007 оны 11 дүгээр сарын 13-ний өдрөөс бэлтгэмэлчээр өдий хүртэл ажиллаж ирсэн. Миний бие 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн юм. Иймд Ц.Э намайг Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвд бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоож, шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Би 2002 оны 9 дүгээр сарын 03-нд Зооноз өвчин судлалын төвд бактериологи, лаборантаар ажилд ороод 2007 оноос бэлтгэмэлчийн орон тоон дээр орж өдийг хүртэл ажилласан. 2019 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн байгууллагын ажилчдын хурал дээр намайг бичлэг хийсэн гээд утас булааж аваад цагдаа дээр 3

 

2.

 

хоног миний утсыг шалгасан. 11-ний өглөө ажилдаа очиход намайг ажлаас халсан тушаал гаргасан байсан. Цагдаа дээр 3 өдөр шалгуулахад та зөрчилгүй байна хэргийг чинь хаасан гэсэн. Гарын үсэг зур гэсэн. Гарын үсэг зурж утсаа авсан. Утас асахгүй байсан. Би гэмт хэрэг хийсэн биш. Ажлын байран дээр заагдсан ажилдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тиймээс ажилдаа эргэж орно. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 тоот тушаалаар сахилгын шийтгэл сануулах арга хэмжээ авсан байсан бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 4-ний өдөр байгууллагын даргын өрөөнд байгууллагын ажилчдын хурал дээр бичлэг хийж байгаад цагдаагийн байгууллагаар шалгуулахад удаа дараа бичлэг хийсэн нь нотлогдсон. Энэхүү үйлдэл нь байгууллагын дотоод журмын ЕС. Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх, ноцтой зөрчил. Энэхүү заалт нь Зооноз өвчин судлалын төвийн бүх ажилчдад хамаарна. 9.7-д дор дурьдсан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцогдоно. 9.7.11-д хамт олны хурал болон байгууллагын даргын өрөөнд утсаар бичлэг хийх, байгууллагын дотоод асуудал, хувь хүний нууцыг задруулсан тохиолдол гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчилд тооцох тохиолдолууд 2.3-г сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан гаргасан 2.3 ж-д байгууллага хамт олон удирлагын талаар хэвлэл мэдээлэл болон олон нийтийн мэдээлэлийн хэрэгслээр сөрөг мэдээлэл өгөх, гүтгэж доромжлох үйлдэл үзүүлэх өмнө байр дотоод хурал цуглаан аливаа бичлэг хийх гэж заасан байна. Ц.Эийн гар утсанд цагдаагийн байгууллагаар шалгалт хийлгэхэд 2018 оны 12 сараас хойш нийт 10 гаруй удаагийн байгууллагын даргын өрөөнд хийсэн бичлэг болох нь тогтоогдсон энэхүү үйлдэл нь байгууллагын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил болох тул мөн өмнө нь байгууллагын даргын Б/43 тоот тушаалаар сахилгын шийтгэлтэй байсан нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр бэлтгэмэлчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болно. Зөрчлийн тухай хуульд зөрчил гэдгийг тодорхойлохдоо: Зөрчил гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 2.1.1-д хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ. 2.1.2-д хүн, хуулийн этгээд нь захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно гэж заажээ. Ц.Э нь гар утсаараа байгууллагын даргын өрөөнд бичлэг хийсэн үйлдэл нь Зоонозын өвчин судлалын төвийн дотоод журам, байгууллагын даргатай хийсэн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил юм. Ц.Э нь ёс зүйн хороогоор орж ёс зүйн хорооны дүгнэлтээр сахилгын шийтгэл авахуулах дүгнэлт гарсаны улмаас 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/43 тоот тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байгаа. 2019 оны 03 дугаар сарын 4-ний өдөр манайх байгууллага дээрээ долоо хоног бүрийн 1 дэх өдөр хурал хийж заншсаны дагуу хурал хийсэн. Энэ хурал дээр байгууллагын ажилчид удаа дараа бичлэг хийж байсан. 03 дугаар сарын 4-ний өдөр Ц.Э бичлэг хийж байгаад утсыг нь авч үзэхэд 2018 оны 12 сараас хойших хурал дээр ярьсан миний яриаг бүгдийг нь бичиж авсан. Арав гаруй бичлэг байсан. Энэ нь байгууллагын дотоод журмын 9-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил, энэ заалт нь Зооноз өвчин судлалын төвийн бүх ажилчдад хамаарна гэсэн заалт байгаа. 9.7-д дор дурдсан зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох зөрчилд тооцогдоно гэж байгаа. 9.7.11-д хамт олны хурал болон

3.

 

байгууллагын даргын өрөөнд утсаар бичлэг хийх, байгууллагын дотоод асуудал хувь хүний нууцыг задруулсан тохиолдолд гэж байгаа.

 

Байгууллагын ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж байгаа. Хөдөлмөрийн гэрээний 2.3-т хөдөлмөрийн харилцааг зогсоох ноцтой зөрчил тохиолдолууд гэсэн заалт байгаа. Үүний 2.3.г-д сахилгын болон ёс зүйн зөрчлийг давтан гаргасан тохиолдолд ажлаас чөлөөлнө. 2.3.ж-д байгууллага хамт олны талаар хэвлэл мэдээллээр сөрөг мэдээлэл өгөх, аливаа бичлэг хийх гэж заасан байгаа. Аливаа бичлэг гэдэгт дуу дүрсний бичлэгүүд аль аль нь орно. Ноцтой зөрчил гаргасан. Мөн сахилгын давтан зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн. Бичлэг хийсэн талаар цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Энэ хүнийг бичлэг хийж байна гэхээр нь өрөөндөө дуудаж оруулж ирээд утсаа өг гэсэн утсаа өгсөн. Кодоо хийгээд нээ гэхэд өөрөө кодоо хийж нээсэн. Тийм байж Цагдаагийн байгууллага дээр очоод утас булааж авсан гэж хэлсэн. Бичлэг хийсэн тохиолдолд утсыг булааж авсан ч болно гэж цагдаагийн байгууллагын эрх бүхий хүн тайлбарлаж өгсөн. Утсыг нь нээгээд үзэхэд 12 сараас хойш 10 гаруй удаагийн бичлэг байсан. Хальт сонсоход дандаа миний яриаг хуулж авсан байсан. Ямар зорилгоор яах гэж бичлэг хийсэн нь тодорхой. Байгууллагынхаа удирдлагыг матах гэж бичлэг хийдэг. Сахилгын шийтгэл авсан байгаа. Ажлаас халагдаж магадгүй гэж бичлэг хийсэн гэдгээ өөрөө Цагдаагийн байгууллага дээр хүлээн зөвшөөрсөн. Цагдаагийн байгууллага дээр шалгуулахад бичлэг хийсэн нь тогтоогдсон. Энэ нь Зөрчлийн тухай хуулиар орон байранд бичлэг хийсэн тохиолдолд зөрчлийг хүлээн авахгүйгээр цагдаагийн байгууллага шийдвэрлэсэн. Орон байр нь юу юм гэхээр хүний оршин суугаа орон байрыг хэлдэг юм байна. Байгууллага нь орохгүй гээд хэргийг буцаасан. Гэхдээ энэ нь манай байгууллагын хувьд ноцтой зөрчил. Яагаад гэхээр Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заагаад өгсөн ноцтой зөрчил. Өөрөө уншиж танилцаад хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Зөрчлийн тухай хуулийн 2.1.2-т хувь хүн, хуулийн этгээд захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч зохих арга хэмжээг биелүүлээгүй тохиолдолд зөрчил гэж үзнэ гэж байгаа. Энэ нь манай байгууллагын тухайд аливаа бичлэгийг байгууллагын удирдлагын өрөөнд хийхийг хориглоно гэж заасан дотоод журам болон хөдөлмөрийн гэрээ нь бид нарын мөрдөх ёстой акт гэж үзэж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байж байгууллагын даргын өрөөнд удаа дараа бичлэг хийсэн. Яагаад бичлэг хийх гэдгийг хөдөлмөрийн дотоод журам болон гэрээнд тусгасан бэ гэхээр 2016 оноос хойш манай байгууллагын нэр бүхий 9 ажилчид зохион байгуулалттайгаар эмч нарын баяраар архи барьж ирээд байгууллагын өрөөнд эмч нарт хүндэтгэл үзүүлэх нэрийдлээр архи авч ирж өгөөд бичлэг хийж Авилгатай тэмцэх газар, Эрүүл мэндийн сайд, Үндэсний төв, Засаг дарга, тамгын дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын дарга гээд аймгийн дарга нэртэй бүх хүнд С.Б гэж хүн архичин гэж хэлээд бичлэг хийгээд өгдөг. Түрүүчийн таны орсон шүүх хурал дээр Сумъяабазар сануулах арга хэмжээг хүчингүй болгуулах гээд шүүх хуралд оролцоход сиди дээр буулгаад өгсөн байсан. Энэ мэтчилэн бичлэг хийгээд хүний нэр төрд халдаад байсан болохоор нь би байгууллагын ажилчидтай ярилцаад бичлэг хийж нэгнийгээ гүтгэж доромжлохоо больё. Үүн дээр байгууллагын удирдах удирдуулах ёс гэж байдаг юм. Би шаардлага тавьж байна. Тэгэхэд бичлэг хийгээд хүнийг дарамтлах нь буруу юм гээд байгууллагын дотоод журамд тусгаад өгсөн үйлдэл байхад энэ хүн мэдсээр байж ямар зорилгоор бичлэг хийснээ Цагдаагийн байгууллага дээр өөрөө маш тодорхой хэлсэн. Энэ хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Түүний дараа ах Төмөрхуяг нь манай гэр бүлийн хүн рүү залгаж утсаар дарамталсан. Маш хэцүү байдалд байлгаж байгаа гэжээ.

 

 

4.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Хойд овогт Ц. Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн намайг хамт олны хурал дээр бичлэг хийсэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Би бичлэг хийгээгүй байсан, миний гар утсанд бичлэг хийдэг зүйл огт байгаагүй. Цагдаагийн газарт миний гар утсыг өгөөд шинжилгээ хийнэ гэж 3 хоног байлгаж байгаад буцааж өгсөн, миний утсанд үзлэг хийгээд бичлэг байгаагүй. Миний гар утаснаас бичлэг гарч ирээгүй юм. Намайг хамт олны хурал дээр бичлэг хийсэн нь тогтоогдож байна гэж шүүхээс дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Цагдаагийн газраас миний гар утсанд үзлэг хийсэн бол хэдэн минутын ямар бичлэг байсан талаар тогтоосон зүйл байхгүй.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ний өдрийн 133/ШШ2019/00172 дугаар шийдвэрийг хүчингүй болгож миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.  

 

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга нь Ц.Эийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн хөдөлмөрийн дотоод журмын 9.7.11, Хөдөлмөрийн гэрээний 2.3.г, 2.3.ж заалтуудыг үндэслэн тус байгууллагын бэлтгэмэлчийн ажлаас чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Э нь уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан

5.

 

хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардлага гаргажээ.

 

Хариуцагч байгууллагын дарга С.Б ажлаас чөлөөлсөн тушаалынхаа үндэслэлийг тайлбарлахдаа Ц.Э нь 2018 оны 12 дугаар сараас хойш 10 гаруй удаа хамт олны хурал болон байгууллагын даргын өрөөнд  бичлэг хийсэн. Энэ нь байгууллагын дотоод журмын 9-д хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил, энэ заалт нь Зооноз өвчин судлалын төвийн бүх ажилчдад хамаарна гэсэн заалт юм. Мөн сахилгын давтан зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Тайлбараа нотлохын тулд 2019 оны 03 дугаар сарын 6-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн хуулбар, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолын хуулбар, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн дотоод журам болон бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

 Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд хамт олны хурал цуглааны үеэр бичлэг хийхийг хориглосон зохицуулалт хууль тогтоомжид байхгүй ч энэ нь төрийн албаны ил тод байх зарчимд харшилсан заалтыг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд оруулсан нь буруу байна.

 

Хариуцагч байгууллага нь халдвар тархалтын онцгүй нөхцөл байдалд хорио цээрийн дэглэм тогтоож ажиллах үүрэгтэй ба хэвийн нөхцөл байдалд Төрийн үйлчилгээний байгууллагын хувьд төрийн албаны нээлттэй, ил тод байх зарчмыг хэрэгжүүлэн ажиллах ажиллах үүрэг хүлээж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл  гэж үзсэн “Ц.Эийг зөвшөөрөлгүйгээр гар утсаар бичлэг хийсэн тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн гомдлыг Цагдаагийн газарт гаргасныг аймгийн Цагдаагийн газраас хянаад “Ц.Э нь хуулинд заасны дагуу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд бичлэг хийсэн нөхцөл байдал тогтоогдохгүй харин удирдлагын өрөөнд дууны бичлэг хийсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул уг гомдол мэдээлэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Мөн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ц.Эт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд шийтгэл ногдуулсан уг тушаалаар Ц.Э нь өөрийн ажил үүргийн хуваарьт хамаарах ямар үүргийг биелүүлээгүйгээс хөдөлмөрийн эрх зүйн ямар хэм хэмжээг зөрчсөн, зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, уг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан  тушаал баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлэхээр зохицуулсан байна.

 

6.

Мөн хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хэлэлцээрт нийцсэн байна гэж заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг төрийн алба гэнэ гэж заажээ.

Түүнчлэн төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна ил тод байх зарчимыг баримтална гэж заасан байна.

Түүнчлэн Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн хамт олны хурал нь  төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой нууцад хамаарахгүй байна.

Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төв нь хөдөлмөрийн дотоод журам болон ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ хамт олны хурлын явцыг дууны болон дуу, дүрсний бичлэгээр бэхжүүлэхийг хориглосон нь Монгол Улсын Үндсэн хууль, төрийн албаны тухай хуульд заасан төрийн албаны ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх зарчим, ил тод байх зарчимд нийцэхгүй байна.

Тиймээс  Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төв нь тус байгууллагын ажилтан Ц.Эийг байгууллагын даргын өрөөнд болдог хамт олны ээлжит хуралдааны үеэр дууны /аудио/ бичлэг хийсэн гэсэн үндэслэлээр захиргааны санаачлагаар ажлаас нь чөлөөлсөн нь үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ нь хууль тогтоомжид нийцсэн байх ёстой бөгөөд тухайн хөдөлмөрийн гэрээнд заасан хамт олны хурал цуглааны үеэр бичлэг хийхийг хориглосныг хориглосон зохицуулалт хууль тогтоомжид байхгүй тул уг хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцээгүй гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ц.Эийг Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн бэлтгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтны ажилгүй байсан хугацааны дундаж цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтад заасныг жишиг болгож уг аргачлалаар тодорхойлж хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгчид дээрх олговрыг олгохдоо эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих сан, дансанд  шилжүүлэхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж үзнэ. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          

7.

           1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00172 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Ц.Эийг Говь-Алтай аймгийн Зооноз өвчин судлалын төвийн бэлгэмэлчийн ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан цалин хөлстэй нь тэнцэх 1.499.859 төгрөгийн нөхөн олговрыг олгож, уг олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих сан, дансанд шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай гэж,

            2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ц.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Зооноз өвчин судлалын төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 38.948 төгрөгийг гаргуулж улсын оруулсугай” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Эийн давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Нэхэмжлэгч Ц.Э нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.БАТТОГТОХ

 

              ШҮҮГЧИД                               Ч.ЭНХТӨР

 

                                                                                             Т.ЖАРГАЛСАЙХАН