Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 114/шш2023/0018

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч ******* нарыг оролцуулан *******-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******д холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь

Хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* шүүхэд болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ...өмнө ******* нар газрыг ямар шалтгааны улмаас давхцуулан олгосон гэдгийг миний хувьд тайлбарлах боломжгүй байна. Маргаж буй захирамжийг гаргахдаа *******-ийн лицензийн талбайд гээд маш тодорхой давхцуулан олгосон гэдэг нь харагддаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан үр дагаврыг ойлгож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт тайлбарласан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:, 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх..., 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд *******д *******-ийн лицензийн талбайд орших ******* шарын гол ХК-ийн баруун талд керамзитын жижиг, дунд үйлдвэр нээн ажиллуулах зориулалтаар 1 га, баруун жигүүрийн хойд талд орших хуучин Дархан керамзитын ашиглаж байсан түүхий эд болох хаягдал талбайгаас 1 га талбайнуудыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр Д.Баярмагнайг татан оролцуулахаар шийдвэрлэсэн ч тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нас барсан нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны ******* дүгээр лавлагаа, Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн Засаг даргын 2023 оны 628 дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн нотариатч нарын өвийн программ, архивын баримтаас шүүн үзэхэд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжаар эзэмшүүлсэн газарт өвлөх эрхийн гэрчилгээ үйлдэгдээгүй талаарх Дархан-Уул аймаг дахь нотариатчдын салбарын 2023 оны *******, Монголын Нотариатчдын танхимын 2023 оны 608 дугаар албан бичгүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1-д зааснаар тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, үүргээ биелүүлэх боломжгүйд хүрч, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно:, 39.1.2-т газар эзэмшигч иргэн нас барсан гэж заасны дагуу Д.Баярмагнайгийн газар эзэмших эрх дуусгавар болсон, өвлөх эрхийн гэрчилгээгээр хэн нэгэн этгээд уг газрыг өвлөн аваагүй зэргээс үзвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан ...шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд түүнийг ойлгож, зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******-ийн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж, *******-д олгосугай.

Энэхүү шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ