Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 129

 

 

 

 

 

 

2017         09           18                                                     129                                                 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

                                           

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгч Э.Ховор-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Энхбаатарын Ховор-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1721000000040 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Боржигон овогт Энхбаатарын Ховор-Эрдэнэ, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1975 оны 10 сарын 30-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЬ75103072/, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн 58 дугаар байрны 22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл.

 

Шүүгдэгч Э.Ховор-Эрдэнэ нь 2017 оны 08 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зангиатын хаяг тодорхойгүй хашаанд хохирогч З.Төмөрбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

             Шүүгдэгч Э.Ховор-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 сарын 05-ны өдөр би юм янзлах гээд боолт хэрэг болоод хашаа руу очсон. Уг хашаа Төмөрбаатарын өөрийнх нь хашаа биш. Төмөрбаатар эхлээд миний  хувцас хунарыг урж, тасдаж эхлүүлсэн. Хоёр, гурав хоногийн дараа эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулсан байна лээ. Тэр үед миний хоолой ч бас улайсан байсан. Би нэг удаа цохисон нь үнэн. Би хохирогчийг цагдаагийн газар өргөдөл  гаргана гэж бодоогүй гэв.

                      

Хохирогч З.Төмөрбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 05-ны өглөө 10 цагийн орчим машиныхаа жанамыг янзлуулчихаад ирэхэд Ховор-Эрдэнэ миний боолт байдаг шуудайтай төмрийн сэгнүүдийг газар асгасан өөрийн юм шиг үзэж байхаар нь...би уурлахад Ховор-Эрдэнэ газар сууж байснаа босож ирээд намайг заамдаад боож унагах гэхэд би гартаа барьж явсан жанамаараа цохих гэж далайсан боловч цохиж чадаагүй өөрөө газар ойчсон. Тэр үед хальт жанамаараа мөрийг нь гулгуулаад гарсан. Ховор-Эрдэнэ намайг хоолой боогоод байсан учир би амь тэмцэхдээ футболкийг нь урчихсан. Тэгсэн Ховор-Эрдэнэ нүүр рүү 3-4 удаа алгадаад шанаадсан. Мөн намайг газар унагаж чирэхэд цуг байсан хоёр залуу салгасан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэжээ. /хх 12-13/

 

Гэрч Д.Цолмонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Ховор-Эрдэнэ ах, Даашка ах бид гурав шуудайтай боолтны хогийг асгаад боолт үзэж байтал Төмөрбаатар гаднаас орж ирээд...”битгий давраад байгаарай” гэж бахираад гартаа ундааны савтай бензин, машины жанам бариад ирснээ савтай бензинээ Ховор-Эрдэнэ ах руу шидсэн боловч оноогүй. Нөгөө гартаа барьсан жанамаараа Ховор-Эрдэнэ ахыг цохих гээд далайтал мултарч унаад мөрийг нь цохьчихсон чинь тэр хоёр заамдалцаад муудалцсан...Төмөрбаатар уурлаж хэрэлдээд футболкийг нь урчихаад заамдалцаж байгаад хоёр биенийгээ дэгээдээд адилхан газар унасан. Би очиж салгасан...Төмөрбаатар уурлаад Ховор-Эрдэнэ ах руу газар байсан төмрийг барьж “ална” гэж дайрахаар нь би Төмөрбаатарын гарнаас төмрийг нь булааж аваад хаяхад Ховор-Эрдэнэ ах Төмөрбаатарыг нүүр рүү нь 1 удаа алгадсан. Мөн тэр хоёр заамдалцаж зууралдаад байж байхдаа адилхан хэн хэнийх нь хоолой улайсан байсан...” гэжээ. /хх 14/

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 470 тоот дүгнэлтэд: “1.З.Төмөрбаатарын биед хүзүүнд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 17/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч Д.Цолмонбаатар /хх 14/,  хохирогч З.Төмөрбаатар /хх 12-13/ нарын болон шүүгдэгч Э.Ховор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх 6, 26-27/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 35/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Э.Ховор-Эрдэнэ нь 2017 оны 08 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутаг Зангиатын хаяг тодорхойгүй хашаанд хохирогч З.Төмөрбаатарыг зодож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон гэрч Д.Цолмонбаатар, Г.Саруултөгс, хохирогч З.Төмөрбаатар нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 470 тоот дүгнэлт, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Ховор-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.   

Иймд шүүгдэгч Э.Ховор-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “хүзүүнд зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүнийг заамдсан, нүүр рүү нь гараар цохисон шүүгдэгч Э.Ховор-Эрдэнийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

Хэрэгт шүүгдэгч Э.Ховор-Эрдэнэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.    

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Э.Ховор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах, Э.Ховор-Эрдэнийн эзэмшлээс АН4588416 дугаартай 20000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЬ75103072 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Энхбаатарын Ховор-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Энхбаатарын Ховор-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ховор-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Ховор-Эрдэнэд анхааруулсугай.

 

            5. Эрүүгийн 1721000000040 дугаартай хэрэгт шүүгдэгч Э.Ховор-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар шүүгдэгч Э.Ховор-Эрдэнийн эзэмшлээс АН4588416 дугаартай 20000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 08 сарын 23-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай.

 

7. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч Э.Ховор-Эрдэнийн ЖЬ75103072 регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

                  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.  

 

  

 

ДАРГАЛАГЧ                          Ү.ОДГЭРЭЛ