| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъянхоролын Оюунчимэг |
| Хэргийн индекс | 114/2022/0013/з |
| Дугаар | 114/шш2023/0019 |
| Огноо | 2023-09-21 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 114/шш2023/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 114/2023/0013/З
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаярыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “*******” ХХК
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч *******
Нэхэмжлэгч “*******” ХХК болон Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч ******* нарын хооронд ... Онцгой албан татварын тэмдэггүй бараа худалдан борлуулсан гэх зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Гомдол гаргагч *******, өмгөөлөгч
Хариуцагч ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гомдлын шаардлага:
1.Гомдол гаргагч “*******” ХХК-иас Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч *******од холбогдуулан “2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд
2.1 “*******” ХХК-ийн “” нэртэй хүнсний дэлгүүрт Шарын гол сумын цагдаагийн албан хаагч 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хяналт шалгалт явуулан онцгой албан татварын тэмдэггүй бараа худалдан борлуулсан зөрчлийг илрүүлж харьяаллын дагуу Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст шилжүүлсэн байна. Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч ******* 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсыг гаргажээ.
2.2. Тус ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой албан татварын акцгүй архи согтууруулах ундаа худалдсан байж болзошгүй гэж үзэн 10.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна.
2.3. Гомдол гаргагч компани дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхэд хандан гомдол гаргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл
3.1. Гомдол гаргагч “*******” ХХК-ийн захирал ******* шүүхэд гаргасан гомдлын үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймгийн Шарын гол суманд архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөлтэй “*******” ХХК-ийн “” нэртэй хүнсний дэлгүүрт Шарын гол сумын Цагдаагийн албан хаагч 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэнэт орж ирэн, шалгалт хийх явцад “Holiday” гэх нэртэй 2 ширхэг 17 градустай виноны акц унасан байсныг худалдагч ******* би анзаараагүй байсан. Уг “Holiday” гэх виног 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “ ” ХХК-иас худалдан авсан падан байсаар байхад татварын акц байхгүй байна гэж 10.000.000 төгрөгөөр торгож байгаа нь жижиг аж ахуй нэгжийг ажлуулахгүй дампууруулна гэж айж байна.
Ямар нэгэн байдлаар татварын акцгүй архи худалдаалж ард иргэдийг хохироосон үйлдэл гаргаагүй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 зааснаар 10.000.000 төгрөгөөр торгосныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2.Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасныг үндэслэж “*******” ХХК-ийг 10.000.000 төгрөгөөр торгосон. Энэ заалт бүхий зөрчил нь болсон үйл явдалтай хамааралгүй зөрчил гэж үзэж байгаа.
Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч компани огт бэлтгэн нийлүүлээгүй, бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгж, байгууллага ч биш. Эсхүл импортолсон байгууллага ч биш, худалдсан, борлуулсан зүйл огт байхгүй хариуцагч тухайн зөрчил нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж байна. Гэтэл “*******” ХХК-ийн захирал ******* ямар нэгэн акцгүй архийг худалдан борлуулж тэр нь тогтоогдсон зүйл байхгүй. “ ” ХХК-аас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр дээрх согтууруулах ундаа буюу виног худалдаж авсан падан, санхүүгийн баримт болон албан тоот хэрэгт авагдсан байдаг.“ ” ХХК-ийн захирал ******* тухайн хоёр ширхэг виног борлуулалтын компаниас худалдаж авсан. “” дэлгүүрт худалдах үед акцтай байсан гэж мэдүүлдэг. Ер нь бол архины акц их удаан байдаггүй, хуурч унадаг. Тэрийг хүмүүс анзаардаггүй, олон акц дотор хэлбэрийн төдий нааж өгдөг үүнийг байцаагч ойлгож байгаа гэж бодож байна.
“*******” ХХК-ийн “” гэх хүнсний дэлгүүр нь акцгүй архи худалдан борлуулаагүй талаар хангалттай нотлох баримт байсаар байхад нотлох баримтыг дутуу үнэлж аж ахуйн нэгжийг хохироож байна. 2 ширхэг акц байхгүй гэдэг үндэслэлээр 10.000.000 төгрөгөөр торгоно гэдэг бол өрөөсгөл ойлголт Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар торгосон нь үндэслэлгүй байх тул Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч *******ын 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 005635420 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.3. Хариуцагч Татварын хэлтсийн улсын байцаагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
3.3.1. 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас нэр бүхий хүнсний дэлгүүр онцгой албан татварын тэмдэггүйгээр буюу акцгүйгээр архи, согтууруулах ундаа худалдсан гэх мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж тухайн зөрчил тасгийн даргаас надад хуваарилагдаж ирсэн материалыг
хүлээж аваад. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч компанийг дуудаж тайлбарыг нь авсан. Прокурорын зүгээс хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийнхээ дагуу зөрчлийн хэргийг цаг тухай бүр хянаж, хяналтаа тавьж байсан.
Цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу шилжүүлснийг шалгахад камерын бичлэг дээр архи, согтууруулах ундаанд акц байгаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ /Holiday/ гэх нэртэй согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэг байгаагүй, худалдан авсан санхүүгийн баримт байхгүй гэж мэдүүлдэг. Гэтэл Х.Отгончимэг нь тухайн 2 архийг “-” ХХК-иас худалдан авсан санхүүгийн баримт, падаан, албан бичиг байгаа гэж мэдүүлдэг мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг.
Онцгой албан татварын акцгүй 2 шил архийг “ ” ХХК-иас худалдан авсан гэж байгаа боловч борлуулсан барааны талаарх цахим бичилтийг татварын удирдлагын нэгдсэн системээр борлуулагч компани, худалдан авагч компаниуд цахим бүртгэлийг хийх ёстой. Гэтэл “ ” ХХК болон “*******” ХХК нь аль аль нь цахим бичилтийг хийгээгүй байсан. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтанд тооцохгүй, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчиж санхүүгийн баримтыг хурамчаар бүрдүүлсэн гэж үзсэн.
2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн камерын бичлэг, гэрч нарын мэдүүлэг, зөрчилд холбогдогчийн мэдүүлэг, эд хөрөнгө хурааж авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар “*******” ХХК нь Монгол улсын хилээр албан ёсоор орж ирээгүй архи, согтууруулах ундааны зүйл худалдсан болох нь тогтоогдсон. Худалдан борлуулсан гэдгийг тухайн эд зүйлийг аваад цааш ашиг олох зорилготой бол худалдан борлуулсан гэж үзнэ. Яагаад “*******” ХХК-ийн лангуун дээр 2 архи байгаад байсан гэхээр тэрийг зарж орлого олох зорилготой л байсан шүү дээ. Хэрвээ худалдан борлуулах зорилго агуулаагүй бол орон байрандаа байлгаж болох байсан.
Дэлгүүр гэдэг чинь аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг худалдааны чиглэлийн байгууллага бөгөөд худалдан борлуулах зорилго агуулж байна гэж ойлгосон учраас худалдсан гэж үзсэн. Тухайн өдөр цагдаагийн албан хаагчид орж ирээгүй бол хэн нэгэн хүн ороод тэр архийг авах боломжтой байсан.
Иймээс Зөрчлийн тухай хуулийн дагуу онцгой албан татварын тэмдэггүй архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан зөрчилд хамаарагдахаар байгаа юм гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх гомдол, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ны “” нэртэй хүнсний дэлгүүрт 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасан “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан гэх” зөрчил гаргасан гэж үзэн “*******” ХХК-д 10.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулан, хураан авсан 2 ширхэг согтууруулах ундааг хураан авсан эд зүйлийг үнэлэх, худалдах, борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэнд хяналт тавих аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тооны бус зөвлөлд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
3. Гомдол гаргагчаас “...манай “*******” ХХК-ийн “” нэртэй хүнсний дэлгүүрт Шарын гол сумын цагдаагийн албан хаагч 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шалгалт хийж “Holiday” гэх нэртэй 2 ширхэг 17 градустай виног лангуун дээрээс буулган авч онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэж хураан авсан, Татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулиар 10.000.000 төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй, онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан, ард иргэдийг хохироосон үйлдэл гаргаагүй...” гэж
Хариуцагчаас “... “Holiday” гэх нэртэй 2 ширхэг согтууруулах ундаа нь онцгой албан татварын тэмдэггүй лангуун дээр байна гэдэг нь зарах зорилготой, цагдаагийн албан хаагч орж ирээгүй бол худалдагдсан байх байсан,“ ” ХХК-иас худалдан авсан гэх боловч татварын удирдлагын нэгдсэн системд борлуулагч компани, худалдан авагч компаниуд цахим бичилтийг хийгээгүй,“ ” ХХК-ийн падан хурамчаар бүрдүүлсэн тул “*******” ХХК-нд 10.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн ...гэж” тус тус тайлбарлан маргаж байна.
4. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д “тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол тэмдэггүй архийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж хуульчилсан мөн Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар дээр худалдах гэдэг үгийн утгыг үнэ авч арилжин өгөх гэж тайлбарлажээ.
5.Гомдол гаргагч “*******” ХХК нь согтууруулах ундаа худалдах,түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг болох нь хэрэгт авагдсан аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/07, 01-А/379, 2023 оны 01-А/198 дугаар захирамжууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа зэрэгээр мөн ” ” ХХК-аас 2021 онд “Holiday” гэх нэртэй 2 ширхэг, 17 градустай согтууруулах ундааг худалдан авсан болох нь тус компани 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн зарлагын падаан, үнэ төлсөн дансны хуулга /3/, 2023 оны 07 дугаартай албан бичиг, холбогдогчийн 2023 оны 7 дугаар сарын 3, 19, 24, 8 дугаар сарын 1-ны өдрийн мэдүүлэг, гэрч *******, ******* нарын мэдүүлэгүүдээр тогтоогдож байгаа болно.
6. Харин хэргийн холбогдогч, гэрчүүдээс 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Holiday” нэртэй 2 ширхэг согтууруулах ундааг худалдан авах, өгөхөд болон тус дэлгүүртээ онцгой албан татварын тэмдэгтэй байсан гэж мэдүүлэх боловч цагдаа хураан авсан гэх 2023 оны 07дугаар сарын 03-ны өдрийг хүртлэх хугацаанд уг согтууруулах ундаа нь зарагдаагүй, мөн өдөр онцгой албан татварын тэмдэггүй байсан болох нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ”Эд зүйл,баримт бичгийг хураан авсан тухай” тэмдэглэл, гэрэл зурагууд, 07 дугаар сарын 24-ний өдрийн “Үзлэг хийсэн тухай” тэмдэглэл, ”Эд зүйл,баримт бичгийг хураан авсан тухай” тэмдэглэл, 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлого, эд зүйл, баримт бичгийг зөрчлийн гомдол, хэрэгт хавсаргах тухай” тэмдэглэлээр нотлогдож байна.
7. Гомдол гаргагч нь “Holiday” гэх нэртэй 2 ширхэг согтууруулах ундааг зарах зорилго байсан хэдий ч онцгой албан татварын тэмдэггүйгээр үнийг авч иргэн, хуулийн этгээдэд худалдаагүй байхад хариуцагчаас тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх зөрчлийг гаргасан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн
этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байна” гэж заасан зарчимд нийцээгүй.
8. Хариуцагчийн “... цагдаагийн албан хаагч орж ирээгүй бол онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдагдсан байх байсан, татваргүй барааны дэлгүүрээс худалдан авч цааш дамжуулан тус нэртэй хүнсний дэлгүүрт худалдсан байж болзошгүй”,“Holiday” гэх нэртэй согтууруулах ундааг Монгол Улсын хилээр импортолсон албан ёсны гэрээт борлуулагч тогтоогдоогүй” гэх тайлбарууд, болон хэрэгт авагдсан Татварын хэлтсийн 2023 оны 07дугаар сарын 25-ны өдрийн 390 дугаартай албан бичиг, ”Ноён Уул Эрдэнэ”ХХК-ний “Хариу хүргүүлэх тухай” 23/10 дугаартай албан бичгүүд нь гомдол гаргагч “*******” ХХК-д хамааралгүй байна.
9. Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч нь “*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д заасан “тэмдэггүй согтууруулах ундаа,... эсхүл худалдсан...” гэх зөрчлийг үйлдээгүй байхад худалдах зорилго агуулж байгаа учраас үйлдсэн гэж 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-ийг 10.000.000 төгрөгөөр торгож, хураан авсан 2 ширхэг согтууруулах ундааг Хураан авсан эд зүйлийг үнэлэх, худалдах, борлуулах, устгах талаар шийдвэр гаргах, хэрэгжилтэнд хяналт тавих аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тооны бус зөвлөлд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн нь дээрхи хуульд нийцээгүй, уг шийтгэлийн улмаас гомдол гаргагч “*******” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
10. Иймд дээрхи үндэслэлүүдээр Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “*******” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч *******ын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНЧИМЭГ.