Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 21

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             П.Манлай-Эрдэнийн нэхэмжлэлтэй

                                        иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Т.Жаргалсайхан, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00176 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 20/2 дугаар байрны 12 тоотод оршин суух Олохнууд овогт П. Мийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, урамшуулал, хангамжийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.М /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 он 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/72 тоот захирамжаар Говь-Алтай аймгийн Эрүүл ус ОНӨААТҮГ-ын захирлаар томилон, Хөдөлмөрийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар контрактын гэрээ байгуулан ажиллуулж байсан. Намайг 2014-2016 оны хооронд захирлаар ажиллах хугацаанд 5 нягтлан бодогч, 6 нярав орж гаран ажилласан юм. Үүний 4 нягтлан бодогч, 6 нярав өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, 1 нягтлан бодогчийг ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлсөн. Миний бие Эрүүл ус үйлдвэрийн газрын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт тавих явцдаа тус үйлдвэрийн газрын ахлах нягтлан бодогч Т.Дын мөнгө, хөрөнгийн дутагдал гаргасаныг олж илрүүлж, тухайн үеийн аймгийн Засаг даргад өөрийн биеэр хандан хүсэлт гаргаж, улмаар аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаар 2015 оны 11, 11 дүгээр саруудад шалгуулж, 2016 оны 04

 

дүгээр сард хийгдсэн аймгийн Аудитын газрын хяналт, дүгнэлтийн дараа 2016 оны 05 дугаар сарын 05-нд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан юм. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар нь “Говь-Алтай аймгийн Эрүүл ус” ОНӨААТҮГ-ыг төлөөлөн миний өгсөн гомдлыг хянан шалгаж байгаад хэргийг АТГ-т шилжүүлсэн. Нягтлан бодогч асан Т.Дын мэдүүлэгийг үндэслэн 2016 оны 11 сард уг хэрэгт намайг сэжигтнээр татан холбогдуулсан юм. улмаар АТГ-ын мөрдөгч, комиссар Х.Нийн шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар татаж, уг мөрдөгчийн саналаар Говь-Алтай аймгийн Эрүүл ус ОНӨААТҮГ-ын захирлын албан тушаалаас намайг түр түдгэлзүүлсэн. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 23/А тоот захирамжаар 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс би цагдан хоригдсон. 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг дарга АТГ-ын мөрдөгч Х.Нийн “ажил албан тушаалаас түр түдгэлзүүлэх” шийдвэр, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 заалтыг үндэслэн Б/100 тоот захирамж гаргаж, намайг эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр чөлөөлж, үүрэг орлон гүйцэтгэгчийг түр томилсон бөгөөд уг томилогдсон этгээд нь үүрэг түр орлон гүйцэтгэгч статустайгаар өнөөг хүртэл ажиллаж миний бие түр чөлөөлөгдсөн хэвээр байна. би 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 461 дүгээр ангид 60 хоног цагдан хоригдоод, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 03 тоот захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгж суллагдсан. Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоор намайг сэжигтэн, яллагдагчаар татсан  мөрдөгчийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Энэ хугацаанд намайг хамруулсан эрүүгийн хэргийн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгасан хэвээр байсан. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн прокурорын газрын уг хэргийг хянан шийдвэрлэсэн прокурортой уулзахад П.М танд хамаарах зүйл байхгүй тул 2017 оны 08 сарын 01-ний өдрийн 301 тоот тогтоолоос өөр шийдвэр гарахгүй, хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг хохирогч, иргэний нэхэмжлэгч байгуулагад хүргүүлнэ гээд 301 тоот тогтоолын хуулбарыг анх удаа надад өгсөн. Эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдаж, аймгийн засаг дарга намайг ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл үгүй болсон байхад түр чөлөөлсөн шийдвэрийг цуцлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилохгүй, түр чөлөөлөгдсөн хэвээр байлгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр цагдаагийн байгууллагад анх хандан гомдол гаргасанаас хойш Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэс, АТГ, ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дамнуулан шалгаж. Өмнө нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүгчийн захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа тодорхой ажилбаруудыг хийгээд дахин шүүхэд хандсан. Би Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б72 тоот тогтоолоор эрүүл ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдсон. Ажиллаж байх хугацаанд эрүүгийн хэрэг холбогдуулан шалгах болсон учраас миний ажил албан тушаалыг Авилгатай тэмцэх газрын мөрдөн байцаагчийн шийдвэрээр түдгэлзүүлсэн. Үүний дагуу Говь-Алтай аймгийн засаг дарга 2016 оны Б100 тоот захирамж гаргаж намайг ажил албан тушаалаас чөлөөлж миний оронд үүрэг түр орлон гүйцэтгэгч томилсон. Намайг холбогдуулан шалгасан хэргийг мөрдөн байцаах газар, Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авилгатай тэмцэх газар шалгаад Аудит нэг удаа шүүх шинжилгээний комисс 3 удаа шалгаад надад хамаарах эрүүгийн гэмт хэрэгт холбогдох зүйл байхгүй байна гэдгээр надад хамаарах шийдвэрүүдийг хүчингүй болгуулж шийдвэрлэсэн. Тухайн эрүүгийн хэргийг шалгаад тодорхой хэмжээний зүйл Д гэдэг нягтлан дээр байна гээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл нь Өршөөлийн тухай хуульд хамруулсан. Д мөнгө нэхэмжлэх эрх нь байгаа. Тэр ажлууд хийгддэг байх.  Надад хамаарах зүйл байхгүй учраас миний ажил албан тушаалыг хүчингүй болгуулж шийдвэрлэсэн байгаа. Үүний дагуу аймгийн Засаг даргад 2018 оноос өдийг хүртэл хандаад намайг буцаан томилох ёстой ажил албан тушаалаас түдгэлзүүлсэн шийдвэр цуцлагдсан шалтгаан нөхцөл арилсан тул буцаан томилох ёстой гэсэн хүсэлтийг гаргасан.  Ингээд гаргах явцад хүлээж авахгүй байсан учраас өмнө нь иргэний шүүхэд хандсан. Хандах үед шүүхээс миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь шүүхээс урьдчилан шийдвэрлэх боломжтой буюу эвлэрүүлэн зуучлахлаар хандах, мөн хоорондын хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх комиссоор орж шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдээгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Үүнээс хойш Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар руу, Засаг дарга руу, хүний нөөцрүү удаа дараа хандаж ийм хөдөлмөрийн маргаан таслах комисс байгаа юу гэж асууж сурагласан боловч хариу өгөөгүй. Шат дараалан явсаар байгаад Говь-Алтай аймаг дахь Үйлдвэрчний эвлэлийн хорооны салбар руу хандсан. Уг салбарт хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах комисс байхгүй. Байсан комисс татан буугаагүй хэдий ч шинээр байгуулахад хугацаа орох учраас дараагийн газарт хандана уу? гэсэн үүний дараа шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч зөвшилцөлд хүрээгүй. Хуульд заасан хугацаанд амжаагүй учраас шийдвэр гараагүй. Хуульд заасан хугацаанд амжаагүй учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг зогсоосон. Үүний дараа иргэний шүүхэд хандсан. Одоо ажлаас түр чөлөөлсөн шалтгаан нөхцөл арилсан тул уг шийдвэрийг цуцалж ажил албан тушаалд буцаан тогтоолгож, ажлаас түр чөлөөлөх захирамж гарсан өдрөөс буюу  2016 оны 11 сарын 21-ний өдрөөс ажилдаа ортол түр чөлөөтэй байсан хугацааны цалин хөлс. Энэ хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор урамшуулал хангамж зэргийг олгох, цалин хөлс түүнтэй адилтган олгох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нөхөн төлж холбогдох дэвтэрт бичилт хийж баталгаажуулах гэсэн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн иргэн П.Мийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараахь тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч П.М нь 2018 онд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 133/ШЗ2018/01073 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс нэгдүгээрт өнгөрсөн жил 2018 онд энэ асуудлаар шүүхэд хандаж шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болсон байгаа. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан байгаа. Хэргийг шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа гээд өмнө нь энэ асуудлыг хэлэлцээд хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр гарсан байгаа. Үүн дээр тайлбар авмаар байна. Өнгөрсөн жилээс хойш хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах комиссоор энэ асуудлаа шийдвэрлүүлэх байсан. Эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон гэж байна. Үүн дээр хугацааны асуудал байгаа. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулаад хэлэх юм бол өмнөх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж байгаа. 2017 оноос хойш Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхойгүй байна. Нийслэлийн Прокурорын газраас мэдэгдэл шийдвэр ирээгүй байна. Хэрэг нь ямар шатанд байгаа талаар одоо болтол аймгийн засаг дарга болон Гэгээн нуур цэвэр усны үйлдвэрийн газрын даргад ирээгүй. П.М 2014-2016 оны хооронд ажиллах хугацаандаа тухайн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 сарын 18-ны өдрийн захирамж байгаа. 2016 оны 9 сараас энэ асуудал үүсээд Эрүүл ус орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт санхүүгийн сахилга бат алдагдаж үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан П.М өөрийн болон хамаарал бүхий хүний данс руу нийтдээ 97.066.000 төгрөг шилжүүлсэн байсан. Энэ бол маш ноцтой асуудал. Байгууллагын санхүү хариуцаж байж энэ нь шүүгчийн захирамж гараад яллагдагчаар татаад цагдан хориод Цагдаа, Авилгатай тэмцэх газраас шалгаад Прокурор дээр хянагдаад яаж шийдэгдсэн талаар ирээгүй байгаа. Эхнэрийнхээ данс болон хувийнхаа данс руу мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Үүнийгээ өөрөө хэрэг үйлдээгүй. Хамаагүй гэж ярьж байгаа. Ийм ноцтой эрүүгийн зөрчил гаргачихаад ажилдаа орно гээд яриад явж байна. Хариуцагч Засаг дарга хатуу байр суурьтай байгаа. Хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа бол над дээр шийдвэрүүд нь яагаад ирдэггүй юм албан ёсоор ирэх ёстой гэж байгаа. Гарсан шийдвэр байгаа бол дээд шатны байгууллагад гомдол гаргах эрхтэй. Одоо болтол ийм зүйл ирээгүй. Аймгийн засаг даргаас тоот явуулахаар Дарханбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн шийдвэр ирээд байгаа. Хариуцагчийн зүгээс өөр тайлбар байхгүй. Энэ хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг шалгагдаж эцэслэгдээгүй учраас тайлбар байхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Олохнууд овогт П. Мийг “Гэгээн нуур-Цэвэр ус” ОНӨААТҮГ-ын захиралын ажилд эгүүлэн тогтоож. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГазраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20.652.431 /хорин сая зургаан зуун тавин хоёр мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Мд олгож, ээлжийн амралтын олговор, урамшуулал, хангамж гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар П.Мийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГазарт даалгаж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГазраас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 20.652.431 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 261.212 төгрөг, нийт 331.412 төгрөгийг гаргуулан улсын орлогод орлогод оруулж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдолыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ бусдын нөлөөнд автахгүй гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой. Төрийн хуулийг дээдлэх шударга байх, шүүхий нэр хүндийг өндөрт өргөх, хариуцлагатай байх нь шүүгчийн эрхэм үүрэг байдаг. Гэтэл Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн нь иргэний хэргийг шийдвэрлэхдээ хууль дээдлэх зарчимыг алдагдуулж, хуулийг зөв хэрэглэхгүй, хэргийн нотлох баримтуудыг бодитой үнэлээгүй, хэтэрхий нэг талыг барьж хууль зөрчсөн шийдвэр гаргасан, хэргийг шударга шийдвэрлэсэн гэж үзэхгүй байна.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШЗ2018/01073 дугаартай шийдвэрээр П.Манлай-Эрдэнийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Гэтэл шүүх дахин нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрт аймагт үйлдвэрчний эвлэлийн байгууллага байдагүй талаар дурдсан нь үндэслэлгүй юм. Аймгийн үйлдвэрчний эвлэлийн байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгчийн эрх ашиг Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 11 сарын 21-ний өдрийн Б/100 дугаартай захирамжаар зөрчигдсөн байна” гэсэн нь шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хууль дээдлэх зарчимыг алдагдуулж, хуулийг зөв хэрэглээгүй гэж үзэж байна. Хуулийн дагуу мөрдөгчийн шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн.

П.Мийг хууль зөрчиж ажлаас нь халаагүй юм. П.М нь “Эрүүл ус” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх үедээ хууль тогтоомж зөрчиж хувийн болон эхнэрийнхээ дансаар 97 сая төгрөгийг дамжуулан үйлдвэрт их хэмжээний санхүүгийн хохирол учруулсаныг аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрсэн. Үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад буцаан төлсөн гэж мэдүүлж байсан.

2014-2016 оны 11 сарын 21-ний хүртэл хугацаанд “Эрүүл ус”ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх үедээ байгууллагын санхүүгийн анхан шатын баримт болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтөд тавих хяналтыг сулруулж, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн хуулийг зөрчсөнөөс байгууллагад их хэмжээний санхүүгийн зөрчил үүсгэж, 2 жил орчим хугацаанд хууль хяналтын байгууллага Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байсан.

Гэтэл П.Мд холбогдох эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлсэн талаар хуулийн байгууллагын шийдвэрийг аймгийн Засаг дарга болон иргэний хэргийн хохирогчид өнөөг хүртэл хугацаанд албан ёсоор ирүүлээгүй байхад хэтэрхий нэг талыг барьж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дээд шатын прокурорт гомдол гаргах эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

П.М нь “Эрүүл ус” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх үедээ 5101 ширхэг торх дутааж байгууллагад 47.357.648 төгрөгийн хохирол учруулсныг хуулийн дагуу шалгуулахаар “Гэгээн нуур цэвэр ус” ОНӨААТҮГ-аас Цагдаагийн газарт хандсан бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байхад хууль зөрчиж шүүхийн шийдвэр гаргасан байна.

П.Мд холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж П.Мд холбогдох эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгч хохирогчийн хууль ёсны эрхийг эдлүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүй прокурорын шийдвэр гарсан гэж үзэж байна. Прокурорын шийдвэрт 14 хоногийн дотор дээд шатын прокурорт гомдол гаргах эрхтэй гэж дурдсан боловч өнөөг хүртэл албан ёсоор энэхүү тогтоолыг гардаж аваагүй болно.

П.Мд холбогдох эрүүгийн хэргийг өөр эрүүгийн хэрэгтэй нэгтгэсэн талаар хуулийн байгууллагаас огт мэдэгдээгүй болно. Гэтэл шүүх иргэний хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШтХ, ЭХХШ-х тухай хуулиудыг ноцтой зөрчсөн байна.

П.Мд холбогдох эрүүгийн хэргийг хэрхэн шийдвэрлсэн болон хэргийг дахин сэргээх асуудлаар Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргаж байгаа болно. Учир нь П.М нь “Эрүүл ус” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх үедээ хууль тогтоомж зөрчиж үйлдвэрт 97 сая төгрөгийн хохирол учруулсан хүн яахаараа ямар ч хуулийн хариуцлага хүлээхгүй хууль зөрчөөгүй гэж хуулийн байгууллага шийдвэрлэснийг дахин шалгуулах болно.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь төрийн байгууллагын шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж, шүүхийн шийдвэрт эргэлзээ төрүүлсэнээр шүүгч нь ашиг сонирхолын зөрчилтэй, бусдын нөлөөнд автан Монгол Улсын хууль тогтоомж, шүүгчийн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.

 

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00176 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

             Нэхэмжлэгч П.М нь хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан Говь-Алтай аймгийн Эрүүл ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговор, урамшуулал, хангамжийг нөхөн олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар нөхөн төлүүлж  баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

             Нэхэмжлэгч П.М нь Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б\100 дугаар захирамжаар Говь-Алтай аймгийн Эрүүл ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын ажлаас түр чөлөөлөгдсөн байна.

             Говь-Алтай аймгийн засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б\100 дугаар захирамжаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тогтоол гарсантай нь холбогдуулан Говь-Алтай аймгийн Эрүүл ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга П.Мийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

             Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Х.Нийн ажил албан тушаалаас түр түдгэлзүүлэх шийдвэрийг үндэслэн намайг эрхэлж байсан ажил, албан тушаалаас түр чөлөөлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласан байна.   

             Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тогтоолоор Говь-Алтай аймгийн Эрүүл ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга П.Мийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн үйл баримт нь нэхэмжлэгч П.Мийг ажлаас түр чөлөөлөх үндэслэл болжээ.

             Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан эрүүгийн байцаан шийтгэх хуулиар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх шийдвэрийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгчийн ажилладаг байгууллагад хүргүүлэх бөгөөд байгууллагын удирдлага уг шийдвэрийг 3 хоногийн дотор хэрэгжүүлж, энэ тухай хариу мэдэгдэхээр зохицуулсан байна.

             Түүнчлэн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлах арга хэмжээг цаашид хэрэгжүүлэх шаардлагагүй бол шийдвэр гаргасан албан тушаалтан түүнийг хүчингүй болгож, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэхээр зохицуулсан байна.

             Хэрэгт авагдсан нотлох баримтаар Авилгатай тэмцэх газрын мөрдөгчийн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг хүчингүй болгосон эсэх нь тогтоогдоогүй байна.

             Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн байна.

             Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн мөрдөгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоолоор 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг сэжигтнээр тооцож, тогтоол үйлдэхгүй байхаар зохицуулсан, мөн П.Мийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах хангалттай үндэслэл тогтоогдоогүй байхад яллагдагчаар татсан нь байх тул мөрдөгчийн дээрх шийдвэрүүдийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэн мөрдөгч Х.Нийн П.Мг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар татсан шийдвэрийг  тус тус хүчингүй болгож энэ талаар П.Мд мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна.

             Прокурорын энэхүү тогтоол нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн тогтоолоор Говь-Алтай аймгийн Эрүүл ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга П.Мг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон эсэхийг нотлохгүй байна.

             Түүнчлэн нийслэлийн прокурорын газрын: “Говь-Алтай аймаг дахь Эрүүл Ус Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан П.М таны албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэсэн хариу мэдэгдэх хуудсанд авагдсан мэдээлэл тодорхойгүй, ямар албан тушаалтны, ямар шийдвэрээр, хэзээ, ямар үндэслэлээр уг шийдвэрийг хүчингүй болгосон нь тодорхойгүй байна.

              2017 онд хүчин төгөлдөр үйлчилсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг прокурорын саналыг харгалзан шүүхийн зөвшөөрлөөр авч болохоор зохицуулсан бөгөөд Д.Б албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон эсэх нь эргэлзээтэй байна.  

              Гэтэл анхан шатны шүүх дээрх тогтоолуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн нь шүүхээс бодитой шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлсөн байна.

              Мөн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй бол, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаахаар, уг тогтоолд яллагдагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу  хохирлоо арилгуулахаар  гомдол гаргах эрхтэй болохыг заавал тусгахаар зохицуулсан байна.

             Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өөрт учирсан хохирлоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй байна.

             П.Мд холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх, Д.Б албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон эсэх нь хэргийг бодитой шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ талаарх нотлох баримтууд эргэлзээтэй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

            Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр суурь баримтлах боловч бодит байдал талуудын мэтгэлцээнээр тогтоогдохгүй, шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах зарчмыг хэрэгжүүлэх үүднээс шаардлагатай нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх боломжийг зохигчдод олгох нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зарчимд нийцнэ.

           Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг тухайн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 133/ШШ2019/00176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 331.412 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.БАТТОГТОХ

 

                         ШҮҮГЧИД                               Т.ЖАРГАЛСАЙХАН                     

 

                                                                                               Ч.ЭНХТӨР