Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 119/ШШ2023/0032

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Г.Б

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Т

            Хариуцагч: ОАЗД

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Х нарын хоорондын

“ОАЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/570 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”  тухай маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.   

  ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Б ОАЗД-д холбогдуулан “АЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/570 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан.  

            2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

             2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            “Г.Б миний бие ОАЗД-ын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/402 дугаар захирамжийн дагуу .......... байрлах нэгж талбарын 184294339402... дугаартай 200 мкв талбайтай газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг авч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, эрхийн 0005873... дугаартай гэрчилгээний үндсэн дээр эзэмших болсон.

            Дээрхи захирамжийг Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг дурьдаж газар эзэмших эрхийн гэрчилгээ болон анх газар эзэмшүүлсэн захирамжийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж тодорхойлжээ.

            3. Нэхэмжлэгч Г.Б-ийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн үндэслэл нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/570 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж гаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээ болон анх газар эзэмшүүлсэн захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дээрх захирамжийг Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийг дурдаж газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон.

            Анх энэ газрыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас дуудлага худалдаа явуулж Г.Б ялагч болж гэрээ байгуулж хуулийн дагуу худалдаж авсан болохоос дураараа нэг газрыг очиж авсан асуудал байхгүй. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч уг газрыг чөлөөлөх тухай шаардлагыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүргүүлсэн байсан. Энэ газар нь барилга баригдахаар төлөвлөгдөөгүй газар байсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг чинь хүчингүй болголоо гэсэн албан бичгийг өгсөн учир хүчингүй болсон гэж ойлгож явсан. Гэтэл сүүлд үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй хэвээр байсан. Нэгэнт эзэмших эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байгаа бол барилга байгууламжаа барьж, үйл ажиллагаа явуулъя гээд зураг төслөө хийлгэсэн. Барилгын тухай хуулиар шууд газар аваад барилга барих боломжгүй байдаг. Эхлээд газар эзэмшигч газрыг ашиглахтай холбоотойгоор өндөршилтийн зураг Гмомон ХХК-иар хийлгүүлсэн, Ленд тест ХХК-иар Барилгын талбайн инженер геологийн дүгнэлт хийлгэсэн, үйлчилгээтэй орон сууцны барилгын эскиз зургийг Автокад ХХК-иар хийлгэсэн. Барилга барихын тулд маш олон процесс явагдсаны дараагаар барилга барьдаг. Барилга барих зөвшөөрөлгүйгээр барилга барих боломжгүй байдаг. Энэ баримт бичгийг бүрдүүлэх, холбогдох дүгнэлт гаргуулах, зөвшөөрлийг авах гэх мэт ажиллагааг гүйцэтгэж явж байхад энэ захиргааны акт гарч улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдэг үндэслэл нь байсан. Баримт бичиг бүрдүүлэх, зураг төсөл хийлгүүлэх түүнийгээ батлуулах гэх мэт шат дарааллын дагуу ажлаа хийж явсан. Энэ акт дээр газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгох тухай асуудал байсан. Гэтэл энэ акт дээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ хүчингүй болох гэсэн хоёр шийдвэр байсан. Газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 юм шиг байгаа. Яг ямар үндэслэлээр газар эзэмшлүүлэх шийдвэр актыг хүчингүй болгоод байгаа нь тодорхойгүй. Газрын тухай хуулийн 61-р зүйлд Засаг дарга өөрийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байдаг ийм зохицуулалт байдаг. Маргаан бүхий захирамж дээр энэ холбогдох заалт байхгүй учир өмнөх шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй гэж харж байна. Захиргааны ерөнхий хуульд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яригдана. Төрийн эрх бүхий байгууллагаас олгосон акт хүчинтэй байх хугацаанд барилга байгууламжаа барих холбогдох зөвшөөрлөө хөөцөлдөөд явж байхад захирамжийг хүчингүй болгосон. Анхнаасаа дуудлага худалдаанд төлөвлөгдөөгүй газрыг дуудлага худалдаанд оролцуулсан эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцох хэрэгтэй. Газрын төлбөр, зураг хийлгэсэн гээд нэхэмжлэгчийн хувьд эдийн засгийн хувьд нилээн зарлага гаргасан.” гэв.

4. Нэхэмжлэгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүндэтгэн үзэх шалтгааныг ингэж тайлбарлах нь зүйтэй байх. Төрийн байгууллага нь өөрөө хүнд сурталтай хоорондын уялдаа холбоо байхгүй. Газрын алба нь дуудлага худалдаа зарлаж газраа худалдчихаад Газрын алба нь эскиз зураг батлуул гэдэг. Эскиз зургаа аваад очихоор заавал Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын даргаар гарын үсэг зуруулах шаардлагатай гэнэ. Тэгээд Онцгой байдлын газрын даргаар гарын үсэг зуруулах гэхээр Мэргэжлийн хяналтын дарга гарын үсгээ зураагүй байхад би зурахгүй гээд гарын үсгээ зурж өгөөгүй. Манай баримт материалыг аваад алга болчихдог байсан. Хэрвээ барилга байгууламж барих боломжгүй газар байсан бол яагаад анхнаасаа зарсан юм. Хашаа барихаар иргэдийн эсэргүүцэлтэй тулна. Үүнээс болж тэр өдөртөө хоёр удаа хашаагаа буулгасан. Хашаагаа буулгахаас өмнө нь өөр газар олгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хүсэлт өгсөн байгаа.”гэв.

            5. Хариуцагч ОАЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ОАЗД-ын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/402 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож ялагчаар шалгарсан иргэн Г.Б-д ......... урд талд Худалдаа үйлчилгээний зориулалттай 200 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдэг үндэслэлийг зөрчиж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх тул 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/570 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ, шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийн дагуу бөгөөд хуульд нийцэж байна.

             Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тогтоолд “1.10. Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй гэх мэт байхыг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг. Энэ захирамжийг гаргахаас өмнө надад мэдэгдээгүй гэж байна. 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 619 дугаартай албан бичиг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 188 дугаартай албан бичиг, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 408 дугаартай албан бичгээр тус тус мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ баримтууд бүгд хэргийн материал дотор байгаа. Өмгөөлөгчийн улсын байцаагчийн дүгнэлтийг хараад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон гэж ойлгосон гэж байна. Улсын байцаагч дnүгнэлт гаргасан байж болно гэхдээ байцаагчийн дүгнэлтээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохгүй өөрөөр хэлбэл улсын байцаагч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх бүхий албан тушаалтан биш юм. 2017 онд улсын байцаагчийн дүгнэлт гарсны дагуу захирамжийг хүчингүй болгосон асуудал байхгүй. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.-т "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг” хэлнэ гэж тодорхой зааж өгсөн байгаа. Иймд дээрх тайлбарын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тухайн газарт барилга байгууламж барихын тулд зураг төсөл боловсруулах, батлуулах, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авах зэрэг газар ашиглахтай холбоотой ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбар нь газрыг зориулалтын дагуу ашигласан үндэслэл болохгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Г.Б ОАЗД-д холбогдуулан “2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/570 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.  

            2. Хариуцагч нэхэмжлэгч Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”-г зөрчиж газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх тул 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/570 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуулийн дагуу бөгөөд хуульд нийцэж байна гэж маргасан.

            3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн   нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

             4. ОАЗД 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/402 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаанд оролцож ялагчаар шалгарсан Г.Б-д ......... байрлалтай 200 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэн, нэгж талбарын 184294339402.. дугаартай, 0005873.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

            5. ОАЗД 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/570 дугаар захирамжаар иргэн Г.Б-ийн эзэмшиж байсан ......... байрлах 200 м.кв газрыг “эзэмшил газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаагүй” гэдэг үндэслэлээр  газар эзэмшүүлсэн А/402 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсэг болон эзэмших эрхийн 0005873.. дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байна.

            5.1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь тухайн газраа ОАЗД-ын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/402 дугаар захирамж болон гэрээнд заасан худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглаагүй, барилга, байгууламж бариагүй болох нь нотлогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.  

            5.2. Нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч нарын барилга барихад шаардагдах зөвшөөрлүүд, зураг төсөл боловсруулах, батлуулах ажиллагаануудыг хийсэн ба зарим төрийн албан хаагчдын хүнд суртлаас болж хугацаа алдсан,  тухайн захиргааны байгууллага, албан тушаалтнуудын үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй гэж тайлбарласан боловч,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тодорхойлсон 2 жилийн хугацааг “гэрээг байгуулагдсан” өдрөөс буюу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс тоолох бөгөөд Г.Б-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн нь хуульд нийцсэн байна.  

            5.3. Монгол Улсын Дээд Шүүх 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10. “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”. Мөн зүйл хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно.” гэж  тайлбарлажээ. 

            5.4. Мөн нэхэмжлэгч Г.Б-ийн 2021 онд “ГМОМОН” ХХК-иар өндөршилтийн зураг хийлгэсэн, үйлчилгээний орон сууцны барилгын эскиз зургийг “Автокад” ХХК-иар хийлгэж, Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар батлуулсан, 2022 онд ”Лэнд тест” ХХК-иар барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт гаргуулсан зэрэг нь тухайн газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх үндэслэлгүй.

            5.5. Энэ нь Монгол Улсын Дээд Шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор тайлбарласан тайлбараар тогтоогдож байна.

            5.6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11-д “газар эзэмших, ашиглахтай холбогдсон маргааныг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” заасан ба АЗД бүрэн эрхийнхээ хүрээнд А/570 дугаар захирамж гарган, Г.Б-д газар эзэмшүүлсэн А/402 дугаар захирамжийн Г.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. 

            5.7. Иймээс нэхэмжлэгч Г.Б-ийн ОАЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/570 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.11, 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн  “ОАЗД-ын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А/570 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА