Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

М.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ж даргалж, шүүгч Ш.Б, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгч М.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-ын даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/07 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор М.Б-д холбогдох 2116001340146 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У овогт М.Б нь Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хууль сахиулах Их сургуульд эчнээ 5 дугаар курсийн сонсогч, Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт эргүүлийн цагдаа ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Жинст багийн Хөгжил 10- ... б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ............. регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч М.Б нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт хохирогч Г.Ө-ыг “Дэлгүүрт нь архины зөвшөөрөл гаргуулж өгнө. Энэ ажилд нь 3.000.000 төгрөг шаардлагатай.” гэж хууран мэхэлж 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг Хаан банк дахь өөрийн эзэмшлийн 53153544... дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Цагдаагийн хэсэгтээ авч байгаа юм. Алтай сумын Засаг даргын Тамгын газар мөнгийг нь гаргаж өгнө.” гэж хууран мэхэлж хохирогч Н.А-аас 2.200.000 төгрөгийн үнэ бүхий “мустанг 150” маркийн шинэ мотоциклийг авсан үйлдлүүдэд буруутгагджээ.

 

Прокуророос М.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч У овогт М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.Б-д сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, эрх бүхий этгээд уг тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: М.Б нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт эргүүлийн цагдаа ажилтай, Хууль сахиулах их сургуулийг төгссөж байгаа өөрийнх нь асаргаанд группэд байдаг эхнэр Н.Ж, өөрийнх нь төрсөн эх Ц.Д болон 2 хүүхдийн хамт ам бүл тавуулаа амьдардаг. Тус гэр бүлд ганц хөдөлмөр эрхлэж байгаа хүн нь бөгөөд ял шийтгэл авсан тохиолдолд ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээ авагдах нөхцөл байдалтай байна. Мөн М.Б-ы хувьд тухайн хэрэг болох цаг хугацаанд эхнэр ээжийнх нь бие муу, хагалгаанд орж байсан мөнгөний хэрэгцээ гарч хохирогч нараас мөнгө авсан гэх бөгөөд мөнгийг нь суманд 5 жил тасралтгүй ажилласан мөнгөн урамшуулал тэтгэмжээ орж ирэхээр төлье гэж бодож байсан, тэр тэтгэмж орж ирээд хохирлоо төлж барагдуулсан гэдэг.

 

Иймд М.Б-ы хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Хохирлоо төлсөн, хохирогч нар гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Хор уршиг байхгүй. Мөн хувийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж М.Б оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх эрх хэмжээ шүүх бүрэлдэхүүнд байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 д зааснаар ялаас чөлөөлж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд 2020 онд Алтай сумын цагдаагаар ажиллаж байхдаа иргэн Н.А-аас “Мустанг-150” маркийн мотоциклийг тухайн үед С гэдэг цагдаатай хамтарч албандаа авч байгаа юм гэж авсан нь үнэн. Сүүлд нь С би энэ мотоциклийн үнийг төлж чадахгүй юм байна гэсэн учир би тухайн мотоциклийг хувийн журмаар аваад тэтгэмжээ орохоор өгнө гэдгээ илэрхийлж авсан. Гэхдээ тухайн үедээ буруу ойлголт үүсээд албандаа гэдэг асуудал яригдсан. Би гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа. Иргэн Г.Ө-аас танилын хүрээнд нэг удаа туслаач, би 8 нэрийн дэлгүүрийн зөвшөөрөл олох талаар хөөцөлдөж өгнө гэж хэлсэн. Би энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний ээж 2018 онд даралт харавсан. Байнга асаргаанд байдаг. Манай эхнэр 2005 онд осолд ороод түнхний баруун үе солиулах хагалгаанд 2021 оны 07 дугаар сард Гэмтэл согог судлалын эмнэлгийн Ө эмчийн хяналтанд орсон байгаа. Тухайн үед мөнгө төгрөг хэрэгтэй байсан учраас бусдаас мөнгө тэгж авсан гэм буруугийн асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний сумд тасралтгүй 60 сар ажилласан тэтгэмж 2020 онд гүйцэж байсан. Тэгээд энэ мөнгөө ороод ирэхээр би мөнгийг нь төлөөд та бүхнийг хохиролгүй болгоно гэдгээ хохирогч нартаа удаа дараа илэрхийлж байсан. Миний тэтгэмж 2021 оны 11 дүгээр сард орж ирсэн. Тэгээд хохирогч нарт хохирлыг нь бүрэн төлж барагдуулсан байгаа. Одоогийн байдлаар манай эхнэр түнхний баруун талын үе солиулах хагалгаанд 2021 оны 07 дугаар сард ороод хилийн хорио цээртэй холбоотойгоор солиулсан үе нь сайн таараагүй учраас баруун хөл мэдээгүй байгаа. 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай. Асаргаанд байдаг. Бага насны 2 хүүхэдтэй. Миний энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү? гэсэн хүсэлт гаргаж байгаа. Давж заалдах шатны шүүхээс ямар нэгэн байдлаар ялтай гэж гарах юм бол намайг 2022 оны 03 дугаар сард ажлаас чөлөөлөх асуудал яригдаж байгаа. Би мөн Дотоод хэргийн их сургуульд 2017 оны 09 дүгээр сард элсэж орсон. Энэ жил төгсөхөөр байгаа. Эрх зүйч мэргэжлээр сурч байгаа гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан М.Б холбогдох эрүүгийн 2116001340146 дугаартай хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцон дүгнэлт гаргаж байна. М.Б нь албан тушаалын байдлаа ашиглан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Г.Ө-ын дэлгүүрт архины зөвшөөрөл гаргаж өгнө гэж хуурч 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 3.000.000 төгрөгийг “Хаан банкин дахь  өөрийн  эзэмшлийн  53153544....  дугаартай  дансаар  шилжүүлэн авч залилсан, мөн албан тушаалын байдлаа ашиглан “цагдаагийн хэсэгтээ авч байгаа юм. Алтай сумын Засаг даргын Тамгын газар мөнгийг нь шийдэж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Н.А-аас 2.200.000 төгрөгийн үнэ бүхий “Мустанг 150” маркийн шинэ мотоциклийг залилан авсан үйл баримт тогтоогдсон. Яллагдагчийн зүгээс хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаад хэргийг анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд шийдвэрлэсэн байдаг. Тиймээс 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн анхан шатны шүүхийн 07 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Мөн шүүгдэгчтэй тохиролцсон ялын хүрээнд анхан шатны шүүх шийтгэл оногдуулсан байдаг. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү? гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч М.Б нь Говь-Алтай аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Г.Ө-ыг “Дэлгүүрт нь архины зөвшөөрөл гаргуулж өгнө. Энэ ажилд нь 3.000.000 төгрөг шаардлагатай.” гэж хууран мэхэлж 3.000.000 төгрөгийг Хаан банкин дахь өөрийн эзэмшлийн 53153544... дугаартай дансаар шилжүүлэн авсан,

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр “Цагдаагийн хэсэгтээ авч байгаа юм. Алтай сумын Засаг даргын Тамгын газар мөнгийг нь гаргаж өгнө.” гэж хууран мэхэлж хохирогч Н.А-аас 2.200.000 төгрөгийн үнэ бүхий “мустанг 150” маркийн шинэ мотоциклийг авсан байна.

 

Энэ үйл баримт нь хохирогч Г.Ө-ын: “М.Б нь О-ынх дэлгүүрээ зарах гэж байна. Архины зөвшөөрлийг нь чиний нэр дээр гаргуулж өгнө гээд өмнөөс өргөдөл бичиж иргэний үнэмлэх, худалдагчийн үнэмлэхийг нь хуулбарлан авч тусгай зөвшөөрөл гаргахад хэрэг болдог гэж хэлж өөрийн 53153544... дугаар дансаар 3 000 000 төгрөг шилжүүлж авсан. Цэргийн анги дотор үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрт архины тусгай зөвшөөрөл олгодоггүй юм байна. Мөнгөө авъя гэхэд нь “Мөнгийг чинь буцааж шилжүүлнэ.” “Мөнгөөр чинь манай найз мах худалдаад авчихсан. Махаа зарахаар нь мөнгийг чинь өгнө.”, “Чамд нэг тус болж танай дэлгүүрийг тусгай зөвшөөрөлтэй болгож өгнө.”,  “Ангийн захирагчтай чинь уулзлаа. Чи хууль сахиулдаг хүн байна. Өөрөө мэд гэж хэлж байна”  гэх мэтээр удаа дараа худал хэлж, мөнгийг нь буцааж өгөөгүй.” тухай мэдүүлэг (хх 8-9),

 

Хохирогч Н.А-ын: “М.Б цагдаагийн хэсэгтээ авч байгаа юм. Засаг даргын Тамгын газар мөнгийг нь шийдэх юм” гэж хэлээд шинэ, цагаан өнгийн Мустанг-150 маркийн, 2 200 000 төгрөгийн үнэтэй мотоциклийг нь аваад явсан бөгөөд мөнгийг нь өгөөгүй, нөхөр Д.О нь болон өөрөө хүнсний дэлгүүр, архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлөө худалдан борлуулах талаар хэн нэгэнд хэлж, тэр талаар зар байршуулж байгаагүй” тухай  мэдүүлэг (хх 13-14),

 

Гэрч Д.О-ын: “М.Б 2020 оны 08 дугаар сард дэлгүүрт тусгай зөвшөөрөл гаргуулах гэсэн юм. Тусгай зөвшөөрөл яаж олгодог юм бэ? гэж асууж байсан” тухай мэдүүлэг (хх 20),

 

Гэрч Ө.А-ийн: “2020 оны 08 дугаар сард М.Б нь эхнэр хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг гараад байна. Мотоцикль худалдаж авах хүн байна уу? гэхээр нь мотоциклийг нь үзээд 1 500 000 төгрөгөөр худалдаж авсан тухай мэдүүлэг (хх 16),

 

Хохирогч Г.Ө-ын Хаан банк дахь 53160808.... дугаар данснаас шүүгдэгч М.Б-ы Хаан банк дахь 53153544... дугаар дансанд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ө гэсэн агуулгатайгаар 3 000 000 төгрөг шилжиж орсон тухай мэдээллийг агуулсан Г.Ө, М.Б нарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх  57, 133),

 

Сумын цагдаагийн тасагт мотоцикль авах асуудал 2019, 2020 онд хэлэлцэгдэж байгаагүй тухай Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаар албан бичиг (хх 50),

Мустанг 150 маркийн мотоциклийн үнийг 2 200 000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ий 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний дүгнэлт (1 хх 99-100) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлэг нь шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч М.Б-ы үйлдэл нь хохирогч нарыг хуурч, эд хөрөнгийг өөртөө хууль бусаар шилжүүлэн авч захиран зарцуулснаараа залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тиймээс анхан шатны шүүх шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг Дотоод хэргийн их сургуульд сурч төгсөх гэж байгаа, шүүхээс гэмт хэрэгт ял шийтгүүлвэл цагдаагийн ажил албанаас халагдах хүртэл арга хэмжээ авагдах нөхцөл байдал үүсээд байгаа болон шүүгдэгчийн ар гэрийн амьдралын аргагүй бэрхшээлтэй нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогч нарт учирсан хохирол хор уршгийг арилгасан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлүүлэхээр давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүгдэгчтэй ял тохиролцож шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасны дагуу анхан шатны шүүх шүүгдэгчид 500 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

 

Анхан шатны шүүх тухайн гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулж болох ялын төрлөөс хамгийн хөнгөн төрлийн ял болох торгох ялыг сонгож, уг ялын доод хэмжээгээр шүүгдэгчид торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, шүүгдэгчийг ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан шүүгдэгчийг ялаас чөлөөлүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б-д холбогдох 2116001340146 дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.Ж

 

           ШҮҮГЧИД                               Ш.Б

 

                                                                                                                            Ч.Э