Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

   Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,

  Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

  Шүүгдэгч А.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн   А.Г-т холбогдох эрүүгийн 2638001270098 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 01-ний  өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, А.Г-,

  Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч А.Г- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Б.Н-аас “манай ээжийн бие муудаад хагалгаанд орсон, мөнгө зээлээч” гэж нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1,650,000 төгрөгийг ... -ны ... тоот дансаар шилжүүлэн авсан,

2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын нутагт хохирогч Б.Э-д “жолооны үнэмлэх гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,317,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... -ны ... тоот дансаар шилжүүлэн авсан,

            2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын нутагт хохирогч В.С-т “жолооны үнэмлэх гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,000,000 төгрөгийг ... -ны ... тоот дансаар шилжүүлэн авсан,

            2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Д.Н-аас “буяны ажил гараад байна, мөнгө зээлээч” гэж нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансанд шилжүүлэн авсан,     

           2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн ... суманд хохирогч Д.О-аас “хамаатны хүн нас барсан мөнгө зээлээч цалин буухаар өгье” гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ... банкны ... тоот дансаар 240,000 төгрөг шилжүүлэн авсан,

           2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ... ХХК-д хөлсөөр ажиллаж байхдаа ... аппликейшний зээлийн авлагатай хэрэглэгчийн гэрийн хаягаар төлбөрийн шаардах хуудас хүргэж авлага барагдуулах чиг үүрэг гүйцэтгэх явцдаа ... ХХК-д ажилладаг гэдгээр халхавчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар итгэл төрүүлэн хуурч, 2025 оны 11 сарын 17-ны өдөр О.Ү-гоос 834,000 төгрөгийг, Г.А-аас 2025 оны 11 сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг, Н.П-аас 2025 оны 11 сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 11 сарын 22, 25-ны өдрүүдэд Х.Ү-аас 252,040 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... -ны ... тоот дансаар тус тус шилжүүлэн авч, нэр бүхий 9 иргэнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 6,793,040 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Г- нь үргэлжилсэн үйлдлээр 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Б.Н-аас “манай ээжийн бие муудаад хагалгаанд орсон, мөнгө зээлээч” гэж нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1,650,000 төгрөгийг ... -ны ... тоот дансаар шилжүүлэн авсан,

2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ... сумын нутагт Б.Э-д “жолооны үнэмлэх гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,317,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... -ны ... тоот дансаар шилжүүлэн авсан,

         2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймгийн ... сумын нутагт В.С-т “жолооны үнэмлэх гаргуулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 1,000,000 төгрөгийг ... -ны ... тоот дансаар шилжүүлэн авсан,

          2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Д.Н-аас “буяны ажил гараад байна, мөнгө зээлээч” гэж нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... банкны ... тоот дансанд шилжүүлэн авсан,

            2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн ... суманд хохирогч Д.О-аас хамаатны хүн нас барсан мөнгө зээлээч цалин буухаар өгье” гэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, ... банкны ... тоот дансаар 240,000 төгрөг шилжүүлэн авсан,

           2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ... ХХК-д хөлсөөр ажиллаж байхдаа ... аппликейшний зээлийн авлагатай хэрэглэгчийн гэрийн хаягаар төлбөрийн шаардах хуудас хүргэж авлага барагдуулах чиг үүрэг гүйцэтгэх явцдаа ... ХХК-д ажилладаг гэдгээр халхавчилж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар итгэл төрүүлэн хуурч, 2025 оны 11 сарын 17-ны өдөр О.Ү-гоос 834,000 төгрөгийг, Г.А-аас 2025 оны 11 сарын 21-ний өдөр 200,000 төгрөгийг, Н.П-аас 2025 оны 11 сарын 18-ны өдөр 300,000 төгрөгийг, 2025 оны 11 сарын 22, 25-ны өдрүүдэд Х.Ү-аас 252,040 төгрөгийг өөрийн эзэмшлийн ... -ны ... тоот дансаар тус тус шилжүүлэн авч, нэр бүхий 9 иргэнээс үргэлжилсэн үйлдлээр нийт 6,793,040 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна  гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хавсаргасан баримт /хх-ийн 11, 12, 13, 99, 126, 148, 174 тал/, мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16, 17-18, 54-57, 102-104 тал/, хохирогч Б.Н-ын  өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/, гэрч С.А-н  өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27, 111-112 тал/, хохирогч Б.Э-гийн Хөвсгөл аймгийн ... газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 51-52 тал/, С.А-н ... банкны ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга  /хх-ийн 59-65, 204 тал/, хохирогч Б.Э-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-74 тал/, хохирогч В.С-н өгсөн мэдүүлэг /хх-ийн 108-109 тал/, хохирогч Д.Н-ын Хөвсгөл аймгийн ... газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт /хх-ийн 127-128 тал/, хохирогч Д.Н-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 132 тал/, шүүгдэгч А.Г-ын ... дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 131-136, 201-203 тал/, хохирогч Д.О-ын Хөвсгөл аймгийн ... газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт /хх-ийн 149-151 тал/, С.А-н ... дугаарын дансны хуулга /хх-ийн 156 тал/, хохирогч Д.О-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 159 тал/, ... ХХК-ын 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Хөвсгөл аймгийн ... газарт хандаж гаргасан өргөдөл, хавсаргасан баримт /хх-ийн 175-181, 184-195 тал/,  мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  А.Г-ын ... банкны  ... дугаартай данс, С.А-н ... банкны ... дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 196-198 тал/, иргэний нэхэмжлэгч Б.А-н өгсөн мэдүүлэг /хх-ийн 207 тал/, хохирогч Х.Ү-ын өгсөн мэдүүлэг /хх-ийн 210 тал/, хохирогч Г.А-ийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 213 тал/, хохирогч Н.П-н өгсөн мэдүүлэг /хх-ийн 216 тал/, хохирогч О.Ү-гийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 219 тал/, шүүгдэгч А.Г-аас хохирогч Д.О-ын ... банкны ... дугаарын дансанд 240,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 233 тал/, шүүгдэгч А.Г-аас Ч.Д-н ... банкны ... дугаарын дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 233 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч А.Г- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

  Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

  Шүүгдэгч А.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Н-ад  1,650,000 төгрөгийн, хохирогч Б.Э-д 1,317,000 төгрөгийн, хохирогч В.С-т 1,000,000 төгрөгийн, хохирогч Д.Н-т 1,000,000 төгрөгийн, хохирогч Д.О-д 240,000 төгрөгийн хохирол,  иргэний нэхэмжлэгч ... ХХК-д 1,586,040 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн  А.Г-ын ... банкны  ... дугаартай данс, С.А-н ... банкны ... дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Г- нь хохирогч Д.О-д 240,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн болох нь шүүгдэгч А.Г-ын хохирогч Д.О-ын ... банкны ... дугаарын дансанд 240,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 233 тал/,  хохирогч Б.Н-ад 500,000 төгрөгийг төлсөн болох нь О.Н-н ... банкны ... дугаарын дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 233 тал/, шүүгдэгч А.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э-д 650,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг тайлбар өгсөн, шүүхээс хохирогч Б.Э-д шүүх хурлын тов мэдэгдэхэд: “650,000 төгрөг өөрийн данс руугаа шилжүүлүүлж авсан, одоо үлдэгдэл хохирол 667,000 төгрөгийг авна...” гэх тайлбар, шүүгдэгч А.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч В.С-т 400,000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг тайлбар өгсөн, шүүхээс хохирогч В.С-т шүүх хурлын тов мэдэгдэхэд: “400,000 төгрөг өөрийн данс руугаа шилжүүлүүлж авсан, одоо үлдэгдэл хохирол 600,000 төгрөгийг авна..” гэх тайлбар, хавтаст хэргийн 233 дугаар талд 400,000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Г- нь хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулахаа илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-аас 1,150,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-ад, 667,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д, 600,000 төгрөгийг гаргуулж  хохирогч В.С-т, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-т олгож, шүүгдэгч А.Г-аас хохирогч О.Ү-гоос авсан  834,000 төгрөгийг, хохирогч Г.А-аас  авсан 200,000 төгрөгийг, хохирогч Н.П-аас авсан 300,000 төгрөгийг, хохирогч Х.Ү-аас авсан 252,040 төгрөг буюу нийт 1.586.040 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ... ХХК-д тус тус олгох нь зүйтэй байна.

  Шүүгдэгч А.Г-ыг хохирогч Д.О-д төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

  Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч А.Г- нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иймд шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

   Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

   Энэ хэрэгт шүүгдэгч А.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  А.Г-ыг 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

   3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 750 (долоон зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын дотор төлөхөөр тогтоосугай.

   4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

   5.   Шүүгдэгч А.Г-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

     6.    Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Г-аас 1,150,000 (нэг сая нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-ад, 667,000 (зургаан зуун жаран долоон мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д, 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж  хохирогч В.С-т, 1,000,000 (нэг сая) төгрөгийг гаргуулж  хохирогч Д.Н-т, 1.586.040 (нэг сая таван зуун наян зургаан мянга дөч) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч ... ХХК-д тус тус олгосугай.

    7.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

    8.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     9.  Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын  яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              М.ЭРДЭНЭ-ОЧИР