| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2026/0172/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/205 |
| Огноо | 2026-05-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2026/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр,
Шүүгдэгч Р.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Раднаагийн Р.М-ид холбогдох эрүүгийн 2638000000086 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Р.М-,
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2638000000086 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:
Шүүгдэгч Р.М- нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... гэх газраас гэрийн хана унь бэлдэх зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр 1.26 метр.куб хэмжээтэй нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэж, байгаль экологид 607,159 төгрөгийн шууд хохирол, 1,821,477 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.М-ийн: “...Ойн ангид гоожин авах талаар хэлж байсан. Гоожин удахгүй гарчих байх гэж бодож 2 босоо мод унагаасан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх тайлбар,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн ... сумын ... багийн нутаг ... гэх газар ...иргэн Р.М- нь босоо нойтон 2 ширхэг мод унагаж бэлтгэсэн, ...цасан дээр мод хөрөөдсөн хөрөөний үртэс бүхий байдалтай байх ба ...мод унагаж бэлтгэсэн хожуул болон тайрсан модны үлдэгдэл хэсгийг хэмжиж, Самсунг А14 маркийн гар утасны зураг авах төхөөрөмж ашиглан 6 ширхэг гэрэл зураг дарж бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18 тал/,
Мөрдөгчийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 тал/,
Мөрдөгчийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай санал /хх-ийн 23 тал/,
Прокурорын 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай эд мөрийн баримт хураан авах тухай зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 26, 28 тал/,
Бензин хөдөлгүүртэй хөрөөг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29 тал/,
Иргэний нэхэмжлэгч С.У-гийн өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн ... сумын ... сум дундын ойн ангийн инженер Б.П-ын 2026 оны оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан №-06 дугаартай дүгнэлтэй танилцлаа. Тухайн дүгнэлтэд иргэн Р.М-ийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг тооцож гаргасан байна. Тиймээс дээрх дүгнэлтэд тусгагдсан байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 тал/,
Гэрч Ч.Э-ын өгсөн: “...Би 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн ... 4 дүгээр баг, хил залгаа ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтаар ажилласан. Энэ хугацаанд Хөвсгөл аймгийн ... сумын ... 1 дүгээр багийн нутаг ... гэдэг газарт босоо мод унагаасан байдалтай 2 метрийн уртаар 11 ширхэг модыг тайрч бэлтгэж газар дээр нь үлдээсэн байсан тул цагдаагийн газрын хоногийн мэдээнд оруулсан байгаа. Тухайн модыг хэн бэлтгэсэн эсэх талаар нь биечилсэн судалгаа хийхэд Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн харьяат Р.М- гэдэг залуу бэлтгэсэн байж магадгүй гэх мэдээлэл авагдсан. Тухайн газарт мод бэлтгэсэн байж магадгүй иргэн Р.М-ийг олж тогтоож мод бэлтгэсэн эсэх талаар нь асуухад 2026 оны 01 дүгээр сарын 20-ны орчим босоо мод унагааж уг модыг бэлтгэсэн нь үнэн гэж мэдэгдсэн тул 2 метрийн урттай 11 ширхэг модыг мод бэлтгэсэн газраас өөрөөр нь энэ 1 дугаар сарын 03-ны өдөр зөөвөрлүүлэн Хөвсгөл аймгийн ... сумын Засаг даргын тамгын газрын хашаанд буулгаж, тухайн өдөр гарч байсан жижүүрт хүлээлгэж өгсөн байгаа. Иргэн Р.М- нь надад хэлэхдээ мод бэлтгэх ямар нэгэн бичиг баримт аваагүй гэж хэлсэн. Тухайн иргэн гэрийн мод хийж бэлтгэн худалдан борлуулдаг талаараа ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/,
... ХХК-ийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 526-915703 дугаартай: “...Мөрдөгчийн тогтоолоор тавигдсан эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 2026 оны 02 дугаар сарын байдлаар 92,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 56-58 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед Р.М-ийн яллагдагчаар өгсөн: “...2026 оны 01 дүгээр сарын 20-ны орчимд Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... гэдэг газраас 1 ширхэг мод унагааж түүнийгээ 2,20 см урттайгаар тайрч нийт 11 ширхэг мод болгож тухайн бэлтгэсэн ууландаа орхисон байсан юм. Тухайн бэлтгэсэн модоо ачиж авахаар өөрийнхөө Портер-2 маркийн тээврийн хэрэгслээр очсон боловч машин очиж чадахгүй байсан учир ачиж тээвэрлэж чадаагүй байж байхад ... сумын хэсгийн төлөөлөгчтэй тааралдаж цагдаад шалгагдах болсон. ... сумын 1 дүгээр багийн нутагт хамаардаг газар байгаа юм. Нэг л босоо мод унагаасан. Тэрийгээ тайрч хөрөөдөж бэлтгэсэн байсан юм. Их урт мод байсан. Сумын төвөөс зүүн зүгт ... сумын залгаа нутагт 60 км зайд байрладаг газар байгаа юм. Манай хөдөө байх гэрээс зүүн зүгт 5 км зайд байгаа. Би ганцаараа явж бэлтгэсэн хэн нэгэнтэй хамтарч бэлтгэсэн зүйл байхгүй. Би өөрийнхөө хятад хөрөөгөөр моднуудыг тайрсан. Би ууланд очихдоо өөрийнхөө мотоцикльтой очиж бэлтгэсэн. Би мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Гэрийн хана унь хийх зорилгоор бэлтгэсэн юм. Миний бэлтгэсэн мод нь шинэс төрлийн нойтон хар мод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-83 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн ... Сум дундын ойн ангийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө, Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт, шүүгдэгч Р.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэсэн, зориулалтын бус аргаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Р.М- нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүй, дур мэдэн ойгоос ургаа мод тайрч бэлтгэсэн байна.
Шүүгдэгч Р.М- нь мод бэлтгэхдээ эрх бүхий албан тушаалтнаас зохих зөвшөөрөл авалгүйгээр ойн сан бүхий газраас ургаа мод тайрч бэлтгэсэн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүрээлэн байгаа орчны эсрэг нийгэм аюултай үйлдэл гэж үзнэ.
Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн да... баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед зохих зөвшөөрөлгүйгээр аялал, зугаалгаар явахыг хориглоно” гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.М-ийн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар ... мод бэлтгэж болно”. 35.3-т зөвшөөрөл авсан иргэн ...энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно”. 35.4-т “Дараах тохиолдолд хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ”. 35.4.2-т “...зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” гэж тус тус заасан ба иргэнд босоо мод огтолж, ургаа мод бэлтгэхийг Ойн тухай хуулиар хориглосон тул шүүгдэгч Р.М- нь 1.26 м3 модыг зохих зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн гэж үзэхээр байна.
Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно..” гэж заажээ.
Шүүгдэгч Р.М- нь 2026 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.26 метр.куб хэмжээтэй нойтон шинэс модыг цахилгаан хөрөө ашиглан бэлтгэснийг гэрчилсэн гэрч Ч.Э-ын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч С.У-н өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Р.М-ийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Р.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Р.М-ийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.26 метр.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Р.М-ийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны орчим Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 1.26 метр.куб хэмжээтэй нойтон шинэс модыг бэлтгэж, Ойн тухай хууль зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Р.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 607,159 төгрөгийн шууд хохирол /хх-ийн 47-48 тал/ учирсан нь Хөвсгөл аймгийн ... Сум дундын ойн ангийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаартай хохирлын үнэлгээ тогтоосон байх бөгөөд Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т тус тус заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин өсгөж 1,821,477 төгрөгийн /хх-67 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.М- нь экологи эдийн засагт учирсан 1,821,477 төгрөгийн хохирлыг 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь ... тоот дансанд нөхөн төлсөн талаарх ... банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Р.М-ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Б.Ариунсанаа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэх дүгнэлтийг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Р.М-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.М-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролыг төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийн дугаар 85-87, 89-93 талд авагдсан ... зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Р.М- нь ... зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Р.М-ид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол нөхөн төлбөрийг төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын дотор төлөхөөр тогтоож, шүүгдэгч Р.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, ...албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж... гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан байна.
Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө эх үүсвэр нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-т “хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”-оос бүрдэнэ гэж заасан байна.
Энэхүү хэргийн тухайд гэмт хэрэг үйлдэж олсон 11 ширхэг 1.26 м3 мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, бензин хөдөлгүүртэй, LIBAO загварын ягаан өнгийн их биетэй, улаан өнгийн манултай, хар өнгийн бариултай хөрөө зэрэг нь “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого”-д тооцогдохоор байна.
Иймд прокурорын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож гэмт хэрэг үйлдэж олсон 11 ширхэг 1.26 м3 хэмжээтэй шинэс төрлийн нойтон модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 92.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй, LIBAO загварын ягаан өнгийн их биетэй, улаан өнгийн маниултай, хар өнгийн бариултай хөрөөг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Р.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Р.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-ид оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан Прокурорын 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон 11 ширхэг буюу 1.26 м3 хэмжээтэй шинэс төрлийн модыг хурааж, улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн 2638000000086 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн, бензин хөдөлгүүртэй, LIBAO загварын ягаан өнгийн их биетэй, улаан өнгийн маниултай, хар өнгийн бариултай хөрөө 1 (нэг) ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт шүүгдэгч Р.М- нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР