Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

 

 

 

                                      

 

О.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Г.Эсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам,

Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/51 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр яллагдагч О.Бат-Эрдэнэд холбогдох 2122001890189 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биотехнологич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг 144-10 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Хулан овгийн Отгондаваагийн Бат-Эрдэнэ /регистрийн дугаар: ЗК99102118/.

 

Яллагдагч О.Бат-Эрдэнэ нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Холбоо” гэх газарт 2021 оны 09 сарын 21-ний өдөр 46-77 ДУА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.11, 11.3, 13.4, 13.2, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчсөний улмаас 01-14 УБҮ улсын дугаартай Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд 117.620.470 төгрөгийн хохирол,

хохирогч Я.Дэлгэрмаагийн биед баруун шуу, богтос ясны хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн бугуй, зүүн шилбэнд зулгаралт, ахар сүүл, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн тахимд 1-р зэргийн түлэгдэлт бүхий хүндэвтэр хохирол,

хохирогч Г.Урламын биед бүсэлхийн 4-р нугалмын хугарал, бүсэлхийн 1-р нугалмын арын холбоосын тасрал, хэвлий, баруун тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун гуя, зүүн ташаа, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол,

хохирогч Б.Цэрэнхандын биед зүүн шуу /богтос/, баруун дунд чөмөг, баруун гарын чигчий хурууны 3-р үений хугарал, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дундговь аймгийн Прокурорын газраас: О.Бат-Эрдэний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан яллагдагч О.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2122001890189 дугаартай хэргийг Дундговь аймгийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт шилжүүлтэл яллагдагч О.Бат-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Захирамжийг хүчин төгөлдөр болмогц О.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2122001890189 дугаартай хэргийг яллагдагч О.Бат-Эрдэний 1228163 дугаартай жолооны үнэмлэхийн хамт Дундговь аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Яллагдагч О.Бат-Эрдэнэ нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Холбоо” гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 21- ний өдөр 46-77 ДУА улсын дугаартай Тоёота приүс 30 маркийн автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.11, 11.3, 13.4, 13.2, 12.2, 12.3 дахь хэсгүүдэд заасан заалтуудыг зөрчсөний улмаас 01-14 УБҮ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгсэлд 117.620.470 төгрөгийн хохирол, хохирогч Я.Дэлгэрмаагийн биед баруун шуу, богтос ясны хугарал, тархи доргилт, баруун бугалга, баруун шилбэ, зүүн гуянд цус хуралт, зүүн бугуй, зүүн шилбэнд зулгаралт, ахар сүүл, хэвлий, баруун, зүүн өгзөг, баруун, зүүн тахимд 1-р зэргийн түлэгдэлт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Г.Урламын биед бүсэлхийн 4-р нугалмын хугарал, бүсэлхийн 1-р нугалмын арын холбоосны тасрал, хэвлий, баруун тохой, баруун ташаа, баруун, зүүн өвдөгт цус хуралт, баруун гуя, зүүн ташаа, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Б.Цэрэнхандын биед зүүн шуу /богтос/, баруун дунд чөмөг, баруун гарын чигчий хурууны 3-р үений хугарал, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд шилжүүлсэн.

Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад хх- ийн 24 дүгээр талд насанд хүрээгүй хохирогч С.Нандинсүлд, хх-ийн 25 дугаар тал Г.Урламыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолуудад мөрдөгч гарын үсэг зураагүй, энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагааг хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.5 дугаар зүйлүүдэд заасан оролцогчийн эрхийг хязгаарласан,

Мөн хх-ийн 177 дугаар талд тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхдээ шинжээч Ч.Жамъянд даалгасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлүүдэд заасан шинжилгээ хийлгэх журам тус тус зөрчсөн гэж үзэн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгуулж яллагдагчийг гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхэд даалгуулахаар прокурорын эсэргүүцлийг доорх үндэслэлүүдээр бичиж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэртэй танилцаад, дараах үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана”,

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж тус тус хуульчилсан ба мөрдөгч мэдүүлэг авсан тэмдэглэлд гарын үсэг зураагүй баримтыг шүүх нотлох баримтаар тооцолгүй, хуульд заасан Шүүхийн шийдвэр гаргах бүрэн боломжтой байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад” уг зүйлийн 1.1-ээс 1.6 дахь хэсэгт заасныг нотолно гэж хууль тогтоогч нараас хуульчилсан бөгөөд дээрх ажиллагаа мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш ба уг ажиллагааг шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжтой.

Нөгөөтээгүүр мөрдөгчийн гаргасан дээрх зөрчил нь яллагдагч О.Бат- Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн хэлэлцүүлгээр тогтоох, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад нөлөөлөхгүй, түүний эрх зүйн байдлыг дордуулахуйц нөхцөл байдал биш юм.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт шинжилгээ хийлгэх журмыг зохицуулсан ба 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шинжээч томилох шийдвэрт “шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж журамласан ба хуульд нийцүүлэн гаргасан мөрдөгчийн шинжээч томилсон шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/51 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 51 дугаартай шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

Прокурорын тайлбар үндэслэлгүй гэдэг тайлбарыг гаргаж байна. Шүүгчээс мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн эрх  зөрчигдсөн байна гэж үзээд дүгнэлт хийсэн.

Хавтаст хэргийн 177 дугаар талд Ачит Билгүүн ХК-ийн Жамъян гэдэг хүн тухайн Ланд 200 маркийн авто машины хохирлын үнэлгээг гаргуулах гэж шинжээч томилуулах тогтоол гаргасан. Энэ тогтоолтой үйлчлүүлэгч О.Бат-Эрдэнэтэй хамт очиж танилцаад хохирогчийн үнэлгээ гаргуулах тал дээр манай талаас оролцоно гэдгээ илэрхийлээд тогтоолтой танилцсан байсан боловч Ачит Билгүүн ХК Ланд 200 маркийн машины арам нь задарсан байна гэх ийм ийм оноштой байна гэдэг. Юу юуг үндэслээд энэхүү үнэлгээг гаргасан нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. Энэ ажиллагаанд оролцох нь оролцогчийн эрх юм гэдгийг анхан шатны шүүхийн урьдчилан хэлэлцүүлэгт хэлж байсан. Ийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор Г.Эсэний 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бичсэн 01 дугаартай эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

           Анхан шатны шүүх Насанд хүрээгүй хохирогч С.Нандинсүлдээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Г.Урламыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолуудад мөрдөгч гарын үсэг зураагүй, насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авах, Г.Урламыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагааг хийгээгүй. Тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхдээ шинжээчийг нэр заан томилсон нь хууль, журам зөрчсөн гэсэн үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

           Шүүгчийн захирамжид заасан мөрдөгчийн тогтоолууд огноогүй, мөрдөгчийн гарын үсэггүй процесс хэм хэмжээний зөрчил байгаа хэдий ч дээрх үйл ажиллагааны улмаас бусдын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, гэхдээ энэ нь эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй гэдгийг мөрдөгч болон хяналт тавьж буй прокурор цаашид анхаарах шаардлагатай.

           Г.Урламыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагааг хийгээгүй гэх захирамжийн үндэслэлийн тухайд:

Хэргийн 25 дугаар талд энэ ажиллагааг мөрдөгч хийж, Г.Урламаар гарын үсэг зуруулсан боловч мөрдөгч өөрөө гарын үсэг зураагүй зөрчил тогтоогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана”,  8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж тус тус хуульчилснаас үзвэл энэ ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжтой юм.

Тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэхдээ шинжээчийг нэр заан томилсон нь хууль, журам зөрчсөн гэсэн үндэслэлийн тухайд:

Шинжээчийг эрх бүхий албан тушаалтан нэр заан томилох нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөлийг бүрдүүлж болох хэдий ч энэ хэргийн тухайд ингэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шинжээч томилох шийдвэрт “шинжилгээ хийлгэх үндэслэл, шинжилгээний байгууллага, шинжээчийн нэр, шинжээчид тавих асуулт, шинжилгээ хийх хугацаа, шинжилгээний объектын талаарх мэдээллийг тусгана” гэж заасан хуулийн зохицуулалтыг мөрдөгч зөрчсөн, гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Харин шаардлагатай гэж үзвэл анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэрхэн үнэлэх, энэ талаараа шүүхийн шийтгэх тогтоолд тусгах эрх нь шүүхэд нээлттэй бий тул прокуророос ирүүлсэн  хэргийн хэмжээнд нотлох баримтыг үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжтой  байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зохицуулсан байх бөгөөд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, мөн энэ хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд  хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

                      ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

                                                                      Х.ГЭРЭЛМАА

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

       ШҮҮГЧИД                               Ш.ТӨМӨРБААТАР

 

                                               Х.ГЭРЭЛМАА