Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 131

 

 

 

 

 

 

 

2017          09          19                                                     131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч Д.Амгаланбат нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Залтууд овогт Далайн Амгаланбатад холбогдох эрүүгийн 1721000000050 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Залтууд овогт Далайн Амгаланбат, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1976 оны 08 сарын 02-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖЛ76080217/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Залуус хороолол”-ын 13 дугаар байрны 03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл.

Шүүгдэгч Д.Амгаланбат нь согтуугаар 2017 оны 08 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Залуус” хороололд Ц.Цогнэмэхийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Амгаланбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мэдүүлэг гаргахгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

Шүүгдэгч Д.Амгаланбат мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ”...2017 оны 08 сарын 16-ны өдөр “Залуус” хороололд байх өөрийн байшиндаа Цогнэмэх, Амарсайхан, Батболд нарын хамт архи уугаад бид нэлээд согтоцгоосон. Би Цогнэмэхэд хандаж “чи миний төрсөн ах Амгаланбаатарын шүдийг өмнө нь унатал цохисон байна лээ” гэдгийг хэлж тэрнээс болж бид хоёр маргалдсан. Би нэлээд согтсон байсан учир нэг сэргэхэд Цогнэмэхийг доороо хийчихсэн хэд хэдэн удаа цохиж байсан. Тэгээд бид хоёрыг Батболд ирж салгасан. Цогнэмэх намайг цохисон эсэхийг мэдэхгүй байна, надад ямар нэгэн гэмтэл учраагүй байсан...” гэжээ. /хх 25/

 

Хохирогч Ц.Цогнэмэх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 08 сарын 16-ны өдөр Амгаланбатын байшинг барьж байхад Амгаланбат, Батболд нар нь Амарсайханаар гурван шил архи авчруулж ууцгаасан. Архи ууж дуусгаад Амарсайхан бид хоёр байрлаж байсан өрөөндөө ороод унтсан. Төд удалгүй Амгаланбат, Батболд нар бид хоёрын унтаж байсан өрөөнд орж ирээд Амгаланбат нь “над руу чи их зэвүүн байгаа шүү” гэж хэлээд нүүрэн тус газарт цохисон. Тэгэнгүүт би хоёр давхраас доошоо буусан. Амгаланбат араас бууж  ирээд гадаа гаргаад гараараа цохиод байсан. Амарсайхан Амгаланбатыг хорих гэхэд түлхэж холдуулаад Амгаланбат намайг газар хэвтүүлээд зодоод байсан. Би зугтаагаад хашаанаас гараад гүйхэд араас гүйж ирээд мөн зодсон. Тэгээд Амгаланбатыг 2 хүүхэд нь мөн Батболд нар гэрт нь оруулсан...” гэжээ. /хх 15/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 486 тоот дүгнэлтэд: “1.Ц.Цогнэмэхийн биед тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь бүрдэл байдлаараа болон тархи доргилт гэмтэл нь тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 20/

 

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Гэрч М.Зориг /хх 16/, Д.Долгор /хх 17/, Д.Батболд /хх 10-11/, Ц.Цогнэмэх /хх 6-7/ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Д.Амгаланбатын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 8-9, 25/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 19/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх 28/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 26/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Д.Амгаланбат нь согтуугаар 2017 оны 08 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Залуус” хороололд Ц.Цогнэмэхийг “ахыг минь өмнө цохисон” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, хохирогч Ц.Цогнэмэхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Амгаланбат, Батболд нар бид хоёрын унтаж байсан өрөөнд орж ирээд Амгаланбат нь “над руу чи их зэвүүн байгаа шүү” гэж хэлээд нүүрэн тус газарт цохисон...Амгаланбат араас бууж  ирээд гадаа гаргаад гараараа цохиод байсан. Амарсайхан Амгаланбатыг хорих гэхэд түлхэж холдуулаад Амгаланбат намайг газар хэвтүүлээд зодоод байсан. Би зугтаагаад хашаанаас гараад гүйхэд араас гүйж ирээд мөн зодсон...” гэх /хх 15/, тухайн үйл баримт /факт/-ыг нүдээр харсан гэрч Д.Батболдын “...Амгаланбатыг салгаад гэр рүү авч орох гэхэд Амгаланбат миний үгэнд орохгүй “чи муу, ахыг өмнө согтуу байхад нь зодсон биз дээ” гээд Цогнэмэх ахыг цохих гээд дайраад байсан. Цогнэмэх ах зугтаахад Амгаланбат ах араас нь очоод Цогнэмэхийг цохиод авахад нь би Амгаланбатыг араас нь тэврээд гэр рүү нь оруулсан. ...” гэх /хх 11/ гэх мэдүүлгүүд, хохирогчийн биед “...тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн талаар дүгнэсэн шинжээчийн 486 тоот дүгнэлт /хх 20/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Яаралтай тусламжийн хуудас /хх 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Амгаланбатын үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Иймд шүүгдэгч Д.Амгаланбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хохирогчийн бие махбодид учирсан “тархи доргилт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, хүзүү цээжинд зулгаралт, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол нь түүний нүүрэн тус газар гараараа цохисон шүүгдэгч Д.Амгаланбатын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

 Хэрэгт шүүгдэгч Д.Амгаланбатад хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгчийн хувийн байдал /хх 26, 28/-ыг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч Д.Амгаланбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЛ76080217 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Залтууд овогт Далайн Амгаланбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Далайн Амгаланбатыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Амгаланбатад оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Амгаланбатад анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 1721000000050 тоот хэрэгт шүүгдэгч Д.Амгаланбат нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖЛ76080217 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ