Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 114/шш2023/0020

 

 

 

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                 114/2023/0014/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: “Газар буудай” ХХК-ийн гомдолтой

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын хоорондын шийтгэлийн хуудастай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Гомдол гаргагч: “Газар буудай” ХХК-ийн захирал    *******,

 Хариуцагч: татварын улсын байцаагч                      ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                  Б.Мандуул нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдлын шаардлага: Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай”  2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

2. Хэргийн үйл баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээнээс үзвэл гомдол гаргагч “Газар буудай” ХХК нь Зочид буудал, ресторан эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлээр байгуулагдаж, 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж,  тус компанийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс ******* нь

томилогдсон байх ба Газар буудай ХХК нь / Буудай зоогийн газар, зочид буудал/  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны ******* дугаар захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх *******  дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээд байна. Тус компанийн Буудай ресторан нь 6 ширхэг онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулсан гэх ба Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын цагдаагийн дэслэгч эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд Дархан сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Буудай ресторанаас 1 литрийн савлагаатай jack daniels виски 1 шил бүтэн , мөн тал шил, henessy v.s.o.p нэртэй 1 литрийн виски 2 бүтэн шил, 1 тал шил, henessy x.o нэртэй 1 литрийн виски 1 шил нийт 6 шил вискийг  онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх үндэслэлээр хураан авч, уг мэдээллийг Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст харьяаллын дагуу шилжүүлжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нь 2023 оны  08 дугаар сарын 24-ний өдөр тоот зөрчлийн хэрэг нээж  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба 2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Газар буудай ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан байна.

 

  3.“Газар буудай” ХХК-ийн захирал ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдол тайлбартаа: “Газар буудай” ХХК нь 2014 оноос эхэлж зочид буудал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компани юм. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр цагдаагийн дэслэгч н.Баярсайханыг шалгалтаар орж ирэхэд миний хувийн хэрэгцээнд байсан виски, конъякууд нь компанийн эд зүйлстэй холилдсон байсныг хурааж, акт үйлдээд явсан. Энэхүү акцгүй вискинүүд нь миний хувийн хэрэгцээнд зарцуулдаг, рестораны нэг шургуулган дотор байдаг байсан. Тухайн үед оюутан хүүхдүүдийг ажиллуулж байсан ба оюутан хүүхдүүд мэдэхгүйгээс, хариуцлагагүй үйлдлээс болж миний хувийн хэрэгцээний зүйлийг гаргаж тавьсан байсан, текэн дээрх архинуудтай холилдсон байснаас хураагдсан байна лээ. Хураагдсан согтууруулах ундаанууд нь ихэнхийг нь ирж буцсан, дайрч өнгөрсөн найз нөхдийн бэлэглэсэн виски, коньякууд юм. Хэзээ бэлэглэсэн хугацааг нь сайн мэдэхгүй байна. Би өөрөө архи хэрэглэдэггүй, найз нөхдөө дайлахаас бусад тохиолдолд хэрэглэгддэггүй. Татварын улсын байцаагчаас шалгалт хийгээд санхүүгийн бичиг баримт болон бараа бүтээгдэхүүнүүдтэй танилцаж акцгүй бараа бүтээгдэхүүн худалдсан гэж 10,0 сая төгрөгийн торгууль ногдуулсанд гомдолтой байна. Үүнийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Миний хариуцлагагүйгээс болж миний хувийн эд зүйлс компанийнтай холилдсон, хувь хүнийхээ хувьд алдаа дутагдал гаргаснаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа, би хариуцлагаа хүлээе. Харин миний алдаанаас болоод тухайн компанид өндөр хэмжээний торгууль тавигдсанд би гомдол гаргаж байгаа,  манай компани акцгүй согтууруулах ундаа худалдан борлуулаагүй гэв.


              4. Хариуцагч татварын улсын байцаагч аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн байцаагч, дэслэгч Баярсайхан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уг зөрчлийг илрүүлж харьяаллын дагуу манайд шилжүүлэн ирүүлсэн ба 08 дугаар сарын 24-ний өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж “Газар буудай” ХХК-д үзлэг хийсэн. Тухайн өдрийн хяналтын камер ажиллаагүй байсан тул бичлэг харах боломжгүй байсан. Согтууруулах ундааг хураан авсан цагдаагийн албан хаагчаас мэдүүлэг авахад акцгүй бүтээгдэхүүнүүд лангуун дээр байршуулсан байсан гэдэг. Мөн тухайн өдөр ажиллаж байсан оюутан ажилтнуудаас мэдүүлэг авахад бид нар граммлаж зардаг гэж хэлсэн байсан. Мөн зохион байгуулагч нь зарагддаггүй өмнө нь байсан эсэхийг сайн санахгүй байна гэж тус тус мэдүүлдэг.

Тухайн хураагдсан 6 төрлийн виски, коньякийн талаар албан ёсны борлуулагч хүлээн авагч байгууллагаас нь тодруулахад баримтаар худалдан аваагүй нь тогтоогдсон, биднээс аваагүй гэсэн хариу өгсөн. “Газар буудай” ХХК нь ажилтнууддаа сайн тайлбарлаж өгөөгүй, түр ажиллаж байсан ажилтан гэж тайлбарладаг. Түр ажилтан нь дур мэдэн гаргаж тавьсан гэх үндэслэлгүй. Тиймээс зөрчлийн тухай хуульд заасан арга хэмжээ авсан. Санхүүгийн анхан шатны баримтаас шүүхэд энэ төрлийн вискийг худалддаг, ижил бүтээгдэхүүний үнээр граммлаж зардаг байсан гэдэг нь харагддаг. Камер нь ажиллахгүй байсан болохоор бичлэгээр тогтоож чадаагүй. 6 төрлийн виски, коньякийн хоёр шилтэй нь тал байсан. Тухайн өдөр гарсан бармен нь худалдан борлуулсан гэж мэдүүлсэн зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан.

“Газар буудай” ХХК-ийн захирал нь энэ асуудал миний хувийн алдаанаас болсон хувийн зүгээс хариуцлага хүлээхэд бэлэн байна гэж тайлбарладаг бөгөөд Зөрчлийн тухай хуулийн Ерөнхий ангийн 2.1 дэх зүйлийн 2.1.3 дахь хэсгийг баримтлан хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасныг баримталж зөрчил гэж үзэж байгаа гэв.

                                           ҮНДЭСЛЭХ нь:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6-д “Дараах эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ”, 6.12-д “татварын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...11.24 дүгээр зүйл”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-д “Оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн ...6.12 ...дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан ...шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэж хуульчилснаар Захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан байна гэж үзлээ.
               Шүүх гомдол, түүний үндэслэл, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, оролцогчдын тайлбарыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
               Гомдол гаргагч “Гүйцэтгэх захирлын хувийн хэрэгцээний 4 бүтэн шил 2 тал виски, конъяк рестораны шүүгээнд байсныг түр ажилтан өрөлт хийхдээ текэн дээр ил гаргасан байсныг авч яван Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 10 000 000 төгрөгийн торгууль төлөх шийтгэл ногдуулсан. Татварын зүгээс манайд санхүүгийн бүхий л шалгалтуудыг хийж худалдан авалт болон борлуулалт, төлбөрийг и-баримтаар тулгаж шалгасан ба санхүүгийн тайлан тооцоонд ямар нэгэн асуудалгүй, хууль бус зүйлгүй гэж үзэж дээрх шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж шүүхэд гомдол гарган маргажээ.
               Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан ... бол хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар” Газар буудай” ХХК-д онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэх зөрчилд нь 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн  Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Чын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас нь шийтгэл оногдуулах зарчим, хуульд нийцсэн байна.
             Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Баярсайхан нь Буудай ресторанаас 1 литрийн савлагаатай jack daniels виски 1 шил бүтэн , мөн тал шил, henessy v.s.o.p нэртэй 1 литрийн виски 2 бүтэн шил, 1 тал шил, henessy x.o нэртэй 1 литрийн виски 1 шил нийт 6 шил вискийг  тус тус хураан авахад онцгой албан татварын тэмдэггүй байсан болох нь Эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургууд, үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна. 
              Түүнчлэн Гэрч Л.Ганцэцэгийн Би ажил дээрээ байсан, Тухайн үед 9, 10 дугаар багийг хариуцсан баайцаагч гэх цагдаа орж ирээд манай үйл ажиллагааг шалгаад рестораны үйлчлэгчийн ширээний ард зарж байсан вискинүүдийг албан татварын акцгүй гээд хураагаад явсан..., манайх  jack 50 мл 15 мянгаар, henessy 50 мл 40 мянгаар зардаг, граммаар нь зарсан болоод дундуур байсан, хэн авсныг нь сайн санахгүй байна гэх мэдүүлэг,  Гэрч Б.Нямзаяагийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчимд би ажил дээрээ байсан ба рестораны үйлчлэгчийн ширээний ард зарж байсан вискинүүдийг албан татварын акцгүй гээд хураагаад явсан, тухайн вискинүүдийг манай ресторан зарж байсан гэх мэдүүлэг, гомдол гаргагч Газар буудай ХХК-ийн захирал *******ын “Би ажлын журмаар олон хүмүүстэй найзалж нөхөрлөх болон холбоотой байдаг ба тухайн вискинүүд бүгд надад  бэлгэнд ирж байсан. Би энэ жил оюутан хүүхдүүдийг түр ажиллуулсан, түр ажилтан хүүхдүүд тэр вискинүүдийг миний өөрийн хувийн зүйл гэж мэдэлгүй гаргаж ширээний текний ард өрж тавьсан байсан” гэх мэдүүлэг,  
               Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Газар буудай ХХК-ний буудай рестораны 2023 оны 01-р сарын 01-нээс 8 дугаар сарын 25-ны өдрийг дуустал согтууруулах ундааны зүйл худалдан авсан падааны жагсаалтад хураагдсан онцгой албан татварын тэмдэггүй Hennessy V.S.O.P бар код /927089003473/ 1 литрийн коньяк 3 ширхэг, Hennessy ХО 1 /227160009129/ литрийн коньяк 1 ширхэг, Jаск Daniels бар код 0821840904428/ 1 литрийн виски 2 ширхэг бараа материалын бүртгэлд бүртгэгдээгүй,  Албан ёсны борлуулагч компаниас согтууруулах ундааны худалдан авалтыг Шидэт шим ХХК-аас Hennessy V.S.O.P 1 литрийн коньяк 1 ширхэг, Jаск Daniels 1 литрийн виски 12 ширхэгийн худалдан авалтад Jаск Daniels бар код 0821840904428/ байхгүй, Нордлайн ХХК-аас Jаск Daniels 1 литрийн виски 10 ширхэг, Номин бизнес клуб баруун бүс ХХК-аас Hennessy V.S.O.P 1 литрийн коньяк 3 ширхэгийг худалдан авалтад Hennessy V.S.O.P /927089003473/ бар кодтойг аваагүй байна. Бараа материалын тайланд хураагдсан Hennessy ХО 1 литрийн коньяк 1 ширхэг бүртгэлд бүртгэгдээгүй, согтууруулах ундааны худалдан авалт 4 удаа хийсэн падаан цахим төлбөрийн баримтад байхгүй, албан ёсны борлуулагчаас аваагүй болох нь согтууруулах ундааны зүйл худалдан авалт хийсэн падаан төлбөрийн баримт,  материалын орлого зарлагын падаан, материалын товчоо тайлан, материалын тооллогын тайлан, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний зарлагын баримт, харилцах дансны хуулга,2023 оны 08 сарын 16-ны өдрийн рестораны кассын орлогын тайлан зэрэг дээрх нотлох баримтуудаар Буудай ресторан нь онцгой албан татварын тэмдэггүй вискинүүдийг худалдан борлуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл  ...худалдсан, борлуулсан гэх ойлголт нь төгс үйлдэгдэж зарж худалдаж дуусгах, үнэ авч арилжин өгөх тухай ойлголт бөгөөд онцгой албан татварын тэмдэггүй архийг бусдад худалдсан, борлуулсан тохиолдолд зөрчилд тооцогдоно.                                         Гомдол гаргагчаас ”онцгой албан татварын тэмдэггүй, хувийн хэрэгцээнд хэрэглэж байсан вискинүүдийг лангуун дээр буюу текен дээр байрлуулсан байгаа нь манай ажилтны болон миний хариуцлагагүй байдлаас болсон, зөвхөн хувь хүнийх нь хувьд хариуцлага тооцож өгөөч” гэж тайлбарлаж  байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна”, 2.5 дугаар зүйлд “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж зааснаас үзэхэд энэ тохиолдолд хуулийн этгээд болох “Газар буудай” ХХК-д согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг олгосон, тухайн зөрчлийг тухайн компанийн ресторанд  үйл ажиллагаа явуулж байгаа газраас илрүүлсэн байх тул зөрчил үйлдэгдэх үед тухайн зөрчилд холбогдох үйл ажиллагааг  бүхэлд нь хариуцаж байсан  хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй.  
            Дээрх байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “Газар буудай” ХХК нь  Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг зөрчиж, татварын тэмдэггүй согтууруулах ундаа ...-г худалдсан гэх зөрчил үйлдсэн нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл... нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж ...д тохирсон байна гэж заасан зарчим болон мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасан ...зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх... гэсэн шийтгэл оногдуулах үндэслэлд тус тус нийцсэн байна.
               Иймд “Газар буудай” ХХК-ийн шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гомдол гаргагч Газар буудай ХХК-ийн “Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч ын  2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *******-20 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 /тав/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.НАРАНТУЯА