| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 320/2026/0225/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/241 |
| Огноо | 2026-05-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2026/ШЦТ/241
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямзаяа,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 2638001660233 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Л-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л- нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2026 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ... улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.14-т заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ... улсын дугаартай “Дайхацу” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчин явсан Л.Ө-гийн эрүүл мэндэд зүүн чамархай яс, зулай ясны заадал хүрсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины хаван, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Б.Л- нь согтуурсан үедээ Хөвсгөл аймгийн ... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2026 оны 02 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ... улсын дугаартай “Тоёота Приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 3.7-т заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.14-т заасан “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас ... улсын дугаартай “Дайхацу” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зорчин явсан Л.Ө-гийн эрүүл мэндэд зүүн чамархай яс, зулай ясны заадал хүрсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, зулайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины хаван, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/, зам тээврийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-16 тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 18 тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 27-28, 198 тал/, гэрч М.Э-ы мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/, мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 65-68 тал/, ... ХХК-ийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг 3,316,200 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-92 тал/, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 197, 198 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ, дүгнэлт /хх-ийн 98-99, 122-124 тал/, Л.Ө-гийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 125-153 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Т-н нэхэмжлэл /хх-ийн 192 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримт баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Л- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Л-ийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Л.Ө-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх ба насанд хүрээгүй хохирогч Л.Ө-гийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн зүгээс ямар нэгэн гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/ хэрэгт авагдсан,
Иргэний нэхэмжлэгч Б.Э-т ... улсын дугаартай “Дайхацу” загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 3,316,200 төгрөгийг төлсөн, эмчилгээний зардалд 1,700,000 төгрөгийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ /хх-ийн 200 тал/ байгуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-эс 1,700,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Э-т олгох нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч Ж.Т- нь мөрдөн шалгах ажиллагааны үед эрүүл мэндийн даатгалын сангаас насанд хүрээгүй хохирогч Л.Ө-гийн эмчилгээний зардал 4,741,427 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүгдэгч Б.Л- нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Л-эс 4,741,427 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн ... тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн харилцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Л-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх нь нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Л.Ө-гийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, иргэний нэхэмжлэгч Б.Э-т 3,316,200 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуугаар зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Л-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-д “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуульд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Л-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-эс 1,700,000 (нэг сая долоон зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Э-т олгосугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Б.Л-эс 4,741,427 (дөрвөн сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун хорин долоо) төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын сангийн ... тоот дансанд олгосугай.
8. Эрүүгийн 2638001660233 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч Л.Ө-гийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, иргэний нэхэмжлэгч Б.Э-т 3,316,200 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР