Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2022/00075

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 228 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* *******, ******* ******* ******* нэрэмжит талбай, барилгын давхар, 02 тоот хаягт байрлах, регистрийн дугаартай, “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон бусад төрийн байгууллагуудтай хамтран 2017 оноос эхлэн төрийн албан хаагчид болон иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулан хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх үүднээс “Дугуйтай монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, зохих шаардлага хангасан иргэдэд зээлээр унадаг дугуй худалдсан болно. Иргэн ******* нь 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр унадаг дугуй зээлээр худалдан авах гэрээгээр 790 000 төгрөгийн үнэтэй унадаг дугуйг худалдан авч, гэрээний дагуу төлбөрөө төлж байгаад 2019 оны 03 дугаар сарын 30-аас хойш зээлийн үндсэн төлбөр 152 000 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн гэрээний дагуу алданги болох 76 000, нийт 228 000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ийн нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, төлбөрийг 100 хувь төлсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 228 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч *******ыг нэхэмжлэлийн шаардлага 228 000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч *******д холбогдуулан гаргасан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 228 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7490 төгрөгийн 50 хувь болох 3745 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 3745 төгрөгийг төсвийн орлогоос, 3745 төгрөгийг хариуцагч *******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА