| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 133/2019/00196/и |
| Дугаар | 24 |
| Огноо | 2019-09-17 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 24
А.Тын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Б.Ариунбаяр, Ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2019/00238 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 9-10 тоотод оршин суух, Боржигон овогтой А. Тын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГАА АДБАЧд холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 11.378.188 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн оролцов.
Нэхэмжлэгч А.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Агданбуугийн Төмөрбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ардын дуу бүжгийн Алтай чуулгын даргын Б/05 тоот тушаалаар тус байгууллагад гэрлийн техникч-цахилгаанчнаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж, ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүрэг, даалгавар бүрийг чанартай, үнэнч шударгаар биелүүлэн ажиллаж ирсэн. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга Н.Эын Б/77 дугаартай тушаал гарч ажлаас халагдсан. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртлэх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжилсэн. 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, Алтай чуулгад гэрлийн техникч цахилгаанчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 54 хоногийн олговорт 1.149.606 мянган төгрөгийг гаргуулан нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан өдрөөс 14 хоногийн дараа шийдвэрээ бариад очиход Алтай чуулгын дарга Н.Э өрөөндөө оруулаагүй шүүхийн шийдвэр буруу гарсан хүлээн зөвшөөрөхгүй би чамайг ажилд авахгүй гээд хөөж явуулсан. Ингээд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан учир шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гарсныг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Шийдвэр гүйцэтгэхээр очсон хүмүүсийг элдвээр загнах, өрөөнөөсөө хөөж гаргах зэргээр зүй бусаар авирлаж удахгүй авна, дараа ир, завгүй байна, гэсээр шүүхийн шийдвэр биелүүлэхээс санаатай зайлсхийж явсаар 2 жил гаруй хугацааны дараа ажилд эгүүлэн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарыг очихоор хэл амаар доромжлоод улс төр яриад, нам яриад завгүй байна дараа ир гээд авахгүй байсан. Шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаад прокурорт ханддаг юм билүү та хэлээдхээч гэхэд шийдвэр гүйцэтгэгч очиж уулзаад нэхэмжлэгч прокурорт хандаж эрүүгийн хэрэг үүсгэх гээд байх шиг байна гэж хэлэхэд нь хүний нөөцийн мэргэжилтэн Д.Б намайг дуудаж уулзсан. 3 хоногийн дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хоёр ажилтан намайг дагуулж Н.Э даргын өрөөнд орж, уулзаж тушаал гаргуулсан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тушаал гаргаад 03 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орсон. Ажилдаа эргэж орчихоод ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан. Эхний нэг сар ажилд авсан тушаалыг нарийн бичиг байхгүй гээд өгөөгүй. Хүний нөөцийн ажилтан Д.Б гуайн гэр бүлийн хүн хотод тархины хагалгаанд орсон гээд явсан байсан учраас тушаал, хөдөлмөрийн гэрээг авах боломжгүй байсан. Шинээр нэг хүн ажилд авсан байсан тэр хүндээ энэ хүнд бичиг баримтыг нь өгч болохгүй шүү гэж хэлсэн юм шиг байсан. 5 сард тушаал, хөдөлмөрийн гэрээ хоёроо Д.Б ахаас аваад 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ өгсөн. Шүүхээс хариу тайлбар авахаар ГАА АДБАЧд миний нэхэмжлэлийг явуулсан юм билээ. Тэрний маргааш өдөр нь над руу Хөдөлмөрийн хуулийн 40.1 билүү, хэдээр билээ ажлаас хална гээд хүмүүсийн хажууд намайг заамдаж аваад чи шүүхэд нэхэмжлэл гаргадаг хэн юм чамайг ажлаас чинь хална гээд 06 дугаар сарын 12-ны өдөр ажил албандаа тэнцэхгүй байна гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Шүүхэд хандаж байгаа гол зорилго бол ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх юм. Иймд гэрлийн техникч-цахилгаанчнаар эгүүлэн тогтоосон 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийдвэр гарсан өдрөөс урьд эрхэлж байсан гэрлийн техникчийн ажилд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилогдох хүртэлх 25 сар 14 хоногийн цалин нийт 11.378.188 /Арван нэгэн сая гурван зуун далан найман мянга нэг зуун наян найман/ төгрөгийг, ГАА АДБАЧас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Т нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийдвэр гарсан өдрөөс урьд эрхэлж байсан гэрлийн техникчийн ажилд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилогдох хүртэл 25 сар 14 хоногийн цалин нийт 11.378.188 /арван нэгэн сая гурван зуун далан найман мянга нэг зуун наян найм/ төгрөгийг Ардын дуу бүжгийн Алтай чуулгаас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг гаргасан байна. Тус байгууллагын гэрлийн техникч ажилтай А.Т нь 2015 онд аймгийн мэргэжил сургалт үйлдвэрийн төвд 21 хоногийн сургалтанд хамрагдаж барилгын цахилгаанчин гэсэн чадамжийн гэрчилгээ авсан бөгөөд үүнээс өөр боловсрол мэргэжлийн диплом батламж байхгүй, мэргэжилгүй юм. Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын гэрлийн техникч нь найруулагчийн дэглэж найруулсан хөтөлбөрийн дагуу тоглолт сургуулилтын үед уран бүтээлийн партитур бичиж мэргэжлийн өндөр түвшинд өөрийн мэргэжил, ур чадвараар тайзыг гэрлээр чимж амьлуулан ажиллахаас гадна байгууллагын гэрэл цахилгааныг бүрэн хариуцан ажилладаг юм. А.Т нь мэргэжил, ур чадварын тухайд чуулгын гэрлийн техникчийн ажил албанд тэнцэхгүй байгаа тул Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. А.Т мэргэжил ур чадвараараа тэнцэхгүй байгаа боловч Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэрийг биелүүлж гэрлийн техникчийн ажилд эгүүлэн тогтоосон болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан ГАА АДБАЧд холбогдох 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Боржигон овогтой Агданбуугийн Төмөрбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдэж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч А.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие нь ГАА АДБАЧд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс гэрлийн техникч цахилгаанчнаар ажилд ороод ажиллаж байхад 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/77 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр халагдаж 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 14 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шаны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлүүлсэн боловч шүүхийн шийдвэр биелэхгүй байсаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс намайг буцаан ажилд томилсон. Ингээд ажилгүй байсан хугацааны цалинг олгоно гэсэн боловч өгөлгүй байсаар 2019 ны 06 дугаар сар болоход одоо өгч чадахгүй гэсэн.
Ингээд миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан учир 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй болно. ГАА АДБАЧ нь шүүхийн шийдвэрийг хууль бусаар биелүүлэхгүй байсан болно. Монгол Улсын шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй болно.
Анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 238 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
А.Т ГАА АДБАЧд гэрлийн техникч-цахилгаанчнаар эгүүлэн тогтоосон Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 дугаартай шийдвэр гарсан өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр томилогдох хүртэлх 25 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрүүдэд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгуулагад гомдлоо гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээ ажилд томилогдсон өдрөөс хойш 3 сарын дотор шүүхэд гаргах учиртай байсан.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж, мөн хуулийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэгдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж шийдвэрлүүлсэн боловч шүүхийн шийдвэр биелэхгүй байсаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс намайг буцаан ажилд томилсон. Ингээд ажилгүй байсан хугацааны цалинг олгоно гэсэн боловч өгөлгүй байсаар 2019 ны 06 дугаар сар болоход одоо өгч чадахгүй гэсэн.
Ингээд миний бие шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар мөн хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасан учир 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгох үндэслэлтэй болно. ГАА АДБАЧ нь шүүхийн шийдвэрийг хууль бусаар биелүүлэхгүй байсан болно. Монгол Улсын шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинжтэй гэжээ.
Ажил олгогч ажилтныг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн авахдаа хойрго хандаж, хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 2 жил гаруйн хугацаа өнгөрөөжээ.
Нэхэмжлэлд...” Эхний нэг сар ажилд авсан тушаалыг нарийн бичиг байхгүй гээд өгөөгүй. Хүний нөөцийн ажилтан Д.Б гуайн гэр бүлийн хүн хотод тархины хагалгаанд орсон гээд явсан байсан учраас тушаал, хөдөлмөрийн гэрээг авах боломжгүй байсан. Шинээр ажилд авсан ажилтанд бичиг баримтыг нь өгч болохгүй шүү гэж хэлсэн байсан. 2019 оны 5 сард тушаал, хөдөлмөрийн гэрээ хоёроо Д.Б ахаас /хүний нөөцийн ажилтан/ аваад 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ өгсөн.” гэжээ.
Нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэл зорилгоо үйлдлээрээ илэрхийлж байсан нь түүний тайлбар, нэхэмжлэлд дурдсан үйл баримтаар тогтоогдсон байна.
Хариуцагч байгууллага энэ талаар хэрэгт татгалзаж тайлбар өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд хүрэлцэн ирээгүй тохиолдолд шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхдээ “нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэхээр заажээ.”
Анхан шатны шүүх 2019.03.01-ний өдөр нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж дүгнэжээ. Хариуцагч Ардын дуу бүжгийн Алтай чуулгын удирдлагаас 2019.03.01-ний өдөр А.Тыг эгүүлэн томилохдоо ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг нөхөж олгоно гэж байсан боловч олголгүй байсаар 2019 оны 6 сар болоход одоо өгч чадахгүй гэж хэлсэн талаар нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч няцаагаагүй тул 2019.03.01-ний өдөр нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан гэж үзэх нь өрөөсгөл бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг /4 хоногоор/ хэтрүүлсэн гэж үзэх нь эргэлзээтэй байна.
Нэхэмжлэгч тайлбарлахдаа ажилд эгүүлэн тогтоолгосон шүүхийн шийдвэрээр ажилд томилогдохоор 2 жил 1 сар 14 хоног хөөцөлдсөн. Түүнд зөвлөгөө өгсөн хуулийн зөвлөх тушаал шийдвэрээ аваад ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлээ гарга гэж зөвлөсөн талаар анхан шатны шүүх хурлын тэмдэглэлд тусгагджээ. Ажил олгогчийн давуу эрх хэмжээн дээр хууль бус, хүнд суртал гаргасны улмаас ажилтан хохирох үндэслэлгүй ба хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг буруу зөв гэж дүгнэх эрх хэмжээ хариуцагч Ардын дуу бүжгийн Алтай чуулгыг удирдлагад олгогдоогүй байна.
Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилогдоод ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээгээ 2019 оны 5 сард аваад 2019 оны 6 сард шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Ажилд томилогдсон үе буюу 2019 оны 03 дугаар сарын 01-нээс хөөн хэлэлцэх хугацааг тоолох боломжтой гэж үзэх аваас энэ хугацаанд ажил олгогчоос ажилд томилогдсон тушаал, хөдөлмөрийн гэрээгээ авахаар хөөцөлдсөн нөхцөл байдлыг шүүх хүндэтгэх шалтгаанд тооцох боломжтой байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл. Буруу халсан үеийн олговор “ 69.1.Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж зохицуулсан байдал мөн хуулийн 129 дүгээр зүйлд “Маргааны талаар гомдол гаргах хугацаа. 129.3. Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс А.Т нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх аваас өөрөөс нь үл шалтгаалах хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэж уг хугацааг сэргээх нь боломжтой гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 25 сар 14 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг тооцохдоо /хэргийн 16 талд авагдсан/ Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 14 дугаар шийдвэрээр өмнө тогтоогдсон үйл баримт болох А.Тын сарын цалин 425788 төгрөг, өдрийн цалин 21289 төгрөгөөр тооцож, 425788*25сар=10644700, 14 хоног*21289=298046 нийт 10942746 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2019/00238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
“ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3,129.1 дэх хэсэг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1- т зааснаар ГАА АДБАЧас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 10942746 төгрөг гаргуулж А.Тт олгож, нэхэмжлэлээс 435442 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.” гэж,
2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг
“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйл, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ГАА АДБАЧас 190.033 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Б.АРИУНБАЯР
Ч.ЭНХТӨР