Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/03

 

 

 

 

 

Н.Ханддоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор Г.Эсэн,

Шүүгдэгч Н.Ханддорж,

Хохирогч Б.Энхдэлгэр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам,

Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, хийсэн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Н.Ханддоржид холбогдох 2122000000193 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар баг Майнт гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Баяуд овогт Нямдоржийн Ханддорж РД:/ЗЮ85101212/.

Шүүгдэгч Н.Ханддорж нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хөх толгой”-н 1-6 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Энхдэлгэртэй маргалдаж цээжин тус газар нь өшиглөн түүний биед 5-р хавирга, өвчүүний холбоосны гэмтэл, зовхи, тохойд цус хуралт, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Н.Ханддоржийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Баяуд овогт Нямдоржийн Ханддоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ханддоржид 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ханддорж нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ханддоржоос 87.520 /наян долоон мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Энхдэлгэрт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Б.Энхдэлгэрийн бариа заслын эмчилгээ хийлгэх 2.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч өөрт учирсан хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шүүгдэгч Н.Ханддорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжлүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ханддоржид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хууль зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч Г.Лхам би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд Н.Ханддоржийн эрх ашгийг хамгаалан шүүхийн шатнаас эхлэн өмгөөлөгчөөр оролцож байна.

Н.Ханддорж нь "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Харин анхан шатны шүүхээс Н.Ханддоржид 320 \гурван зуун хорь\ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсэнд гомдолтой байна.

Н.Ханддорж нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багт эхнэр хүүхдүүдийн хамт мал аж ахуй эрхэлдэг малчин хүн. Энэ нь хавтаст хэрэгт мал тэжээвэр амьтад хашаа, худгийн 2020 оны малын А дансны хуулга авагдсан байхад сард ямар орлого олдог болох нь тодорхойгүй байна, торгууль оногдуулах үндэслэлгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. /2021 оны малын тооллого болоогүй байсан тул 2020 оны малын "А" данс авагдсан болно/

Н.Ханддорж нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багт өрх айл болж амьдрал эхэлсэн цаг үеэс эхлэн өнөөг хүртэл мал аж ахуйн эрхэлж, малынхаа үр шим ашгаар хөдөлмөрлөж орлого олж амьдрал ахуйдаа өдөр тутам хэрэглэж, зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулж гэр бүл, үр хүүхдүүдээ тэжээн тэтгэж ирсэн.

Иймд Н.Ханддоржид анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг, торгох ялаар өөрчилж өгнө үү гэв.

Шүүгдэгч Н.Ханддорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Хохирогч Б.Энхдэлгэр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Энэ хүн санаатайгаар нэг удаагийн үйлдлээр биш 2,3 удаагийн үйлдлээр миний өөдөөс үг хэлэх хүн Дэлгэрцогт суманд байхгүй гэж дарамталж байсан. Сүүлд нь миний бие махбодод хүрсэн. Төлөөлөгчийг аваад яваач гэсэн үндсэн дээр 3 удаа авч явсан. Энэ хүнийг ерөөсөө гэмшээгүй гэж үзэж байна. Цагдаагийн шатанд уучлалт гуйна гэж байсан боловч нэг ч удаа ирж уулзаагүй. Энэ хүний мэдүүлэг гэрч Батсайхан гэдэг хүний мэдүүлэг бүгд худлаа. Цагдаагийн шатанд явахад би мэдүүлэгтэй танилцаагүй. Шүүх хурал дээр уучлалт гуйна гэж байсан боловч надтай нэг ч удаа уулзаагүй. Миний биеийн байдлыг ч асуугаагүй. Ингэх ёстой, миний зөв гэсэн байдлаар хандаж байна. Ийм учраас энэ хүнийг нийгэмшүүлэх нь зөв. Энэ хүн үнэхээр нялх хүүхэдтэй бол орой үдшийн цагаар айлын амгалан тайван байдлыг алдагдуулж, нялх нойтон хүүхэдтэй айл руу орж бие сэтгэл санаа бие махбодын гэмтэл учруулах зүйл байхгүй. Би өөрөөр нь ялыг нь эдлүүлмээр байна. 87000 төгрөгийг төлөх чадваргүй гэж өмгөөлөгч нь хэлсэн мөртөө өнөөдөр яагаад энэ хүн 320 цагийн нийтэд тустай ялыг торгох ялаар солих гэж байгааг ойлгохгүй байна. Энэ хүн ингээд торгуулаад мөнгөө төлөөд болдог юм  гэж бодоход дараа нь дахин хэрэг хийх магадлалтай байна гэв.

           Прокурор Г.Эсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн 15 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Гэм буруугийн шүүх хурал дээр улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн байдлыг харгалзана гэж заасан. Хохирогч нийтэд тустай ажил хийлгэнэ гэсний дагуу гарсан. Энэ дээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан зорилгод нийцүүлж торгох биш нийтэд тустай ажил хийлгэх нь энэ хүнийг нийгэмшүүлэхэд нийцэх юм байна гэж нийтэд тустай ажил хийлгэх санал гаргасан. Үүний дагуу шийтгэх тогтоол гарсан гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамын давж заалдсан гомдлын дагуу сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/15 тоот шийтгэх тогтоолыг хянан үзэв.

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Нямдоржийн Ханддоржид холбогдох хэргийг мөрдөн байцаалт, прокурорын хяналт, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Шүүгдэгч Нямдорж овогтой Ханддорж нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр архи ууж согтуурсан үедээ Дэлгэрцогт сумын төв 1-р багийн “Хөх толгой” 1-6 тоот газарт байрлах Өлзийтогтохын гэрт хэрүүл маргаан үүсгэх, хохирогч Б.Энхдэлгэртэй маргалдаж, улмаар цээжин тус газар нь өшиглөн, түүний биед 5-р хавирга, өвчүүний холбоосны гэмтэл, зовхи, тохойд цус хуралт, зулгаралт зэргийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Энэ хэрэгт хохирогч Б.Энхдэлгэрийн зүгээс 2021 оны 11 сарын 18-ны өдөр Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасныг хүлээн авч, хохирогчоор тогтоон улмаар 2021 оны 11 сарын 30-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд болох гэмт хэрэг гарсан байдал болон Н.Ханддорж нь иргэн Б.Энхдэлгэрийн биед санаатайгаар халдаж хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хөнгөн хохирол гэмтэл учруулсан бөгөөд түүнийг үйлдсэн этгээд, уг этгээдийн санаа бодол зорилго сэдэлт, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр зэргийг нотлох баримтуудыг бүрдүүлж шүүхэд ирүүлжээ.

Шүүх нотлох баримтуудыг хангалттай гэж үзэн хэргийг шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Ханддорж нь бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Энхдэлгэрийн “...Ханддорж миний 2 гарын бугуйнаас атгаж аваад ... миний чээж рүү өшиглөсөн, ... багалзуурдсан... гараас барьж гадаа гаргаад унагаад хоолой боосон ... миний гарыг барьсан хэвээр газар унаад гэдэс рүү тийрээд байсан” /хх- ийн 14-15/ гэх,

Гэрч Ж.Батсайхан “Энхдэлгэр Ханддоржийг цохих гэж байгаад гэдэс хэсэгтээ Ханддоржид өшиглүүлсэн юм” гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний албаны 2021 оны 11 сарын 23-ны өдрийн 281 дугаартай дүгнэлтэд:

Б.Энхдэлгэрийн биед 5-р хавирга, өвчүүний холбоосны гэмтэл, зовхи, тохойд цус хуралт, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдсон, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэстэй.  Н.Ханддоржийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Анхан шатны шүүхээс Нямдоржийн Ханддоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь бусдын биед гэмтэл учруулсан санаатай үйлдлийн хэлбэр, учруулсан хохирлын хэр хэмжээ болоод нийгмийн аюулын шинж чанарт нь тохирсон байна.

Шүүгдэгч Н.Ханддорж нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, эмэгтэй хүний эсрэг хүч хэрэглэсэн, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирлыг арилгах талаар тодорхой арга хэмжээ авсан зүйлгүй, гэмшсэн, гэм буруугаа хүлээсэн байдал давж заалдах шатны шүүх хурлын мэтгэлцээнээс харагдахгүй байх бөгөөд түүнд оногдуулсан ял нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон, Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилгыг хангаж байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам шүүгдэгч Н.Ханддоржид оноосон 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлүүлэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан үзэхэд торгуулийн ял биелүүлэх тодорхой үндэслэл тогтоогдоогүй /малын А данснаас үнэлж үзсэн/, гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх ёстой эмчилгээний зардал болох 87520 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.  

Давж заалдах шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд хохирогч Б.Энхдэлгэрийн зүгээс шүүгдэгч Н.Ханддоржийн хувийн байдал, хандлагын талаар тодорхой тайлбарыг гаргаж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээх саналыг гаргасан болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн Н.Ханддоржид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхамын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                            ШҮҮГЧИД                               Х.ГЭРЭЛМАА

 

                                                        Ш.ТӨМӨРБААТАР