Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

  2017        09           27                                                    140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан

Шүүгдэгч Ц.Гансүх нарыг оролцуулан

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Самбуу овогт Цэцгээгийн Гансүхэд холбогдох эрүүгийн 1721000520035 дугаартай хэргийг 2017 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Самбуу овогт Цэцгээгийн Гансүх, Дорнод аймгийн Булган суманд 1989 оны 06 сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-ЖГ89062272/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Ажилчны 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтггүүлж байгаагүй, бие эрүүл.

 

Шүүгдэгч Ц.Гансүх нь согтуугаар 2017 оны 07 сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 сарын 13-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчин хорооллын 0-0 тоотод хохирогч Х.Саранчимэгтэй маргалдан улмаар түүний биеийн нүүр, толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

Шүүгдэгч Ц.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлтэд уншсан зүйл үнэн байна. Нэмж ярих зүйл байхгүй. Хохиролд 200000 төгрөг төлсөн гэв.

 

Шүүгдэгч Ц.Гансүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:”...2017 оны 07 сарын 12-ны өдөр гэр бүлийн найзаараа нийлж ямаа боож ганц шил архи Батбаярын гэрт уугаад орой гэр рүү харьсан юм. Ингээд манай гэрт ирээд Баттамга, манай эхнэр Гэрэлчимэг, түүний төрсөн дүү Отгончимэг нар болон түүний нөхөр Алтанбагана нар нэг шил архи, нэг сав пиво аваад уусан. Гаднаас Саранчимэг ганцаараа нэлээн согтсон байдалтай орж ирээд согтуурхаад нөхөр Баттамгыг авч явна гэсэн чинь нөхөр Баттамга нь “явахгүй, чи өөрөө ганцаараа яв” гэж хэлээд байсан. Тэгсэн чинь Саранчимэг нөхөртөө болон манай гэрт байсан хүмүүст агсам тавиад чанга чанга хашгираад байсан учраас “гэр рүүгээ яв” гэж бид зөндөө хэлсэн. Тэгээд манай эхнэр Гэрэлчимэг, Отгончимэг хоёр “хүргэж өгье” гэж хэлээд гэрээс гарсан боловч гэрийн гадаа тэр хоёртой маргалдаад манай эхнэрийн дүү Отгончимэг жирэмсэн байсан учраас цохиж магадгүй гэж бодоод салгахдаа Саранчимэгийн толгой руу ганц нэг алгадсан юм. Тэрнээс газар унагааж дээрээс нь цохиж зодсон асуудал байхгүй. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэжээ. /хх 38/

 

Хохирогч Х.Саранчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Батбаярын гэрт анх архи уугаад тасраад унтчихсан байсан бөгөөд архи гараад орой Гансүхийн гэр рүү очсон. Гансүхийн гэрт архи уугаагүй байж байгаад ийм зүйл болсон. Батбаяр гэртээ үлдчихсэн байсан. Би толгой тархиараа газарт унаж цохисон зүйл байхгүй. Гансүх миний толгой руу цохисноос болж толгой доргиж, мөн сүүлд хоёр удаа толгой руу цохиход газарт унахдаа нүүрээ шалбалчихсан юм...” гэжээ. /хх 12-13/

 

Гэрч Д.Алтанбагана мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Саранчимэг гаднаас дахин гэрт орж ирээд нөхөр Баттамгыг өшиглөж цохиж байсан. Энэ үед Гансүх ах уурлаад “чи эрэгтэй хүнийг өшиглөж цохидог хэн бэ” гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Гансүх ах Саранчимэгийг түлхэж унагаасан бөгөөд түүнийг цамцаараа “бооно” гэж хэлээд дайрах үед нь би салгаад аваад явсан юм. Намайг харж байх үед Гансүх ах Саранчимэгийг цохиж зодсон зүйл харагдаагүй. Би нэг хэсэг зүүн гэрт ороод унтчихсан байсан болохоор энэ хугацаанд юу болсныг хэлж мэдэхгүй байна...” гэжээ. /хх 20-21/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 394 тоот дүгнэлтэд: “1.Х.Саранчимэгийн биед тархи доргилт, нүүр, нуруу, зүүн гаранд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд болно. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус бүртээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэндийн энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 27/

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтад: Хохирогч Х.Саранчимэг /хх 7-8, 9-11, 12-13/, гэрч Б.Гэрэлчимэг /хх 14-15/, Д.Алтанбагана /хх 19-21/  нарын болон шүүгдэгч Ц.Гансүхийн гэрч, яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд /хх-16-17, 35-38/, анхны үзлэгийн тодорхойлолт /хх 31-32/, Х.Саранчимэгийн яаралтай тусламжийн хуудас /хх 32/,  Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 41/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /хх 49/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт хамааралтай хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүгдэгч Ц.Гансүх нь согтуугаар 2017 оны 07 сарын 12-ны өдрөөс 2017 оны 07 сарын 13-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчин хорооллын 0-0 тоотод хохирогч Х.Саранчимэгтэй маргалдан улмаар түүний биеийн нүүр, толгойн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, нүүр, нуруу, зүүн гаранд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан,  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг давхар нотолсон хохирогч Х.Саранчимэгийн “...Би гэрээс нөхрөө чирээд гаргасан чинь Гансүх миний толгой руу гараараа хоёр удаа цохисон чинь Дээгий хорьж салгасан...” гэх /хх 9-10/, үйл баримтыг нүдээр харж гэрчилсэн гэрч Б.Гэрэлчимэгийн “...Саранчимэг эгч намайг гадаа боогоод байж байхад манай нөхөр Гансүх гарч ирээд түүнийг нэг удаа алгадсан...” гэх хх /14-15/, гэрч Д.Алтанбаганын “...Гансүх ах Саранчимэгийг түлхэж унагаасан бөгөөд түүнийг цамцаараа бооно гэж хэлээд дайрах үед нь би салгаад аваад явсан юм....” гэх мэдүүлгүүд /хх 20-21/, зодуулсан тухайн цаг хугацаанд хохирогч Цагдаагийн байгууллагад хандсан талаарх Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/, хохирогчийн эрүүл мэндэд “тархи доргилт, нүүр, нуруу, зүүн гаранд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан талаар дүгнэсэн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07 сарын 17-ны өдрийн 394 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Гансүхийн үйлдсэн гэмт хэрэгт Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

           

Иймд шүүгдэгч Ц.Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол нь түүний толгой, нүүрэн тус газар гараараа цохисон шүүгдэгч Ц.Гансүхийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Энэ талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирсон, хэрэг явдлын гол үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, эргэлзээгүй байна. Мөн хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн хэрэгт харилцан хамааралтай байна гэж үнэлэв.

 

 Хэрэгт шүүгдэгч Ц.Гансүхэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 200000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,  хохирол төлсөн баримт /хх 49/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл болно.

            Түүнчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал /хх 42, 49/-ыг харгалзан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Х.Сарантуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Эмчилгээний зардалд 300000 төгрөг нэхэмжилнэ...”  гэжээ. /хх 13/

Шүүгдэгч нь хохирогч Х.Саранчимэгт 2017 оны 09 сарын 04-ний өдөр 200000 төгрөг төлсөн /хх 49/ байх ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримтаар дүрс оношлогоонд харуулсан төлбөрийн 18000 төгрөгийн, Шүүхийн шинжилгээний албанд төлсөн 3000 төгрөгийн, нийт 21000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргажээ. /хх 43/

Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хохирогч нь нэхэмжилж байгаа нэхэмжлэлээс дутуу төлсөн гэж үзвэл хохирлын нотлох баримтыг бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдвэл зохино.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч Ц.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид эмчилгээний зардалд 200000 төгрөг төлснийг тус тус дурдах, тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖГ 89062272 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлбэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Самбуу овогт Цэцгээгийн Гансүхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Цэцгээгийн Гансүхийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гансүхэд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ц.Гансүхэд анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 1721000520035 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Гансүх нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, хохирогчид гэм хорын хохиролд 200000 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн ЖГ89062272 регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ү.ОДГЭРЭЛ