Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2016/1031/з |
Дугаар | 221/MA2017/0524 |
Огноо | 2017-07-20 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 221/MA2017/0524
“Ланд энд хаус” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ланд энд хаус” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ланд энд хаус” ХХК-ийн гаргасан “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэм хэмжээний акт нь төлбөр хураамж тогтоож байгаа, хүний эрх, эрх чөлөө аливаа байдлаар хөндөгдөж байгаа бол нөлөөллийн шинжилгээг бүхэлд нь хийх шаардлагатай гэж үзэж байна. Дээрх тогтоолыг батлахдаа тухайн үед хэрэгжиж байсан Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолын хавсралт болох “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 99 дүгээр тушаалын хавсралт “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ыг баримталж тухайн газар нутагт инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах талаар судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийж, хууль журмын дагуу батлах ёстой байсан. Хариуцагч болох Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол анхнаасаа хууль, журмын дагуу батлагдаагүй, иргэд аж ахуйн нэгжид төлбөр тогтоож байгаа хүний эрх, эрх чөлөөнд нөлөөлж болох чухал захиргааны хэм хэмжээний актыг процессын дагуу бус, үндэслэлгүй баталсан үйлдлийг анхан шатны шүүх дэмжиж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “Ланд энд хаус” ХХК нь Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөр итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” А/34 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал,
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар “Ланд энд хаус” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газар, Хүрэлтогоотын аманд 15 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар, 5 жилийн хугацаатай ашиглах эрх олгож 2012 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 708 тоот гэрчилгээ олгосон, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, “Ланд энд хаус” ХХК-ийн хооронд 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 15/035 тоот “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ” байгуулагдсан, газар ашиглагч нь уг гэрээний 2.4-т зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолоор тогтоосон газрын үнэлгээний 3 дугаар бүс, нэгжийн үнэ 396 төгрөг, нэг жилд 59.400.000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогджээ.
Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь”, 7 дугаар зүйлийн 6-д “Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж тус тус заасан.
Маргаан бүхий Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А/34 дүгээр тогтоол дээрх хуулийг зөрчөөгүй, өмнөх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоолоор тогтоосонтой ижил буюу газрын үнэлгээний 3 дугаар бүсэд хамаарч, нэгжийн үнэ 396 төгрөг /гурав дахин өсгөж тооцсон үнэ/, нэг жилд 59.400.000 төгрөгийн төлбөр төлөхөөр байгаа нь газар ашиглах гэрээнд зааснаас өөрчлөгдөөгүй байх ба энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус заасан бөгөөд хуулийн дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн өөрийнх нь сүбьектив эрх, хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдсөн буюу хөндөгдсөн байхыг шаардах ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгөрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН